Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2022/00079

 

 

2021 12 27 101/ШШ2022/00079

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б,

Нэхэмжлэгч: Г.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.О,

Хариуцагч: П.Э нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 9,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Б, Г.Г нар нь хариуцагч Б.О, П.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 9,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: А.Б, Г.Г бид Улсын бүртгэлийн Ү-220  дугаартай, Баянзүрх дүүргийн  тоот, 48 м,кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2018-06-10-ны өдрөөс 2020-06-10-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар орон сууц хөлслөх гэрээ байгуулан 20.000.000 төгрөг зээлж, зээлсэн мөнгөний хүүнд суухаар тохиролцсон.

2019-12-23-ны өдөр Б.Оийн хvсэлтээр 10.000.000 төгрөгийг хүнээс 10 хувийн хүүтэй зээлж өгсөн, зээлийн хүү 5.000.000 төгрөг болсныг Б.О зөвшөөрч, нийт зээл 35.000.000 төгрөг болсон. Гэрээний хугацаа дуусч 2020 оны 06 сард тус байрыг чөлөөлж өгч, 35 сая төгрөгийг төлөх боломжгүй байсан тул дахин нэг жил сунгаж суусан. Ингээд 2021 оны 06 сард дээрх орон сууцнаас гарахад хариуцагч нар хүнээс зээлсэн 10.000.000 төгрөгний хүү 5.000.000 төгрөгийн хамт нийт 15.000.000 төгрөг, байрны 20.000.000 төгрөгөөс 12.000.000 төгрөг, нийт 27 сая төгрөг өгсөн. Харин орон сууц хөлслөх гэрээний 20 сая төгрөгийн үлдэгдэл 8 сая төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Орон сууц хөлслөх гэрээ эхнэр А.Бээр хийгдэж, өгсөн 30 сая төгрөгийг Г.Г миний данснаас шилжүүлсэн. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 302 дугаар зүйлийн 302.1, тус тус заасныг үндэслэн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч П.Э, Б.О нараас үлдэгдэл зээл 8.000.000 төгрөг, түүний алданги 1.500.000 төгрөг, нийт 9.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.Б, Г.Г нарын нэхэмжлэлтэй танилцаад, П.Э, Б.О бид дараахь тайлбарыг гаргаж байна. Тэд биднээс нийт 9.500.000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Бидний хооронд 2018 оны 06 сарын 06-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан нь үнэн. Бидэнд тухайн үед амьдрал ахуйд шаардлага гарч, нэхэмжлэгч нарыг өөрсдийн өмчлөлийн орон сууцанд 2018-06-10-ны өдрөөс 2020-06-10-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд тэднээс 20.000.000 төгрөг зээлж аваад, уг мөнгийг буцаан төлөх, 2 жилийн хугацаанд байрандаа үнэ хөлсгүй суулгах тохироо хийсэн. Бид анх зараа 20.000.000 төгрөгөөр тавьсан байсан. Гэтэл А.Б, Г.Г нар бэлэн 17.000.000 төгрөг байгаа учир энэ мөнгөн дүндээ гэрээ байгуулъя гэснийг бид зөвшөөрсөн. Би байрандаа оруулсны дараа анхнаасаа 20.000.000 төгрөг гэж хэлсэн зөрүү 3.000.000 төгрөгийг нэмж өгөөрэй гээд тэднээс авсан. Ингээд 2 жилийн хугацаанд суулгах 20.000.000 төгрөгөө аваад, амьдруулсан. Гэрээний хугацаа дуусах дөхөж, 2020 он гарсны дараа би хугацаандаа гэрээ цуцлах, байраа суллаж авах талаар хэлэхэд А.Б, Г.Г нар нь нялх хүүхэдтэй болохоор энэ жилдээ нүүхэд хэцүү байна, гэрээгээ дахиад нэг жил сунгаач гэж өөрсдөө хүсэлт тавьсан. Үүн дээр бол нэмж гэрээ хийгээгүй. Нялх бага хүүхэдтэй хүмүүсийг хөөж гаргаад яахав гээд гэрээ сунгахдаа дахиад 1 жилийг 10.000.000 төгрөг нэмж зээлж сунгах боломжтой талаар хэлж, сунгасан. Би энэ мөнгийг А.Б, Г.Г нараас хүүтэй зээл олж өгөөч гэж гуйсан зүйл байхгүй. Нэгэнтээ энэ хүмүүс хүний орон сууцыг дахин нэг жил сунгаж суух бол тодорхой хөлс төлөх нь ойлгомжтой байсан тул би эд хөрөнгөө хэрэглүүлсэн хөлсөө уг 10.000.000 төгрөгийнх нь хүү гэж ойлгож, зээлж авсан. Харин би тэднээр гуйж түүж, хүүтэй мөнгө зээлүүлж аваад, хүүг нь хариуцаж төлнө гэж огт яриа тохироо хийгээгүй. Ингээд 2021 оны 06 сарын 10-ны өдөр болж, би тэдний мөнгийг буцааж өгч байраа суллуулахаар уулзахад, байр маань 3 жилийн хугацаанд маш их элэгдэж, муудсан байсан. Анх ам бүл 3-уулаа /эхнэр нь жирэмсэн байсан/ амьдарна гэж орчихоод, бараг 10-уулаа амьдарч байсан. Байр маань маш их муудсан тул би яаралтай суллаж аваад, засварлуулахаар шийдсэн. Ингээд бид тэдэнд өгөх ёстой байсан 30.000.000 төгрөгөөс байрны элэгдэл хорогдлын засварт 3.000.000 төгрөг суутгаж аваад, 2021 оны 06 сарын 13-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 27.000.000 төгрөг шилжүүлсэн. Харин суутгаж авсан 3.000.000 төгрөгөөр байрандаа засвар хийлгэсэн. Босоо душ цөмөрсөн, босоо душенд силкон асгаж хатааж бохирдуулсан учир дахин ашиглах боломжгүй болгосон. Паркетан шал цөмөрч, солих шаардлагатай болсон. Босоо душны цөмөрсөн дотор шуудайтай хог хийсэн байсан. Би эд нарыг бүгдийг гаргаж байраа суллаад, энэ бүхнийг бичлэгээр баримтжуулж аваад, шинээр засвар хийсэн. Надад бичлэг баримт бүх юм бий. Бас А.Б, Г.Г нар нь манай байранд амьдарч байх хугацаандаа өөрсдийн хариуцан төлөх ёстой СӨХ-ийн төлбөр болон цахилгааны төлбөрийг төлөөгүй орхисон. Бид энэ хүмүүст ямарч төлбөргүй, учир биднээс нэхэмжилсэн 9.500.000 төгрөгийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс 2018-06-06-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, 2020-05-29-ний өдрийн 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, Г.Гийн ХААН банкны 2018-10-18, 2019-12-23-ны өдрийн дансны хуулга, 2019-06-08-ны өдрийн зээлийн гэрээ, 2019-12-22-ны өдрийн фэйсбүүк чатаар харилцсан зурвас, хариуцагчаас 2021-06-09-ний өдрийн зарлагын баримт, 2021-06-10-ны өдрийн Хараа сүмбэр ХХК-ийн зарлагын баримт 2 ширхэг, 2021-06-10-ны өдрийн К төвийн зарлагын баримт, Б.Оийн 2018-06-06, 2019-12-23, 2021-06-08-ны өдрийн дансны хуулга, фото зураг 3 хуудас баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б, Г.Г нарын нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 6,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: П.Э, Б.О нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-220  дугаартай, Баянзүрх дүүргийн   тоот, 48 м,кв талбайтай, 2 өрөө орон сууцанд 2018-06-10-ны өдрөөс 2020-06-10-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар орон сууцыг хөлсөлж, төлбөрт нь 20.000.000 төгрөг хүүгүйгээр зээлж, орон сууцыг чөлөөлж өгөхдөө 20,000,000 төгрөгөө буцаан авахаар тохиролцсоны төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, 2019-12-23-ны өдөр Б.Оийн хvсэлтээр 10.000.000 төгрөгийг бусдаас 10 хувийн хүүтэй зээлж түүнд өгсөн. Зээлийн хүү 5,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 20,000,000 төгрөг зээлж төлбөрт нь өөрсдийн өмчлөлийн орон сууцыг 2 жилийн хугацаанд хөлслөх, буцаан 20,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон, дахин орон сууцыг 1 жилийн хугацаанд сунгасан, 2019-12-23-ны өдөр 10,000,000 төгрөг нэмж авсан гэх үйл баримт дээр маргаагүй.

Харин А.Б, Г.Г нар гэр бүлийн хамт орон сууцанд 3 жилийн хугацаанд амьдрах эд хөрөнгөд элэгдэл хорогдол гарсан учир 3,000,000 төгрөгт засвар хийсэн тул буцаан өгөхгүй, 2019-12-23-ны өдөр 10,000,000 төгрөгийг хүүтэй авахаар тохиролцож, гэрээ байгуулаагүй тул хүү 5,000,000 төгрөг, мөн алданги 1,500,000 төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлага 9,500,000 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1. Зохигч 2018-06-06-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулж төлбөрт нь 20,000,000 төгрөг зээлдүүлсэн, 2019-12-23-ны өдөр нэмж авсан 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг авсан, хариуцагч П.Э, Б.О нарт 2021-06-08-ны өдөр 27,000,000 төгрөгийг буцаан төлсөн нь нотлогдсон.

2019-12-23-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч бусдаас 10 хувийн хүүтэйгээр зээлж П.Э, Б.О нарт зээлдүүлсэн, 2020-05-29-ний өдөр Б.Оийн өмнөөс 15,000,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

Нэхэмжлэгч Г.Гийн ХААН банкны  тоот дансны хуулганаас үзэхэд 8,506,049.99 төгрөгийн эцсийн үлдэгдэл дээр 2019-12-23-ны өдөр ХААН банкны   дугаарын данснаас 1,500,000 төгрөгний гүйлгээ 10 цаг 18 минутанд хийгдэж, Г.Г нь мөн өдрийн 10 цаг 44 минутанд хариуцагч Б.Оийн  дугаарын дансруу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэжээ.

Нэхэмжлэгч Г.Г, А.Б нар нь 2019-12-23-ны өдөр бусдаас 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авч, хариуцагч Б.От мөн нөхцөлөөр зээлдүүлсэн, түүний өмнөөс бусдад 15,000,000 төгрөгийг төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй.

2020-05-29-ний өдөр Ж.Ш  гэх хүнд 15,000,000 төгрөг шилжүүлсэн, /гүйлгээний утга хэсэгт: Оийн өмнөөс хүүтэй зээлийг хаав/ гэж тусгагдсан байгаа хэдий ч Б.От 2019-12-23-ны өдөр 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлийг тохиролцон авч, түүний өмнөөс 15,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэхээргүй байна. Бусдаас 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох.

Хариуцагч П.Э, Б.О нар нь орон сууцыг хөлсөлж суух хугацаанд элэгдэл хорогдол гаргасан учир засвар хийсэн гэх тайлбарыг гаргаж 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.

Улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн   тоот, 48 м,кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2021 оны 6 дугаар сард хүлээлцэх хугацаанд элэгдэл хорогдол гаргасан байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, орон сууц хүлээлцсэн талаар баримт үйлдээгүй, хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд Иргэний хууль 302 дугаар зүйл, 2018-06-06-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээнд зааснаар хариуцагч П.Э, Б.О нараас 3,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд дээрхи үндэслэлээр хариуцагч П.Э, Б.О нараас 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б, Г.Г нарт олгох.

Зохигч нарын хооронд 2021-06-08-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ хийгдсэн байгаа хэдий ч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ үйлдэл бодитойгоор хийгдээгүй байна. Иймд нэхэмжлэгч А.Б, Г.Г нар нь 8,000,000 төгрөгийг хариуцагч П.Э, Б.О нарын өмчлөлд шилжүүлээгүй байх тул энэ гэрээний 3,7 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй байх тул алданги 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 166,695 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.Э, Б.О нараас 3,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б, Г.Г нарт олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч П.Э, Б.О нараас 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б, Г.Г нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 166,695 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.Э, Б.О нараас 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б, Г.Г нарт олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА