Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2022/01413

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .... дугаар хороо, Дэнж .... гудамж, .... тоот хаягт оршин байх, Ж ХХК /рд:...../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ....  дугаар хороо, Хилчин .... дүгээр гудамж, .... тоот хаягт оршин суух, Ч овогт Б.Ү  /рд:....-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 20,160,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай Ж ХХК нь иргэн Б.Үнэнбаттай 2021 оны 07 сарын 20-ны өдөр 21-280 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Гэвч Б.Ү нь 410ш труба буюу барилгын туслах материалыг 2021 оны 07 сарын 20-ны өдрөөс түрээслэн авч ашигласан боловч гэрээний үүргээ зөрчиж түрээсийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй мөн манай 410 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөхгүй үргэлжлүүлэн ашигласаар байна. Иймд 2021 оны 10 сарын 23-ны өдрөөр түрээсээ зогсоож нэхэмжлэл гаргаж байна.

 

Түрээсийн тооцоо:

1.    Труба, 1м, цагаан, хуучин, ашигласан хоног 156, тоо 150, үнэ 100, дүн 2,340,000 төгрөг,

2.    Труба, 2м, цагаан, хуучин, ашигласан хоног 156, тоо 40, үнэ 120, дүн 748,800 төгрөг,

3.    Труба, 3м, хар, хуучин, ашигласан хоног 156, тоо 20, үнэ 130, дүн 405,600 төгрөг,

4.    Труба, 4м, цагаан, хуучин, ашигласан хоног 156, тоо 100, үнэ 150, дүн 2,340,000 төгрөг,

5.    Труба, 5м, цагаан, хуучин, ашигласан хоног 156, тоо 20, үнэ 160, дүн 499,200 төгрөг,

6.    Труба, 6м, цагаан, хуучин, ашигласан хоног 156, тоо 30, үнэ 165, дүн 772,200 төгрөг,

7.    Труба, 5м, цагаан, хуучин, ашигласан хоног 154, тоо 20, үнэ 160, дүн 492,800 төгрөг,

8.    Труба, 5м, цагаан, хуучин, ашигласан хоног 136, тоо 17, үнэ 160, дүн 369,920 төгрөг,

9.    Труба, 5м, хар, хуучин, ашигласан хоног 136, тоо 13, үнэ 160, дүн 282,880 төгрөг, Нийт: 8,251,400 төгрөг, үүнээс төлбөр төлөлт 1,510,500 төгрөг, нэхэмжлэх дүн 6,740,900 төгрөг байна.

 

Дутуу бараа материалын тооцоо:

1.    Труба, 1м, цагаан, хуучин, тоо 150, үнэ 11,000 төгрөг, дүн 1,650,000 төгрөг,

2.    Труба, 2м, цагаан, хуучин, тоо 40, үнэ 22,000 төгрөг, дүн 880,000 төгрөг,

3.    Труба, 3м, хар, хуучин, тоо 20, үнэ 33,000 төгрөг, дүн 660,000 төгрөг,

4.    Труба, 4м, цагаан, хуучин, тоо 100, үнэ 44,000 төгрөг, дүн 4,400,000 төгрөг,

5.    Труба 5м,цагаан, хуучин, тоо 20, үнэ 55,000 төгрөг, дүн 1,100,000 төгрөг,

6.    Труба 6м, цагаан, хуучин, тоо 30, үнэ 66,000 төгрөг, дүн 1,980,000 төгрөг,

7.    Труба 5м, цагаан, хуучин, тоо 20, үнэ 55,000 төгрөг, дүн 1,100,000 төгрөг,

8.    Труба 5м, цагаан, хуучин, тоо 17, үнэ 55,000 төгрөг, дүн 935,000 төгрөг,

9.    Труба 5м, хар, хуучин, тоо 13, үнэ 55,000 төгрөг, дүн 715,000 төгрөг, Нийт 13,420,000 төгрөг байна. Түрээсийн төлбөр 6,740,900 төгрөг, дутуу бараа материалын төлбөрт 13,420,000 төгрөг, нийт 20,160,900 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулна.

Иймд хариуцагч Б.Ү....аас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 20,160,900 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Б.Ү...д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 20,160,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээнд: ...хариуцагч Б.Ү нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 13,420,000 төгрөгийг 2022 оны 05 сарын 10-ны өдрийн дотор, үлдэх 6,740,900 төгрөгийг 2022 оны 05 сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Б.Ү нар гарын үсгээ зуржээ.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ү...д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 20,160,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ү нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 13,420,000 төгрөгийг 2022 оны 05 сарын 10-ны өдрийн дотор, үлдэх 6,740,900 төгрөгийг 2022 оны 05 сарын 20-ны өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,755 төгрөгийн 129,377.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 129,377.5 төгрөг, хариуцагч Б.Ү...аас 129,377.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ