Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 27

 

М.Э-гын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0679 дүгээр шийдвэр 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0816 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: М.Э-гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

“Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, мөн өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 

Нэхэмжлэгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0679 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар Б/86 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Э-д 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.944.843 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, 2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагчдын дунд хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулалт зохион байгуулж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэнийг томилохыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/84 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын гуравын 2-ыг буюу Б.Б-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 3. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашиж байсан албан хаагчдын дунд хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулалт зохион байгуулж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэнийг томилохыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар Б/84 тоот тушаалын 2 дугаар хавсралтын гуравын 2-ыг буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0816 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0679 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч М.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарласан, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул дараах гомдлыг гаргаж байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхэд гаргах гомдлын үндэслэл: 1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/86 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн миний ажлыг хүлээлцүүлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай тушаалаар ажлаас чөлөөлсөн байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар шууд зохицуулсан хэдий ч тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааг заавал хийх ёстой талаар Захиргааны ерөнхий хуульд заасан. Маргаан бүхий буюу 2017 оны Б/84 дүгээр тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан өмчийн хэлбэрээс үл хамааран тодорхой байгууллага ажилчдын бүтэц, орон тоог өөрчлөх, хасах, цөөрүүлэх тохиолдолд хуулийн заасан хугацаанд энэ тухай мэдэгдэх, тэдгээр этгээд нь хөдөлмөрлөх үндсэн эрхээ хэрэгжүүлэх үүднээс дараагийн ажлын байрыг олох зэрэг хууль ёсны эрхийг шууд зөрчсөн.

Захиргаа буюу хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг зохион байгуулж боломжит хугацаанд санал авах ёстой. Гэтэл хариуцагч Б/84 дүгээр тушаалыг гаргахдаа хэнд ч хэлээгүй, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлоогүй эс үйлдэхүй гаргаж захиргааны шийдвэр гаргах ажиллагааг ноцтой зөрчсөн нь тус хуулийн 105 дугаар 105.1-д заасны дагуу захиргааны буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгаа нь журмыг зөрчсөн тул акт хүчингүй болгох үндэслэлтэй юм.

2. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 4.6.1-д “хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх” гэж хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх албан тушаалтанд тавигдах шаардлагыг заасан байхад шүүх нь дахин сонгон шалгаруулалт зохион байгуулахыг хариуцагч талд даалгасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Мөн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 4-т нь “албан тушаал хашиж байсан албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт зохион байгуулж тухайн албан тушаалд хэнийг томилохыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд гаргахгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын гурвын 2-ыг буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн шийдвэр гаргасан нь цаашид хэн ажиллах нь тодорхойгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хэрэв эрх бүхий албан тушаалтан нь сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шийдэх юм бол шинэ оронтоо ахин гаргаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт шүүх давуу байдлаар шүүхийн шийдвэр гаргаж байна. Миний ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс шүүх түдгэлзүүлсэн хугацаанд буюу 2 сарын хугацаанд Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалт явуулаагүй тохиолдолд ажилд эгүүлэн томилогдох эрхийг хангаж шийдвэрлэж байж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан иргэний зөрчигдсөн эрх хамгаалагдах, сэргээгдэх үндэслэл бий болдог.

4. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажлын 14 хоногийн хугацаанд холбогдох шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч хүлээн авах байтал 2017 оны 10 дугаар сарын 02-ны даваа гаригт хүлээн авсан. Шалтгаан нь миний цалингын тодорхойлолт нь хэргийн материалд хавсаргагдаагүй байсан учир 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хуулбар үнэн даруулж шүүхийн шийдвэрт тусган хугацаа алдсан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд хоёр шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх журмыг дээрх үндэслэлээр ноцтой зөрсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх хэсэгт “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэх шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.944.843 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалган шийдсэн, энэ шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн магадлалын хянавал хэсэгт “...шүүхээс нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа нэхэмжлэгчид 2.944.843 төгрөгийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэснийг хүлээж авах боломжгүй. Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчсөн нь тогтоогдсон тул захиргааны байгууллага нь өөрийн гаргасан шийдвэрийн хууль зүйн үр дагаврыг хүлээх зарчмын хүрээнд... нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн нь зөв байна” гэсэн нь хууль буруу хэрэглэсэн байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, мөн хуулийн 36.2.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж заасан байдаг.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчид 2 944 843 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын даргад даалгаж байгаа нь хууль буруу хэрэглэсэн шийдвэр болж байна. Иймд хууль буруу хэрэглэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0816 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн, давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан эрхээ хэрэгжүүлээгүйгээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Анх нэхэмжлэгч М.Э нь шүүхэд “...орон тоог цөөрүүлж байгаа тохиолдолд шаардлагыг хамгийн илүү хангаж ажилтныг шалгаруулж цөөрсөн орон тоонд ажиллуулах хуулийн шаардлагыг биелүүлээгүй, бүтэц, орон тоо өөрчлөгдсөн, хасагдсантай холбогдуулж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байвал нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх ёстой, гэтэл мэдэгдэлгүйгээр шууд чөлөөлсөн” гэх үндэслэлээр ажил, албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн хууль бус үйлдлийг тогтоож, эрхэлж байсан Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулав: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ээр нэхэмжлэлээ өөрчилсөн, шүүх хуралдаанд шүүгчийн “нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан асуулт”-д эдгээр шаардлагаас гадна “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн, мөн “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр томилуулах” гэж хариулжээ.

Гэтэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх Б.Б-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус /чухам ямар ажил, албан тушаалд томилуулахыг хүссэн/ байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу “шинэ акт” гаргаагүй тохиолдолд Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон боловч энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэхийг заалгүй орхигдуулсан зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь “орон тоо цөөрүүлсэнийг надад мэдэгдээгүй, тус тусдаа байх ажлын байрыг нэгтгэсэн нь үндэслэлгүй” гэж маргасан, хариуцагчаас “Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн орон тоо 7 байсныг 5 болгож цөөрүүлсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарласан, хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/106 дугаар захирамжаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтийн орон тоог 6-аар /нормативт 1 орон тоог оруулж/ тогтоосон, Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/249 дугаар тушаалд тусгаснаар тус хэлтэс нь 5 орон тоотой байснаас үзвэл, өмнө батлагдсан “орон тоо”-г цөөрсөн гэх хариуцагчийн тайлбар нь бодит байдлаас зөрүүтэй байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл, тайлбарт холбогдуулан түүний нэхэмжлэлийн шаардлагыг нэг мөр тодруулж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах”-аар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар тус тус хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0679 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2017/0816 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ