| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2021/03025/И |
| Дугаар | 101/ШШ2022/01417 |
| Огноо | 2022-03-29 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2022/01417
2022 03 29 101/ШШ2022/01417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г. О-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2022 оны 07-р сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө, өмгөөлөгч Г.Л
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХААН банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э ,
Шинжээч С.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-04-30-ны өдрийн 1249 дугаар шийдвэрээр П.Г, Г.О нараас 180,907924 төгрөг гаргуулан Хаан банканд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч О, Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 тоот хаяг байрлах үйлчилгээний зориулалттай 130 м,кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаяг байрлах эзэмшлийн 382 м.кв газрын хамт 247.989.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: манай энэхүү объект үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг өдрийн орлого баталгаажсан улсын төвийн дэд бүтэц, шугам сүлжээнд холбогдсон зөвхөн газар нь 500,000,000 төгрөг. О-н өөрийн өмчлөл болох 130 м.кв талбайтай 30 м.кв өргөтгөл буюу нийт 160 м.кв талбайтай объектыг 130 м.кв-аар нь үнэлэсэн нь барилгын бодит байдалд үнэлэгээг өгөөгүй. Тухайн нэмэгдсэн 30 м.кв нэмж барьсан үндсэн барилгаас үл салгах, бетон хийц загвартай. Мөн энэ объектыг Май капитал гээд ББСБ-д барьцаалсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хаан банкны эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гээд зөвхөн нэг талыг барьж Хаан банкийг татан оролцуулж байна. Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрөө Май капитал гэх газарт танай хөрөнгийг үнэлэлгүйгээр шүүх хуралдаан болоод байна гэж мэдэгдэх үүрэгтэй байдаг, энэ талаар мэдэгдсэн зүйл алга. Өөр нэг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна. Шинжээч 30 м,кв барилга нэмэгдэж баригдсан байсныг мэдсэн хэдий ч үнэлгээнд оруулаагүй гэж тайлбарыг гаргасан. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар П.Г Г.Д нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 130 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, П.Гийн эзэмшлийн нэгж талбарын 1864731194 1668 дугаарт бүртгэгдсэн 382 м.кв талбайтай Баянзүрх дүүргийн тоот газрын хамт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19261880/08 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 19261880/09 дүгээр тогтоолоор хураасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Г.О 600.000.000 төгрөг, төлбөр төлөгч П.Г нь 700.000.000 төгрөг, төлбөр авагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 6/81 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор Баян модот ХХК-ийг томилоход 247.989.000 төгрөгөөр үнэлэгдсэн.
Үнэлгээг 2021-06-21-ний өдрийн 4-227/1 1421, 4227/1 1420 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч талуудад мэдэгсэн. Мөн 2021-06-24-ний өдрийн 4-227/11543 дугаар албан бичгээр 2021-07-09-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа болох талаар мэдэгдсэн боловч уг дуудлага худалдаагаар орон сууц худалдан борлогдоогүй. Иймд 2021-07-22-ны өдрийн 4-227/13085 дугаар албан бичгээр 2021-08-06-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаа болох талаар мэдэгдэж уг дуудлага худалдаагаар 129.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, үнэлгээ зах зээлийн бодит ханшаар үнэлэгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хавтаст хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй, тайлбар байхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Г-ийн өмгөөлөгч Г.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон шинжээчийн дүгнэлтийн 5 дугаар хуудас буюу хавтаст хэргийн 72 дугаар талд энэхүү газар дээр нийтийн байрнаас гадна сэндвичэн авто угаалгын газар баригдсан бол энэ үнэлгээнд хамаарахгүй, мөн үнэлж буй нийтийн байрны өргөтгөлийн хэсэг үнэлгээнд хамаарахгүй болно гэж тайланд дурдсан байна. Хэрэв Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас энэ өргөтгөл хэсэгт үнэлгээг хийсэн 247,000,000 төгрөг арай өөр дүн гарах байсан гэдгийг шинжээч тайлбараараа хэлсэн. Авто угаалгын газар нь 160 м.кв талбайтай бөгөөд энэ нь хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан. Шинжээч тухайн 130 м.кв хөрөнгийг үнэлэхээс гадна газрыг үнэлсэн юм бол газрын бүрдэл хэсэг болоод байгаа 160 м.кв талбайтай хөрөнгийг үнэлсэнгүй. Газрын бүрдэл хэсэг болсон байхад энэ хэсгийг үнэлээгүйгээс болоод хөрөнгийн үнэлгээ бодитой бус гараад байна. Үүнийг нь нэмж үнэлж байж тухайн газар болон үл хөдлөх хөрөнгүүдийн бодит үнэ гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бодитой явагдах юм. Тиймээс Баян модот ХХК-ийн 2021.06.21-ний өдрийн 2101 үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э: Барьцааны зүйл гэсэн дээр банкны зөвшөөрөлгүй энэхүү газар дээр барилга барих, түрээслэх, хөлслүүлэх аливаа хэлбэрээр ашиглахгүй гэсэн заалт орсон байдаг. Газар дээр банкны зөвшөөрөлгүй барьсан барилга байшин нь банкны барьцаа хөрөнгө болно гэсэн заалт дээр тохиролцоод гарын үсгээ зурсан. Тухайн үед манайх газар, нийтийн орон сууц хоёрыг барьцаалсан. Сэндвичэн барилга дээр сүүлд гэрчилгээ нь гараад Май капитал ББСБ-д барьцаалагдсан байна. Тухайн үед 178,750,000 төгрөгөөр барьцааны үнэлгээг тогтоож харилцан тохирч зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Газар нь банкны барьцаа байтал банканд мэдэгдэлгүй бусдад барьцаалсан нь хууль бус гэж үзэж байна Шүүхийн шийдвэр болон үнэлгээний компанийн үнэлгээг зөв гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчээс 2021-06-24-ний 4-227/11543 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-ийн 5 тал/, 2021-06-21-ний 4-227/11421 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-ийн 6 тал/, 2021-06-22-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-ийн 7 тал/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-04-30-ны өдрийн 1249 дугаартай захирамж /хх-ийн 8-10 тал/, 2019-10-02-ны өдрийн 15391 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 11 тал/, Ү-220 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 12тал/, 000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 13 тал/,Өнөөдөр сонины 2021-07-22-ны өдрийн 139 дугаар хэвлэл /хх-ийн 23-25 тал/, 2021-06-24-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-ийн 145 тал/, 2021-06-21-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-ийн 146 тал/,/, 2021-06-22-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-ийн 147 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн,
Хариуцагчаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019-10-02-ны өдрийн 1249 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас / 38-39 тал/, 2019-04-30-ны өдрийн 1249 дугаартай шүүгчийн захирамж /40-42 тал/, 2019-10-02-ны өдрийн 15391 дугаартай шүүгчийн захирамж /43 тал/, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020-03-10-ны өдрийн 8/391 дугаартай албан бичиг /44 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /45-46 тал/, Ү-220 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /47 тал/, Ү-220 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /48 тал/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 49 тал/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол / 50 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020-02-03-ны өдрийн 4/3519, 2020-02-10-ны өдрийн 4/4618 дугаартай албан бичиг /51 тал/, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020-02-28-ны өдрийн 8/322 дугаартай албан бичиг /52 тал/, 2021-05-28-нй өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол /54-55 тал/, төлбөр төлөгч Г.О-н үнийн санал /56 тал/, 2021-05-28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /57 тал/, 2021-06-03-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /58 тал/, Хаан банк ХХК-ийн 2021-06-04-ний өдрийн 34/4733 дугаартай хүсэлт /59 тал/, төлбөр төлөгч П.Г-ийн үнийн санал /60 тал/, 2021-06-08-нй өдрийн 6/81 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /61 тал/, Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт /62-63 тал/, Баян модот ХХК-ийн итгэмжлэл /64 тал/, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт /65 тал/, Хөрөнгийн үнэлгээний тайлан / 66-85 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021-06-21-ний өдрийн 4-227/11421 дугаартай албан бичиг /86 тал/, 2021-06-21-ний өдрийн 4-227/11420 дугаартай албан бичиг /87 тал/, 2021-06-21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /88 тал/, 2021-06-22-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /89 тал/, 2021-06-24-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /90-91 тал/, 2021-07-20-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /92-93 тал/, 2021-07-22-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /94 тал/, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-ийн 95-127 тал/ зэргийг тус тус баримтаар гаргаж өгсөн.
Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 130 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-220 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах 00 гэрчилгээний дугаартай 382 м.кв газрыг 247,989,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-04-30-ны өдрийн 1249 дугаар захирамжаар П.Г, Г.О нараас 180,907,924 төгрөгийг гаргуулж, Хаан банк ХХК-д олгох, эвлэрсэн хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 130 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-220 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах 000 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 1864 дугаартай, 382 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Төлбөр төлөгч П.Г, Г.О нар нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2019-10-02-ны өдрийн 1249 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай 2019-10-08-ны өдрийн 19261880 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019-10-08-ны өдрөөс эхлэн 227-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг явуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын 127 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.Ц 2021 оны 06-р сарын 08-ны өдөр Шинжээч томилох тогтоолыг гаргаж Баян модот ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 130 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-220 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө дээр бодит байдлаар 30 м.кв барилга нэмэгдэж баригдсан, улсын бүртгэлд нэмж бүртгүүлээгүй хэдий ч бодитоор баригдсан байгаа дээр талууд маргаагүй.
Баян модот ХХКомпанийн гаргасан дүгнэлтийн 5 дугаар хуудсанд: Үнэлж буй нийтийн байрны өргөтгөлийн хэсэг үнэлгээнд хамрагдаагүй гэжээ. /хх-ийн 72 тал/
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан хэдий ч дээрхи үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн бодит байдалд нийцсэн үнэлгээг гаргаагүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч Г.О-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмаар дахин үнэлгээ хийх ажиллагаа явуулахыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасныг баримтлан Баян модот ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 21-01 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г хүчингүй болгож, хуульд заасан арга, журмаар дахин үнэлгээ хийх ажиллагаа явуулахыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2021/12092 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА