2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1015

 

   2025       04         22                                    2025/ШЦТ/1015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч: М.Сүхчулуун,

хохирогч: Б.Х,

шүүгдэгч: А.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Зд холбогдох эрүүгийн 2406009592345 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч А.З нь бусдын эд хөрөнгийг өөртөө авах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.Хд "манай аав осолд ороод эмнэлэгт байна, яаралтай мөнгөний хэрэг байна, та 7,000,000 төгрөг зээлээч би сар болгон 1 сая төгрөг буцааж өгнө" гэж итгүүлэн "Хаан" банк дахь өөрийн эзэмшлийн .................... дугаарын дансаар 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, 1,000,000 төгрөгийг буцаан өгч, 6,000,000 төгрөгийг буцаан өгөлгүйгээр, 2023 оны 07 дугаар 08-ны өдөр "яаралтай мөнгөний хэрэг боллоо 300,000 төгрөг хэрэгтэй байна" гэж итгүүлэн "Хаан" банк дахь өөрийн .................... дугаарын дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр нийт 6,300,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогчийг бодитой бус хуурамч мэдээллээр хангаж, бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.З нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2406009592345 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

Хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "...................." ХХК-ийн офиссын 301 тоотод манай ажлын газрын туслах ажилтан гэх залуу А.З нь манай өрөөнд орж ирээд уйлаад "манай төрсөн аав Адьяабиш нь осолд орчихлоо гэмтлийн эмнэлэгт байгаа хагалгаанд орох шаардлагатай боллоо мөнгө хэрэгтэй байна, 7,000,000 төгрөг зээлээч надад туслаач би цалингаасаа сар болгон 1,000,000 төгрөг өгье" гээд тэгэхээр нь би маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 59 минутад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "...................." хотхон 218 дугаар байр 115 тоотод байрлах гэртээ байхдаа өөрийн "Хаан банкны .................... тоот Б.Х гэх данснаас "Хаан" банкны .................... А.З гэх данс луу 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 6 сарын эхээр ажилдаа ирэхгүй таслаад алга болоод хаяж яваад халагдсан. Тэгээд ажлаас гарсны дараа би А.З руу залгаж мөнгөө нэхэж асуухад "удахгүй өгнө" гээд таг алга болчихсон утсаа ч авахгүй. Тэгэхээр нь би А.Зын ээж гэх Д.Мтой ............. дугаарын утсаар холбогдож яриад "танай хүү чинь ингээд надаас аав осолд орчихлоо гээд мөнгө зээлсэн" гэж хэлэхэд юу яриад байгаа юм манай нөхөр ямар нэгэн осолд ороогүй" гэж хэлсэн би тодруулъя гээд дараа нь тэр өдөртөө орой нь дахиж холбогдоход "худал хэлж авсан байна, манай хүү өөртөө аваад тэр мөнгийг чинь хэрэглэчихсэн юм байна, чи өөртэй нь ярь" гэсэн Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр над руу ............. гэсэн дугаараасаа залгаад "ах аа би Сүхбаатар аймагт явж байна харих унааны мөнгөгүй, болчихлоо хотод очоод таны мөнгийг бүтээж өгөх гээд байна" гэхээр нь 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр "Хаан" банкны .................... А.З гэх данс луу 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш огт холбоо харьцаа тасраад миний утсыг авахаа байгаад намайг блок хийчихсэн. Одоо ямар ч холбоо байхгүй ар гэртэй нь хүртэл холбогдож чадахгүй байгаа иймд би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /хх15-16/

2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр "Хаан" банк дахь Б.Хн эзэмшлийн .................... дугаартай данснаас "Хаан" банк дахь А.Зын эзэмшлийн .................... дугаартай данс руу нь 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл баримт /хх-ийн 31/,

"Хаан" банк дахь Б.Хн эзэмшлийн .................... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35/,

2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр "Голомт” банк дахь Б.Хн эзэмшлийн ............. дугаартай данснаас "Хаан" банк дахь А.Зын эзэмшлийн .................... дугаартай данс руу нь 300,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-ийн 37/,

"Голомт” банк дахь Б.Хн эзэмшлийн ............. тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38/,

Шүүгдэгч А.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн өдөр надад мөнгөний хэрэг их гарсан тул би Хангай ах руу залгаад манай аав осолд орчихлоо яаралтай мөнгөний хэрэгтэй байна, та надад туслаач гэж хэлээд өөрийн "Хаан" банкны .................... дугаарын дансаар Хангай ахаас 7,000,000 төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд уг мөнгөөр утасны лизинг төлж, зээлийн аппликейшингийн өрийг дарж, өөртөө хувцас авч, идэх юм идэж ууж уг мөнгийг дуусгасан. Би тэр үед Хангай ахын уурхайд ажилладаг байсан, Хангай ах манай уурхайн дарга байсан. Би мөнгөгүй байсан болохоор тэр үед аав осолд орсон гэж Хангай ахад худал хэлэн итгүүлээд 7,000,000 төгрөг авсан. Харин үүнээс 2023 оны 7 дугаар сарын эхээр би Хангай ахад 1,000,000 төгрөг Хангай ахын .................... данс руу нь шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа дахин 300,000 төгрөг хэрэгтэй байна гэж уг мөнгийг өөрийн "Хаан" банкны .................... дугаарын дансаар шилжүүлэн авсан. Тэгээд түүнээс хойш одоог хүртэл уг 6,300,000 төгрөгийг Хангай ахад өгөөгүй байгаа. Би гэм буруу үйлдэлдээ маш их харамсаж байна..../хх-ийн 28/,

            Шүүгдэгч А.Зын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 42-61/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Зд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.З нь бусдын эд хөрөнгийг өөртөө авах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.Хд "манай аав осолд ороод эмнэлэгт байна, яаралтай мөнгөний хэрэг байна, та 7,000,000 төгрөг зээлээч би сар болгон 1 сая төгрөг буцааж өгнө" гэж итгүүлэн "Хаан" банк дахь өөрийн эзэмшлийн .................... дугаарын дансаар 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, 1,000,000 төгрөгийг буцаан өгч, 6,000,000 төгрөгийг буцаан өгөлгүйгээр, 2023 оны 07 дугаар 08-ны өдөр "яаралтай мөнгөний хэрэг боллоо 300,000 төгрөг хэрэгтэй байна" гэж итгүүлэн "Хаан" банк дахь өөрийн .................... дугаарын дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр нийт 6,300,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогчийг бодитой бус хуурамч мэдээллээр хангаж, бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

Хохирогч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх15-16/

2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр "Хаан" банк дахь Б.Хн эзэмшлийн .................... дугаартай данснаас "Хаан" банк дахь А.Зын эзэмшлийн .................... дугаартай данс руу нь 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл баримт /хх-ийн 31/,

"Хаан" банк дахь Б.Хн эзэмшлийн .................... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35/,

2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр "Голомт” банк дахь Б.Хн эзэмшлийн ............. дугаартай данснаас "Хаан" банк дахь А.Зын эзэмшлийн .................... дугаартай данс руу нь 300,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /хх-ийн 37/,

"Голомт” банк дахь Б.Хн эзэмшлийн ............. тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38/,

Шүүгдэгч А.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.Зын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Б.Хд учирсан хохирол, үр дагавар нь хоорондоо шууд шалтгаант холбоотой.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурах эсхүл баримт бичиг эд зүйл цахим хэрэгсэл ашиглан эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар авахын зэрэгцээ буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.

Шүүгдэгч А.Зын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч А.Зын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Хд 6.300.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй тул түүнээс 6.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хд олгох нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.

          Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч хохирол төлөөгүй тул 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэжээ.

Шүүгдэгч А.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зд 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зд 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Заас 6.300.000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Х-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Г.УУГАНБААТАР