| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/02172/И |
| Дугаар | 101/ШШ2022/02172 |
| Огноо | 2022-05-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/02172
2022 05 10 101/ШШ2022/02172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,137,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Нтай 2019-12-27-ны өдөр 15900963 дугаар зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 10,500,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан. Мөн хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маркийн УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 9,049,000 төгрөг, хүү 5,563,600 төгрөг, алданги 4,524,500 төгрөг нийт 19,137,100 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч О.Н үүрэг гүйцэтгэх хугацааг 527 хоног хэтрүүлсэн. Зээлийн гэрээний 1.2.6-д зааснаар Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлэх-ийг ойлгох ба зээлдэгч 2020-03-17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй, гэрээний хугацаа 2020-12-27-ны өдөр дууссан.
Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.5-д Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтанд байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч О.Н зээлийн хvлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямарч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг арлын дугаар, авто машины дугаар зэргийг өөрчилсөн гэдэг. Манай барьцаанд авсан машин байхгүй болсон учир энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон. Цагдаагийн байгууллагад автомашинтай холбогдуулан гаргасан гомдолд манай компани ямар нэг байдлаар оролцоогүй. Н өөрт учирсан хохирлоо тусад нь шийдвэрлүүлэх эрх нь байгаа. Иймд О.Наас 2019-12-27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,049,000 төгрөг, хүү 5,563,600 төгрөг, алданги 4,524,500 төгрөг, нийт 19,137,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлийн тооцооллыг буруу хийсэн байх тул зээлийн хүү 3,209,403 төгрөг, алданги 4,524,500 төгрөг, нийт 16,782,903 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч О.Н шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсан, зээл авсан гэдэг дээр маргахгүй. Нэхэмжлэл гаргах явцад зээлийн гэрээний барьцаа маркийн суудлын авто машинтай холбоотой эрүүгийн хэрэг гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байгаа болно. Учир нь О.Н нь уг тээврийн хэрэгсэлийг алдсан боловч замын хөдөлгөөнд оролцоод явж байх үед нь 2022 оны 04-р сарын 17-ны өдөр олж цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа болно. О.Нын зүгээс уг зээлийг гаргуулсан боловч өөрөө аваагүй машин зарах зорилгоор өөрийн нэр дээр зээл авч машинаа худалдан авагч О-д өгч явуулсан байдаг. Гэтэл н.О-г зээл төлж байгаа гэж бодож байсан боловч төлөөгүй зугтсан байдаг. Оюунбат автомашиныг зарж борлуулсан талаархи асуудлыг Н Оюунбатад холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь шалгагдаж байгаа. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг О.Н ганцаараа хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Үндсэн зээл 9,049,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, харин хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс 2019-12-27-ны өдрийн 15900963 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 6-7 тал/, 15900963 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-ийн 8-9 тал/, барьцаат зээлийн тооцоо хуудас /хх-ийн 10 тал/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-02-08-ны өдрийн 516 дугаартай шийдвэр /хх-ийн 23-25 тал/, зээлийн тооцооллын хүснэгт /хх-ийн 26 тал/ зэргийг тус тус баримтаар гаргасан өгсөн, харин хариуцагчаас шүүхэд бичгийн нотлох баримт ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч О.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,049,000 төгрөг, хүү 5,563,600 төгрөг, алданги 4,524,500 төгрөг нийт 19,137,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн зээл 9,049,000 төгрөг, хүү 3,209,403 төгрөг, алданги 4,524,500 төгрөг, нийт 16,782,903 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч 2019-12-27-ны өдөр 15900963 дугаар зээлийн гэрээг байгуулж 10,500,000 төгрөгийг зээлдүүлсэн, 15900963 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу 34-11 УБУ автомашины арал, улсын дугаарыг сольсон учир авах боломжгүй болсон тул 19,137,100 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагч О.Н нь 2019-12-27-ны өдөр 15900963 дугаар зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 10,500,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан. Мөн хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож авсан гэдэг дээр маргаагүй. Харин О.Н-т зээл авах шаардлага байгаагүй, О-д зээлийг авч өгсөн учир хамтран хариуцах учиртай тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.
Т ХХК нь О.Н-тай 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15900963 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 10,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, машинаа унаад явах нөхцөлтэйгээр О.Н нь зээл авсан ба мөн өдрөө 15900963 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тоёота сай маркийн 34-11 УБУ улсын дугаартай автомашины эзэмших эрхийг Т ХХК-д шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигч О.Нтай 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15900963 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 10,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, машинаа унаад явах нөхцөлтэйгээр О.Н нь зээл авсан ба мөн өдрөө 15900963 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор т улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг Т ХХК-д шилжүүлсэн гэдэг дээр маргаагүй. Хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 9,049,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан ба зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3-т алдангийн талаар тохирсоны дагуу нэхэмжлэгч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.
Хариуцагч О.Н нь зээлийг өөр хүнд авч өгсөн, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй болно.
Зохигчийн хооронд хийгдсэн 2019-12-27-ны өдрийн зээлийн гэрээнээс үзэхэд өөр хэн нэгэн этгээд хамтран зээл авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, ковидын нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг багасгаж шийдвэрлэх.
Иймд дээрхи үндэслэлүүдээр хариуцагч О.Н-аас үндсэн зээлийн 9,049,000 төгрөг, зээлийн хүү 3,203,304 төгрөг, алданги 2,262,250 төгрөг, нийт 14,520,653 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,262,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 253,650 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Н-аас 14,520,653 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 230,553 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Н-аас 14,520,653 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,262,250 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 253,650 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 230,553 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА