Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/106

 

 

                                                                                    2025/ШЦТ/106

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Р

Шүүгдэгч: Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналтай ирүүлсэн О овогт Ггийн Гд холбогдох 2512000220049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, А аймгийн Ц сумын О багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадваргүй, О овогт Ггийн Г /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед А аймгийн Ц сумын О багийн Ц гэх газарт байх хохирогч Ч.Гын гэрт нь орж, түүнийг гэр тойруулан хөөж илдэн, улмаар барьцалдан авч асаж байсан галын зуухан дээр нь нуруу хэсгээр нь шидэж, нуруу, хүзүү, баруун чихний дэлбээний биеийн нийт гадаргуугийн 8 хувийг хамарсан 3А-р зэргийн түлэгдэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Мөрдөн байцаалтын шатанд 2512000000025 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч Ч.Гын “...Манайх Архангай аймгийн Ц сумын О багийн Ц гэх газарт оршин суудаг. Би 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09-10 цагийн хооронд гэртээ усанд орох гээд гэрийн зууханд гал хийж ус халаагаад буцалсан усаа гаргаад, зуухаа таглачихаад байж байсан чинь гаднаас манай ахын хүүхэд болох Г орж ирээд шууд намайг өшиглөх гэж дайрсан. Би гэр тойрон зугтаасан чинь тэр чигтээ дайраад намайг бариад авсан. Тэгэхээр нь би зөрөөд барьж аваад гэрийн орон дээр нь дарсан чинь намайг салтаадаж өргөөд шууд галтай байсан халуун зуухан дээр нуруугаар тавьсан. Тэгээд би хажуулдаж эргээд унасан. Тэгээд босоод ирсэн чинь Г “чамайг алнаа, яасан үхдэггүй юм бэ” гээд дахин дайрч намайг багалзуурдан барьж авсан. ...Г нь миний талийгаач төрсөн ахын хүүхэд байгаа юм. Саяхан 10 сард ээж нь нас барсан болохоор би дүү нартаа хань болоод айл байя гэж хамт бууцгаасан. Г.Г нь өөрийгөө хянах чадваргүй, ...байнга хүнээр асруулж байдаг. ...би гомдолтой байна. Г нь ойр орчимд байгаа хүнийг зодож цохиод байдаг аюултай хүн байгаа юм. ...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/,

Гэрч Г.Рийн “...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө эхнэр, бид 2 саахалт айлынд очиж ааруулын хэв аваад эргээд гэрт ирэх хооронд Галаа ахыг нуруугаар нь зуухан дээр шидсэн хэрэг гарсан байсан. Галаа ах, Г нарын хооронд хэрүүл маргаан гарсан байх боломжгүй. Г ах угаасаа сэтгэцийн өвчтэй, ойр хавьд байгаа хүмүүсийг ална гэж занадаг. Байнга ганцаараа ярьдаг. Шөнө бараг унтдаггүй, нойрны эм уулгаж байж унтуулдаг. ...намайг малд явсан хойгуур гэрт ороод эхнэр зодож цохиод алчих вий гэж айдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн “1.Ч.Гын биед нуруу, хүзүү, баруун чихний дэлбээний биеийн нийт гадаргуугийн 8 хувийг хамарсан ЗА-р зэргийг түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуу/,

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 17 дугаартай “1. Шинжлүүлэгч Г.Г нь ОЗ:Р2068 Бусад шизофрени өвчтэй учир тэр үед өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдаж чадах чадваргүй байсан. 2. Шинжлүүлэгч нь одоо ОЗ:Р2068 Бусад шизофрени өвчтэй. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө ОЗ:Р2068 Бусад шизофрени өвчтэй байсан. 3. Албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай. Урт хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэх шаардлагатай. 4. Шинжлүүлэгч Г.Г нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. 5. Шинжлүүлэгч Г.Г нь хэрэг хариуцах чадваргүй. Тухайн үед шинжлүүлэгч нь өөртөө болон бусдад нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй байсан.” гэх дүгнэлт /хх-ийн 67-71 хуу/,  

Шинжээч М.Зын “...Г.Г нь 2018 оноос Р20.8 Бусад шизофрени гэсэн оношоор сэтгэцийн эмчийн хяналтад орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/,

Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/13 дугаартай “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамж /хх-ийн 53 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байдлыг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналтай ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 17 дугаартай дүгнэлт, шинжээч М.Зын мэдүүлэг, Архангай аймгийн Ц сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/13 дугаартай “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамж зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын санал үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гыг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Сэтгэц, эмгэг судлалын энгийн тасагт 1 /нэг/ жилийн хугацаагаар албадан эмчлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Г.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Г.Гд авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Архангай аймгийн Прокурорын газарт даалгаж, шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19.3 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Ггийн Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн болохыг тогтоосугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт Ггийн Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Сэтгэц, эмгэг судлалын энгийн тасагт 1 /нэг/ жилийн хугацаагаар албадан эмчлүүлсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Архангай аймгийн Прокурорын газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ДОНИДДОЛГОР