Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/00096

 

 

2021 12 28 101/ШШ2022/00096

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч Д.Батцэцэг, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Гд холбогдох

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х ,

Иргэдийн төлөөлөгч Д.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч М.Гд холбогдуулан гэм хорын хохиролд 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Эхлээд М.Ггийн хадам ээж, нөхөртэйгээ ирээд хашаанд чинь сууя гэхэд нь байшингаа үзүүлэхээр хамт очсон. Цонхоор харахад эд зүйлээ зөөж байсан, тэгээд зөөгөөд дуусаж байгаа юм байна, гэр рүү хамт оруулъя гэж бодоод гэрээс гараад хашааны үүдэнд очиход манай байшинд суух гэж байгаа эмэгтэй газар ухаан алдаад уначихсан байсан. Хашааны гаднаас М.Ггийн машин хөдлөөд явах гэж байхад нь би араас нь очоод машиныг нь алгаараа цохиход М.Г зогссон. Зогсохоор нь би жолоочийн эсрэг талаар нь очоод газар хүн уначихлаа, нэг бол босго эсхүл гэрт оруулж өг гэхэд би жирэмсэн хүн өргөж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд М.Г буугаад машинаа тойроод миний урд талд ирээд нэг ч үг хэлэлгүй, юу ч ярилгүй цээж дээр цохиход би 180 градус эргээд доошоо хараад унасан, зүүн гараа гэмтээсэн. Би босож чадалгүй удаан хэвтсэн. Тэгээд машинаа асаагаад явах гэхэд нь би машины чинь дугаарыг харчихсан шүү, зугтааж чадахгүй шүү гэхэд гүйж ирээд намайг босгочихоод явсан. Үүнээс хойш уулзаагүй, харьцаагүй, утсаар нь нэг ч удаа дарамталж үзээгүй. Ггийн цохилтоор газар унаснаас гарынхаа бүдүүн нарийн савх ясаа хугалуулж бэртсэн, нүүрэндээ нүдэндээ халцарч хөхөрсөн, бие эрхтэн сэтгэл санаагаар хохирсон. Хөдөлмөрийн чадвар алдагдуулсан учир М.Ггаас сэргээн засах эмчилгээ хийлгэх зардал 2,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гарсан. Халдварт өвчин их хөл хориотой байсан учир эмнэлэгт очоогүй. Өөрөө сүлжээний эмний талаар мэдээлэл авч, 525,000 төгрөгөөр тос авч түрхсэн. 525,000 төгрөг дээр хариуцагч тал өгнө гэж байгаа 94,000 төгрөг оруулан тооцож, одоо эмчилгээний зардалд 600,000 төгрөг нэхэмжилж байна. Бусад нь шаардлага хангаагүй баримт өгсөн гэдгээ ойлгосон гэв.

Хариуцагч М.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х  нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед Д.Д гэгч нь согтуу, миний машины цонхыг гараараа чанга цохиж, машиндаа суулгаад төв зам уруу хүргэж өг гээд байсан, би жирэмсэн эхнэртэй хамт явж байсан огт танихгүй, согтуу болохоор нь зөвшөөрөөгүй. Гэтэл намайг зодсон гэж прокурорын газарт мэдүүлэг өгсөн. Би машинаасаа огт буугаагүй, жирэмсэн эхнэр маань бие нь өвдөх гээд учраа хэлээд хүргэж өгч чадахгүй гээд хөдлөөд явсан, гэтэл адаг сүүлд нь намайг эмээ шигээ хүнийг зодсон гэмт хэрэгтэн хэмээн үзэж, согтуу хүний эмчилгээний зардлыг төлнө хэмээн ёстой санасангүй. Тухайн үед эхнэр маань төрөх гээд, ажлаас чөлөө өгөхгүй, энэ асуудлаас болоод нааш цааш явдал суудал ихтэй байсан болохоор өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр өршөөлийн хуульд хамрагдаж хэргээ хүлээн зөвшөөрч хурдан энэ асуудлыг шийдэхийг хүссэн. Энэ хүн тухайн үед ямар ч эмчилгээ байхгүй гээд прокурорт баримт өгөөгүй. Ингэж согтуу авгайг хүргэж өгөөгүйгээс болж цагдаа дээр байцаагдаж, эхнэр төрөх хүүхэд, ажлаа бодоод хурдан энэ асуудлыг дуусгах минь гэж бодоод хэргээ хүлээсэн нь миний том алдаа болсон.

2021 оны 04 сарын 23-ны өдрийн 3200 шинжээчийн дүгнэлтэд зүүн шуу, богтос ясны далд хугарал, дух, зүүн хөмсөг, хацар, хүзүүнд зулгарал, зөөлөн эдийн гэмтэлтэй болох нь тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэж дүгнэсэн.

Өнөөдөр ийм хэцүү нөхцөлд хэн ч ажил үүргээсээ халагдъя гэж бодохгүй учраас ах эгч нарынхаа зөвлөснөөр Өршөөлийн тухай хуульд хамрагдсан. 2021 оны 08 сарын 01-ний өдөр үе мөчний тосон түрхлэг 525,000 төгрөгөөр авсан гэсэн баримт хавтаст хэрэгт байсан. Би энэ компанийн ажилтны 9.... дугаарын утсаар холбогдоход манайд 525,000 төгрөгийн тосон түрхлэг байхгүй, гарын үсэг зурсан хүн нь өвөр монгол хүн байна, энэ хүн залилан хийх магадлалтай хүн шүү, манайх ийм өндөр үнийн дүнтэй тосон түрхлэг зараагүй гэж хэлсэн. Тиймээс энэ сүлжээний гэх өндөр үнийн дүнтэй тосон түрхлэгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэргийн 11,12,17,19,23,27 дахь талд байгаа баримтын дагуу 93,400 төгрөгийн эмчилгээнд зарцуулсан баримтыг хүлээн зөвшөөрч байгаа. Настай хүн гээд бусад эд эрхтэнээ үзүүлээд яваад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Ж.М  Хариуцагч гэм буруугаа хүлээсэн учир баримт нотолгоотой хохирлынх нь мөнгийг барагдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

Нэхэмжлэгчээс 2021-05-12-ны өдрийн зарлагын баримт, Намуун дэлбээ ХХК-иас худалдан авалт хийсэн баримт, Монос Улаанбаатар ХХК-иас худалдан авалт хийсэн баримт, Евро фарм ХХК-иас худалдан авалт хийсэн баримт, Ирмүүн аз ХХК-иас худалдан авалт хийсэн баримт, Агар фарм ХХК-иас худалдан авалт хийсэн баримт, Инжир эмийн сангаас худалдан авалт хийсэн баримт, Хонгор сүлд ХХК-иас худалдан авалт хийсэн баримт, Идэр эмийн сангаас худалдан авалт хийсэн баримт, Аполло хеалт ХХК-ийн орлогын ордер, Марал фарм эмийн сангаас худалдан авалт хийсэн баримт, Хишигт шандас эмийн сангаас худалдан авалт хийсэн баримт, Номин супермаркетаас худалдан авалт хийсэн баримт, Д.Дгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын бэлэн мөнгөний орлогын баримт, М.Ггийн Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтийн хуулбар, Д.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, рентген зураг, 2021-08-12-ны өдрийн 196 дугаартай Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол, хариуцагчаас 2021-04-13-ны өдрийн 3200 тоот шинжээчийн дүгнэлт, Гурван гал эмнэлгийн хэвлийн хэт авиан шинжилгээ өгсөн баримт, жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтын хөтөч дэвтрийн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлээс 104,700 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 513,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан гэж шаардах эрхээ тодорхойлж, хохиролд 600,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч гэм буруу, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй, өөрөөр хэлбэл хохирлыг нотолсон баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлагаас 93,400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 506,600 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2021 оны 04-р сарын 07-ны өдөр М.Ггийн цохилтын улмаас нэхэмжлэгч Д.Дгийн биед зүүн шуу, богтос ясны далд хугарал, дух, зүүн хөмсөг, хацар, хүзүүнд зулгаралт зэрэг зөөлөн эдийн гэмтэл учирсан, уг гэмтлийг хариуцагч М.Г учруулсан болох нь зохигчийн тайлбар, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3200 тоот шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн   дугаар прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Хариуцагч үйл баримт дээр маргаагүй.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн  дугаар прокурорын тогтоолоор яллагдагч М.Г, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй тул прокурорын шатанд надад холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтэд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдээс өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй мөн хуулийн 505.1. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч М.Ггаас нэхэмжлэгч Д.Дгийн уг гэмтлийн улмаас эмчийн заавраар авч хэрэглэсэн эмчилгээний зардалд хавтаст хэргийн 11-13, 17-19, 23, 27-р талд авагдсан баримтад үндэслэн 104,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй, гэм бурууд шалтгаант холбоогүй баримтад холбогдох 495,300 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.М Хариуцагч гэм буруугаа хүлээсэн учир баримт нотолгоотой хохирлынх нь мөнгийг барагдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Ггаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Ггаас 104,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэлээс 495,300 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Ггаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ

Л.ЭНХЖАРГАЛ