| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2021/05190/И |
| Дугаар | 101/ШШ2022/00646 |
| Огноо | 2022-02-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/00646
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч Д.Батцэцэг, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Жгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Бд холбогдох гэм хорын хохиролд 3,487,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Ж,
Хариуцагч С.Б,
Иргэдийн төлөөлөгч А.Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч С.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 3,487,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Би 2021-05-31-ний өдөр 22 цагийн үед УНЕ дугаартай авто машинаар Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт Эрдэнэ толгойгоос Хангамж руу хойноосоо урагшаа хөдөлгөөн хийж байх үед улсын дугаартай автомашинтай С.Б урдаасаа хойшоо, урд талынхаа машиныг гүйцэж түрүүлэх үедээ эсрэг урсгалд орж миний машины урдаас мөргөсөн нь замын цагдаагийн газрын хэргийн газрын үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэргийг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд А******* ХХКомпанийн үнэлгээгээр 2,889,000 төгрөгний хохирол учирсан. Энэ талаар С.Бтэй ярьж тохирсон, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Би уг автомашинаар такси үйлчилгээнд явж өдөрт 50,000-80,000 төгрөгний орлого олж, түүгээрээ гэр бүлээ тэжээдэг. Иймд хариуцагч С.Бгээс машинд учруулсан хохирол 2,889,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 133,000 төгрөг, оношилгооны төлбөр 65,000 төгрөг, мөн хүүхдүүдийн эмнэлэгт байх үед нь үзүүлэх эмчилгээний мөнгө 400,000 төгрөг өгсөн. Нийт 3,487,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Зам тээврийн осол гарахад миний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутай үйлдэл байсан учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас 1,700,000 нэхэмжилж байна гэв.
Хариуцагч С.Бгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2021-05-31-ний өдөр ээжийгээ хагалгаанд оруулчихаад 13 нас, 11 нас, 1 нас 8 сар, 19 хоногтой 4 хүүхдээ аваад машин жолоодож явж байгаад М.Жгийн машинтай мөргөлдөж осол гаргасан. Тухайн үед энэ залуу согтуу байсан. Цагдаа, даатгал дуудах ухаан байгаагүй хүүхдүүдээ аваад эмнэлэг рүү явсан. Бүх хүүхдүүд томографийн зураг авахуулна гээд хэлэхэд над руу мөнгө явуулсан. Ослын улмаас хүү У-ын хамар хугарсан, цочролд орсон, унтаж байхдаа айж хашгирч босч ирдэг болсон. Хүү Хүрэл-Очир 2 өвдөг, 2 гар хөхөрсөн, охин Б машины чимээ сонсоод айж уйлдаг, охин А шалтгаан тодорхойгүйгээр их уйлдаг болсон. Би 2 хоногийн дараа гэнэт даралт 60/40 болж таталт өгч, юм ярьж чадахаа больж 103-аар БЗД-ийн түргэн дээр хүргэгдэж ирсэн. Сэрээд юм ярьж чадахгүй, 1 сар гаран үргэлжилсэн, одоо гайгүй болж байгаа. Энэ бүх байдлыг Ж мэдэж байгаа. Тухайн үед эгч нь гээд хүн над руу утсаар яриад аав нь өнгөрөөд удаагүй байгаа, ажлынхаа хүнтэй архи уучихаад явж байгаад ийм асуудал болсон байна, хэн хэнийхээ буруугаас болсон байна. Осол гаргасан гэдэг дээр маргах зүйл байхгүй. Тухайн үед М.Жгийн эгч гэж хүн надад хүүхдүүд чинь зүгээр бол машин яахав, хэн хэндээ асуудалгүй салъя гэж хэлж тохирсон. Одоо ийм их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Иргэдийн төлөөлөгч А.Н Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1,700,000 төгрөгийг арай их байна гэж бодож байна. Хүүхдүүдийн эмчилгээнд зориулж өгсөн мөнгийг буцаан өгөх нь зүйтэй, бусад төлбөрийг өгөх ёсгүй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Нэхэмжлэгчээс Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, А******* ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Тээврийн прокурорын газрын 2021-06-21-ний өдрийн 328 дугаартай прокурорын тогтоол, ******* УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 5-28 тал/, хариуцагчаас ГССҮТөвийн эмчид үзүүлсэн үзлэгийн хуудас, яаралтай тусламжийн хуудас, Лазер мед эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ, томографийн зураг, хэвлийн хэт авиан оношилгооны эмчийн дүгнэлт /ХХ-ийн 63-69 тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Жгийн нэхэмжлэлийн шаардлага 1,700,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М.Ж хариуцагч С.Б нялх биетэй, ядарсан байхдаа машин жолоодож явахдаа эсрэг урсгал сөрсөн гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөнд нь хохирол учирсан гэж шаардах эрхээ тодорхойлж, хохиролд 3,487,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч М.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 1,787,000 төгрөгөөр багасгаж 1,700,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч С.Б нь М.Жгийн эгч нь надад хүүхдүүд чинь зүгээр бол машин яах вэ, хэн хэндээ асуудалгүй салъя гэж хэлж тохирсон, нэхэмжлэгч М.Ж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай учир өөрийн өөрийн хохирлыг хариуцна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
С.Б нь улсын дугаартай автомашиныг 2021 оны 05-р сарын 31-ний өдөр жолоодож явахдаа Баянзүрх дүүргийн 8-р хороо Эрдэнэтолгойн уулзварын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхдаа эсрэг урсгал руу жолооны хүрдээ эргүүлээд эсрэг урсгалд явсан тээврийн хэрэгсэл буюу нэхэмжлэгч М.Жгийн улсын дугаартай автомашинтай мөргөлдөж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн М.Жд 3,022,000 төгрөгний бодит хохирол учруулсан болох нь Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, А******* ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Тээврийн прокурорын газрын 2021-06-21-ний өдрийн 328 дугаартай прокурорын тогтоол, улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдсон, зохигч энэ үйл баримт дээр маргаагүй.
Мөн зам тээврийн осол гарсантай холбогдуулан М.Жгаас өгсөн 400,000 төгрөгийг авч, хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулсан гэдэг дээр хариуцагч маргаагүй.
Хариуцагч С.Бгийн жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нь түүний нөхөр болох дээр зохигч хэн аль маргах зүйл байхгүй гэсэн тайлбарыг гаргасан.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч С.Б нь М.Жгийн эгч хүүхдүүд чинь зүгээр бол машин яахав, хэн хэндээ асуудалгүй салъя гэж хэлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заажээ. Хохирогч М.Жгийн жолоодох эрхгүй үедээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь уг зам тээврийн осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгчийн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлын тал хувь болох 1,700,000 төгрөгийг гаргуулах тайлбар нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзэв.
Иймд хариуцагч С.Бгээс 1,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Жд олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.Н Хүүхдүүдийн эмчилгээнд зориулж өгсөн мөнгийг буцаан өгөх нь зүйтэй мөн хэн аль зам тээврийн осол гарахад буруутай, өөрсдөө тохирох ёстой дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,742 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Бгээс 1,700,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 42,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Бгээс 1,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Жд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,742 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 42,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Жд олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ
Л.ЭНХЖАРГАЛ