Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/01115

 

 

2022 03 14 101/ШШ2022/01115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Т-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 9,037,824.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч Р.Т  нь 2015-12-10-ны өдөр Г банктай ЗГ1105113510 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 25,20 хувийн хүүтэй, 2016-06-15-ны өдөр ЗГ1105113510 зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж зээлийн хэмжээг 2,400,000 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл 5,940,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон гэрээг байгуулж цалингийн зээлийг авсан. Дээрхи гэрээний үүрэгтэй холбоотойгоор зээл олгогчийн зүгээс харьяалах шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч, 2020 оны 7-р сарын 24-ны өдрийн 101/Ш32020/14303 дугаартай шүүгчийн захирамжаар ИХШХШТХуулийн 117-р зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгчийн зүгээс харъяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж, 182/ШШ2021/02032 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааг явуулж энэхүү нэхэмжлэлд дурьдагдсан хаягт P.Т-г оршин сууж байгааг тогтоож, БЗД дэх Цагдаагийн газрын 2-р хэлтэс 2021 оны 10-р сарын 19-ний өдрийн албан тоотыг Г банкинд ирүүлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөхгүй байгаа, түүнтэй байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх хугацаа дуусгавар болсныг үндэслэн зээлдэгч Р.Т-д холбогдуулан үндсэн зээл 4,132,067.54 төгрөг, хүү 4,196,538.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 709,218.90 төгрөг, нийт 9,037,824.97 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч Р.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2015-12-10-ны өдөр Г банкнаас 5 сая төгрөгийг цалингийн зээл авсан. Уг зээлийг төлөөд явж байсан боловч Нийслэлийн удирдлага солигдож миний бие ажлаас чөлөөлөгдөж ажилгүй болсноор 2016 оны сүүлээс хойш зээлээ төлж чадаагүй. Цалингаас төлж байсан төлбөрийг банк зөвхөн хүүнд авч байсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнг бодитой бус гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс 2015-12-10-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ /хх-ийн 4-5 тал/, зээлийн эргэн төлөлтийн график /хх-ийн 6 тал/, 2016-06-15-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-ийн 7 тал/, зээлийн эргэн төлөлтийн график /хх-ийн 8 тал/, хүү тооцооллын хүснэгт /1хх-ийн 9-11 тал/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-09-13-н өдрийн 2032 дугаартай шийдвэр /хх-ийн 15-16 тал/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-07-24-ний өдрийн 14303 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 17 тал/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2021-10-19-ний өдрийн 5636 дугаартай албан бичиг /хх-ийн 18 тал/ зэргийг тус тус баримтаар гаргасан өгсөн, харин хариуцагчаас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Р.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,132,067.54 төгрөг, зээлийн хүү 4,196,538.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 709,218.90 төгрөг, нийт 9,037,824.97 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хариуцагч Р.Т-д 2021-03-14-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны зарыг 2022-03-09-ний өдөр мэдэгдэх хуудсаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар мэдэгдсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О  түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Р.Т-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Г банк ХХК болон хариуцагч Р.Т нар нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг жилийн 25,20 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай цалингийн зээлийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 4-5 тал/

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, зээлийн хэмжээг 2,400,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. /хх-ийн 7-8 тал/

Г банк ХХК, Р.Т нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.

Хариуцагч Р.Т нь цалингийн зээл авсан гэдэг дээр маргаагүй, харин цалингаас төлж байсан төлбөрийг банк зөвхөн хүүнд авч байсныг үндэслэлгүй, нэхэмжлэлийн үнийн дүн бодитой бус гэж маргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Р.Т-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,132,067.54 төгрөг, зээлийн хүү 4,196,538.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 709,218.90 төгрөг, нийт 9,037,824.97 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Г банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 159,555.19 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Р.Таас 159,555.19 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Р.Т-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,132,067.54 төгрөг, зээлийн хүү 4,196,538.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 709,218.90 төгрөг, нийт 9,037,824.97 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 159,555.19 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Р.Т-аас 159,555.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА