| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилын Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/0220/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/192 |
| Огноо | 2025-03-28 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/192
2025 03 28 2025/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Б.Тогтох /Хан-Уул дүүргийн прокурорын газар/,
Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ....... овогт Н.Г-д холбогдох эрүүгийн 25......... дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ..-ны өдөр .. .. төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, барилгын дотор засал чимэглэл /4 дүгээр зэргийн/ мэргэжилтэй, .......... төвд бараа өргөгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ....... дүүргийн ....... дүгээр хороо, ... ... гудамж, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, .... овогт Н.Г /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.Г нь 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс 2025 оны ... дугаар сарын ...-нд шилжих шөнө .... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу хохирогч У.С “автомашинаа зогсоож, бичиг баримтаа шалгуул гэж шаардлага тавихад” эсэргүүцэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүр хэсэг, баруун хөл рүү өшиглөсөн, газар унагаан улмаар хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Н.Г нь 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс 2025 оны ... дугаар сарын ...-нд шилжих шөнө .... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу хохирогч У.С “автомашинаа зогсоож, бичиг баримтаа шалгуул гэж шаардлага тавихад” эсэргүүцэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүр хэсэг, баруун хөл рүү өшиглөсөн, газар унагаан улмаар хүч хэрэглэж эсэргүүцсэн хэргийн үйл баримт нь:
2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11 дугаар хуудас/,
2025 оны ... дугаар сарын ..-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төв У.С үйлчилгээ авсан талаар мэдээлэл /хх-ийн 12 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч хохирогч У.С-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Х-н өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.Г нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг хянан хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл бүрэн хангагдсан байна.
Хохирогч У.С нь: “хохирогч .... овогтой ... би Г-д ямар нэгэн гомдол санал байхгүй тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, мөн Г-д холбогдох хуулийн зүйл ангийн хамгийн доод хэлбэрээр арга хэмжээ авч өгнө үү”... гэсэн мессежийг бичсэн байх бөгөөд /хх-ийн 70/ шүүгдэгч Н.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.Г-н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийн нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр тус тус заасан байна.
Шүүгдэгч Н.Г-г гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
Шүүгдэгч Н.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Г нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч .... овогт Н.Г-г Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Н.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН