Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/102

 

 

                                       2025/ШЦТ/102

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                    

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А

Шүүгдэгч: Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Бийн Дид холбогдох 2412000000098 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын ... дугаар баг Х Х гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ховогт Бийн Д /РД: ..../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 04 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө А аймгийн Эсумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Б" буудлын үүдэнд байрлуулсан байсан хохирогч Б.Шн улаан өнгийн “М” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Б.Шд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө Ш над руу ярьсан. Багаасаа таньдаг, мэддэг байгаа. “Б” буудлын үүдэнд түлхүүрээ өгсөн. Та айлын хашаанд аваачаад тавьчих гэж хэлсэн. Улмаар би Наранбулаг хорооллын 05-09 тоотод Нын гэрт аваачиж тавьсан. Өглөө нь хаана байгаа юм гэхээр нь хаягаа явуултал цагдаатай хүрээд ирсэн. Ш манайхтай ойрхон байдаг...” гэв.

 

            Мөрдөн байцаалтын шатанд 2412000000098 дугаартай эрүүгийн хэргээс:

 

            Хохирогч Б.Шн “...2024 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Б" нэртэй буудлын гаднаас өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио хулгайд алдсан. Миний мотоцикль цэвэрхэн эдэлсэн, эвдрэл, гэмтэлгүй мотоцикль бөгөөд сайн анзаарч харвал урд дугуйны шаврын хаалт нь шар өнгөтэй байгаа. Би хулгайд алдсан мотоциклио 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио олж авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/,  

           Гэрч С.Цийн “... Би найз Штэй хамт А аймгийн төвд “Б” нэртэй буудлын гадаа хоёр мотоциклио байрлуулж үрүүлийг нь түгжиж орхиод “Б” нэртэй буудалд орж амарсан. Маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө буудлаас гараад иртэл Б.Шинэ- Ирээдүй найзын мотоцикль алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/,

Гэрч Н.Нын “... Би гэртээ амарч байтал 2024 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 04 цагийн орчимд мотоцикль дуугарч манай хашаанд мотоцикльтой хүн орж ирсэн. Би мотоциклийн дуунд сэрж унталгүй байж байтал манай гэрт Д гаднаас ороод ирсэн. Би тухайн үед ямар мотоцикльтой ирсэн талаар мэдээгүй. Өглөө босоод хартал улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/,

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11 хуу/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуу/,

Хохирогчийн цагдаагийн газар гаргасан гомдол /хх-ийн 2 хуу/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 59-63 хуу/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн АЦ-24-67 дугаартай “...Хөрөнгийн үнэлгээ нийт 1.200.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 24-27 хуу/,

Б.Дийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд Ш над руу утсаар залгаад “Залуус” нэртэй караокегийн хажууд айлд байна, хүрээд ир гэж дуудсаны дагуу би очиход Ш хоёр найзынхаа хамт байсан бөгөөд хөдөөнөөс дөнгөж саяхан ирлээ гэж байсан. Тэгээд Ш надад хэлэхдээ очих айл байхгүй тул буудалд хонолоо, та миний мотоциклийг аваад явчих гээд “Б” буудлын гадна очоод надад мотоциклийнхоо түлхүүрийг өгсөн. Би мотоциклийг нь унаж яваад Наранбулаг хорооллын 5-6 тоотод найз Бийн хашаан дотор гражид оруулж тавьсан. Тэгээд маргааш нь Ш над руу залгаад хаана байна гэхээр нь байгаа газраа буюу Наранбулаг хорооллын 5-6 тоот хаягаа хэлж өгөхөд цагдаа дагуулаад ирсэн. Ш нь надад мотоциклио өгөх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Надад мотоциклийн түлхүүрээ өгөх үед түүний хоёр найз хажууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний материаллаг шинжээр нь тодорхойлсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүний шинжээр буюу бага хэмжээний буюу 300,000 төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учирсан байхаар хуульчилсан.  

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэрийг санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр хуульчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан.

 

Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Б" буудлын үүдэнд байрлуулсан байсан хохирогч Б.Шн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Шд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 04 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Б” буудлын үүдэнд байрлуулсан байсан хохирогч Б.Шн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль алдагдаж, хохирогч Б.Шд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Б" буудлын үүдэнд байрлуулсан байсан хохирогч Б.Шн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Б.Шд 1.200.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогч Б.Шн “...2024 оны 04 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө би А аймгийн Э сумын ...-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй буудлын гаднаас өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио хулгайд алдсан. Миний мотоцикль цэвэрхэн эдэлсэн, эвдрэл гэмтэлгүй мотоцикль, сайн анзаарч харвал урд дугуйны шаврын хаалт нь шар өнгөтэй байгаа. Би хулгайд алдсан мотоциклио 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Мустанг-5 “маркийн мотоциклио олж авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/,  

           гэрч С.Цийн “... Би найз Штэй хамт А аймгийн төвд “Б” нэртэй буудлын гадаа хоёр мотоциклоо байрлуулж үрүүлийг нь түгжиж орхиод “Б” нэртэй буудалд орж амарсан. Маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө буудлаас гараад иртэл Б.Шинэ- Ирээдүй найзын мотоцикль алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/,

гэрч Н.Нын “... Би гэртээ амарч байтал 2024 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 04 цагийн орчимд мотоцикль дуугарч манай хашаанд мотоцикльтой хүн орж ирсэн. Би мотоциклийн дуунд сэрж унталгүй байж байтал манай гэрт Д гаднаас ороод ирсэн. Би тухайн үед ямар мотоцикльтой ирсэн талаар мэдээгүй. Өглөө босоод хартал улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуу/,

Хохирогчийн цагдаагийн газар гаргасан гомдол /хх-ийн 2 хуу/

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11 хуу/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн АЦ-24-67 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-27 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь хохирогчийн зөвшөөрөлтэй мотоцикль авч явсан, хохирогч нь түлхүүрээ өгсөн тухай мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдсонгүй.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Б.Д нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал уг хэрэгт нотлогдсон, хэргийн бодит байдал хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгчийн гэм хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.

 

Хэрэгт авагдсан хохирогч Б.Шн “...2024 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би А аймгийн Э сумын ...-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй буудлын гаднаас өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклио хулгайд алдсан...” гэх мэдүүлэг,  

           гэрч С.Цийн “... Би найз Штэй хамт А аймгийн төвд “Б” нэртэй буудлын гадаа хоёр мотоциклоо байрлуулж үрүүлийг нь түгжиж орхиод “Б” нэртэй буудалд орж амарсан. Маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө буудлаас гараад иртэл Б.Шинэ- Ирээдүй найзын мотоцикль алга болсон байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Нын “... Би гэртээ амарч байтал 2024 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 04 цагийн орчимд мотоцикл дуугарч манай хашаанд мотоцикльтой хүн орж ирсэн. Би мотоциклийн дуунд сэрж унталгүй байж байтал манай гэрт Д гаднаас ороод ирсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн газар гаргасан гомдол зэрэг нотлох баримтуудаар өмгөөлөгчийн гаргасан санал няцаагдаж байна.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн обьектив талын шинж нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр үйлдсэн байхыг ойлгодог.

 

Хэрэгт авагдсан хохирогч Б.Ш, гэрч С.Ц, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн газар гаргасан гомдол зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Д нь Б.Шн тээврийн хэрэгслийг унаж явах талаар, гэртээ хүргүүлэх талаар тогтоогдсон үйл баримтгүй, мотоциклийг найз Н.Нын хашаанд байлгаж байсан зэрэг нь авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн субьектив, обьектив талын шинжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Дийг 2024 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Б" буудлын үүдэнд байрлуулсан байсан хохирогч Б,Шн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Б.Шд 1.200.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Шд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Ш нь мотоциклио биет байдлаар хүлээн авсан, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шүүгдэгч Б.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Ховогт Бийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР