Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2022/01613

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Я улс, Ф  муж, Фүкүока хот, Ч дүүрэг, Майзүрү .... тоот хаягт оршин байрлах, Ж ХХК /рд:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, С дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байр, .... тоот хаягт оршин суух, Т овогт П.Ч /рд:...../-д холбогдох,

 

490,592,208 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж ХХК нь иргэн П.Ч....ийн захиалгаар Япон улсаас 2013 оны 09 сарын 15-наас 2015 оны 11 сарын 05-ны хооронд нийт 54,543,173 иений өртөг бүхий 147 автомашиныг худалдан авч Монгол улс руу ачиж баглан хүргүүлсэн. Тэрээр 28,619,477 иенийг 2018 оны 07 сарын 02-ны өдөр Өр төлбөр барагдуулах гэрээг байгуулахаас өмнө төлсөн бөгөөд гэрээ байгуулахад 25,923,696 иен буюу 577,061,472 төгрөгийг 180 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. 2018 оны 07 сарын 02-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Толгойт гудамж, .....  тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-.... дугаартай 412 м.кв талбайтай хувийн сууцыг газрын хамт 250,000,000 төгрөгөөр тооцон төлбөртөө авсан. Одоо 327,061,472 төгрөгийг Өр төлбөр барагдуулах гэрээний 5.1-т заасны дагуу алданги 163,530,736 төгрөгийн хамт нийт 490,592,208 төгрөгийг нэхэмжилж шаардлага гаргаж байна. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр бодсон. 2018 оны 07 сарын 02-ны өдрийн ханшаар иений ханш 22.26 төгрөгөөр тооцсон гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч П.Ч нь хувиараа авто машин борлуулдаг ба, урд нь Япон руу нэг удаа явахад нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т тааралдаж та монголд машин зардаг уу гэж асууж танилцаад Японоос холбогдож эхэлсэн. П.Ч нь Монгол улсад оршин суух тодорхой хаягтай учраас энэ хүний нэр дээр контейнер явуулсан байж болох юм. Ингээд хэдэн ч контейнер орж ирсэн болохыг мэдэхгүй. П.Ч нь өөрийн мөнгө төгрөгийн боломждоо тааруулаад ирсэн машинуудаас нь худалдан авахдаа гааль, онцгой татварыг нь төлөөд 48 машин авсан байдаг. Гэтэл хэдэн контейнер орж ирсэн, энэ контейнерт байгаа бүх машиныг П.Ч худалдаж авсан гээд байгааг зөвшөөрөхгүй байна. 155 ч бай 147 ч бай машин хариуцагчийн нэр дээр ирээгүй. П.Ч нь 2013 оны 09 сарын 1-нээс 2015 оны 12 сарын 01-ний хооронд 302,120,793,13 төгрөгийн үнэ бүхий 48 ширхэг машины гаалийн бүрдүүлэлт хийж хүлээн авч, гаалийн татварт 15,106,039.66 төгрөгийг, онцгой албан татварт 78,312,660 төгрөг, НӨАТ-т 39,553,949.28 төгрөг, хураамжид 336,000 төгрөг, улсад нийт 133,308,648,94 төгрөгийг татварт төлсөн. Хариуцагч нь 155 ч бай 147 ч бай машин захиалаагүй, худалдаж аваагүй, гэрээ хийгээгүй, гаалиар орж ирж хүлээн авсан өөрийн нэр бүхий 48 машиныхаа 21,432,430 иенийг Японы Жаст гараж ХХК-руу төлсөн. Хариуцагч П.Ч нь иргэн М.Т...тай Япон улсаас автомашин зээлээр авч худалдахаар аман тохироо хийж 2016.01.18-ны өдөр өөрийн өмчлөлийн СХД-ийн 20-р хороо, Толгойтын ....  тоот 412 м/кв талбай бүхий 2 давхар үйлчилгээтэй хувийн орон сууцыг барьцаалж 500,000,000 төгрөгийг, сарын 1,25%-ийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлсэн болж Барьцаат зээлийн гэрээ-г байгуулан автомашин захиалахаар болсон. Энэ гэрээнд бичигдсэнээр хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т...гаас 500,000,000 төгрөг бэлнээр аваагүй. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяа нь хариуцагч П.Ч...д захирал Ц нь хариуцагчийн барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг М.Т....гийн нэр дээр шилжүүлж баталгаажуулсны дараа автомашинаа зээлээр явуулна гэж хэлсэн тул хариуцагч дээрх үл хөдлөх хөрөнгөө 2017 оны 05 сарын 30-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 26,000,000 төгрөгөөр худалдсан болгож М.Т...гийн нэр рүү шилжүүлсэн. Хариуцагч П.Ч гэрээний үнэ 26,000,000 төгрөгийг М.Т....гаас аваагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нь 2018.07.02-ны өдөр зээлээр авах автомашин захиалгын төлбөрийн тооцооны гэрээ хийж байна гэж хэлээд хариуцагч П.Ч....ээр гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг. Тухайн үед хариуцагч зээлээр 500,000,000 төгрөгийн үнэ бүхий олон автомашин авах төлбөрийн гэрээ гэж ойлгоод уг гэрээтэй танилцалгүй гарын үсэг зурсан. Хариуцагч П.Ч нь 2015.12.31-нээс хойш Япон улсаас нэг ч машин аваагүй болно. Нэхэмжлэлд буй 155 ширхэг гэх автомашинаас 107 машиныг хариуцагч аваагүй. Нэхэмжлэлд хариуцагч П.Чийг 28,619,477 иен төлсөн гэжээ. Гэтэл хариуцагч П.Ч нь 48 автомашины үнэ 21,432, 430 иенийг төлсөн ба зөрүү 7,187,047 иенийг Японоос автомашин авч зарж байсан Г нь зарсан машиныхаа төлбөрийг хариуцагч П.Чээр дамжуулан шилжүүлж байсан төлбөр байна. Одоо хариуцагч П.Ч нь нэхэмжлэгчид автомашины төлбөрийн ямар ч үлдэгдэлгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 05 сарын 29-ний өдөр олгосон Япон хэл дээрх болон Монгол хэл дээрх итгэмжлэл, Ж ХХК-ийн Япон болон Монгол хэл дээрх үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээ, Ж ХХК-ийн дүрэм, 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Япон болон Монгол хэл дээрх итгэмжлэл, 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 1 дугаартай Өр төлбөр барагдуулах гэрээ, мөн өдрийн тооцоо нийлсэн акт, 2021 оны 01 сарын 19-ний өдрийн М.Т...гаас О.Б...д олгосон итгэмжлэл, М ХХК-ийн нэхэмжлэл №42, Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2020.10.26-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2011-2016 онуудын BILL C55, Payment report, 2013.09.27, 2013.11.07, 2013.11.25, 2014.01.24, 2014.02.10, 2014.07.10, 2015.08.07, 2015.09.08, 2016.07.08, 2014.03.25, 2014.04.08, 2014.04.30-ны өдрүүдийн Statement of renittance /Inward/, М.Т....гийн Хаан банкны 5003703775 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 1429 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын тогтоол, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн 4/2479 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2022 оны 03 сарын 29-ний өдрийн итгэмжлэл, үйл ажиллагааны бүртгэлийн гэрчилгээ, Жэ Жи Ай холдингс ХХК-ийн дүрэм, Waybill No.TTCN1310081, Нэхэмжлэх С56 зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас дараах баримтуудыг ирүүлсэн: Үүнд: 2021 оны 01 сарын 18-ны өдрийн П.Чээс К.С...т олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2016 оны 01 сарын 18-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, П.Чийн Ү-2201001594 дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021.01.15-ны өдрийг Г/3 дугаартай өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, П.Чийн өвчтэй байсан талаар эмнэлгийн магадалгаа, мөрдөгчийн тогтоол, 2022 оны 01 сарын 28-ны өдрийн итгэмжлэл, 2022 оны 02 сарын 09-ний өдрийн итгэмжлэл, 2022 оны 03 сарын 02-ны өдрийн Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа, 2022 оны 03 сарын 17-ны өдрийн итгэмжлэл, 2022 оны 03 сарын 18-ны өдрийн итгэмжлэл,

Шүүхийн журмаар дараах баримтуудыг бүрдүүлсэн: Үүнд: Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 4/7941 дугаартай албан бичгээр ирүүлсэн хавсралтууд, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 04 сарын 12-ны өдрийн 01-2/937 дугаартай албан бичгээр ирүүлсэн хавсралт баримтууд, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 01-2/1231 дугаартай албан бичгээр ирүүлсэн хавсралт баримтууд, зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч П.Ч....эд холбогдуулан өр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 490,592,208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчид 54,543,173 иений өртөг бүхий 147 автомашиныг худалдан авч хүргүүлсэн. 28,619,477 иенийг төлсөн бөгөөд 25,923,696 иен буюу 577,061,472 төгрөгийг 180 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон, хариуцагчийн хувийн сууцыг газрын хамт 250,000,000 төгрөгт тооцон төлбөртөө авсан. Одоо 327,061,472 төгрөгийг, алданги 163,530,736 төгрөгийн хамт нийт 490,592,208 гаргуулна хэмээн тайлбарлав.

 

6.Хариуцагч нь ...нэхэмжлэгчээс худалдан авсан 48 ширхэг машины үнийг төлсөн. Өр төлбөр барагдуулах гэрээг машин захиалах гэж байгуулсан, мөн үл хөдлөх хөрөнгөө машин захиалах гэж барьцаалсан боловч нэхэмжлэгч баталгаатай болгоно хэмээн өмчлөлдөө шилжүүл гэснээр нэр дээр нь шилжүүлсэн. Түүнээс өр төлбөртөө тооцож өгөх тохиролцоо байхгүй. Нэхэмжлэгчээс 147 машин аваагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хэмээн маргав.

 

7.Хэрэгт авагдсан баримтаар Ж ХХК-ийн төлөөлөгч М.Т, Д.Ч нар нь 2018 оны 07 сарын 02-ны өдөр Өр төлбөр барагдуулах гэрээ, Тооцоо нийлсэн акт зэргийг үйлджээ. Гэрээгээр төлбөр төлөгч нь 2013-2015 оны хооронд Ж ХХК-иас нийт 155 ширхэг автомашиныг Япон улсаас захиалан худалдан авсан ба худалдан авсан автомашины төлбөрийг бүрэн гүйцэт төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулж байна гэжээ. /хх-14-17х/

 

8.Гэрээнд төлбөр төлөгч болох П.Ч нь 54,543,173 иен төлөх ёстойгоос 28,619,477 иенийг төлсөн ба үлдэгдэл болох 25,923,696 иен буюу гэрээ байгуулах үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар /1иен=22.26/ 577,061,472 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

9.Нэхэмжлэгч нь 577,061,472 төгрөгийг П.Ч төлөх ёстойгоос 250,000,000 төгрөгт тооцож хариуцагч үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн, одоо үлдэх 327,061,472 төгрөгийг, алданги 163,530,736 төгрөгийн хамт нийт 490,592,208 төгрөг шаардана хэмээн шаардлагаа тайлбарладаг боловч хариуцагч үл зөвшөөрч 28,619,477 иен болон 250,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид огт төлөөгүй, хариуцагчаас мөнгө төлсөн баримт байхгүй, 500,000,000 төгрөгт тооцож зээлээр машин авахаар тохиролцож үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн болохоос 250,000,000 төгрөгийн өр төлбөрт хөрөнгөө шилжүүлээгүй хэмээн маргаж мэтгэлцдэг.

 

10.Хариуцагчаас 2016 оны 01 сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /хх-28-30х/

 

Барьцаат зээлийн гэрээ-ээр П.Ч нь М.Т....аас 500,000,000 төгрөгийг зээлсэн гэх боловч талууд хэн аль нь энэхүү гэрээгээр бодитоор мөнгөн хөрөнгө өгч аваагүй талаар тайлбарлаж, хариуцагч зээлээр машин авахын тулд энэхүү гэрээг байгуулсан гэж тайлбарладаг. Мөн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт ..... тоотод байрлах хувийн сууц, үйлчилгээний зориулалттай, 412 м.кв талбайтай, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгийг 26,000,000 төгрөгөөр П.Ч нь М.Туяад худалдсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний үнэ нь 26,000,000 төгрөг гэх боловч мөн энэ хэмжээний мөнгийг М.Т П.Чд төлөөгүй, П.Ч одоогоор тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшил ашиглалтдаа байлгасаар байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогддог. Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г П.Ч нь иргэн М.Т....тай байгуулсан бөгөөд дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг шүүхэд талуудаас гаргаагүй, нэхэмжлэгч болох хуулийн этгээд Ж ХХК нь гэрээний тал биш болно.

 

11.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар нэхэмжлэгчээс тодруулсан шаардлагыг 2021 оны 03 сарын 11-ны өдөр хүлээн авч хариуцагчид гардуулж, хуульд зааснаар ажиллагаа хийсэн байна. /хх-97,98х/

 

12.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба хуулийн энэхүү зохицуулалтаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд хөрөнгө түүнтэй холбоотой бичиг баримтыг шилжүүлснээр худалдан авагч үнийг төлөх үүрэг үүснэ.

13.Нэхэмжлэгч нь хариуцагчаас 147 машины үнэ шаардах боловч түүний шаардлага хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Гаалийн ерөнхий газраас П.Ч...ийн импортоор хүлээн авсан автомашины лавлагааг гаргуулахад хариуцагч нь 2013 оны 09 сараас 2015 оны дуустал хугацаанд 48 ширхэг автомашиныг гаалийн бүрдүүлэлт хийн хүлээн авсан болох нь Гаалийн ерөнхий газрын 2022 оны 04 сарын 12-ны өдрийн 01-2/937 тоот албан бичиг, түүний хавсралт 2 хуудас, хариуцагчаас ирүүлсэн 2022 оны 03 сарын 02-ны өдрийн Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа, хавсралт 5 хуудас баримтаар тус тус нотлогддог. /хх-176-181, 224-226х/

 

Ж ХХК нь 147 автомашиныг П.Ч...ийн нэр дээр контейнероор явуулсныг хариуцагч Монголд өөр хүнд итгэмжлэл олгоод бүрдүүлэлтийг нь өөр хүн хийгээд авдаг гэх тайлбарыг гаргасан ба шүүх хариуцагчийн нэр дэр нэхэмжлэгч компаниас хэдэн ширхэг контейнероор хэдэн тооны автомашин орж ирсэн талаарх лавлагааг авахад ...П.Ч....ийн нэрээр 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд улсын хилээр оруулсан барааг гаалийн хяналтад авсан импортын 18 манифестаар П.Ч, У.М, Я.Г нарын нэрээр гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн... гээд хавсралтаар 6 хуудас баримтыг Гаалийн ерөнхий газрын 2022 оны 05 сарын 05-ны өдрийн 01-2/1231 тоот албан бичгээр ирүүлжээ. Уг албан бичгийн хавсралтаар нийт 86 ширхэг автомашин орж ирснээс П.Ч....ийн нэрээр 28 автомашины гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийжээ. /хх-242-248х/

 

Мөн нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 124, 132-136 дугаар хуудсанд хариуцагч П.Ч....ийн мөнгө төлсөн гэх дансны хуулгыг ирүүлсэн ба энэхүү баримтаар дансны эзэмшигч нь иргэн М.Т, Л  ХХК, T нар байна. Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү баримтаар П.Ч нь ямар учраас М.Т, Л ХХК, Т нарт төлбөр төлсөн болох нь ойлгомжгүй, П.Ч нь Ж ХХК-д төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлсэн үү, эсхүл данс эзэмшигч нартай тусдаа эрхзүйн харилцаа байсан уу гэдэг нь тодорхойгүй, энэхүү баримтаар нэхэмжлэгчид төлөх төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм.

 

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг юм. Нэхэмжлэгч нь 2018 оны 07 сарын 02-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-г ямар баримтад үндэслэн хийсэн, хариуцагчийн өмчлөлд 147 ширхэг автомашиныг хэрхэн шилжүүлсэн, хариуцагчаас нийт хэдэн машины төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн гэх зэрэг санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба түүний шаардлага хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Тиймээс хариуцагчийн 147 автомашин хүлээн аваагүй гэх татгалзал үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

15.Дээрх үндэслэлүүдээр П.Ч....д холбогдох өр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 490,592,208 төгрөг гаргуулах тухай Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,610,911.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул П.Ч....д холбогдох 490,592,208 төгрөг гаргуулах тухай Жэ Жи Ай холдингс ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,610,911.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ