| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2021/05559/И |
| Дугаар | 101/ШШ2022/00613 |
| Огноо | 2022-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2022/00613
| 2022 02 14 | 101/ШШ2022/00613 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох,
60,074,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр МЭ2003 гэх орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гэрээ хугацаандаа биелэгдээгүй тул талууд 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр протокол байгуулж 120 хоногийн төлбөрт 56,100,000 төгрөгийг олгохоор шийдвэрлээд хариуцагч компанийн зүгээс орон сууц захиалгын гэрээг дараагийн худалдан авагчид худалдан борлуулахаар хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч үндсэн төлбөр 46,100,000 төгрөгийг зөвшөөрсөн учраас энэ тухай биш алдангийн талаар тайлбар хэлье. Уг протоколд 2 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийн алдангийг тооцож олгоно гэж заасан байгаа. 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Н.Э дансанд 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Тиймээс Иргэний хуулийн 205, 208 дугаар зүйлүүдэд үндэслэж гэрээ цуцалсан протокол дээрх 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх алданги, мөн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 19-ний хүртэлх алдангийг 0,1 хувиар, 8 дугаар сарын 19-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 46,100,000 төгрөгөөс 0,1 хувийн алдангийг нэхэмжилсэн. Иймд үлдэх төлбөр 46,100,000 төгрөгийг, алданги 13,974,300 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд орон сууц захиалан бариулах гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан. Гэрээний 1.3-т зааснаар үндсэн төлбөрт 26,100,000 төгрөгийг М компанид өгөхөөр заасан. Үндсэн гэрээний 2.2.1-т зааснаар 56,100,000 төгрөгийг М ХХК-д төлөхөөр тохиролцсон. М ХХК нь зураг төслийн компани. Гүйцэтгэгч компани нь М гэх компани байгаа. Энэ компаниас зуучласны ашиг гэж бартераар тухайн байрыг аваад Н.Э тай гэрээ байгуулсан. Үүнийг нэхэмжлэгч мэдэж байгаа. 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээг цуцалсан. Тиймээс үндсэн гэрээ болох 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр байгуулагдсан гэрээ дуусгавар болсон. Гэрээг цуцлахдаа төлбөрийг 120 хоногийн дотор 56,100,000 төгрөгийг Н.Эд олгохоор зохицуулсан. Гэрээ дуусгавар болсон тул алдангийг талууд тохиролцож 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд үндсэн гэрээний 2.4.1-т зааснаар 0,1 хувиар буюу 1 өдрийн 56,100 төгрөг гэж тохиролцсон. Протокол үйлдсэнээс хойш 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Н.Э Голомт банк дахь данс руу 10,000,000 төгрөг хийсэн. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 90 хоног байсан. Ингэхээр алданги нь 5,049,000 төгрөг болж байгаа. Нийт 51,149,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Үлдэх алдангийг зөвшөөрөхгүй. 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15 хүртэл алданги тооцохоор гэрээ цуцалсан актад тодорхой байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр байгуулагдсан гэрээ дуусгавар болсон байхад алданги нэмж нэхээд байгаа тул тохирсноос өөр хугацааны алданги төлөхгүй гэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохоор, 2020.04.07-ны өдрийн П2-20/03 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ, мөн 2021.05.12-ны өдрийн Гэрээ цуцалсан протокол, 2021.08.19-ны өдрийн 10 сая төгрөгийн баримтуудыг /хавтаст хэргийн 3-7 дахь тал/, хариуцагч татгалзлаа нотлохоор, М ХХК-ийн гэрчилгээ, дүрэм /хавтаст хэргийн 20-23 дахь тал/ тус тус шүүхэд нотлох баримтаар гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч М ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах тухай гэрээний дагуу шилжүүлсэн 46,100,000 төгрөг, алданги 13,974,300 нийт 60,074,300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 51,149,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үлдэх 8,925,303 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигч 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан П2-20/03 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Гэрээ цуцлах протоколоор цуцалж, хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн 56,100,000 төгрөгийг гэрээ цуцалснаас хойш 120 хоногийн дотор, мөн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарн 15-ны өдрийн хугацааны алдангийг тооцон тус тус төлөхөөр тохиролцжээ. Хариуцагч 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг төлсөн, түүнээс өөр төлбөр төлөгдөөгүй талаар зохигч маргаагүй болно. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэргийн оролцогч маргаагүй ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ирээдүйд бий болох орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан талаар нэхэмжлэгч тал шүүхэд тайлбарлаж байна.
Хариуцагч, нэхэмжлэгчийн шаардсан алдангиас 8,925,303 төгрөгийг төлөх үүрэгтэй эсэх талаар мэтгэлцэж байна.
Гэрээний 2.1.3, 2.1.4, 5.10-т зааснаар талуудын хэн нэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол нөгөө талдаа алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантэй нийцнэ. Хариуцагчийн зүгээс зохигчийн хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг дуусгавар болсноор нэхэмжлэгч нь тус гэрээний дагуу алданги шаардах эрхгүй, харин гэрээг дуусгавар болгосон протоколд заасан хугацааны алдангийг төлөхийг зөвшөөрчээ. Алдангийг тооцож үзвэл 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 89 хоногийн алданги /56,100х89=4,992,900/ 4,992,900 төгрөг ба үндсэн төлбөр 46,100,000 төгрөгийн хамт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Мөн тус протоколд зааснаар хариуцагч нь гэрээ цуцалснаас хойш 120 хоногийн дотор төлбөрийг нэхэмжлэгчид төлөхөөр, энэ хугацаанд нэхэмжлэгч алданги шаардахгүй байхаар тохирсон хугацааг хариуцагч хэтрүүлсэн учир нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн өөрийн тодорхойлсон 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хугацаанд хамаарах 67 хоногт, 46,100,000 төгрөгийн 0.1 хувь (46,100 төгрөг)-иар тооцон алданги төлүүлэхээр шаардах эрхтэй. Ийнхүү тооцсон алданги /46,100х67=3,088,700/ 3,088,700 төгрөг байна.
Иймд хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр 46,100,000 төгрөгийг алданги /3,088,700+4,992,900=8,081,600/ 8,081,600 төгрөг, нийт 54,181,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 5,865,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК -иас 54,181,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Э -д олгож, нэхэмжлэлээс 5,865,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,322 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХХК-иас 428,858 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Э олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ