| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0090/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/103 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/103
2025/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Т.Алтанзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Дт холбогдох 2512000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Э”-ХХК-нд хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Т сумын С баг, Т гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бын Д /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө А аймгийн Өсумын Б багийн У хороолол ... тоотод хохирогч Н.Аын биед тархи доргилт, уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 3 шүдний сулрал, зүүн зовхинд зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Б багийн У хороолол ... тоотод хохирогч Н.Аын биед халдаж, нүүрэн тус газарт нь өшиглөж, гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 3 шүдний сулрал, зүүн зовхинд зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Н.Аын “...Миний бие Архангай аймгийн Ө суманд эхнэр, хүүхдүүдийн хамтаар амьдардаг бөгөөд би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зам ангийн компанид том тэрэгний жолоочийн ажил хийдэг юм. 2025 оны 03 дугаар сарын 09-ний шөнө би гэртээ буюу А аймгийн Ө сумын Б багийн У хороолол 911 тоотод ганцаараа 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи уугаад байж байтал манай хадам дүү Д 3 хүүхдээ дагуулаад ороод ирсэн. Тухайн үед манай эхнэр, хүүхэд ээжийндээ оччихсон байсан. Тэгээд миний ууж байсан архийг Д, бид хоёр хувааж уусан. Бид хоёр архиа хувааж уугаад нилээн удаан суусан ба нэг мэдэхэд би маш их согтчихсон Дт зодуулаад эхэлсэн. Д миний нүүр хэсэг рүү олон удаа цохисон бөгөөд уруул руу өшиглөж, баруун талын шилбэ хөндүүртэй болчихсон байсан. Тэгээд би Даас зугтаж гэрээс гараад шууд эмнэлэг очиж үзүүлтэл миний уруул сэтэрчихсэн, 2 нүд хөхөрч, хавдсан байдалтай байсан ба уруул дээрээ 3 оёдол тавиулсан. Эмнэлэгт очих үед 2025 оны 03 дугаар сарын 10-ны шөнийн 3 цаг өнгөрч байсан. Тэгээд би өглөө нь Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу/,
Гэрч Л.Оын “...Би 2025 оны 03 дугаар сарын 10-ны шөнө ээжийндээ хонохоор хүүхдээ аваад явсан ба тэр өдөр манай нөхөр гэртээ ганцаараа үлдсэн. Манай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эвгүй араншинтай агсам согтуу тавих гээд байдаг талтай болохоор тэр үед би ээжийнх рүү явсан юм. Н.А Өмнөговь аймагт 14 хоногийн ээлжийн ажилтай бөгөөд тэр үед амралтын үе нь байсан юм. 2025 оны 03 дугаар сарын 10-ны шөнө дунд эмнэлгийн байгууллагаас миний утас руу залгаж “танай нөхөр хүнд зодуулсан байна” гэж хэлсэн. Биеийн байдал нь ямар байна гэж асуухад “ерөнхийдөө биеийн байдал гайгүй, нилээн согтуу байна, уруул нь сэтэрсэн оёдол тавиулсан” гэж хэлсэн. Тэгээд би Аыг согтуу байсан болохоор эмнэлэг дээр очилгүй маргааш өдөр нь би нөхрөөсөө юу болсон талаар асуутал урьд шөнө хадам дүү Д манайд ирээд бид хоёр согтуу хоорондоо муудалцаж, зодолдсон гэж хэлсэн. Тэгээд би юу болсон талаар Даас асуутал шөнө дунд таныг дарамталж гэрээсээ хөөгөөд явуулсан асуудлаас болж бид хоёр хоорондоо муудалцсан гэж хэлсэн. 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өглөө Д надтай уулзсан ба юу болсныг надад хэлэхдээ А ах намайг түрүүлж алгадаж авахаар нь би зөрүүлээд өшиглөчихсөн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/,
Гэрч Б.Оийн “...Би тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр жижүүр эмчийн хуваарьтай байсан ба шөнийн 03 цаг өнгөрч байхад манай эрүүл мэндийн төв дээр хүнд зодуулсан хүн ирчихлээ гэж надад сувилагч хэлсэн. Тэгээд би тус иргэнд үзлэг хийхэд нүүр хөхөрсөн, дээд уруул сэтэрсэн цус гарч байсан тул шархийг цэвэрлэж өвчин намдаах тариа хийж 3 оёдол тавьсан. Тэгээд би тус иргэний мэдээллийг ар гэрт нь хэлсэн ба уг хүн нь манай сумын иргэн Н.А гэх хүн байсан. Би Ааас юу болсон талаар асуутал би хамаатны хүнтэйгээ хамт архи ууж байгаад хоорондоо зодолдож, зодоон хийсэн хүндээ зодуулж нүүр рүүгээ өшиглүүлсэн гэж хэлсэн. Аын нүүр хөхөрсөн, хавдсан, дээд уруул сэтэрсэн байдалтай байсан. Тэгээд тус хүний биеийн байдал тогтвортой байсан тул маргааш ирж үзүүлээрэй гэж хэлээд гэр рүү нь явуулж ар гэрт нь утсаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн АРХ0725/111 дугаартай “1. Н.Аын биед тархи доргилт, уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 3 шүдний сулрал, зүүн зовхинд зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. З.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Н.А нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 102,300 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна. Гүйлгээний утга дээр: “РД, нэр, Архангай” гэж бичнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуу/,
Яллагдагч Б.Дын “...Би өөрийн гэм буруугаа болон зүйчлэл тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д нь хохирогч Н.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал байхгүй...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн бөгөөд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хохирогч Н.Аын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 102,300 төгрөгийг шүүгдэгч Б.Д нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Д нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Мөн шүүгдэгч Б.Дт оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР