| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 103/2021/00338/И |
| Дугаар | 101/ШШ2022/00154 |
| Огноо | 2022-01-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2022/00154
2022 01 04 101/ШШ2022/00154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Д-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г нь 2016-08-08-ны өдөр Ц.Дтай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн улсын дугаартай маркийн тусгай зориулалтын автомашиныг худалдсан, төлбөрийг 2016-09-08-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Ц.Д нь холбоо барихгүй хаяг дээрээ байхгүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-12-05-ны өдрийн 184/ШШ2017/02772 дугаартай шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан. Ц.Д нь анх автомашиныг авахдаа Сүхбаатар аймгийн Онгон суманд хүлээлгэн өгөх зорилготой байсан, нэхэмжлэгч хуулийн дагуу хүлээлгэж өгөх үүргээ биелүүлсэн, бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөөд явуулчихсан, үүнээс хойш Ц.Д нь төлбөрөө төлөлгүй зугтаасан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу Ц.Даас 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Д шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д нь М.Ггээс 2016 онд харилцан тохиролцсоны үндсэн дээр маркийн бохирын машин авахаар болсон. Гэвч машиныг надад хүлээлгэж өгөөгүй Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга Д.Эт М.Г өөрийн биеэр хүлээлгэж өгсөн. Үүний дараа Улаанбаатар хотод ирээд Г надтай автомашин худалдах, худалдан авах гэрээг нотариатаар байгуулсан. Үүний дараа би БНХАУ-руу 1 жил гаруй ажлаар яваад ирсэн. Ггийн эгч Бүрэнжаргал өөрийн биеэр ирж надаас дүүгийнхээ машины төлбөр нэхсэн. Миний бие одоо хүртэл өөрийн эзэмшилд шилжүүлж аваагүй. Эгч нь уг байдлыг тайлбарлахад автомашины гэрчилгээг 2 сая төгрөгийн хамт аваад явсан. 2018 онд эмнэлэгт хэвтэж байхад эргэж ирэхдээ 800,000 төгрөгийг буцаан өгсөн. Тэгэхдээ Онгон сумын Засаг даргаас машины төлбөрийг өөрсдөө авахаар болсон таньд хамааралгүй болсон гэж хэлээд явсан. Нэхэмжлэгч тал гэрчилгээг нь өөрт нь өгсөн, өөрөө шилжүүлж аваагүй байна, энэ нь манай үүрэг биш гэж байгаа боловч тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрсдөө буцааж авсан. Машины өмчлөх эрхийг бид нарт шилжүүлж өгөөгүй Хариуцагчийн зүгээс машиныг нь аваагүй, мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байхгүй учраас тухайн нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчээс 2016-08-08-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ, Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын 2021-10-28-ны өдрийн 01/62 тоот албан бичиг, Онгон сумын Засаг дарга байсан Д.Э-н тодорхойлолтыг тус тус баримтаар гаргасан өгсөн, харин хариуцагчаас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Ц.Дд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.Д 2016-08-08-ны өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан ч машиныг хүлээж аваагүй, машины гэрчилгээг М.Ггийн эгчид буцаан өгсөн, машины өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч М.Г болон хариуцагч Ц.Д нарын хооронд 2016-08-08-ны өдөр арлын дугаар бүхий улсын дугаартай, маркийн автомашиныг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээг байгуулсан үйл баримт дээр талууд маргаагүй.
Нэхэмжлэгч М.Г нь бохир соруулах тусгай зориулалтын автомашин учир худалдах худалдан авах гэрээний дагуу Сүхбаатар аймгийн Онгон суманд хүргэж өгч, зааврыг өгөх үүднээс хариуцагч Ц.Ды хүсэлтээр хүргэж өгсөн, тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдах худалдан авах гэрээний хамт өөрт нь өгсөн гэсэн үйл баримт дээр хариуцагч тал маргаагүй.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Ц.Д 2016-08-08-ны өдөр арлын дугаар бүхий 81-75 УНЛ улсын дугаартай автомашиныг өмчлөлийг надад шилжүүлээгүй, автомашины гэрчилгээг 2,000,000 төгрөгний хамт Г-ийн эгч Б-д өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Нэхэмжлэгч М.Г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-д заасан үүргээ хариуцагчийн өмнө биелүүлсэн байх тул худалдах худалдан авах гэрээний дагуу автомашины үнэ 25,000,000 төгрөг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч М.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Даас 282,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Д-аас 25,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Г-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Д-аас 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА