Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/98

 

 

                                2025/ШЦТ/98

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Б

Шүүгдэгч: Д.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Дийн Сд холбогдох 2512001040055 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эгч, дүү нарын хамт А аймгийн Ц сумын Ч багийн М гэх газарт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, А овогт Дийн С /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн үед А аймгийн Цсумын Ч багийн Х гэх газарт байх иргэн Д.Шгийн гэрт Д.Эын эрүүл мэндэд баруун зовхи, нүдний алимны салстад цус хуралт, баруун хацарт зүсэгдсэн шарх, чихний дэлбээнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Д.С нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн үед А аймгийн Цсумын Ч багийн Х гэх газарт байх иргэн Д.Шгийн гэрт хохирогч Д.Этай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч Д.Этай барьцалдан авч ноцолдон, баруун талын шанаан тус газарт нь архины шилээр цохиж, түүний эрүүл мэндэд баруун зовхи, нүдний алимны салстад цус хуралт, баруун хацарт зүсэгдсэн шарх, чихний дэлбээнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Д.Эын мэдүүлсэн “...Би А аймгийн Цсумын Т багийн Ц гэх газар байх өөрийн гэрээс А аймгийн Цсумын Ч багийн Х гэх газар байх найз Шгийн гэрт 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21 цаг өнгөрч байхад мотоцикльтой ганцаараа очсон. Шгийн гэрт очиход Ш, түүний эхнэр А, О, Г, С нар пиво уугаад байсан. Тэгээд би ороод нэг шил 0.75 литрийн архи болон 3 ширхэг 2,5 литрийн пиво хувааж ууж байгаад 11 цагийн үед гэр рүүгээ явах гэж гарсан боловч гадаа харанхуй байсан болохоор буцаад Шгийн гэр рүү орсон. Тэгээд тухайн нэг шил архийг хувааж ууж байгаад 12 цаг өнгөрч байхад бүгд унтахаар орондоо орж унтацгаасан. Би Шгийн гэрийн баруун хойд талд газарт хэвтээд өгсөн. Тэгээд 03 цаг өнгөрсөн, гэрэл асчихсан, С босчихсон байхаар нь босоод баруун талын орон дээр гараад Г эгчийн хөлд ороод хэвтсэн. Тэгсэн чинь С намайг “босоод ир, хүүхний хөл тэвэрч хэвтэж байхаар өвөр рүү нь орж чадахгүй” гэж хэлэхээр нь би босоод цохих гэж байгаад С ахыг дараад унасан бөгөөд унах үедээ авдар мөргөөд авдар дээр байсан аккумляторыг хөдөлгөөд гэрэл унтарсан. Тэгээд босож ирээд байж байхад миний араас баруун талын шанаа хэсэг рүү ширээн дээр байсан архины шилээр цохиод авсан. Тэгсэн чинь удаа ч үгүй Ш босож ирээд гэрэл асаах үед миний нүүр хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. ...өөр цохиж, зодсон асуудал байхгүй, ...Миний толгой руу цохисон бөгөөд архины шил цохих үед хагарч хувцас шил болсон. Тухайн архины шил нь дотроо архитай байсан. ...Би С гэх хүнтэй өс хонзон, өр авлагын харилцаа байгаагүй. Гурван ширхэг “Нийслэл” нэртэй 2,5 литрийн пиво, нэг ширхэг 0,75 литрийн архийг би, Ш, А, Г, О, С нар бүгд хувааж ууцгаасан. ...би гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33, 36-37 хуу/,

Гэрч Ц.Оын мэдүүлсэн “...Би бүгдийг нь танина. С нь манай төрсөн ах байгаа юм. Г нь манай бэр байгаа юм. Э, Ш, Алтан- Өлзий гэх хүмүүс нь айл саахалт байдаг. Би Архангай аймгийн Цсумын Их булаг багт байх өөрийн гэрээсээ Цсумын Ч баг руу ах Сийн гэрт очиж амралтын 2 өдөр амрах гэж очсон. Тэгсэн чинь Ш над руу залгаад “манайд хүрээд ир, манайх сумын төвөөс юм захих гэсэн юм гэж хэлэхээр нь сумын төвөөс захисан юмнуудыг нь аваад Г эгч 3 хүүхэдтэйгээ Шгийн гэрт 18 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд 30 минутын дараа ах С Шгийн гэрт ирсэн. Тэгээд Шгийн гэрт Ш, А, С, Г, бид нар хоол идээд хоолоо идэж дуусаад нэг пиво уугаад эхэлж байхад Э нь орж ирсэн. Тэгэхэд Э нь эрүүл байсан. Тэгээд Э бид нар 2.5 литрийн 2 ширхэг пиво уучихаад унтаад өгсөн. Тухайн үед хэдэн цаг болж байсан талаар сайн санахгүй байна. 11, 12 цагийн үед л унтсан. Тэр үед архи задраагүй байсан. Тэгээд унтаад сэрэхэд Э манай ах С 2 ноцолдоод байсан. Тэгсэн чинь гэрэл унтарсан. Шил хагарах чимээ сонсогдсон. Тэгээд Ш босоод гэрэл асаасан чинь манай ах гартаа архины шил барьчихсан байсан. Эын нүүрэн тус газар цус гарчихсан байсан. Тэгээд Э цагдаад хандсан. Архины шилээр цохих үед харанхуй байсан. ...Тэр үед Э, С хоёр хоорондоо нэг нэгийгээ цохисон асуудал байгаагүй. Зүгээр хоорондоо дээр, доороо ороод ноцолдоод байсан. С ах Эыг “чи хүүхний хөл дэрлэлээ” гэж хэлээд хоорондоо яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/,

Гэрч Э.Шгийн мэдүүлсэн “...С 17 цаг өнгөрч байхад манай гэрт адуу мал харж явж байгаад төрсөн дүү О нь ирсэн болохоор манайд ирсэн байх. Тэрнээс өөр зорилгоор ирээгүй. Э 8 цаг өнгөрч байсан байх, харанхуй болчихсон мотоциклийнхоо гэрлийг асаачихсан ирж байсан. Э нь Од сумын төвөөс гарахад нь гурил авчих гэж хэлсэн. Тэгээд Э гурилаа авах зорилгоор ирсэн боловч О нь сумын төвөөс гарахдаа гурилыг нь аваагүй байсан. Өөр зорилгоор ирээгүй байх. Манайд эхнэр А, Гсүрэн, О, Э, С, бид нар байсан. Манай эхнэр А жирэмсэн учраас архи уугаагүй, бусад нь 2 ширхэг 2,5 литрийн пиво, 1 ширхэг 0,75 литрийн архи хувааж уусан. Хамгийн сүүлд 0,75 литрийн архиа ууж байгаад барахгүй болоод талыг нь үлдээгээд 12 цаг өнгөрч байхад унтсан байх. Би 02 цаг өнгөрч байсан байх унтах гэж дуг хийгээд байж байсан. Э, С хоёр юун дээрээс болж маргасан талаар би мэдэхгүй байна. Гэнэтхэн Э, С 2 гэрийн хойморт газар уначихсан ноцолдоод байсан. Тэгсэн чинь Э, С хоёр ноцолдож байгаад авдар дээр байсан аккумляторыг унагаж гэрийн гэрлийг унтраасан. Тэгээд би гэрэл асаах хооронд Эын нүүр рүү С цохичихсон байх. Тухайн үед гэрэл унтарчихсан, харанхуй байсан болохоор би хараагүй. Гэрэл асах үед Эын баруун хацраас цус гараад байсан. Тэгэхээр нь Э, С хоёрыг салгаад хоёр тийш нь болгосон. Архины шилийг манай эхнэр А цэвэрлэсэн. Тухайн үед газраар хагарчихсан нэг нь хөл гараа авчихна гэж бодоод цэвэрлэсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуу/,

Гэрч Т.Гийн мэдүүлсэн “...2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр О хөдөө явах уу гэхээр нь би цуг явсан. Тэгээд О сумын төвөөс Шгийнх нь юм захисан гээд дэлгүүрээс архи авсан. Тэгээд тухайн өдөр 19 цагийн үед Шгийнд ирсэн. Би Шгийн гэрт ороод хоол идчихээд 10 цагийн үед баруун талын орон дээр нь унтаад өгсөн. ...04 цагийн үед сэрэхэд Э цус урсаад байна гэж хэлэхээр нь очоод үзэхэд ...хатчихсан байсан. ...Эаас асуухад “шилээр Э ах цохичихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн АРХ0725/075 дугаартай дүгнэлт “...1. Д.Эын биед баруун зовхи, нүдний алимны салстад цус хуралт, баруун хацарт зүсэгдсэн шарх, чихний дэлбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн /хх-ийн 74-75 хуу/,

Яллагдагч Д.Сийн  мэдүүлсэн “...би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 хуу/,  

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.С нь хохирогч Д.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Сийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал байхгүй...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн бөгөөд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Мөн хохирогч Д.Эын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 66,782 төгрөгийг шүүгдэгч Д.С нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Д.С нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Д.С нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Мөн шүүгдэгч Д.Сд оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар, хөх саарал хосолсон  өнгөтэй архины шилний бутархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Дийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар, хөх саарал хосолсон өнгөтэй архины шилний бутархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР