2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1116

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Д.Шинэхүү, шүүгч Г.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Иргэдийн төлөөлөгч Б.Ц ,  

Улсын яллагч Л.Төгсжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.С , түүний өмгөөлөгч Т.Баярдалай,  

Шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч Б.Галхүү,

Шинжээч Я.Ганхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406092180290 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар.   

Шүүгдэгч Б.Д  нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны үүрээр ... тоот гэртээ Л.З той согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын таарамжгүй харилцааны улмаас “цагдаад барьж өгсөн” гэх асуудлаас болж хоорондоо магалдаж, Л.З гийн цээжин тус газарт хутгаар хатгаж, амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд “...шүүгдэгч Б.Д  нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны үүрээр ... тоот гэртээ Л.З той согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын таарамжгүй харилцааны улмаас “цагдаад барьж өгсөн” гэх асуудлаас болж хоорондоо магалдаж, Л.З гийн цээжин тус газарт хутгаар хатгаж, амь насыг нь хохироож, хүнийг алсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн: “...өчигдөр цуг архи уусан хүн сэрэхгүй байна. Цээжнээс нь их цус гарсан байна...” гэх гэмт хэргийн талаарх дуудлага, лавлагааны хуудас /1хх-ийн 6 дугаар тал/,

 

2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай: “...дараагийн өрөөнд модон ор байх ба орон дээр толгой хэсэгт нь ертөнцийн зүгээр баруун гар тал руу харсан, хар гутал, ягаан өмд, хар цамц, хар куртиктэй, баруун хөл нугалсан, зүүн гар хагас атгасан, зүүн гарын долоовор хуруундаа мөнгөлөг бөгжтэй, хүзүүндээ мөнгөлөг металл гинжтэй, баруун гар дээш өргөгдсөн, цээжний зүүн дээд хэсэгт 2 см зүсэгдсэн мэт шархтай, цус мэт зүйл гарсан, толгойдоо буурал орсон үстэй, нүд аниастай, хамар амнаас цус мэт улаан өнгийн зүйл гарсан эрэгтэй хүний цогцос байв. ...цогцсын хажууд цус мэт зүйлээр бохирлогдсон бор өнгийн түрийвч байв. Цэнхэр өнгийн хадагтай морин хуур, бор өнгийн тавиур тавцан хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон, хар өнгийн зурагт, бор шүүгээн дээр эд зүйл байв. ...нохойн төлөөлөгч ахмад Ц.Б , Бланка гэх дуудлагатай нохойн хамт ирж, цустай түрийвчнээс үнэр авхуулж мөрдлөг хэлбэрээр ашиглахад хэргийн газраас гарч, төмөр лааз бүхий хогийн сав үнэрлэж, 00 хэсгийг үнэрлэж дохио өгөх ба уг 00-ыг шалгахад 00-ын нүхэн дотор хаясан ягаан өнгийн иштэй, үзүүр хэсэгтээ цус мэт зүйлээр бохирлогдсон нийт 25.5 см, ажлын хэсэг 13.5 см урттай хутгыг гаргаж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн байшингийн зүүн гар талд байх төмөр саван дотроос цус мэт зүйлээр бохирлогдсон уут, ногоон алчуур, 0.75 граммын Хараа архины шил зэргийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 8-16 дугаар тал/,

 

Цагдаагийн ахмад Ц.Б н 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн: “...цогцсын хажууд байсан цустай түрийвчнээс албаны бланка дуудлагатай нохойг үнэр авхуулж мөрдлөг хэлбэрээр ажиллахад уг хэргийн газраас 20 орчим метр газар мөрдлөг хийж модон жорлонд очиж үнэр цохисон болно. Уг 00-ыг шалгахад нийт урт 25.2 см алаг өнгийн иштэй хутга олж тогтоосон болно...” гэсэн илтгэх хуудас /1хх-ийн 17 дугаар тал/,  

 

2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цогцост үзлэг хийсэн тухай: “...Биеийн өндөр 164 см, толгойдоо 3.5-аас 4 см хар өнгийн буурал орсон үстэй, 76 кг жинтэй эрэгтэй хүний цогцос байна. Цогцос хөрсөн, хөшилт эрүү, хүзүү мөчдийн булчинд тод үүссэн. Цогцсын толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хөхөлбөр хүрэн үүссэн, дарахад цайж 50 секундийн дараа хэвэндээ орно. Биеийн галбир зөв, мах мариа дунд биедээ тохирсон. Зовхи хагас нээлттэй, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, эвэрлэг тунгалаг хамрын яс мөгөөрс тэмтрэхэд бүтэн, уруул хөхөлбөр, үзэгдэх дээд, доод шүд хиймэл. Цээжний зүүн урд эгмийн дунд шугамаар 2-3-р хавирга орчимд хөндлөн байрлалтай 2.5х0.6 см эрмэг тэгш шархтай, шархыг татаж үзэхэд ир тал биеийн дотор талд байрласан шархыг шалгаж үзэхэд урдаас арагш дээрээс ялимгүй доош, зүүнээс баруун тийш чиглэсэн цээжний хөндийд нэвтэрсэн байв. Шархны эргэн тойрон хэвлийн зүүн хэсэг, зүүн гар цусаар бохирлогдсон, зүүн хөлийн ар доод хэсэгт 0.5x0.7 тав тогтсон хуучин зулгаралттай. Биед өөр харагдах гэмтэлгүй, хамрын зүүн сүвээс хүрэн улаан өнгийн зүйл гарч нүүрийг бохирлосон, бусад физиологийн сүвээс гарсан зүйлгүй. 14:30 цагт шулуун гэдэсний хэм 25 грац байна. 15:50 цагт нас бараад 8-12 цаг орчим болсон байна. Үзлэгээр хар өнгийн куртик, ягаан өмд, хар гутал, хар цамц зэргийг хураан авав. Үзлэгийг 17:47 цагт дуусгав...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 18-20 дугаар тал/,

 

2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай: “...зүүн нүдний хөмсөг зовхи хэсгийг хамарсан 3x1,5 см хэмжээтэй шалбарсан шархтай, зүүн нүдний ухархай хэсэгт 1x0.4см хэмжээтэй цус хурсан мэт улайлт үүссэн. Зүүн нүдний ухархай хэсгээс 6 см урт шулуун улайлт үүссэн. Зүүн гарын бугуй хэсэгт 3x2 см дугариг хэлбэрийн улайлт үүссэн шархтай. ...зүүн хөлийн шилбэ хэсэгт 2.5x1 см хэмжээтэй шархтай...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 22-23 дугаар тал/,

 

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “...эхний зурагт цэнхэр цагаан өнгийн иштэй 3 гэж дугаарласан хутга нь манай гэрийнх мөн байна...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 27-29 дүгээр тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр уулзсан. ...Улиастай шинэ эцсээс дээшээ яваад амьдардаг. ... тоотод амьдардаг. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44 дүгээр тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Оршуулгын зардалд 10,630,058 төгрөг, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ. Гомдолтой байгаа, шүүгдэгчээс хохирол төлсөн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч С.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...17 цагийн орчимд Д  ах манай гэрт орж ирсэн ба ус авна, усны саваа өгчих гэсэн. Тэгэхдээ архи уусан байсан. 23 цагийн орчим уг тоотоос чимээ гараад хүмүүс хэрэлдээд болиоч, нааш ир гээд орилоод байснаа чимээгүй болсон байсан. Тэгээд бид унтаад өгсөн. ...хоёр хүн хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-50 дугаар тал/,

-Дахин өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө буюу 23 цагаас 00 цагийн хооронд би гэртээ байж байхад хойд малын хашаа буюу Д  гэх хүний хашаанд 2 хүн хоорондоо хэрэлдэж, маргалдаж байсан. 1 хүн нь болиоч, явъя гэх утгатай зүйлийг хэлж байгаад тухайн 2 хүн хоорондоо маргалдахаа болиод чимээгүй болсон. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-53 дугаар тал/,

 

Гэрч Ц.Б н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...нэгжлэг хийлгэх үед нохой гэрийн хаалгаар гэрээс зүүн хойд зүгт 10-13 м орчим зайд байх модон нойл дээр очоод зогссон ба модон нойлд хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл байж болзошгүй талаар хошууч Б.Алтангэрэлд мэдэгдсэн. ...нойлын хажууд очоод үнэр алдсан бөгөөд цааш үргэлжлүүлж яваагүй. Энэ үйлдлээрээ нохой нь эцсийн ул мөр дуусаж байгааг илтгэдэг юм. Уг хашаанд самнан хийх үед нохой модон нойлоос өөр чиглэл заагаагүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 55 дугаар тал/,

 

Гэрч Н.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд Д  архи нэхэж эхэлсэн. Манай эхнэр Д д уурлаад байсан. Д  манай гэрт байгаад байсан учраас эхнэрийг гэрээс гарч явсан хойгуур хойноос авчирсан 1 шил архиа Д тэй хамт хувааж уусан. Архи уугаад дууссан учир Д  гэр лүүгээ яваад өгсөн. ...Би Д гийн гэрийн урд талын орон дээр нь хувцастайгаа хэвтэж байгаад нэг мэдсэн чинь жаахан зүүрмэглээд унтах гэж байтал гэнэт нэг хүн хуруунаас татах шиг болсон. Гайхаад сэрээд хартал Д гийнд байсан эмэгтэй миний зүүн гарт байсан алтан бөгжийг хуруунаас сугалаад авахдаа тухайн эмэгтэй сандарч миний бөгжийг газар унагаасан. Би бөгжөө авч хуруундаа хийгээд Д , тухайн эмэгтэй хоёрыг хараагаад гэрээс гарах гэж байтал нөгөө эмэгтэй гэнэт орилоод эхэлсэн. Д  энэ намайг хулгайч гэлээ гэж хэлэн орилоод эхэлсэн ба Д  босож ирээд миний толгойг хагалсан. Тэгээд би уурандаа Д гийн гэрийн ширээг нь өшиглөж хаяад гарах гэж байтал Д  ард хутга барьчихсан байхаар нь гал тогооны тавилга дээр байсан ус буцалгагчийг аваад Д  рүү шидээд гараад явсан. ...Өчигдөр юу болсон талаар ярьж байхад тухайн эмэгтэй би Д д зодуулаад гэж хэлээд цамцны захаа сөхөөд харуулахад баруун талын хүзүү, мөр, эгэм, цамцны доод хэсгийг сөхөөд харуулахад баруун талын бөөр хэсэг нь хөхөрсөн харагдаж байсан. Тэгээд бид гурав хоорондоо ярьж байгаад Д д хандан “чи өчигдөр хүн алах байсан шүү, хутга энэ тэр бариад болохгүй, чи хүн алах нь байна шүү” гэхэд Д  “би юу ч санахгүй байна” гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58 дугаар тал/,

 

Гэрч М.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д тэй хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг 22 минутад над руу залгаад өчигдөр манай гэрт ирсэн найз өглөө сэрсэн чинь цээж хэсгээс цус гарчихсан байна гэхээр нь би түргэн болон цагдаа дуудаач гэж хэлсэн чинь надад нэгж байхгүй байна гэхээр нь би өөрийн утаснаас 300 нэгж явуулсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 60-61 дүгээр тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай: “...саарал эрээн дотуур өмд дээр цус илэрсэн. ...уг илэрсэн цусны ДНХ тогтоц нь Б.Д гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 83-88 дугаар тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 238 дугаартай: “...Хар хөх өнгийн куртик, хөх өнгийн цамц, ногоон эрээн футболк, хар өнгийн хилэн өмд, цоохор эрээн өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн дотоож дээр цус илэрсэн. ...уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Л.З гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 106-112 дугаар тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 236 дугаартай: “...Тунгалаг өнгийн хуванцар таг, 00-ийн цаас зэргээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь 238 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Л.З ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 151-152 дугаар тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 136 дугаартай: “...Амь хохирогч Л.З гийн цогцост цээжний зүүн урд дээд хэсэгт эгмийн дунд шугамаар 2-3-р хавирганы завраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх ир үзүүр бүхий зүйлийн зулгаралт, мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүснэ. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 4.5 промилли илэрсэн. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис шээсэнд илрээгүй байна. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Амь хохирогч нь хоёрдугаар бүлгийн цустай байна. ДНХ бүтцийг шинжээч эмч тогтоохгүй. 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн жижүүрийн шинжээч эмчийн цогцсын гадна үзлэгээр 15 цаг 50 минутад амь хохирогч нас бараад 8-12 цаг орчим болсон байжээ. Амь хохирогч нь цээжний зүүн урд дээд хэсэгт эгмийн дунд шугамаар 2-3 дугаар хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог гадуур болон дотуур цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт /1хх-ийн 123-135 дугаар тал/,

 

Шинжээч Ч.Эрдэмболорын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Амь хохирогчид учирсан хатгагдаж зүсэгдсэн шарх нь цээжний зүүн урд, дээд хэсэгт эгэмийн доор 2-3 дугаар хавирганы завсар урдаа арагш дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэлтэй байсан бөгөөд уг хутганы чиглэлээс үзэхэд хүн өөрөө өөртөө учруулах боломжгүй. ...өөд өөдөөсөө харсан байрлалтай хүн баруун гартаа хутга барьсан хүн хутгалах боломжтой. ...шархны биед байрласан түвшин болон гэмтээсэн эрхтний анатомийн байрлалаас дүгнэхэд 10 см болон түүнээс дээш урттай хутгаар үүссэн байх боломжтой. ...задлан шинжилгээнээс гарсан өөрчлөлтөөс үзэхэд гэмтэл учирснаас 5-10 минутад нас барсан байх боломжтой. ...өглөөний 6-8 цагийн хооронд нас барсан байх боломжтой. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 137-138 дугаар тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 404 дугаартай: “...Б.Д гийн биед зүүн зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 194-195 дугаар тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181 дугаартай: “...Б.Д  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна. ...хэрэг болсон гэх цаг хугацаанд болон одоогийн нөхцөл байдалд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Б.Д  нь хэрэг хариуцах чадвартай байна. ...сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 117-118 дугаар тал/,

 

Шинжээч Я.Ганхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Энгийн сэтгэл цочрон давчдал нь өөрийн үнэт зүйлд халдах, амь насанд халдах, тайван нөхцөл байдалд богино хугацаанд үүсдэг сэтгэл хөдлөл буюу эрүүл хүнд үүсдэг асуудал. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед сэтгэл давчдалд орох зүйл байхгүй гэж үздэг. Энгийн цочрол давчдал нь эрүүл хүнд буюу мансуураагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хүнд үүсдэг. Аффект хэдэн секундээс хэдэн долийн хооронд үүсдэг. Хутга бариад дайрсан тохиолдолд сэтгэл давчдал үүсээгүй гэж үзэж байна. Тухайн нөхцөл байдлаас хамаарах байх. Аффект нь зөвхөн эрүүл хүнд үүсдэг гэдэг нь бие физиологийн хувьд эрүүл, мансуураагүй, согтуураагүй хүнд үүсдэг цочрон давчдал. Хавтаст хэргийн хүрээнд танилцаад оролцогч нар ямар зүйл ярьсан байна, хэр удаан маргалдсан зэрэг зүйлийг шинжлэн судалж байгаад дүгнэлт гаргана. Миний хувьд хэлэхэд цочрон давчидсан байдал үүсээгүй гэж үзэж байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн: “...согтуурлын зэрэг 1.25 ...зүүн нүдний хөмсөг нь улайж, зулгарсан, нүдний ухархай улайсан, зүүн гарын бугуй хэсэгт хуучин шархтай...” гэсэн эрх бүхий албан тушаалтны тогтоол /2хх-ийн 1-2 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

            Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Д  мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Тэр өдрийн орой 10 цаг өнгөрч байхад З  над руу утасдаад “би танайх руу очиж хонолоо, надад тус болооч, манай цонх давхраараа хагархай, чи 100 айл дээр таньдаг ажил хийдэг хүн байгаа юм чинь тэр хүндээ хэдээд надад цонх шиллээд өгөөч” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь тэгье гэж хэлсэн. Урьд нь бид хоёр хамт амьдардаг байсан юм. Тэгээд такси бариад очлоо гэж хэлээд нэлээн удсаны дараа би танай гэрийг олохгүй байна гэж согтуу ярихаар нь гудамжны доор байдаг дэлгүүрийн гадаа очоод гар утас руу нь эргэж залгаад нөгөө машиныг нь олоход замынх нь нөгөө эсрэг талд нь өөдөөс хараад зогсож байсан. Тэгээд очоод такситай нь яваад гэрийнхээ гадаа хүргүүлж бид хоёр буусан. Тэр үед З  нэг шил ундаа, 0,75 граммын Хараа архи авчихсан явж байсан. Манай гэрт орж ирэхээр нь би хөргөгчөөс талх гаргаад унтлагын өрөөний орны дэргэд байдаг ширээн дээрээ хутгаар зүсэж тавиад сууж байхад З  архиа 2 граммын шилэн стаканд дүүргэж хийгээд надад нэгийг нь өгөөд уучих гэж хэлэхээр нь би ходоод өвдөөд байгаа талаараа хэлээд уухгүй гэж хэлсэн чинь уучих гэж хэлээд чанга дуугаар агсраад байсан. Тэгэхээр нь өрөөний хойд талын орон дээр зурагт хараад хэвтэж байхад З  гэнэт босож ирээд миний зүүн талын нүдний хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би босож ирээд хувцсаа өмсөх гээд сууж байхад ширээн дээр байсан хутга аваад над руу дайрсан. Би тэгэхэд нь хутгатай гарыг нь барьж аваад бид хоёр нэг хэсэг ноцолдсон. Тэгээд салаад би хойд орон дээр суугаад, З  урд орон дээр сууж байгаад архиа уугаад гар утсаараа оролдоод байхаар нь би цаашаа хараад орон дээрээ хэвтсэн. Нэг мэдсэн өглөө болсон, гэр сэрүүхэн болчихсон, өглөөний гэгээ орсон бололтой, ойролцоогоор 08 цаг орчим болж байхаар нь галаа түлэх гээд боссон. З гийн гар утас цэнэглээтэй байсан бөгөөд дуугараад байхаар нь утас чинь дугараад байна гээд татсан чинь хувцастайгаа орон дээр тэр чигээрээ унтсан юм шиг, цээжин хэсгээс нь цус гарсан харагдахаар нь сандраад найз С  рүү залгаад манайд нэг найз ирээд хамт архи уусан чинь өглөө сэрээд сэрээх гэхэд гар нь хүйтэн, цээжнээс нь цус гарсан байна яах вэ гэж асуухад шууд цагдаад мэдэгд гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаагийн 102 дугаарт залгаад цагдаа ирэхээс өмнө шалан дээр байсан хутгыг аваад гадаа нойлд оруулж хаяад, архины шил, орны өмнө гоожсон цусыг арчиж цэвэрлэсэн.Тэгээд байж байхад цагдаагийн алба хаагчид ирсэн. ...” гэж /1хх-ийн 229-230 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр: “...2024 оны 11  дүгээр сарын 01-ний өдөр орой 16 цагийн үед З  над руу залгасан бөгөөд танайд хүн байна уу, чи гэртээ байна уу гэсэн юм. Бид хоёр урьд 2-3 жил хамт амьдарч байсан бөгөөд манайхаар ирж очин байдаг байсан. Сүүлд 2 жилийн өмнө тусдаа хашаа байшин авсан бөгөөд надтай ярихдаа цонх хаалгаа эвдчихлээ, маргааш хөдөө явна гэж хэлсэн. Би “хүрээд ир, шилийг чинь зүсүүлээд өгье” гэж хэлсэн. 17 цагийн үед танайх руу очих гэж байна гэж ярьсан бөгөөд ярианаас нь нэлээд согтуу ярьж байсан. Тэгээд 21-22 цагийн хооронд залгахад “чи таксины жолоочтой ярь” гээд ярьсан. Тэгээд зам дээр дэлгүүрийн  гадаа зогсож байсан ба савтай ундаа, 0.75 литрийн архитай ирсэн. Чамд зориулж авч ирсэн юм гэж хэлсэн. Бид хоёр нийлэхээрээ ууж иддэг байсан. Миний ходоодны шарх өвдөөд байх шиг байна, эм нь таарахгүй байна гэдэг. Ажил ярьж байхад чи битгий маяглаад бай гэж хэлдэг. Би архинаас нь эхний өгөхийг нь амсаад тавьсан. Би аягатай архиа хажуудаа тавьчхаад орондоо орж хэвтсэн. З  чи уугаагүй юм уу, битгий маяглаад бай гээд ирээд цохиод авсан. Чи урьд намайг цагдаад матаж байсан гэсэн. Хэдэн жилийн өмнө машинтай нь Сүхбаатар аймагт айлын хашаа мөргөсөн байсан. Цагдаа нь ирээд аваад явсан бөгөөд тэндээ хонзонтой байдаг юм. Тэгээд байж байтал ирээд цохихоор нь би шууд цагдаа дуудсан. Миний хаягийг бичиж аваад цагдаа ирээгүй. Орон дээр суугаад утсаа янзалж байсан бөгөөд талх, талхны сав, хутга зэрэг бүгд байсан. Манай телевиз унтраастай, бусад өрөөний гэрлүүд асаалттай байсан. Эргэж ирээд стакантай архийг уурандаа уугаад хэвтээд өгсөн. Шилтэй архинаас ахиж нэгийг хийгээд уучихсан. Утас чинь дуугараад байна гээд куртикийг нь таттал цус болчихсон байсан. Найз руугаа залгаад яах вэ гэхэд шууд цагдаад хэл гэсэн. Нэгжгүй болчихсон байсан бөгөөд найзаасаа 300 нэгж авсан. Би яаснаа ч мэдэхгүй байна, хэцүү байдалд орчихлоо гэж хэлсэн. Тэр хавийнх нь зүйлийг хамж цэвэрлэчхээд байж байтал намайг цагдаа руу явуулсан бөгөөд шөнийн 12 цагт дуудаж гаргаж ирээд мэдүүлэг авсан....” гэж /шүүх хуралдааны тэмдэглэлд/ тус тус мэдүүлснийг дурдав.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Д  нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны үүрээр ... тоот гэртээ Л.З той согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын таарамжгүй харилцааны улмаас “цагдаад барьж өгсөн” гэх асуудлаас болж хоорондоо маргалдаж, Л.З гийн цээжин тус газарт хутгаар хатгаж, амь насыг нь хохироож хүнийг алсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд 10,630,058 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ оршуулгатай холбоотой зардлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Баярдалайгаас: “...Шүүгдэгч Б.Д гийн хувьд тухайн цаг хугацаанд хоёулаа байсан. Гэрч С , Гэрэлмаагийн мэдүүлгээр маргалдаж байсан нь тухайн цаг хугацаанд тогтоогддог. Уг маргаан цочрон давчдах хэмжээнд байсан уу гэвэл шүүгдэгчийн мэдүүлэг, мэдэж байгаа байдал, гэмт хэргээ ухамсарлаж энэ хугацаанд цочрон давчдаад л гэх зүйл байх боломжгүй. Хэргийн үйл баримт өрнөж байсан үйл явц цочрон давчидсан үйл баримт байна. Шархны улмаас дотуур цус алдаж нас барсан шинжээчийн дүгнэлт байна. Нас барсан шинжээчийн дүгнэлтээр эмнэл зүйн дүгнэлт байгаа. Үргэлжилж явсан зүйл байхгүй, хутгыг авсан гэдэг үндэслэлээр хутгыг авсан үйл баримт байна. Цагдаагаас айж арчиж цэвэрлээд, жорлонд хийсэн нь ийм үйлдэл хийсэн гэдэгтээ хэргийн үйл баримт байна. Хохирлын тухайд гэмт хэргийн хохирол хор уршгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан. Хохирол гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас тухайн хүний бие цогцсыг оршуулах, цайллага үйлдэх зүйл байна. Өөрийн төрсөн хүүхэд энэ үйл ажиллагаанд оролцож үйлдэх нь ойлгомжтой тул Улаанбаатарт ажил төрөлтэй байхад нь ажлаасаа цалингүй чөлөө авч ирсэн байдаг. Өөрийн процессын хувьд хорогдож ирж байна. Бусад зардлууд баримтаар нотлогдох байх. Энэ гэмт хэргийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна. Хүний амь нас хохирсонтой холбоотой зүйл болсон.  Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийг үндэслэж нэхэмжлэх саналтай байна. Иймд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг гаргаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүүгээс: “...Шүүгдэгч бусдын амь насыг хохироосон үйл баримтад маргахгүй. Д  хэрэг болох үед эрүүл байсан талаар мэдүүлж байна. Цочрон давчидсан зүйл байхгүй байсан. Хавтаст хэрэгт авагдсан Д гийн биед шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг учруулсан. Амь хохирогч Д д халдсан үйлдэл тогтоогдож байна. Хүн өөрийнхөө зүүн нүдийг тэгж цохиж чадахгүй. Бусдыг архи согтууруулах ундааны зүйлээр шахсан, урьдын харилцааны зүйлсийг ярьж, хутга барьсан зүйл нотлох баримтаар тогтоогдсон. Шинжээч согтуу хүн бол аффектэд орох боломжгүй гэж байна. Шинжээч хэзээ уусан үйл баримтыг тодруулаагүй буюу анхааралтай ажиглаагүй. Аффект гэх ойлголт нь эрүүл хүнд үүсэх боломжтой бөгөөд өөрийн үнэт зүйл рүү халдсан гэж байна. Хүний үнэт зүйл бол амь нас байгаа. Иймд хутга бариад дайрвал аффектэд орох боломжтой гэж дүгнэсэн. Ганхүү эмч 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргах боломжтой. Цочрон давчдах гэх субьектив шинжийг мэргэжлийн бус хүмүүс тогтоож чадна гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан зүйлчлэл эсэх дээр маргаантай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд эргэлзэж байна. Хохирол төлбөрийн тухайд бүгдийг нь төлье, байгаа зүйл нь ганц газар л байна, сайн ярилцах байх...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Ц аас: “...Б.Д гийн өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, өмнө нь хоёр удаагийн ял шийтгэлтэй, Хуралд оролцогчдын мэдүүлэг, баримт, дүгнэлт зэргээс харахад гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд шүүгдэгч Б.Д  нь амь хохирогчийн цээжин тус газарт хутгаар хатгаж, цээжний зүүн урд дээд хэсэгт эгмийн дунд шугамаар 2-3 дугаар хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог гадуур болон дотуур цус алдаж, амь нас хохирсон нөхцөл байдал нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 136 дугаартай амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч  Б.Д  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Д  нь амь хохирогчийн цээжин тус газарт хутгаар хатгасан үйлдэл болон хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Д г “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгчийн “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэх дүгнэлт шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлттэй нийцэж байх тул няцааж дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.Д  нь “...сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна. ...хэрэг болсон гэх цаг хугацаанд болон одоогийн нөхцөл байдалд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Б.Д  нь хэрэг хариуцах чадвартай байна. ...сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...” гэж дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүүгээс: “...Амь хохирогчийн хутга бариад дайрсан үйлдлээс болж шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж улмаар хүний амь насыг хохироосон. ...Шинжээч согтуу хүн бол аффектэд орох боломжгүй гэж байна. ...хутга бариад дайрвал аффектэд орох боломжтой гэж дүгнэсэн. Ганхүү эмч 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргах боломжтой. Цочрон давчдах гэх субьектив шинжийг мэргэжлийн бус хүмүүс тогтоож чадна гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан зүйлчлэл эсэх дээр маргаантай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд эргэлзэж байна...” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг сэтгэл санаа гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж үзнэ.

Хэргийн үйл баримтаар “...шүүгдэгч Б.Д  нь гэртээ Л.З той согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...хоорондоо магалдаж, Л.З гийн цээжин тус газарт хутгаар хатгаж, амь насыг нь хохироосон...нөхцөл байдал тогтоогдсон.

Хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг үйл баримтыг сэргээн дүрслэхэд ач холбогдолтой байна.

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...З  гэнэт босож ирээд миний зүүн талын нүдний хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би босож ирээд хувцсаа өмсөх гээд сууж байхад ширээн дээр байсан хутга аваад над руу дайрсан. Би тэгэхэд нь хутгатай гарыг нь барьж аваад бид хоёр нэг хэсэг ноцолдсон...” гэж,

Шүүх хуралдаанд: “...З  чи уугаагүй юм уу, битгий маяглаад бай гээд ирээд цохиод авсан. ...Орон дээр суугаад утсаа янзалж байсан бөгөөд талх, талхны сав, хутга зэрэг бүгд байсан...” гэж тус тус мэдүүлсэн.

Уг мэдүүлгүүдээс харахад хохирогч нь архиар шахах, цохих зэрэг зүй бус үйлдэл хийж байсан ч шүүгдэгч уг үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автах, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, хяналт тавих чадваргүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шинжээч Я.Ганхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед сэтгэл давчдалд орох зүйл байхгүй гэж үздэг. Энгийн цочрол давчдал нь эрүүл хүнд буюу мансуураагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хүнд үүсдэг. Аффект хэдэн секундээс хэдэн долийн хооронд үүсдэг. Хутга бариад дайрсан тохиолдолд сэтгэл давчдал үүсээгүй гэж үзэж байна. Тухайн нөхцөл байдлаас хамаарах байх. Аффект нь зөвхөн эрүүл хүнд үүсдэг гэдэг нь бие физиологийн хувьд эрүүл, мансуураагүй, согтуураагүй хүнд үүсдэг цочрон давчдал. Миний хувьд хэлэхэд цочрон давчидсан байдал үүсээгүй гэж үзэж байна. ...” гэх мэдүүлэг болон дээр дурдсан шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч нарын мэдүүлгүүдээр өмгөөлөгчийн дүгнэлт үгүйсгэгдэж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.С  нь оршуулгын зардал, цалин, банкны зээл зэрэгт 10,630,058 төгрөг, мөн сэтгэл санааны хохирол гаргуулах хүсэлт гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад оршуулгын зардал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн олох байсан цалинд нийт 9,814,987 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “...сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж,

Мөн зүйлийн 511.5 дахь хэсэгт “...Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж тус тус заасан.

Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаалаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” батлагдсан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “...хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай...” тогтоол гарсан.

Иймд шүүх дээрх хууль болон журам, тогтоолыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон 99,000,000 төгрөгөөр тооцон олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Д гээс нийт 108,814,987 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.С д олгохоор шийдвэрлэлээ.

Харин шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Голомт, Хас банкнаас гар утас зээлээр авсан, зээлийн үлдэгдлийг шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь амь хохирогч нь зээлээр авсан гар утсаа өөрөө ашиглаж байсан бөгөөд гар утас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид байгаа зэргээс харахад шүүгдэгч уг зээлийг хариуцах үүрэггүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Баярдалайгаас: “...Улсын яллагчтай санал нэг байна. Хэдийгээр гэмт хэрэг зөрчил үйлдсэн ч хүн гэдэг агуулгыг харах хэрэгтэй. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Маргаан гарсан шүүгдэгчийн биед хохирол учраагүй ч гэмтэл учирсан нь хавтаст хэрэгт тогтоогдсон...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүүгээс: “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, завсарлага авч 5 хоног авсан ч таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдвөл 5 хоногийн дотор багтаах боломжгүй. Шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ 20 жил амьдарсан, газрын гэрчилгээ миний нэр дээр байдаг. Өөрийн нэр дээрх хөрөнгөө хохирогчийн ар гэрт шилжүүлж өгөхөө илэрхийлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж, 8 жилийн 3/2 буюу 05 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 250 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 232 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 249 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Д г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “амь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д гийн хойшлуулшгүйгээр баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д г 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д гийн хойшлуулшгүйгээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Б.Д гээс 108,814,987 /нэг зуун найман сая найман зуун арван дөрвөн мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.С д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.