Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Цэнд-Аюуш

     Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, хохирогч С.Золзаяа, Д.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Чонос овгийн Дамдинсүрэнгийн Эрдэнэбаатарт холбогдох 201718010057 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар  сарын 27-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, урианхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хараа 1 дүгээр баг, Мэргэн шувуут гэх газар оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Дамдинсүрэнгийн Эрдэнэбаатар /РД:УС-/.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2-р багийн Мэргэн шувуут гэх газарт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02 цагийн орчимд С.Золзаяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар С.Золзаяагын эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр /                                                                                                                  

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч С.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2017 оны 05 сарын 12-ны шөнө 01 цагийн үед хэвтэрт байдаг аав ээжийгээ гэртээ авчраад хурга ишгээ хөнгөлөөд унтаж амарч байх үед гэрийн гадаа машины орилох дуу сонсогдсон. Тэгээд удалгүй Ганболд Эрдэнэбаатар дүүтэйгээ согтуу гэрт орж ирсэн. Дүүгийнх нь нэрийг сайн мэдэхгүй байна. Орж ирэнгүүтээ гэрлээ асаа гэж хэлэхэд нь манай нөхөр босч гэрэл асаасан. Би цай хийж өгөх гэтэл цай хэрэггүй архи өгчих гэсэн. Манай хүн намайг архи байвал гаргаад өгчих гэхээр нь би архи байхгүй, одоо яв бид унтаж амармаар байна. Манайх өнөөдөр хурга ишгээ хөнгөлсөн. Архи дарс байхгүй байна гэж хэлтэл чамтай яриагүй байна би нөхөртэй чинь ярьж байна пизда минь гэж хэлээд манай нөхрийг Эрдэнэбаатарын дүү нь гадаа гараад уулзъя гээд дагуулаад гарсан. Тэгээд Эрдэнэбаатар ороод ирэхээр нь би та нар одоо яв. Би нялх хүүхэдтэй жирэмсэн хүн ядарч байна. Унтаж амармаар байна манай гэрээс зайл гэж би хөөхөд настай хүн байна гэж ч тоохгүй арван буудлын янхан, гичий, банзал минь дуугүй байж бай. Чамайг ямар явсныг мэднэ. Би нөхөртэй чинь ярьж байна гээд намайг элдвээр хэл амаар доромжилсон. Эрдэнэбаатар гадаа гараад машиндаа суучихаад намайг янз бүрээр хэлээд л байсан. Тэгэхээр нь би очоод хаалгыг нь онгойлгоод та яв яагаад айлд ирчихээд архи нэхээд амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ? Манайхаас зайл гэж хэлтэл машиныхаа руллнээс барьж байгаад миний нүүр цээж рүү 2 хөлөөрөө зэрэг өшиглөсөн. Миний цээж хөх няц болж, уруул язарсан. Манай нөхөр намайг зодуулахад хол байж байгаад гүйж ирээд намайг татаж босгосон. Тэр үед манай аав унтаж байгаад намайг орилоод уйлахад гарч ирээд Эрдэнэбаатарыг би чиний яриаг зөндөө сонслоо. Яах гээд байгаа юм гээд заамдаж авсан. Манай аав бид хэд Эрдэнэбаатарыг машинаас нь буулгах гээд татаад дийлдэхгүй байсан. Эрдэнэбаатар машинаа асаагаад бид нарыг дайрч ална гээд машинаараа элдэж хөөгөөд манай аавыг бараг дайрах шахсан. Манай хүн цагдаад дуудлага өгч үүрийн 04 цагт эмчийн хамт ирж намайг Баруун хараа руу авч явсан. Хүүхэд  маань гарчих гээд тогтоодог тариа хийлгэсэн. Ийм л явдал болсон юм гэв.

2. Гэрч Д.Мөнхзул  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01 цагийн орчимд гэртээ амарч байхад гаднаас хамт зусдаг Эрдэнэбаатар, Чулуунбаатар, Ганболд нар согтуу орж ирээд надтай уулзъя гээд Чулуунбаатар надаас архи нэхэж би нэг хүн алсан дахиад нэг хүн алчихмаар байна гэж хэлж гараа кармандаа хийгээд байсан. Тэгээд би жоохон айгаад ямар нэгэн зүйл яриагүй чи юу яриад байгаа юм гэж хэлээд л хараад зогсоод байсан. Тэгээд надаас байн байн архи нэхээд байсан. Тэгээд гэрт ороод байж байтал манай эхнэр Золзаяа та нар явцгаа манайд архи байхгүй гэж хэлсэн чинь Эрдэнэбаатар чамд хамаагүй гичий минь чамаас асуугаагүй байна гээд арван буудлын янхан гэх зэргээр маш их хэл амаар доромжилсон тэгэхээр нь Ганболд, Чулуунбаатар, Эрдэнэбаатар нарыг гэрээс гаргасан юм. Тэгсэн чинь Эрдэнэбаатар шууд машиндаа суучаад май чи муу гичий мичий гээд орилоод унасан. Тэгсэн эхнэр Золзаяа Эрдэнэбаатарын хажууд очсон чинь Эрдэнэбаатар манай эхнэрийн гэдэс хэсэг рүү нь өшиглөж газар унагасан юм. Манай эхнэр одоо 4 сартай жирэмсэн юм. Тэгээд манай эхнэр чангаар хашгирч уйлахад манай хадам аав Соль гэрээс гарч ирсэн юм. Тэгээд Эрдэнэбаатарыг яаж байгаа юм гээд машинаас буулгах гэсэн чинь буухгүй ноцолдоод байсанаа гэнэт машинаа асаагаад дайрч ална гэж хөдөлж цааш 50 метр орчим газар явж байсанаа эргэж ирээд хурдаараа дайрах шахаад өнгөрчихөөд гэрийн хажуугаар тойроод дахиж 50метр орчим газар явж эргэж ирээд дахин дайрах гэж хурдтай явсан юм. Ингээд болохгүй болохоор нь бид нар гэртээ ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм  ...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,  

3. Гэрч А.Соль мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би эхнэр Бямбабаярын хамт 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрийн төрсөн бага охин Золзаяагийн гэрт очиж амарч байсан юм. Манай эхнэр бие муутай хэвтрийн дэглэм барьдаг хүн байдаг юм. Тэгээд 05 дугаар сарын 12-ны өдрийн шөнө 01 цагийн орчимд шиг санагдаж байна амарч байхад 3 залуу ирээд манай хүргэн Мөнхзултай уулзаад байх шиг бас манай охин Золзаяаг 10-р хорооллын янхан гичий гээд хэл амаар доромжлоод байх шиг байсан юм. Тэгээд байж байсан гэнэт манай охин Золзаяа чангаар орилж уйлахаар нь би гараад очтол мнай охин тэр залуучуудын ирсэн машины хажууд газарт унасан байдалтай тэр нэг намхан хардуу залуу нь машин дотороо суусан байдалтай манай охиныг өшиглөж авсан гэсэн тэгээд би тэр залууг машинаас нь буулгах гэж ноцолдоод дийлээгүй юм. Тэгсэн хаалга хаагаад машинаа асаагаад дайрч ална гэж хөөсөн юм намайг дайрах шахсан юм. Тэгээд цааш яваад өгсөн. ...газар бөгсөөрөө суусан байдалтай маш их ёолж байсан уруулын хэсгээс нь цус гарсан байдалтай мөн шанаа хэсэг нь шалбарсан байсан юм. Манай охин одоо 4 сартай жирэмсэн. Харин цохиулчихаад чангаар орилж хашгирхаар нь л гадагш гарсан юм. ...Эрдэнэбаатар гэж дуудаад байх шиг байсан. Одоо харвал танина ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,    

            4. Гэрч Б.Балдурен мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөс 05 дугаар сарын 12 ны өдөр Баянгол сумын цагдаагийн хэсэгт мэдээлэл хүлээн авагч цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 05 дугаар сарын 12 ны үүрээр 03 цаг 25 минутанд иргэн Мөнхзул 95219828 дугаарын утсаар хэсгийн жижүүрийн 70369102 дугаарын утсанд мэдээлэхдээ : 2017 оны 05 дугаар сарын 12 ны өдрийн 03 цагийн орчимд Баянгол сум 1-р баг "Мэргэн шувуут" гэх газар манай гэрт Эрдэнэбаатар согтуу ирээд манай эхнэр Золзаяаг зодоод машин унаад явчихлаа гэж мэдээлсэн. Тэгээд би уг мэдээллийн дагуу замын зохицуулагч д/ч Л.Наранбаатарын хамтаар явж Эрдэнэбаатарын гэрт очиход Эрдэнэбаатар гэртээ байгаагүй. Тэгэхээр нь Мөнхзулын гэрийн гадаа очиход Мөнхзул гэрээс гарч ирээд бид нар цуг гэрт ороход тэнд 3 том хүн, 3 хүүхэд унтаж байсан. Харин баруун талын орон дээр Золзаяа хэвтэж байсан Би тэнд унтаж байсан хүмүүсийн нэр усыг нь асуугаагүй. ...Гэрт ороход Золзаяа орон дээрээ хөнжил нөмрөөд хэвтчихсэн хэвлий хэсгээр өвдөөд байна гээд хэвлий хэсгээ гараараа дарчихсан нүүр нь нэлээд ярвайсан байдалтай хэвтэж байсан. ...Надад Золзаяа ярихдаа "Эрдэнэбаатар манайд ирэхдээ дүүтэйгээ машинтай согтуу ирсэн тэгээд манай нөхрөөс архи нэхээд байхаар нь би архи байхгүй саяхан хаваржаандаа нүүж ирсээн манайд архи дарс байхгүй гэж хэлсэн чинь хэл амаар доромжлоод Эрэдэнэбаатар нь  нүүр болон хэвлий хэсэг рүү цохисон Эрдэнэбаатар нь согтуу машинаа бариад бид нарыг хөөсөн гэж ярьж байсан. Золзаяа, Мөнхзул нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, 

5. Гэрч Ц.Загирсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Д.Мөнхзул гэдэг залуугын мал малладаг ажил хийдэг юм. Тэгээд өнөөдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 12 ны өдрийн 01 цагийн орчимд гэртээ амарч байхад Эрдэнэбаатар, Чулуунбаатар, Ганболд нар согтуу ирсэн юм. Тэгээд архи нэхэж Эрдэнэбаатар гэдэг залуу нь Мөнхзулын эхнэр Золзаяатай хэрүүл маргаан хийж эхэлсэн юм. Тэгээд би гадагш гартал машин дотроос Эрдэнэбаатар нь Золзаяаг өшиглөж авч байсан тэр үед Золзаяа газар унаж байсан тэгэхээр нь би очиж хүүхдийг нь очиж авч гэрлүү нь оруулсан. Тэгээд Эрдэнэбаатарын дүү болох Чулуунбаатар нь зодолдоод унаж магадгүй гэж бодоод сандал бариад айлгасан. Тэгсэн дүү Чулуунбаатар нь хөдлөхгүй байна лээ тэгээд Эрдэнэбаатар машин дотроосоо буухгүй Мөнхзулын хадам аав болох Соль гуай хажуу талаас нь татаж байхаар нь би нөгөө талаас нь Эрдэнэбаатарыг түлхэж өгсөн. ...Эрдэнэбаатар нь машин дотроосоо өшиглөж Золзаяаг газар унагасан энэ үед гэр дотроос Золзаяагийн аав Соль гарч ирж Эрдэнэбаатартай барицалдаж авсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/, 

6. Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 2542 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

- С.Золзаяагийн биед умайн булчингийн чангарсан байдал, баруун хацар, дээд уруулд зулгаралт, баруун хөхөнд цус хуралт тогтоогдлоо.  

- Дээрхи гэмтэл нь мохоо хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

- Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

- Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэсэн дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/,

7. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл .../хх-ийн 75-76-р хуудас/,

8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2-р багийн Мэргэн шувуут гэх газарт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02 цагийн орчимд С.Золзаяатай маргалдаж улмаар С.Золзаяаг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Золзаяагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Мөнхзул, А.Соль, Б.Балдурен, Ц.Загирсүрэн нарын мэдүүлэг, Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №2542 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн дүгнэлтэндээ: ...Д.Эрдэнэбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын биед санатай хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирогч С.Золзаяагийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй  байдаг. Нэг болохоор нүүр, цээжрүү өшиглөсөн гэдэг, нэг бол цохьсон гэж мэдүүлдэг. Нөгөөтэйгүүр хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт намайг Эрдэнэбаатар өшиглөж байхад бид хоёроос өөр хүн байгаагүй гэж мэдүүлдэг. Гэрч Загирсүрэн Золзаяаг өшиглөж байхыг харсан гэж мэдүүлдэг зэргээс харахад хохирогч, гэрчийн мэдүүлэг зөрөөтэй байна. Мөн хохирогч Эрдэнэбаатарт цохиулснаас болж зулбалтын шинж тэмдэг илэрч, тонус өгч эмнэлэгт хэвтсэн гэж байгаа боловч өвчний түүхэн дээр бөөрний архаг үрэвсэл, зулбалт гэсэн оношоор хэвтэж эмчлүүлсэн. Үндсэн онош нь бөөрний архаг үрэвсэл байгаа. Иймд шүүгдэгчийг гэм буруугүй гэж дүгнэлт хэлсэн болно.

Шүүгдэгийн өмгөөлөгчийн “шүүгдэгч гэм буруугүй” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүх хуралдаанд хохирогч С.Золзаяа биеэр оролцсон бөгөөд хууль сануулан мэдүүлэг авахад “намайг Д.Эрдэнэбаатар нь нүүр болон цээжин хэсэгрүү өшиглөсөн. Би өшиглүүлснээ л цохиулсан гэж хэлсэн байна” гэж мэдүүлдэг,

Гэрч Ц.Загирсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Тэгээд би гадагш гартал машин дотроос Эрдэнэбаатар нь Золзаяаг өшиглөж авч байсан тэр үед Золзаяа газар унаж байсан... гэж мэдүүлдэг бөгөөд тухайн хэрэг гарсан орон зай, цаг хугацааны хувьд шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь хохирогч С.Золзаяаг өшиглөж байхыг гэрч Ц.Загирсүрэн гэрээс гарч ирэх даруйдаа харсан, энэ цаг хугацаанд хохирогч С.Золзаяа гэрчийг харах боломжгүй нөхцөл байдалд байсан, мөрдөн байцаалтын шатанд гэрчид хууль сануулан байцаалт авсан,

Нөгөөтэйгүүр хохирогчийн өвчний түүхэнд ...жирэмсэний 16-17 долоо хоног, бөөрний архаг үрэвсэл, тулгарсан зулбалт гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын өшиглөөд газар хүчтэй унасаны улмаас хүндрэл гарч эмнэлэгт хэвтсэн нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ...Би С.Золзаяаг зодож, цохьсон зүйл байхгүй... гэж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

Иймд шүүгдэгч Д.Эрдэнэбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн  /2015-12-03/ 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн санкц нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэхээр заажээ.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн санкц нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэгээс зургаан сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ...гэсэн заалтын дагуу гэмт хэрэг гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар мянган нэгжтэй /1000/ тэнцэх хэмжээний төгрөгрөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Хохирогч С.Золзаяа гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо тайлбарлахдаа. ...Би байцаагчаас асууж байгаад бүгдийг нь бичээд өгсөн байгаа. Нийт 640.000 төгрөгний зардал гарсан. Энэ зардалаас хойш машинд бензин хийж нааш цаашаа зөндөө явсан баримт байгаа нийт 850.000 төгрөг нэхэмжилж байна... гэж мэдүүлж байх боловч хавтаст хэргийн /45-46 хуудсанд/ С.Золзаяагийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт байхгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй.

Харин хохирогч С.Золзаяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримт болох СD-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 68-22 УНЗ улсын дугаартай  Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Чонос овгийн Дамдинсүрэнгийн Эрдэнэбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжтэй /мянган/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүрэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 3 сарын /гурав/ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эд мөрийн баримт болох СD-г хэрэгт хавсаргасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 00-00 УНЗ улсын дугаартай  Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДЭЛГЭРСАЙХАН