| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/02705/И |
| Дугаар | 101/ШШ2022/00030 |
| Огноо | 2021-12-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2022/00030
2021 12 30 101/ШШ2022/00030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ааааааааааааааааааааааа банк ХХК-ийн /РД: 000000000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххххххххххххххх тоотод оршин суух, Б.Ш /РД: ххххххххххххххх/, Б.А /РД: хххххххххххххх/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30.781.345,42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, Г.О,
Хариуцагч Б.Ш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Тусгай активын хэлтсийн захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, Г.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Ш, Б.А нар 2018 оны 11 сарын 21-ний өдөр Г банктай ЗГ1705141595 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 27.150.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй, цалингийн зээлийн эргэн төлөлтийг 614 хоногийн хугацаа хэтрүүлж банкийг хохироож байгаа тул уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.4-т заасны дагуу банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Зээлдэгч Б.Ш, Б.А нар өнгөрсөн хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 3.610.043,52 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3.886.838,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 747,45 төгрөг, нийт 7.497.629,72 төгрөгийг төлсөн.
Иймд зээлдэгч Б.Ш, Б.А нараас 2021 оны 6 сарын 4-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 23.539.956,48 төгрөг, зээлийн хүү 7.147.436,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93.952,48 төгрөг, нийт 30.781.345,42 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч талын сард 600.000-700.000 төгрөг төлж эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй гэв.
Хариуцагч Б.Ш, Б.А нар шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Ш миний бие Г банкнаас зээл авсан нь үнэн бөгөөд 30.781.345,42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 9 сарын 20-ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазын автобусны жолоочийн ажлаас чөлөөлөгдөөд зээлээ төлөх боломжгүй болсон ба 2021 оны 6 сарын 21-ний өдөр буцаад ажилдаа орсон.
Банкны нэхэмжилж байгаа 30.781.345,42 төгрөгийг сард 600.000-700.000 төгрөгөөр төлөөд дуусгах хүсэлтэй. Эхнэр Б.Аг хариуцагчаас хасч өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Б.Ш, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30.781.345,42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/зээлийн үндсэн төлбөр 23.539.956,48 төгрөг, зээлийн хүү 7.147.436,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93.952,48 төгрөг/
Нэхэмжлэгч Г банк нь зээлдэгч Б.Ш, хамтран зээлдэгч Б.А нартай 2018 оны 11 сарын 21-ний өдөр ЗГ1705141595 тоот зээлийн гэрээ байгуулан цалингийн зээл зориулалтаар 27.150.000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,
21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж,
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан байна.
Зээлдүүлэгч Г банк нь 2018 оны 11 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч Б.Шийн нэр дээр мөн өдөр зээлийн данс нээн 27.150.000 төгрөгийн зээл олгосон байна.
/ХХ-ийн 7-9, 44-49, 57, 73-78,81-83 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Г банк болон хариуцагч буюу зээлдэгч Б.Ш, Б.А нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзсэн ба хамтран зээлдэгч Б.Аг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс чөлөөлөх боломжгүй.
Хариуцагч Б.Ш, Б.А нар 27.150.000 төгрөгийг зээлэн авсан талаараа маргаагүй бөгөөд гагцхүү зээлийн төлбөр 30.781.345,42 төгрөгийг төлөх хугацаа шаардлагатай хэмээн тайлбарлалаа.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч Г банкны зээлдэгч нартай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч нар нь 2018 оны 11 сарын 29-ний өдөр үндсэн зээл 582.319,22 төгрөг, үндсэн хүү 107.112,33 төгрөг,
2018 оны 12 сарын 29-ний өдөр үндсэн зээл 296.375,45 төгрөг, үндсэн хүү 393.056,10 төгрөг,
2019 оны 1 сарын 29-ний өдөр үндсэн зээл 287.804,47 төгрөг, үндсэн хүү 401.627,08 төгрөг,
2019 оны 2 сарын 28-ны өдөр үндсэн зээл 305.018,12 төгрөг, үндсэн хүү 384.413,43 төгрөг,
2019 оны 3 сарын 29-ний өдөр үндсэн зээл 322.194,07 төгрөг, үндсэн хүү 367.237,48 төгрөг,
2019 оны 4 сарын 29-ний өдөр үндсэн зээл 301.792,94 төгрөг, үндсэн хүү 387.638,61 төгрөг,
2019 оны 5 сарын 29-ний өдөр үндсэн зээл 318.762,30 төгрөг, үндсэн хүү 370.669,25 төгрөг,
2019 оны 6 сарын 29-ний өдөр үндсэн зээл 311.279,79 төгрөг, үндсэн хүү 378.151,76 төгрөг,
2019 оны 7 сарын 29-ний өдөр үндсэн зээл 228.010,54 төгрөг, үндсэн хүү 361.348,08 төгрөг,
2019 оны 7 сарын 30-ны өдөр үндсэн зээл 100.072,93 төгрөг,
2019 оны 8 сарын 29-ний өдөр үндсэн хүү 176.133,94 төгрөг,
2019 оны 9 сарын 10-ны өдөр үндсэн зээл 107.697,33 төгрөг, үндсэн хүү 192.292,80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,87 төгрөг,
2019 оны 9 сарын 27-ны өдөр үндсэн зээл 213.307,48 төгрөг,
2019 оны 9 сарын 29-ний өдөр үндсэн хүү 43.554,35 төгрөг,
2019 оны 12 сарын 23-ны өдөр үндсэн хүү 100.000 төгрөг,
2019 оны 12 сарын 26-ны өдөр үндсэн хүү 100.000 төгрөг,
2020 оны 1 сарын 8-ны өдөр үндсэн зээл 75.658,88 төгрөг, үндсэн хүү 123.603,54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 737,58 төгрөг,
2020 оны 9 сарын 3-ны өдөр үндсэн зээл 60.750 төгрөг,
Үндсэн зээлэнд нийт 3.610.043,52 төгрөг, үндсэн хүү 3.886.838,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 747,45 төгрөг, бүгд 7.497.629,72 төгрөгийг төлсөн байна.
/ХХ-ийн 9 дүгээр тал/
Зээлдэгч нар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Зээлдэгч зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүүг төлнө,
2.4-т Зээлдэгч хавсралт 1-д заасан графикт хугацааг чанд баримтлах бөгөөд графикийн дагуу төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасны дагуу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь тэднээс зээлийн гэрээний үүрэг шаардан 2021 оны 6 сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн дансны хуулга болон зээлийн тооцоололд тусгагдсан ба талууд энэ талаар маргаагүй.
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.
Дээр дурдсаны дагуу банк гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 9 сарын 29-ний өдөр дуусах ба гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцсон нэмэгдүүлсэн хүү нийт 94.699,93 төгрөгийг /төлсөн 747,45 төгрөг, нэхэмжилсэн 93.952,48 төгрөг/ зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Ш, Б.А нараас 30.686.645 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 94.699,93 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Б.А шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд талуудын хүсэлтийг үндэслэн хариуцагч Б.Агийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Б.Ш, Б.А нар Г банкны нэхэмжилж буй 30.781.345,42 төгрөгийг сар бүр 600.000-700.000 төгрөгөөр төлж дуусгана гэх тайлбарыг 2021 оны 12 сарын 8-ны өдрийн хуралдаанд мөн гаргасан бөгөөд уг хугацааг зээлдүүлэгч Г банк хүлээн зөвшөөрөөгүй тул зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлээгүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Ш, Б.А нараас 30.686.645 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 94.699,93 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311.857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш, Б.А нараас 311.383 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банкинд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН