| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/01281/И |
| Дугаар | 101/ШШ2022/01418 |
| Огноо | 2022-03-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2022/01418
2022 03 29 101/ШШ2022/01418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг Д.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Ээд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 02-р сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Т,
Хариуцагч Э.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2012 онд Э.Этэй танилцан 2019 оны 08-р сараас хойш хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2020-08-06-ны өдөр хүү Э.Э төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. 2020-07-21-ний өдрөөс хойш одоог хүртэл нийт 6 удаа орхин явж байсан, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болсон. 2021-10-28-ны өдөр хамгийн сүүлд маргалдсанаас хойш өдийг хүртэл тусдаа амьдарч байна. 2021-12-04-ний өдөр Б.Т гэх найзын хамт амьдарч байсан орон сууцнаас хүү Э, бид хоёрын хувцас, ор дэвсгэр, хүүхдийн тоглоом гэх мэт зүйлүүдийг орон сууцны коридорт хаясан байсан. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Э.Эт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э миний хүүхэд мөн, эцэг нь биш гэж маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс хүний их эмч М.Б-ийн тодорхойлолт /хх-ийн 2 тал/, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 3 тал/, Э.Эийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 4 тал/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар/ хх-ийн 5 тал/ зэргийг тус тус баримтаар гаргасан, хариуцагчаас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Э.Э-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Э.Э хүүхдийн эцэг мөн эсэх дээр маргаагүй, тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
Зохигчийн дундаас 2020 оны 08-р сарын 06-ны өдөр хүү Э.Э төрсөн болох нь Баянгол дүүргийн хэлтсээс 2020 оны 08-р сарын 14-ний өдөр олгосон дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эхийг захиргааны болон шүүхийн журмаар тогтоох зохицуулалттай. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэж заасан.
Иймд Э.Эийн эцэг нь хариуцагч Э.Э болохыг захиргааны журмаар тогтоосон. Мөн хариуцагч нь энэхүү үйл баримтын талаар маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүү Э.Э болон хариуцагч Э.Э нарын хооронд эцэг, хүүхдийн эрх, үүрэг үүссэн байна. Түүнчлэн хэдийгээр зохигчид гэр бүлээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар хүү Э.Э нь хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Улмаар мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хариуцагч нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй.
Хүү Э.Э эхийн асрамжинд эрүүл өсөж бойжиж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүний их эмч М.Б-гийн тодорхойлолтоор нотлогдож байна.
Иймд зохигч хүүхдийн тэтгэлгийн хувь хэмжээний талаар тохиролцоогүй байх тул шүүх хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлгийг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Э.Э-ээс улсын тэмдэгтийн хураамж 41,619 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 08-р сарын 06-ны өдөр төрсөн, Э-ийн Э-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байвал 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Э-ээс тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Э-ээс улсын тэмдэгтийн хураамж 41,619 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА