Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/00932

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Э, Р.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 05-р сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Ц-ийг эх Р.Б-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Э.Ц-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Э-с тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь зааснаар Улсын бүртгэлийн Ү-220  дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 04-р хороо, тоот хаягт байрлах 47 м.кв талбай орон сууцыг хариуцагч Р.Б-ийн өмчлөлд үлдээж, хариуцагч Р.Б  нь орон сууцнаас Э.О-т, Д.Э нарт ногдох хэсэг 18,200,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э-т төлөхөөр тохиролцож эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,950 төгрөг, хариуцагч Р.Б-ээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 37,865 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Р.Б-ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Д.Э , эх Р.Б  нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА