| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/118 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.О
Улсын яллагчаар: прокурор Д.З
Шүүгдэгч: С.М нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Д.З-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.М-т холбогдох эрүүгийн 2519000000039 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ,,, оны,,,дүгэр сарын 06-ны өдөр ,,,, суманд төрсөн, халх, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж нарын хамт ,,,,,тоотод оршин суух хаягтай,
,,,, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,
шүүгдэгч С.М /РД: ,,,,/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/ С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Луна баарны гадаа 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цагийн орчим Дорноговь аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах тасгийн эрүүгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Н-д нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан шаардлага тавихад цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Гадуур хувцас урчих шиг болохоор нь гараа авах гээд эргээд савахад санаадгүй цохисон байсан. Нүүрэнд нь цохисноо сайн санахгүй байгаа. Гэхдээ үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг,
2.Хохирогч М.Н-д: “...иргэн С.Мөнхзоригийг суулгах гээд хууль сануулж шаардлагыг биелүүлнэ гээд гараас нь татах үед эргэж хараад баруун гараараа миний хамар хэсэгт хүчтэй цохиход хамраас цус гарсан”гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,
3.Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталсан жижүүр, харуул, постод 24 цагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдын нэрс, ажилла хуваарь /хх-12-14 дүгээр тал/,
4. Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ДОГ0725/003 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26-27 дугаар тал/,
5. Гэрч Э.Э-гийн “...шаардлага тавихад иргэн С.М-г нь баруун гараараа цагдаагийн дэд ахлагч М.Н-ын нүүр хэсэгт цохих шиг болоход М.Н-д нүүрээ дараад цохичихлоо гээд гараад ирэхээр нь би иргэн С.М-г тээврийн хэрэгсэлд суулгаад хүлээлгэн өгсөн ” гэсэн мэдүүлэг /хх-39-41 дүгээр тал/.
6.Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийг эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Н-ын ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт,/хх-43-48 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. С.М нь хохирогч М.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.М-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогчид тодорхой хэмжээний хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэв
Шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Луна баарны гадаа 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цагийн орчим Дорноговь аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах тасгийн эрүүгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Н-д нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан шаардлага тавихад цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн үйл баримт тогтоогдсон.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох хохирогч М.Н-д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...иргэн С.М-г суулгах гээд хууль сануулж шаардлагыг биелүүлнэ гээд гараас нь татах үед эргэж хараад баруун гараараа миний хамар хэсэгт хүчтэй цохиход хамраас цус гарсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шаардлага тавихад иргэн С.М нь баруун гараараа цагдаагийн дэд ахлагч М.Н-ын нүүр хэсэгт цохих шиг болоход М-д нүүрээ дараад цохичихлоо гээд гараад ирэхээр нь би иргэн С.М-г тээврийн хэрэгсэлд суулгаад хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг ” гэсэн мэдүүлэг,
Мөн Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ДОГ0725/003 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ ..М.Н-н биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хомоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг буюу Цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” зэрэг гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар: Шүүгдэгч С.Мнь хохирогч М.Н-д эмчилгээний төлбөрт 2,500,000 төгрөгийг сайн дураараа төлсөн болохыг дурдъя.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч М.Нд нь цаашид гарах хохирол,төлбөр,зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэн үедээ нэхэмжлэх эрхтэйг тайлбарлая.
Эрүүгийн хариуцлага ял шийтгэлийн талаар: Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар "Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн…бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасан байх ба шүүгдэгч С.М-г нь бусдын биед хохирол учруулна гэдгийг ухамсарлан мэдсээр байж хохирогч М.Н-н биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг гэмтлүүд учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэл гэж үзсэн ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Луна баарны гадаа 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цагийн орчим Дорноговь аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах тасгийн эрүүгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Н-д нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан шаардлага тавихад цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, ,хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч С.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ тус тус оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт ирээгүйг дурдъя.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон-
ТОГТООХ нь:
1.С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С.М-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С.М-т 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ тус тус оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч М.Н-д нь хохирол, төлбөр, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ