Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0914

 

 

 

  

     2022           12           06                                        128/ШШ2022/0914

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х*****гийн А***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.М*****,

Хариуцагч: Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М*********, А.А**********,

 “Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалын Х.А*** надад холбогдох үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Х.А*** нь Нийслэлийн онцгой байдлын газрын даргад холбогдуулан “Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалын Х.А*** надад холбогдох үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах”, Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргад холбогдуулан “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан. 

          2.Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.А***д "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмийг сахиж мөрдөөгүй зөрчил гаргасан" гэх үндэслэлээр үндсэн цалинг нь 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл,

          Хариуцагч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны Б/23 дугаар тушаалаар “гал түймрийн дуудлага мэдээллийг удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, албан үүргээ гүйцэтгэхэд хариуцлагагүй хандсан гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Х.А***д албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

          3.Нэхэмжлэгч Х.А***ын Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг тус шүүх 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

          Мөн Х.А***ын Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг тус шүүх 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 29-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэргийг Х.А***ын нэхэмжлэлтэй Нийслэлийн онцгой байдлын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэгтгэн шийдвэрлэв.

          4.Нэхэмжлэгч Х.А*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Нэхэмжлэгч Х.А*** би Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1480 дугаар тушаалаар Нийслэлийн онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангид шуурхай удирдлагын операторын ажилд орсон. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс албан тушаалын нэр өөрчлөгдөж дуудлага хүлээн авагч болсон.

          2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ээлжээс 24 цаг үүрэг гүйцэтгэж буусан 09:05 цагт намайг ангийн захирагч 80600029 тусгай дугаараас залгаж а/а 3.М*******аар дуудуулсан. Би үүргийн дагуу очиж илтгэсэн. ангийн захирагч, дэд хурандаа Э.Б********* "Илтгэх хуудас бичсэн үү" гээд асуусан би "даргаа бичиж байна гээд старекс автомашин 123 км гэснийг 56 км болгож нярвын хэлснээр бичсэн..." гээд илтгэж эхлэхэд шууд миний яриаг тасалж "чи нярав юм уу түлш нэмсэн гэж бич гээд суудлаасаа босоод шууд миний нүүр луу том цагаан өнгийн үдээсний машиныг шийдэх гэж дайрч, зодохыг завдсан. Энэ үед дэслэгч О****, ахлах дэслэгч М****** нар байсан.

          Дарга намайг ажилтан, албан хаагчдын өмнө байнга загнах, нэр төрд халдах, өргөдлөө бич гэж дарамтлах зэргээр би байнгын дарамтад өртөж ирсэн. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр над руу зодохоор дайрсны улмаас би ангийн захирагч, дэд хурандаа Э.Б*********од холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын Дотоод хяналт, шалгалт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ж.Т*********ад бичгээр гомдол гаргасан.

          Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаал миний үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан. Маргаан бүхий захиргааны актад намайг чухам ямар зөрчил гаргасан талаар дурдаагүй. Учир нь би зөрчил гаргасандаа биш харин даргадаа холбогдуулж гомдол гаргасныхаа төлөө өөрөө үндэслэлгүйгээр шийтгүүллээ. Хариуцагч нь намайг “төрийн албан хаагчийн яг ямар ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” болохыг нотлох, тайлбарлах үүрэгтэй.

          Цэргийн нийтлэг дүрмийн яг ямар заалтыг зөрчсөн талаар тушаалд дурдаагүй. Намайг өргөдлөө өгөхгүй болохоор ямар ч үндэслэлгүйгээр шийтгэл ногдуулж, цаашилбал халах зорилготой байна гэж би ойлгож байна. Манай удирдлагын зүгээс ганц намайг ч биш бусад зарим нэг ажилтныг элдвээр дарамталж, өргөдлөө өгөхийг шаардаж өргөдлийг нь бичүүлээд ажлаас гаргах явдал байдаг. Намайг 2020 онд анх ажилд орох үеэс л удирдлагын зүгээс "чи хүний оронд орж ирсэн, өргөдлөө өг, яв" гэдэг байсан. Би ажлаа өгөхгүй болохоор сүүлдээ элдвээр хэлэх, над руу хашхирах, сүүлдээ зодох гэж дайрах гэх мэтээр туйлын зүй бус хандах болсонд би маш их гомдолтой байна.

          Иймд Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалын Х.А*** надад холбогдох үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү.

          Маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 5 дугаар сарын 13-ны Б/23 тушаалд намайг "гал түймрийн дуудлага мэдээллийг удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, албан үүргээ гүйцэтгэхэд хариуцлагагүй хандсан" хэмээн сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Би 2022 оны 4 дүгээр сарын 09-10-ны өдөр ээлжинд гарч байсан бөгөөд тухайн өдөр гал түймрийн 2 дуудлага ирсэн. Би тухай бүрт нь ахлах зохицуулагчийн зааврын дагуу гал унтраах ангийг дуудлагад гаргасан ба 80600029 ангийн тусгай дугаар бүхий утаснаас ангийн захирагч дэд хурандаа Э.Б*********ын 99891012 болон хэлтсийн орлогч дарга Э.Э*******ы 88091002, урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн нар болох А.А********** 99168903, С.Д********* 80047997, хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нар болох Б.А******** 99808673, Г.Ц******** 99002593, эрсдэлийн мэргэжилтэн Б.Ц******** 88018662, ОБЕГ-ын оператор болон НОБГ-ын дэд төвийн операторт нөхцөл байдлыг шууд илтгэж ажилласан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр "мэдэгдээгүй" хэмээн сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

          Би тушаалыг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр цахим шуудангаар хүлээн аваад Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах журмын дагуу 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хугацаандаа гомдлоо гаргасан атал хугацаа хэтрүүлсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандсан болно. Иймд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 13-ны Б/23 тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

          Би одоо хүртэл ангийн захирагчийн үүдэнд суудаг, ангийн захирагчийн өрөөнд захирах, захирагдах ёс гэж юм яриад байгаа. Дээр нь ерөнхий газраас манай өрөөг камераар хянадаг. Би камерын өмнө суух ёстой. Гэхдээ ангийн захирагчийн бичиг хэргийг, салааны захирагчийн ажлыг, тайлан төлөвлөгөөг давхар хянаад ангийн захирагчийн өрөөнд кофе зөөгөөд явж байгаа. Өдөрт дор хаяж 15-20 удаа ангийн захирагчаас зөвшөөрөл авч өрөөнд нь орж гардаг. Өглөө орж ирэхэд тосож авна. Би албан хаагч нарын өмнө захирагдаагүй үйлдэл гаргаж үзээгүй. Намайг жагсаал хаяж явсан гэсэн. 2020 онд нэг удаа жагсаал хаяж явсан. Тухайн үед онцгой байдлын хөлбөмбөгийн талбай ашиглалтад орох болоод түүнд би тоглолт, үзүүлбэрт орох байсан, цаг нь тулсан болохоор тэнд цагтаа бэлэн байх ёстой учир би 12:30 цаг болж байхад амжихгүй учир тухайн үедээ шууд орхиод явсан. Тухайн үед би ажлаа орхиогүй, дараагийн мэдээлэл хүлээн авагчид ажлаа хүлээлгэж өгөөд явахгүй бол болохгүй гээд явсан.

          Ангийн албан хаагч нар над дээр орж ирээд уучлаарай, бид нар хатуу байдалд байгаа, чи өөрөө ч гэсэн н.Д********гийн тухай эсвэл н.Н********гийн тухай бичдэг байсан биз дээ, ангийн захирагч өрөөндөө оруулаад илтгэх хуудас бичүүлж байна, бичихээс өөр арга байхгүй, яагаад гэвэл бид нар ажлаа хамгаалах ёстой, чи өөрөө мэдэж байгаа юм чинь шүүхээр шийдвэрлүүлээд болох байлгүй, дахиад албаны шалгалт ирэхэд татгалзах зүйл байхгүй, гэхдээ бид нар ажлаа алдмааргүй байна гэсэн. Манайд бичиг үсэг мэддэггүй гал сөнөөгч нар байдаг. Тэд нар хүртэл ямар ч үг, үсгийн алдаагүй Х.А***ын зөрчил гаргасан нь үнэн болно гээд гурван хуулбарласан нэг хүний албан бичгүүд явж байна. Чамайг шүүхэд гомдол гаргасан учраас бид нар чамд сахилгын арга хэмжээ дараалан авахаас өөр аргагүй боллоо гэж дэд хурандаа 4 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаар оруулсан. Тухайн үед намайг таван үндэслэлээр оруулсан. Нэгдүгээрт чи хувцасны зөрчилтэй байсан гэсэн. Тэр нь үндэслэлгүй нь тогтоогдсон. 41 дүгээр хороонд гал түймрийн дуудлага гарсан байна, дамжуулаагүй гэсэн. 41 дүгээр хороон дээр огт гал түймрийн дуудлагад гараагүй, 25 дээр ажилласан нь үнэн байсан. 42 дугаар хороонд маргааш нь очоод шалгахад утаа нь дэлбэрсэн юм гараагүй, байгаагүй гэдгийг илтгэсэн. Ангийн захирагч намайг өмнө нь хоёр ч хэлтсийн орлогч даргатай холбосон байсан. 2021 онд би хэлтсийн бичиг хэргийг хийгээд хагас жилээр бичиг хэргийн ажлыг 89, 95 гэж дүгнүүлсэн.

          Одоо нийслэлийн өөр анги руу ажиллая гэж өргөдлөө өгснийг одоо хүртэл шийдээгүй, өөр ангид орон тоо байхгүй гэдэг. Буцаад Баян-Өлгий аймаг руу явъя гэхэд тэнд орон тоо байхгүй, ангийн захирагч та хоёрын хувийн асуудал, бид нар өөр хүний ажлыг чамд өгье гэхээр орон тоо байхгүй учраас бид чамайг аль анги руу томилохоо мэдэхгүй байна гэсэн. Нийслэлээс албаны шалгалт дуудагдаад явсан учраас ерөнхий газар та нарын асуудлыг мэдэхгүй гэдэг. Би ерөнхий газарт очоод дарга бид хоёр үнэхээр хэцүү байна, би өөр ангид ажиллаж чадна, намайг ажиллуулаад өгнө үү, нярав, бичиг хэргээр байсан ч хамаагүй ажиллая гэхэд нэг ч орон тоо байхгүй.

         Би 2021 онд 85 удаа үүрэг гүйцэтгээд 48 удаагийн бодит дуудлага авсан. 2022 онд яг одоогийн байдлаар 104 удаагийн дуудлагад гараад, 67 удаагийн бодит дуудлага авсан байна. Ийм байхад би нэг ч удаа дуудлагын мэдээлэл гаргаагүй эсвэл машин гаргаагүй, гал унтраагаагүй зүйл гаргаагүй. Бид нар гомдолтой байна, галын машин ирээгүй гэж нотломж дээр бичигддэг. Тиймэрхүү иргэний дуудлага ирээгүй. Би нэг ч удаа галын мэдээлэл тасалж үзээгүй” гэв.  

          5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн тусгай болон төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг хуулиар зохицуулна гэж заасан. Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу цэргийн албан хаагч нь Цэргийн сахилгын дүрмийг чандлан сахиж мөрдөх үүрэг хүлээдэг. Цэргийн сахилгын дүрмийг Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар зарлигаар баталсан байна. Уг 17 дугаар зарлигаар Цэргийн сахилгын шийтгэл оногдуулах талаар заасан. Цэргийн жинхэнэ болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагчид хууль тогтоомжид зааснаас гадна дараах сахилгын шийтгэлийг оногдуулна: сануулах, тусгаарлан саатуулах, хоёр сар хүртэл 20 хүртэл хувиар цалин бууруулах, албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах гэсэн дөрвөн төрлийн шийтгэлийг дурдсан. Маргаан бүхий эхний тушаал буюу Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын Б/130 дугаар тушаалд 32.3 дахь хэсгийг үндэслэсэн буюу 20 хувиар цалин бууруулсан. Дараа нь 29 дүгээр ангийн хэлтсийн даргын Б/23 дугаар тушаалын үндэслэлд албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах гэсэн хоёр сахилгын шийтгэлийг оногдуулсан. 

          Сахилгын шийтгэл оногдуулах эрхтэй этгээд нь Төрийн албаны тухай хуульд нийтлэг зааснаар тухайн этгээдийг томилсон этгээд байна гэж заасан. Томилсон этгээд нь Х.А***ын тухайд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, генералын тушаалаар ажилд томилогдсон хүн байгаа. Харин Цэргийн сахилгын дүрэмд цэргийн сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан дээр тодорхойлон заасан ангийн захирагч байна эсвэл Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга байна гэсэн зохицуулалт нарийн тодорхой заагаагүй. Эхний тушаалын тухайд Х.А***ын яг ямар үйлдэлд холбогдуулаад шийтгэл оногдуулж байгаа нь маргаан бүхий захиргааны актад тусгагдаагүй.

          Үүн дээр ангийн захирагч, дэд хурандаа н.Б********* нь алба хаагчтай зүй бус харьцсан, зодохыг завдсан, юм шидэх гэсэн гэдэг гомдол гаргасантай холбоотой хурал болоод энэ тушаал гарч Х.А***тай зүй бус харьцсан гэдгийг тогтоочхож байгаа юм. Тийм юм бол яг энэ тодорхой бичиж байгаа шигээ гарын үсэг хуурамчаар өөр хүнээр зуруулсан гэдэг ч юм уу, энэ үйлдэл ганцхан Х.А***д холбогдох хэсэг дээр байхгүй, н.М*******ынх тодорхой байгаа юм байна, н.Б*********ынх тодорхой байна. Гурван хүнд нэг тушаалаар шийтгэл оногдуулахад хоёр нь тодорхой үйлдэлтэй, Х.А***ын хувьд ямар ч тодорхой үйлдэл байхгүй. Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гээд байна. Тэгэхээр ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн юм бол хавтаст хэрэгт сая нотлох баримт шинжлэн судлахад гарсан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны А/64 дүгээр тушаалаар батлагдсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм гээд хүчин төгөлдөр хэм хэмжээ байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрмийн чухам аль заалтыг хэзээ, ямар үйлдлээр зөрчсөн бэ гэдгийг тодорхойлоогүйгээр тушаал гаргасан байна. Бодит байдал дээр ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргасан асуудал байхгүй. 33 алба хаагчийн гаргасан гомдол гэж ярьдаг. Энэ нь давхардсан тоогоор, 2020 оны юм байна, н.М******* гэдэг хүн хэдэн ч удаа бичээд байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан 33 хүний гомдол гээд байгаа зүйлийг уншихаар үйлдэл, холбогдол тодорхойгүй, яг яаж тэр хүнийг гомдоов.

          Хоёрдугаарт Х.А***ын тухайд 2020, 2021 оны огноотой, зарим нь огт огноо, дугааргүй гар бичмэлүүд гарч ирээд байдаг. Яг ийм асуудал болж байна шүү, 2020 онд үнэхээр тийм гомдол хамтран ажиллагчийн зүгээс гаргасан юм бол Х.А***д гомдол ирсэн байна гээд тухайн үедээ шийдэх ёстой байсан. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа мэдсэнээс хойш 6 сар, илэрснээс хойш 12 сарын хугацаанд шийтгэл оногдуулах ёстой. 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргахад өмнөх он жилүүд үнэн бодит байсан ч хамаагүй. Тэгэхээр хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хоёр дахь маргаан бүхий захиргааны актын тухайд дүүрэн тэнцэхгүй, сануулах гэдэг арга хэмжээ авсан. Энэ арга хэмжээг авахдаа бид сая нотлох баримт шинжлэн судлахад ангийн захирагч н.Б********* гэдэг хүн гэрчээр мэдүүлэхдээ энэ үндэслэлгүй түлш нэмээд ажилдаа тэнцэхгүй байна гэж үзэж байна гэдэг агуулгатай мэдүүлэг өгдөг. Хариуцагч нар хариу тайлбар гаргахдаа галын дуудлагыг дамжуулаагүй гэдгээр тодорхойлохдоо н.Алтансүх гэдэг хүнд хэлээгүй учраас хариуцлага тооцсон гэдэг. Тэгэхээр шийтгэл оногдуулаад байгаа албан тушаалтнууд нь яг ямар үйлдэлд шийтгэл оногдуулах гэж байгаагаа тодорхойлоогүй, актдаа тусгаагүй, мэдэх ч үгүй. Ямар ч гэсэн энэ хүнийг шийтгэх ёстой гэдэг ойлголттой.

          Энэ хоёр захиргааны акт нь Х.А***ын хэзээний, ямар буруутай үйлдэл дээр шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй, хууль зөрчсөн байна. Актын үндэслэлд заасан хууль зүйн заалт нь ямар ч тодорхойгүй. Ямар хууль, дүрэм журам, юуг үндэслэж гараад байгааг мэдэхгүй. Цэргийн сахилгын дүрмийн 43 дахь хэсэгт сахилгын шийтгэл хүчингүйд тооцох эрхийг уг шийтгэл хүлээлгэсэн захирагч эдэлнэ. Сахилгын шийтгэл үндэслэлгүй нь тогтоосон тохиолдолд ахлах дарга шийтгэлийг хүчингүй болгоно гэж заасан. Шийтгэлийн хугацаанд албан үүрэг биелүүлэхдээ онцгой амжилт гаргаж, сайшаал хүртсэн цэргийн албан хаагчийн сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцно гэдэг зохицуулалттай.

          Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/951 дугаар тушаалаар сайн ажилласан, сайшаал хүртээсэн. Энэ тушаалын гарчиг сайшаал хүртээх тухай. Энэ тушаалд 29 дүгээр ангиас ердөө дөрвөн хүн сайшаал хүртсэн. Үүний гурав нь гал сөнөөгч, нэг нь дуудлага хүлээн авагч Х.А*** гэж тушаалын хавсралтын 69 дэх хэсэгт дурдагдсан. Энэ тохиолдолд үнэхээр хоёр удаа сахилгын шийтгэл хууль ёсны байгаад авсан байсан ч энэ сахилгын шийтгэлүүдийн хугацаа хүчингүй болох ёстой. Цэргийн сахилгын дүрмийн дагуу ямар зөрчилд ямар хууль тогтоомж, хэм хэмжээг үндэслээд шийтгэл оногдуулж байгаагаа мэдэхгүй гаргачихдаг. Гарлаа гэхэд дараа нь түүнийг хүчингүй болгох нөхцөл байдал бий болсон, тэр үүргээ хэрэгжүүлдэггүй байдалтай байгаа. Тэгэхээр галын машинд шатахуун нэмсэн гэдэг асуудал дээр буруушаадаг.

          Гэвч нэхэмжлэгчийн ээлжин дээр галын машинд түлш нэмсэн асуудал байхгүй. Ээлж өглөө хүлээлцээд н.Мөнхсайхан гэдэг хүний ээлжин дээр салааны захирагч няравтайгаа өөрсдөө бензин түлшээ нэмсэн асуудал байна. Тэгэхээр нэхэмжлэгч нь санхүүгийн эрх мэдэлтэй, нягтлан бодогч, нярав эсвэл тамга тэмдэгтэй хүн биш учраас түлш нэмье гэж шийдэгдсэн байлаа ч нэмэх боломжгүй. Ийм үндэслэлгүй байна. Галын дуудлагын тухайд хурлын тэмдэглэл дээр гарч байгаа, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ирсэн галын дуудлагуудын хуудас, галын дуудлагын нотломж, ярилцлагын тэмдэглэлээс харагдаж байгаа. Үүн дээр эхлээд өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн галыг унтраах дуудлагыг хүлээж аваад, дамжуулаад, унтраагаад, галын ярилцлага дээр сайн гэсэн үнэлгээ тавиад, ангийн захирагч гарын үсэг зурсан. Х.А***ын ажлын байрны тодорхойлолтоор мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй, холбогдох этгээдэд мэдээлэх үүрэгтэй гэж байгаа. Холбогдох этгээд гэдэг нь н.А****** юм. Эсвэл хэлтсийн дарга, ангийн захирагч юм гэсэн юм байхгүй.

          Гэвч Цэргийн албаны тухай хуулиараа цэргийн ахлагчийн албанд даргалах болон гүйцэтгэх гэсэн хоёр төрлийн албан тушаал байгаа юм гэж заасан. Өөрөөр хэлбэл босоо удирдлагын тогтолцоотой, Х.А***ын шууд удирдлага нь салааны дарга байна, салааны даргын дээр ангийн захирагч байна. Гэхдээ ангийн захирагчийн удирдлагад шууд хамаарна. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн операторт шууд харьяалагддаг. Тэгэхээр Х.А*** нь ангийн захирагчдаа удирдагдаад, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийг командалж байгаа н.У********ын удирдлагын дагуу ажлаа хийсэн байна. Анги нь яваад галаа унтраасан байна. 26 дугаар ангийн гал дээр хамгийн сүүлийн анги зургаадугаар ангиар нэмэлт хүчээр очсон. Гэтэл хурлын тэмдэглэлийг харахад хэлтсийн даргад 26 дугаар ангийн галыг чи мэдэгдээгүй юм биш үү гэдэг асуудлыг тавьж байна. Гэтэл 26 дугаар анги нь аль хэдийн дуудлагаа аваад, унтраагаад эхэлсэн, дээр нь дөрвөн анги нэмэгдээд очсон, хамгийн сүүлд 29 дүгээр анги буюу Х.А***ын хариуцдаг, ажилладаг ангиас нэмэлт хүч очсон. Тэгэхээр н.А******* нь ангийн захирагч нарын дээгүүр, даргалах албан тушаалтай, 26, 29 дүгээр анги бүгдийг нь удирдаж байгаа дээд түвшний даргалах албан тушаалтай хүн байна. 26 дугаар ангийн галыг 26 дугаар ангиасаа мэдээллээ авчихсан, тэр битгий хэл дөрвөн удаагийн тушаал гараад өөр ангиуд очсон. Гэтэл яагаад 26 дугаар анги дээр гарсан галыг надад мэдэгдээгүй, зургаадугаар нэмэлт  хүчээр очихдоо хэлээгүй гэдэг асуудал ярьж байгаа вэ гэвэл сая хурлын бичлэг сонсоход ангийн захирагч босож ирээд хамтарч ажиллахад хэцүү байна, тийм учраас хурлаар хэлэлцэнэ гээд эхэлж байна.

          Тэр хүрээндээ явж байснаа гэнэт шууд галын дуудлага өгөөгүй болгох жишээний байна. Төрийн тусгай албан хаагч, онцгой байдлын газарт ажиллаж байгаа, тушаалаар ажилладгийг ойлгож байна. Гэхдээ тушаал нь хууль ёсны байх ёстой. Хүнээс хууль бус юм шаардаад, чи захирагдах ёстой гээд хууль бус шаардлагыг биелүүлээгүйн төлөө чи хууль зөрчиж байна, захирагдсангүй, ёс зүйгүй гэж болохгүй. Өмнө нь хэрэг Н.Д********* шүүгчид шилжсэн байх үед ангийн захирагч н.Б********* ирж гэрчийн мэдүүлэг өгсөн. Үнэхээр тэр өгч байгаа мэдүүлэг, байдлыг харахад яг үндсэн маргааны зүйл юу байгаа вэ гэдгийг хэн ч ойлгохоор байдалтай байсан. Одоо хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байна. Тэгэхээр үндэслэлгүйгээр хоёр удаа сахилгын шийтгэл оногдуулсан учраас шүүх энэ байдлыг харгалзаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

           6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М********* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          “1.Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн дэд ахлагч Х.А***ын ирүүлсэн өргөдөлтэй танилцаж, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн захирагч дэд хурандаа Э.Б*********, дэд ахлагч Х.А*** нартай ганцаарчлан уулзаж тодруулга ярилцлага хийж, нийт алба хаагчдаар дэд хурандаа Э.Б*********, дэд ахлагч Х.А*** нарын харилцаа хандлага, ёс зүйн талаар тайлбар бичүүлэн үзлэг шалгалтыг холбогдох эрх зүйн баримт бичигт тулгуурлан явуулсан болно.

          2.Шалгалтын ажлын хэсэг хурандаа Э.Б*********оос дэд ахлагч Х.А***ыг зодохыг завдсан талаар тодруулахад: Дэд ахлагч Х.А***д амралтын өдөр бэлэн байдлын хуваарьт байсан гал унтраах автомашинуудыг гаргаж түлш нэмүүлсэн талаар тайлбар бичиж өгөх үүрэг өгсөн ба тус тайлбарыг бичиж өгөөгүй тул өрөөндөө дуудаж асуухад дэд ахлагч Х.А*** зан харилцааны зөрчил гаргаж хэрэлдсэн, удаа дараа ийм үйлдэл гаргаж байсан тул бухимдаж ширээн дээр байсан гар ариутгагч санитол барьж, гар далайн шидэх үйлдэл гаргасан боловч шидээгүй гэсэн. Энэ талаар өрөөнд хамт байсан салааны захирагч ахлах дэслэгч О.М*******, дэслэгч С.Оргил нараас тодруулахад ангийн захирагч дэд хурандаа Э.Б*********ын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлгүй хэрүүлийн чанартай хариу тайлбарыг дэд ахлагч Х.А*** хэлэхэд бухимдаад санитол барьж, гар далайсан үйлдэл үзүүлсэн, шидээгүй нь нотлогдсон. Энэ нь Цэргийн дотоод албаны дүрмийн 2 дугаар бүлгийн 24 дэх "Цэргийн алба хаагч нь захирагчийн өгсөн тушаалыг цаг хугацаанд нь заавал биелүүлнэ. Тушаал биелүүлсэн тухайгаа тушаал өгсөн захирагч болон шууд захирах даргад илтгэнэ" заалт, 1 дүгээр бүлгийн 13.2 дахь "...захирах захирагдах ёс, цэргийн албаны ёс зүйн хэм хэмжээг мөрдөх" заалтыг тус тус зөрчсөн байна.

          Мөн камерын бичлэгийг үзэхэд дэд хурандаа Э.Б*********, дэд ахлагч Х.А*** нар хоорондоо муудалцаж харилцааны зөрчил захирах, захирагдах хэм хэмжээ  алдагдсан байна.

          3.Дэд хурандаа Э.Б********* нь дэд ахлагч Х.А***ыг 2021 оны 6 дугаар сар 2022 оны 02 дугаар сард ёс зүй, зан харилцааны зөрчил гаргахад нийт алба хаагчдаас дэд ахлагч Х.А***ын талаар тайлбар бичүүлж авсан нь үндэслэлтэй байна. Дэд ахлагч Х.А***ын 2021 онд 2 удаа жагсаалд харьцааны, 2022 онд 1 удаа эрх мэдлээ хэтрүүлэн удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй гал унтраах автомашин /3/ түлш нэмүүлэхээр гаргасан гэх мэт зөрчил гаргасанд өөрөөс тайлбар мэдүүлэг, илтгэх хуудас авч чаддаггүй хугацаа алдсан, зөрчлийг тодруулахаар албан хаагчдаас зан байдлын талаар бичүүлж авсан байна.

          4.2020 оны 01 дүгээр сард байгууллагын мөсний баяр тарж явах замдаа дэд хурандаа Э.Б********* нь дэд ахлагч Х.А***д хандан "Буудал караоке оръё, дарга нь даая" гэж бэлгийн дарамт үзүүлсэн талаар машинд хамт явсан гал сөнөөгч Базарсадаас тодруулахад тийм асуудал болоогүй дэд ахлагч Х.А*** Гандангийн ойролцоо буусан гэж тайлбар өгсөн. Энэ нь гүтгэлгийн шинж чанартай худал болох нь тогтоогдсон.

          5.Дэд хурандаа Э.Б********* хувийн хандлага харилцааны улмаас дэд ахлагч Х.А***ын 2021 оны ажлыг үндэслэлгүйгээр буруу дүгнэж хохироосон талаар шалгахад Ангийн захирагчаас алба хаагчдаа дүгнэсэн үнэлгээний нэгтгэлд 80%-иар дүгнэсэн байна. Хэлтсийн үнэлгээний баг хэлэлцээд харилцаа хандлагын оноог бууруулж 79%- аар дүгнэсэн байна. Шалгалтын ажлын хэсгийн ахлагч дэд хурандаа Ж.Т*********, хэлтсийн орлогч дэд хурандаа П.Э*********, Ангийн дарга дэд хурандаа Э.Б********* нарын хамт дэд ахлагч Х.А***ын 2021 оны 3,4 дүгээр улирлын тайланг авч дүгнэж үзэхэд бодит үнэлгээгээр 40%-тай дүгнэгдэж байгаа нь алба хаагчийн ажлыг дүгнэхдээ үнэлгээг бууруулаагүй харин хэт өндөр дүгнэсэн нь гомдол үндэслэлгүй байна.

          6.Ангийн захирагч, дэд хурандаа Э.Б********* нь дэд ахлагч Х.А***ыг "Сэлгэн томилогдож ирсэн газар лугаа буцаад яв, чи дарга цэргээр яриулж орж ирсэн. Өмнө ажиллаж байсан газрын чинь бүх асуудлыг мэднэ, чамайг судалсан" гэх мэтээр үргэлж дарамталдаг асуудал нь нотлох баримтгүй тул тогтоох боломжгүй байна.

          7.Дэд ахлагч Х.А*** нь Ангийн захирагч дэд хурандаа Э.Б********* болон алба хаагч нартай муудалцах, хэрэлдэх үйлдэл удаа дараа гаргаж байсан ба зан харилцааны асуудалтай алба хаагч болох нь Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн нийт судалгаанд хамрагдсан 33 алба хаагч нараас авсан тайлбараар нотлогдсон.

          8.Дэд ахлагч Х.А*** нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр нярав, ахлагч Э.Э********тай холбогдож гал унтраах автомашинуудыг гаргаж шатахуун нэмүүлсэн, Ангийн захирагчаас өгсөн илтгэх хуудас бичих үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, алба хаагчдыг гүтгэн доромжлох үйлдэл гаргаж байсан байна. Иймд дэд ахлагч Х.А***д Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр цэргийн алба хаагчийн хоорондын харилцаа, захирах захирагдах ёс, цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөөгүй үндэслэлээр "Албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах" сахилгын шийтгэл оногдуулж байсан байна.

          Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Х.А*** нь удирдлага болон алба хаагч нартайгаа цэргийн дүрмийн дагуу харьцдаггүй, захирах захирагдах ёсыг хэрэгжүүлдэггүй, бусад алба хаагч нарт буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, аливаа зөрчлийг хүлээн зөвшөөрдөггүй байна. Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч дэд ахлагч Х.А*** нь:

          -Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл: Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг 37.1.7 дугаар заалт "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх", 37.1.16 дугаар заалт "Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах"

          -Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл: Хөдөлмөрийн сахилгын шийтгэл 123.1 дүгээр заалт "Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно", 123.2. “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, 123.2.3 дугаар хэсэг,

          -Цэргийн сахилгын дүрмийн гуравдугаар бүлэг "Цэргийн сахилгын шийтгэл цэргийн алба хаагчид оногдуулах сахилгын шийтгэл" тус дүрмийн 26 дугаар зүйл "Цэргийн дүрэм, тангараг, ангийн дотоод журмыг зөрчсөн, захирагч /дарга/-ийн тушаалыг биелүүлээгүй цэргийн алба хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэнэ" гэж заасныг

          -Нийслэлийн Онцгой байдлын газрын Хөдөлмөрийн дотоод журмын Дөрөвдүгээр бүлэг Нийслэлийн Онцгой байдлын газар, алба хаагчийн эрх, үүрэг 4.2.1 "Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллах алба хаагч, ажилтнаас Монгол Улсын хууль тогтоомж, хүчин төгөлдөр эрх зүйн акт, энэхүү журам, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээний дагуу биелүүлэхийг шаардах, хяналт тавих, хариуцлага хүлээлгэх",

          - 4.4.Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагч дараах үүргийг хүлээнэ. 4.4.1. “Төрийн тусгай алба хаагч нь өргөсөн тангараг болон хууль тогтоомж, хүчин төгөлдөр эрх зүйн актаар хүлээсэн үүргээ биелүүлэн, төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж, төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрэм, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм, алба хаах журмыг чанд сахих” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчсөн байна.

          7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Дэд ахлагч Х.А*** нь тус хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангид дуудлага хүлээн авагчаар ажилладаг бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25-41 дүгээр хороодод гарсан Ой хээрийн түймрийн дуудлагыг Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа А.А********эд мэдээ мэдээлэл дамжуулаагүй, албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргээ биелүүлээгүй. Холбогдох албан тушаалтны гаргасан шийдвэр тушаалыг биелүүлээгүй нь Цэргийн нийтлэг дүрмийн сахилгын дүрмийг зөрчсөн нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ёс зүйн албаны хурлаар тогтоогдож сахилгын дүрмийн 32.4 дэх заалтаар албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах шийтгэл ноогдуулсан.

          Сахилгын шийтгэл ноогдуулахад цэргийн нийтлэг дүрмүүдийн цэргийн сахилгын дүрмийн 28, 29, 33, 35 дүгээр заалтуудыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн.

2. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш тушаалыг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хэлтсийн орлогч ёс зүйн албаны дарга ахмад А.А********** эх хувиар нь Х.А***д гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн. Тус алба хаагч нь тушаалыг хугацаа хэтрүүлэн цахимаар ирүүлсэн гэж худлаа тайлбар гаргаж өгсөн байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар Х.А***ын үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болсон нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл уг тушаалын Х.А***д холбогдох хэсгийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалын Х.А***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2.1.Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/130 дугаар /1-р хавтасны 65 дахь тал/ тушаалаар төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмийг сахиж мөрдөөгүй зөрчил гаргасан Х.А***д албан тушаалын цалинг 2 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

2.2. Х.А***ын Нийслэлийн онцгой байдлын газарт гаргасан гомдлын дагуу ангийн захирагч, дэд хурандаа Э.Б*********од холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр /1-р хавтасны 27 дахь тал/ албаны шалгалтыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан.

2.3.Уг ажлын хэсгийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн илтгэх хуудсаар /1-р хавтасны 29 дэх тал/ Х.А*** нь удирдлага болон алба хаагч нартайгаа цэргийн дүрмийн дагуу харьцдаггүй, захирах захирагдах ёсыг хэрэгжүүлдэггүй, бусад алба хаагч нарт буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, аливаа зөрчлийг хүлээн зөвшөөрдөггүй гэж дүгнэн Төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмийг сахиж мөрдөөгүй, анги байгууллага дээр удаа дараа харилцаа хандлага, ёс зүйн зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл оногдуулах санал гаргаж, төслийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Х.А***д танилцуулжээ. /1-р хавтасны 61 дэх тал/

          2.4. Дэд ахлагч Х.А*** нь 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр нярав, ахлагч Э.Энх-Уянгатай холбогдож гал унтраах автомашинуудыг гаргаж шатахуун нэмүүлсэн зөрчилд Х.А***ыг буруутгах үндэслэл, уг үйл ажиллагаа нь түүний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарах эсэх, Х.А***д ямар албан тушаалтан хэзээ, хэрхэн түлш нэмэх талаар үүрэг өгсөн эсэхийг тодруулах,

          Шалгалтын илтгэх хуудсанд бичсэн "... камерын бичлэгийг үзэхэд дэд хурандаа Э.Б*********, дэд ахлагч Х.А*** нар хоорондоо муудалцаж харилцааны зөрчил захирах, захирагдах хэм хэмжээ  алдагдсан” талаар шалгаж тогтоох,

          Дэд хурандаа Э.Б********* Х.А***ын 2021 оны ажлыг 80%-иар дүгнэснийг  байна. Шалгалтын баг 79%- аар 2021 оны 3,4 дүгээр улирлын тайланг авч дүгнэж үзэхэд бодит үнэлгээгээр 40%-тай дүгнэсэн нь тухайн зөрчилд холбоотой эсэх,

          Ангийн захирагчаас өгсөн илтгэх хуудас бичих үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй талаарх  баримт гаргуулсан эсэх,

          Алба хаагчдыг гүтгэн доромжлох үйлдэл гаргаж байсан талаар алба хаагчдаас тайлбар авснаар Х.А***ын зөрчил нотлогдох боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай байна.

          2.5.Тодруулбал, Хариуцагч Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар Х.А***д сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.”Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”,

          Цэргийн сахилгын дүрмийн 26. “Цэргийн дүрэм, тангараг, ангийн дотоод журмыг зөрчсөн, захирагч / дарга/-ийн тушаалыг биелүүлээгүй цэргийн алба хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэнэ.”, 27. “Сахилгын зөрчил гаргасан цэргийн алба хаагчид захирагч /дарга/-аас оногдуулсан арга хэмжээг сахилгын шийтгэл гэнэ.”, 28. “Сахилгын зөрчил гаргасан цэргийн алба хаагчид захирагч /дарга/-аас цэргийн сахилгыг зөрчсөн үйлдэл болон албан үүргээ хангалтгүй биелүүлснийг үндэслэн цэргийн дүрмийг чанд сахиулж, зөрчил дутагдлыг таслан зогсоох, цаашид зөрчил дутагдлыг гаргуулахгүй байх зорилгоор сахилгын зөрчил гаргасан цэргийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл оногдуулна.”, 29. “Цэргийн алба хаагчид оногдуулах сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж, учруулсан хохирол, гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.”, гэж заасны дагуу шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

          2.6.Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг дахин тодруулах нь шүүхийн шинжлэн судлах хүрээ хязгаараас хэтэрсэн байх тул Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/130 дугаар тушаалын Х.А***д холбогдох хэсэг буюу үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэлийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

          3.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

          3.1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/23 дугаар /1-р хавтасны 187 дахь тал/  тушаалаар Гал түймрийн дуудлага мэдээллийг удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, албан үүргээ гүйцэтгэхэд хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр Х.А***д албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

          3.2.Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ёс зүйн албаны хурлаар Х.А***ын хэлтсийн даргын дулааны хувцасны үзлэгээр зөрчил гаргасан тухай тайлбар бичиж өгөөгүй, гал түймрийн дуудлагын мэдээ мэдээллийг удирдах бүрэлдэхүүнд мэдээлээгүй, захирах захирагдах ёс алдагдуулсан гэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

          3.3.Х.А***  80600029 ангийн тусгай дугаар бүхий утаснаас ангийн захирагч дэд хурандаа Э.Б********* болон холбогдох ажилтнуудад нөхцөл байдлыг шууд илтгэж ажилласан талаараа дурдсан боловч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ёс зүйн албаны 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаар /1-р хавтасны 145 дахь тал/ тэмдэглэлд дэд хурандаа П.Элбэгсайхан “Яагаад хэлтсийн даргад мэдэгдээгүй вэ?” гэхэд Х.А*** “Миний буруу би уул нь ангийн захирагч дамжуулчих байх гэж бодсон”, дэд хурандаа П.Элбэгсайхан “Ангийн дарга руу эхлээд дамжуулаад хэлтсийн дарга руу дамжуулах ёстой” гэсэн тайлбар өгсөн нь тусгагджээ.

3.4.Мөн “Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч Х.А*** нь 2022 оны 4 дүгээр сарын 09-10-ны өдөр ажиллах хугацаанд гал түймрийн дуудлагыг удирдах бүрэлдэхүүн буюу хэлтсийн дарга руу мэдэгдээгүй” гэж зөрчил гаргасан, тодруулбал, Х.А*** нь 80600029 ангийн тусгай дугаар бүхий утаснаас гал түймрийн дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргад мэдээлээгүй болох нь Юнител ХХК-ийн ирүүлсэн баримтаар /нууц/ тогтоогдож байна.

3.5.Түүнчлэн тус хуралдаанд Х.А*** хувцасны үзлэгээр илэрсэн зөрчлөө шууд арилгасан талаар тайлбарласан боловч ангийн захирагчид энэ талаараа илтгэх хуудас бичиж өгөөгүй, харин салаан захирагчдаа хэлсэн гэх тайлбарыг өгчээ.

3.6.Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дүгээр тушаалаар батлагдсан Шуурхай удирдлагын оператор буюу Х.А***ын ажлын байрны тодорхойлолтод “Гамшиг ослын дуудлагыг цаг алдалгүй үнэн зөв хүлээн авч, холбогдох албан тушаалтанд дамжуулах,...” зорилтыг тусгасан бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагатай харилцах чиг үүргийг тусгажээ.

3.7.Эдгээр үйл баримтаас үзэхэд Х.А*** нь захирах захирагдах ёс зөрчсөн, хувцасны үзлэгээр гаргасан зөрчилдөө тайлбар бичиж өгөөгүй, гал түймрийн дуудлагын мэдээллийг удирдах бүрэлдэхүүнд өгөөгүй зөрчил гаргасан гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

3.8.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.”Орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга энэ хуулийн 30.1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 30.3.”Орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.”, Цэргийн сахилгын дүрмийн 26-т "Цэргийн дүрэм, тангараг, ангийн дотоод журмыг зөрчсөн, захирагч /дарга/-ийн тушаалыг биелүүлээгүй цэргийн алба хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэнэ", 32 дугаар зүйлийн 32.4-т “албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах” сахилгын шийтгэл ногдуулах,

Цэргийн нийтлэг дүрмийн 16. “Цэргийн алба хаагчийн хоорондын харилцаа нь нэгтгэн удирдах, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлана. 17. Цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр нэг нь нөгөөдөө захирагч буюу захирагдагч байна. Захирагч нь захирагдагсаддаа үүрэг, тушаал өгч, түүний биелэлтийг шалгах эрхтэй.”,

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/166 дугаар тушаалаар батлагдсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.5-т “...сахилга хариуцлага, зан байдлаараа иргэд олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж ажиллах”, 5.5.4-т “... удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахгүй байх” гэж,

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/12 дугаар тушаалаар батлагдсан Нийслэлийн Онцгой байдлын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.1-т “Төрийн тусгай алба хаагч нь өргөсөн тангараг болон хууль тогтоомж, хүчин төгөлдөр эрх зүйн актаар хүлээсэн үүргээ биелүүлэн, төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж, төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрэм, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм, алба хаах журмыг чанд сахих”, 4.4.11-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон энэхүү журмыг чанд мөрдөж ажиллах” гэж тус тус заасан.

3.9.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/23 дугаар тушаалаар Х.А***д албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь дээр дурдсан хууль журамд нийцсэн, эрх хэмжээний хүрээнд гарсан гэж үзэхээр байна.

3.10.Маргаан бүхий Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр /1хх 168 тал/ Х.А***д гардуулсан болох нь хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

3.11.Иймд нэхэмжлэгч Х.А***аас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргад холбогдуулан тус хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           3.12.Ингээд Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалын Х.А***д холбогдох хэсэг буюу үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэлийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалын Х.А***д холбогдох хэсэг буюу үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэлийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалын Х.А***д холбогдох хэсэг хүчингүй болох бөгөөд уг актын Х.А***д холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн 1 сарын хугацаа нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН