Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/01121

 

 

2022 03 14 101/ШШ2022/01121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Уын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Гт холбогдох 21,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгч Ө.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У би 2020 оны 10 сард О.Г гэж хүнтэй хувийн ажил хэргийг журмаар танилцаж, урьд нь мөнгө өгч аваад тодорхой харилцаа байсан учир итгэлцэл бий болсон байсан. 2020 оны 10 сард О.Г нь барилгын урьдчилгаанд мөнгө хэрэглэх гээд 20,000,000 төгрөг хэрэгтэй байна, чи зээлээч гээд аман байдлаар илэрхийлж мөнгийг авсан. Тэгтэл таг алга болчихсон, утсаар ярихаар удахгүй өгнө гэж хэлээд байдаг, гэрээр нь очихоор байдаггүй, эсхүл зусландаа гарчихсан гэдэг. 2021-05-20-ны өдөр тааралдсан, мөнгөө авъя гэхэд найз нь 5 хоногийн дараа өгнө, баталгааг нь гаргаж өгье гэж хэлэхэд нь би чамд итгэхгүй байна, өгнө гэж хэлсэн хугацаанаас хойш 6, 7 сар өнгөрлөө, хоёулаа нотариат дээр орж үүнийгээ баталгаажуулъя гээд нотариад орсон. 20 сая төгрөг зээлсэн юм аа гэхэд нотариат зээлийн гэрээ байгуулахгүй, одоо та хоёр мөнгө өгч, авч байгаа асуудал байхгүй учраас өр төлбөр барагдуулах гэрээ байгуулж болно гэж зөвлөсөн учир 5 хоногийн хугацаанд буюу 2021-05-25-ны өдөр өгнө, мөнгийг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулах гэрээнд гарын үсгээ зурсан. Төлбөр барагдуулах гэрээний агуулгаас харахад шаардах эрхээ бичгийн хэлбэрт оруулсан. Төлбөр барагдуулах гэрээний 3.1 дэх заалтын дагуу О.Г 20,000,000 төгрөгийг 2021 оны 5-р сарын 25-ны дотор төлөх ёстой ч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй. Төлбөрөө төлөхийг шаардахаар удаа дараа утас руу нь залгасан боловч, миний утсыг авдаггүй, хариу өгөхгүй болсон. Төлбөр барагдуулах гэрээний 4.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгч шүүхийн байгууллагад нэхэмжлэл гарган өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан зардлыг О.Г төлөхөөр тус тус заасан. Миний бие хариуцагч О.Гоос төлбөрөө гаргуулахаар шүүхэд хандахдаа өмгөөлөгч Ө.Э г сонгон авч, түүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөллийн хөлсөнд 1,800,000 төгрөг төлсөн. Иймд 2020 оны 10-р сард зээлдүүлсэн 20,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,800,000 төгрөг, нийт 21,800,000 төгрөгийг хариуцагч О.Г-с гаргуулж өгнө үү.

Хариуцагч О.Г-с шүүхэд гаргасан тайлбартаа: Э.У-аас 20,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч мөнгийг аваагүй. Ут машинаа барьцаанд үлдээж 4,000,000 төгрөгийг авсан, манай байгууллагын менежер Ж машин аваачиж өгсөн. Машинаа буцааж авахад цаашаагаа хүнд дамлаад барьцаанд тавьсан байсныг би өөрөө мөнгийг төлж авсан. Машинаа буцаан авахад дөрвөн буланг нь шүргүүлсэн, маш их эвдрэлтэй болсон байсан. У нь гэрээ байгуулсан боловч мөнгийг өгөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс 2021-05-20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 5 тал/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2021-10-11-ний өдрийн 4652 дугаартай албан бичиг /хх-ийн 4 тал/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 6 тал/, Хас банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 7 тал/ зэргийг тус тус баримтаар гаргасан өгсөн, харин хариуцагчаас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч О.Гт холбогдуулан 20,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 1,800,000 төгрөг, нийт 21,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О.Гт шүүхээс 2022-02-07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн. /хх-ийн 11-14 тал/

Шүүх хариуцагч О.Гт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар 2021 оны 03 дугаар саын 09-ний өдөр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн, 2021 оны 3-р сарын 10-ны өдөр өөрөө хүлээн авчээ. Хариуцагч шүүх хуралдааны товыг хүлээн авсан ч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй шалтгааныг илэрхийлсэн хүсэлтийг бичгээр шүүхэд илэрхийлээгүй учир шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э  түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч О.Гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-ийн 19 тал/

Хариуцагч О.Г төлбөр барагдуулах гэрээ байгуулсан хэдий ч мөнгийг аваагүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.

Шүүхэд гаргасан тайлбар баримтаас зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Хариуцагч О.Г нь Төлбөр барагдуулах гэрээг бичгээр байгуулсан хэдий ч мөнгийг аваагүй гэж маргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Шүүх хуралдааны товыг мэдсэн хэдий ч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирэх боломжгүй болсон талаар мэдэгдээгүй.

Нэхэмжлэгч Э.У нь 2020 оны 10-р сард 20,000,000 төгрөгийг түүний хүсэлтээр зээлдүүлсэн, 2021-05-20-ны өдөр О.Гтой тааралдаж -Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан гэж тайлбарласан. Хариуцагч О.Г 2021-05-20-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан гэдэг дээр маргаагүй.

Иймд хариуцагч О.Гоос 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ут олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Төлбөр барагдуулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д хууль зүйн туслалцаа авсан, нэмэлт зардлыг хариуцахаар тохиролцсон хэдий ч зайлшгүй гаргах зардал бус байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Э.У-с улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 266,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Г-оос 20,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Г-с 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У-т олгож, нэхэмжлэлээс 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 266,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Г-с 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У-т олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА