Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 254

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

            Улсын яллагч О.Мөнхцэцэг,

            Шүүгдэгч Б.Баяр-Эрдэнэ, У.Пүрэвдорж, тэдгээрийн өмгөөлөгч С.Чулуунбаатар

Шүүгдэгч Ч.Энхтамир, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Баяр-Эрдэнэ, У.Пүрэвдорж, Ч.Энхтамир нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2601 0511 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:    

            Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Бэрх хороо гэх газар төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон их сургуулийн Хууль эрх зүйн ангийн 2 дугаар дамжаанд суралцдаг гэх, ам бүл-4, эцэг, эмээ, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 108-25 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 38-904 тоотод оршин суудаг гэх хаягтай, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Арилды овогт Буяндэлгэрийн Баяр-Эрдэнэ, РД:СФ96060116,

            Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон их сургуулийн Банк, эдийн засгийн ангийн 2 дугаар дамжаанд суралцдаг гэх, ам бүл-3, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 2-7 тоотод оршин суудаг хаягтай,  урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Боржигон овогт Ууганбилэгийн Пүрэвдорж, РД:УХ94092210,

            Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын үндэсний их сургуулийн Авто замын барилгын мэргэжлээр 3 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл-3, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын б-1-196 тоотод оршин суудаг хаягтай, урьд ял шийтгэлгүй, Шар бүрд овогт Чулуунбаатарын Энхтамир, РД:УХ96120318,  

 

            Үйлдсэн хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Баяр-Эрдэнэ нь У.Пүрэвдорж, Ч.Энхтамир нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах сав, орон байранд нэвтэрч 2017 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан иргэн Э.Энхмөнхийн эзэмшлийн 34-25 УБП улсын дугаартай Приус-20 маркийн автомашины эд ангийг хулгайлж 2.700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:          

 

           Тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :     

          Шүүгдэгч Б.Баяр-Эрдэнэ, У.Пүрэвдорж, Ч.Энхтамир нар урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч 2017 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 108 дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан иргэн Э.Энхмөнхийн эзэмшлийн 34-25 УБП улсын дугаартай Приус-20 маркийн автомашины эд ангийг хулгайлж 2.700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:                                                                                   

           - 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-10/,

           - хохирогч Б.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...манай нөхөр Ж.Энхмөнх 34-25 УБП улсын дугаартай цагийн өнгийн приус маркийн машинтай. Манай гэр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 108 дугаар байрны 58 тоотод байдаг...машинаа байрны В1 давхарт байдаг гражид байрлуулдаг. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг өнгөрч байхад граж руу ороод машинаа тоногдсоныг мэдсэн. Манай машины их гэрлүүд, урд, хойд гупер, копуд, 1 толь батерей, дэлгэц зэрэг эд зүйлс алдагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-31-32/,  

          - гэрч С.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би ажил дээрээ байж байтал манай найз Пүрэвдорж над руу залгаад приусны урд хойд гупер, 4 их гэрэл, ком батерей, нэг толь, нэг дэлгэц сэлбэг авах уу гээд байхаар нь засварын газрын дарга Наранболдоос асуусан. Наранболд тухайн сэлбэгийг Пүрэвдоржтой үнэ тохирч 1.400.000 төгрөгөөр зарчихаад явсан. Хулгайн эд зүйл биш найз зараад өг гээд байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-71/,

            - иргэний нэхэмжлэгч Б.Наранболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим манайд ажилладаг Мөөгий Приус 20 машины гупер, гэрэл, копуд, батерей байна авах уу гэж асуухаар нь яасан машин юм бэ гэж асуусан чинь задалж байгаа машин, бичиг баримт нь байгаа гэж хэлэхээр нь аваад ир үзье гэж хэлсэн...манай ажлын Мөөгий гайгүй юм байна гэж хэлэхээр нь би Мөөгийгийн данс руу 1.400.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-38-40/,  

           - гэрч Д.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанаа буюу Пүрэвдорж над руу залгаж андаа приус-20 машины ком батерей тайлах гэсэн юм, ямар ямар түлхүүр ордог юм бэ гээд асуухаар нь би 10-ын түлхүүр, 12-ын түлхүүр, 8-ын түлхүүр болон овтёрка зэрэг байхад болно гэж хэлээд утсаа тасалсан..тухайн үед машин тэрэг засах гэж байгаа юм болов уу гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-72/,  

           - гэрч Б.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 1-4 тоотод багаж хэрэгслийн дэлгүүрт худалдагч хийдэг...манай дэлгүүрт 8, 10, 12-ын түлхүүр зардаг...гэх мэдүүлэг /хх-73/,

           - гражид үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21-23/,

           - эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-24/,

           - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25-27/,

             - камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг сидинд хуулбарлаж, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-99-102/,

            - мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-136-139/,

            - “Кости Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 34-25 УБП  улсын дугаартай автомашинаас алдагдсан эд ангийг үнэлсэн үнэлгээ /хх-185/,

           - эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-28-29/,

           - шүүгдэгч Б.Баяр-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 2 дугаар сарын 22-ны шөнө гэртээ машинтайгаа очсон ба намайг очих үед Пүрэвдорж, Энх-тамирын машинд хамт сууж байсан...тэгээд бид 3 уулзаад байж байгаад Пүрэвдорж бид 2 машинаас гарч уулзаад юм ярьж байгаад нэг машины эд зүйл авах болсон...тэгээд бид 2 граж руу орсон...харин Энхтамир гадаа машинтайгаа бид 2-ыг хүлээж байсан...тэгээд бид 2 граж руу орж 34-25 УБП улсын дугаартай цагаан өнгийн тоёото приус-20 маркийн автомашины баруун хойд талын гурвалжин шилийг хагалсан...эд зүйлсийг тайлж аваад Энхтамирын машин руу зөөсөн...намайг ирэх үед Пүрэвдорж хэдэн түлхүүр бэлдчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-88-90/, 

           - шүүгдэгч У.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...нэг тос тосолгооны дэлгүүрийн гадаа ирж би Энхтамирт 10.000 төгрөг өгөөд 8, 10, 12-ын түлхүүр авахуулаад, тэгээд шууд Баяр-Эрдэний гэр рүү явсан...тэнд очтол тухайн байрны нэг оршин суугч гражиндаа орж байсантай таараад Энхтамир бид 2 машинтайгаа орсон...тэгээд Энхтамир бид 2 машинаас бууж граж руу орсон...харин Энхтамир машиндаа үлдсэн...34-25 УБП улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн автомашины хойд талын гурвалжин шилийг Баяр-Эрдэнэ хагалаад тухайн машины эд зүйлийг авсан...Энхтамирын машины багажинд хийгээд бид 3 хөдөлсөн...гэх мэдүүлэг /хх-111-113/,   

           - шүүгдэгч Ч.Энхтамирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ байж байтал орой 22 цагийн үед манай найз болох Улаанаа буюу Пүрэвдорж над руу залгаад чи нэг машинтайгаа гараад ирээч гээд гарсан. Тэгээд Баяр-Эрдэнэ, У.Пүрэвдорж нар уулзаад нэг байрны гадаа ирсэн...тухайн байрны гражны гадаа намайг хүлээж байгаарай гэсэн...хүлээж байх зуур унтсан...тэгтэл нэг сэрсэн багажаа онгойлгоорой гэсэн...тэгээд дэнжийн 1000 руу явсан...маргааш 19 цагийн үед Пүрэвдорж гэрийн гадна ирээд 300.000 төгрөг өгсөн... өмнөх өдөр Баянбүрдийн зам дагуу байдаг нэг багаж хэрэгсэл зардаг дэлгүүрээс 8, 10, 12-ын түлхүүр авсан...гэх мэдүүлэг /хх-133-135/ болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Баяр-Эрдэнэ, У.Пүрэвдорж, Ч.Энхтамир нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэж тохиролцон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.    

Хулгайлагдсан эд зүйлийг хохирогч Б.Оюунжаргалд хүлээлгэн өгсөн /хх-24/, шууд бус хохиролд нийт 116.000 төгрөг төлсөн /хх-33/, мөн 600.000 төгрөгийг төлсөн болохоо шүүгдэгч нар мэдүүлсэн, иргэний хариуцагч Б.Наранболд 1.400.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо бичгээр илэрхийлсэн /хх-171-172/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Баяр-Эрдэнэ, У.Пүрэвдорж нарын урьд өмнө үйлдэж, шийтгүүлсэн гэмт хэргийн /хх-81, 83-85, 105-106/ ялтай байдал нь хуульд зааснаар арилсан байх тул ялтай байдалгүй гэж үзнэ.    

Шүүгдэгч Б.Баяр-Эрдэнэ, У.Пүрэвдорж, Ч.Энхтамир нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.               

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нэмэгдэл ял хэрэглэн хорих ял оногдуулж, тухайн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.        

          Тус хэрэгт ашиглагдсан Тоёото Приус-20 маркийн 91-28 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь А.Чулуунбаатарын эзэмшлийнх ба банкны зээлийн барьцаанд байх тул хураах үндэслэлгүй тул тухайн автомашиныг битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2017.03.24-ний өдрийн тогтоолыг /хх-28-29/ хүчингүй болгох үндэслэлтэй, шүүгдэгч нараас тухайн автомашины үнийг хурааж улсын орлого болгох үндэслэл, нотолгоо хангалтгүй болохыг дурдав. 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар CD 1 ширхэг хураагдсан байна.    

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь :    

 

1. Шүүгдэгч Б.Баяр-Эрдэнэ, У.Пүрэвдорж, Ч.Энхтамир нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Баяр-Эрдэнийг 750.000 төгрөг хурааж, 2 жил 5 сар хорих ялаар, шүүгдэгч У.Пүрэвдоржийг 750.000 төгрөг хурааж, 2 жил 5 сар хорих ялаар, шүүгдэгч Ч.Энхтамирыг 500.000 төгрөг хурааж, 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Баяр-Эрдэнэ, У.Пүрэвдорж, Ч.Энхтамир нарын тус бүр эдлэх хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.      

4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Баяр-Эрдэнэ, У.Пүрэвдорж, Ч.Энхтамир нарт тус бүр оногдуулсан хорих ял тус тус тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэдгээрт хяналт тавихыг харъяалагдах цагдаагийн хэлтэст даалгасугай.         

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар А.Чулуунбаатарын эзэмшлийн Тоёото Приус-20 маркийн 91-28 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2017.03.24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.  

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.         

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Баяр-Эрдэнэ, У.Пүрэвдорж, Ч.Энхтамир нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР