Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2022/02420

 

 

 

 

 

 

 

2022 05 24 101/ШШ2022/02420

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,940,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,

Хариуцагч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2021 оны 03 сарын үед хол хорионоос шалтгаалан орлого нь буурч тодорхой хэмжээний мөнгө зээлүүлэх хүсэлт тавьсаны улмаас Ж.Д-д өөрийн боломжоор 2021-05-25-ны өдөр 70,000 төгрөг, 6-14-ний өдөр 200,000 төгрөг, 7-10-ны өдөр 800,000+200,000 төгрөг, 7-25-ны өдөр 90,000 төгрөг, 7-28-ны өдөр 130,000 төгрөг, 8-17-ны өдөр 200,000 төгрөг, 9-6-ны өдөр 20,000 төгрөг, 9-7-ны өдөр 80,000+60,000 төгрөг, 9-11-ний өдөр 400,000 төгрөг, 9-15-ны өдөр 80,000 төгрөг, 2-29-ний өдөр 270,000 төгрөг, 10-2-ны өдөр 70,000 төгрөг, 10-19-ний өдөр 100,000 төгрөг, 10-29-ний өдөр 200,000 төгрөг, 11-11-ний өдөр 750,000 төгрөг, нийт 3,940,000 төгрөгийг зээлдүүлсэн. Тухайн үед Ж.Д нь Sunday plaza-д тоот лангууг түрээслэж ажиллуулдаг байсан. Намар унаа тэрэг авах санаатай байгаа, тэр үед надад буцаагаад өгөөрэй гэж тохиролцсоны дагуу 2021 оны 05 сарын цалингаасаа илүүчлэн мөнгө шилжүүлж эхэлсэн. Өөрийн данснаас нийт 3,940,000 төгрөг өөр хүүний данснаас 2,000,000 орчим төгрөг шилжүүлсэн юм. Удаа дараа зээлдүүлсэн мөнгөө шаардсан боловч одоог хүртэл төлөхгүй байна. Хувийн харилцаа байсан, хөдөө хамт явсан 7-р сард явахдаа авсан майхан надад байгаа учир 400,000 төгрөг, 5-25-ны өдөр зээлдүүлсэн 370,000 төгрөгнөөс 300,000 төгрөг, нийт 700,000 төгрөгнөөс татгалзаж байна, 3,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 01-р сард С.Этай танилцаж, 2021 оны 03-р сараас дотно харилцаатай болсон. Тухайн үед С.Э нь сууя, хамт амьдаръя, нэг гэртээ оръё гэж гуйдаг ярьдаг байсан. Сүүлийн 3 сар Э-н гэрт ирж очин хамт хонодог байсан нь үнэн. Аав хүү хоёртой нь танилцаж их ойр байсан. Этай 2021 оны 11-р сард байнга архи уудгаас нь болж муудалцаж салсан. Эхлээд эвлэрье, нийлье гэж гуйдаг байснаа сүүлдээ хэл амаар доромжилж сүүлийн хэдэн сар дарамттай амьдарч байна. Эын нэхэмжилсэн 3,940,000 төгрөг нь миний данс руу орсон нь үнэн боловч нэг ч удаа зээлж авч байгаагүй. Энэ мөнгийг бид хоёр 9 сарын хугацаанд хамт байхдаа идэж ууж зугаалсан, хөдөө аяласан, хэрэгцээндээ зарцуулсан. Миний данс руу мөнгө хийхдээ утга нь хайртай шүү чамдаа, миний булханаа, хайраа, хонгороо гэж бичсэн байгаа нь бид хоёрын ямар харьцаатай, мөн зээл биш гэдэг нотлогдоно. Миний бие өөрийн гэсэн бизнестэй, өдөр тутмын орлоготой болохоор Этай уулзаж байх хугацаандаа тодорхой хэмжээний мөнгө гаргадаг байсан. /буудал, хоол, унд, архи дарс гэх мэт/ Э тогтсон ажил байхгүй, халтуурны ажил гарвал хийдэг. Э нь зээлээ төлөөгүй тул Монгол банкинд хар данстай, зээл гарган лизинг авч чадахгүй гэсэн учир би өндөр настай аавыг нь өрөвдөөд 2021-08-19-ний өдөр өөрийнхөө нэр дээр Sharp зурагтыг 1,299,900 төгрөгөөр авч өгсөн. Үүнээс эхний 2 сарын төлбөр 192,322 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 1,107,578 төгрөгийг би сар бүр төлж байгаа. Нэхэмжилж байгаа 3,940,000 төгрөгийн 1,200,000 төгрөг нь 2021-07-11-ээс 07-19-ний өдрийн хооронд 6 хүний бүрэлдэхүүнтэй Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай явж аялахад зарцуулсан, тухайн үед авсан майхан 1 ш, сандал 1 ш худалдан авсныг Эт байгаа. 750,000 төгрөг нь найз Жанчивдоржийнх нь цалин байсныг 7 хоног архи уухдаа цувуулж надаас нэхэж авсаар 280,000 төгрөг авсан. Дараа нь 200,000 төгрөг ажил дээр ирж бэлэн авч, өөртөө өвлийн куртка авсан. Д миний бие нь үлдсэн 200,000 төгрөгийг Жанчивдоржид 3 хувааж төлсөн. Бид хоёрын бие биедээ өгдөг, авдаг, хамт үрсэн мөнгө болохоос өөр ямар ч зээлсэн зээлдүүлсэн асуудал байхгүй. Эын нэхэмжилж байгаа 3,940,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс Төрийн банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 4-22 тал/, хариуцагчаас гэрэл зураг 7 ширхэг /хх-ийн 32 тал/, кассын чек баримт 2 ширхэг /хх-ийн 33-34 тал/, баталгаат үйлчилгээний карт /хх-ийн 35 тал/, барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 36-37 тал/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 38-67 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э-н хариуцагч Ж.Д-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3,240,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Э нь Ж.Д-гийн хүсэлтээр түүний ХААН банкны  дансанд 2021-05-25-ны өдөр 370,000 төгрөг, 6-14-ний өдөр 200,000 төгрөг, 7-10-ны өдөр 800,000+200,000 төгрөг, 7-25-ны өдөр 90,000 төгрөг, 7-28-ны өдөр 130,000 төгрөг, 8-17-ны өдөр 200,000 төгрөг, 9-6-ны өдөр 20,000 төгрөг, 9-7-ны өдөр 80,000+60,000 төгрөг, 9-11-ний өдөр 400,000 төгрөг, 9-15-ны өдөр 80,000 төгрөг, 2-29-ний өдөр 270,000 төгрөг, 10-2-ны өдөр 70,000 төгрөг, 10-19-ний өдөр 100,000 төгрөг, 10-29-ний өдөр 200,000 төгрөг, 11-11-ний өдөр 750,000 төгрөг, нийт 3,940,000 төгрөгийг шилжүүлж зээлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг 700,000 төгрөгөөр багасгаж 3,240,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Ж.Д нь С.Э-аас мөнгө зээлээгүй, 3,940,000 төгрөг нь миний данс руу орсон нь үнэн боловч нэг ч удаа зээл өгч авах тохиролцсон зүйл байхгүй, энэ мөнгийг бид хоёр 9 сарын хугацаанд хамт байхдаа идэж ууж зугаалсан, хөдөө аялсан зэрэг хэрэгцээндээ зарцуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигч 2021 онд хувийн харилцаатай байгаад, зун найз нөхдийн хамт аялж байсан гэх үйл баримт дээр маргаагүй, энэ нь баримтаар нотлогдсон.

Нэхэмжлэгч С.Э-аас хариуцагч Ж.Д-д мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга агуулга, мөнгөн дүн, хугацаа зэргээс үзэхэд зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч С.Э нь Ж.Д Sunday plaza-д  тоот лангууг түрээслэж ажиллуулж байхдаа, орлого нь буурч надаас мөнгө зээлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр зээлийн гэрээний үүрэгт 3,240,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Э-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77,990 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Д-аас 3,240,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,990 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА