Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 330

 

С.Г, Б.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 47 дугаар магадлалтай, 1725003440243 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй Боржигон овогт Б.П.

2.Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 1997 онд Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн, Шаширчумбуу овогт С.Г нар нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.П, С.Г нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял, С.Ганбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Үүрийнтуяа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 144 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.П, С.Г нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.П-ийн өмгөөлөгч Д.Оюунчимэг гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Б.П-ийн цусанд этилийн спирт байгаа эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй, ямар багаж хэрэгслээр согтуурлын зэрэг шалгасан нь тодорхойгүй байхад түүний өөрийнх нь архи амссан тухай мэдүүлэг, гэрч Сүнжидмаагийн эх сурвалжаа заагаагүй мэдүүлгийг үндэслэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хүндрүүлсэн зүйл хэсгээр хэргийг зүйлчлүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг буцааж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. ...Шүүгдэгч Б.П нь мөрдөн байцаалтын үед 0.33 литрийн Ерөөл нэртэй архинаас 3 удаа уусан гэж мэдүүлсэн бөгөөд түүний энэ мэдүүлгийг үндэслэн давж заалдах шатны шүүх “согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байхад түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.3-т зааснаар зүйлчилж ял оногдуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3-т заасныг зөрчсөн байна. Хэдийгээр шүүгдэгч нь би архи уусан байсан, согтуугаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлж байгаа ч энэ мэдүүлэг дангаараа түүнийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3-т заасан. Хүний согтолтыг гагцхүү цусны шинжилгээгээр тогтооно. Өөрөөр хэлбэл тухайн хүний цусанд этилийн спирт хэр хэмжээтэй байгааг мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулсны эцэст согтуугаар гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох ёстой. Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох тухай журамд энэ талаар зохицуулсан заалт байна. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч Б.Пүрэвжанцан нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Пүрэвжанцангийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Пүрэвжанцан, С.Ганбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Орхон аймгийн прокурорын газраас 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 26 дугаар гудамжны баруун талын төв зам дээр С.Ганбаатарыг 24-77 ОРХ улсын дугаартай Хьюндай Коунти маркийн тээврийн хэрэгсэл /автобус/, Б.Пүрэвжанцанг улсын дугааргүй мотоцикль тус тус жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс мөргөлдөж, зорчигч Ж.Батбаатарын амь насыг хохироосон гэх үйлдэлд холбогдуулан Б.Пүрэвжанцан, С.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр хуульчилсан байхад прокурор шүүгдэгч Б.Пүрэвжанцанд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн дээр, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, чухал ач холбогдолтой мэдээлэл агуулсан баримтууд нь хуулийн шаардлага хангасан, тэдгээрийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжтой эсэх, шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч Б.Пүрэвжанцан, С.Ганбаатар нарын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь хүний амь нас хохирсон зам тээврийн осол гарах нөхцөлийг гарцаагүй бүрдүүлсэн, өөрөөр хэлбэл шүүгдэгч тус бүрийн үйлдэлд шууд шалтгаант холбоо бүхий гэмт хэргийн объектив шинж, гэм буруугийн бодит хамаарал тогтоогдсон, эсхүл няцаан үгүйсгэгдсэн талаар шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай шүүгдэгч Б.Пүрэвжанцангийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 47 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Пүрэвжанцангийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН