Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/12

 

Б.Тд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              Г.Чинзориг  

Прокурор                                                  Д.Нямдэлэг

Өмгөөлөгч                                                 М.Энхтуяа

  Р.Ганчулуун

Шүүгдэгч                                                   Б.Т нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун, М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Тд холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1975 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Ш овогт Б.Т.

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын олборлолтын 19-93 дугаар цооногуудын орчмоос ______ улсын дугаартай “Исүзү” маркийн кран тоноглолтой тээврийн хэрэгсэл ашиглан “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн эзэмшлийн “Lead go” брендийн RS/S11 маркийн 125-160 КВа-ийн 9 ширхэг трансформаторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 53,160,114 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр шүүгдэгч Б.Т-гыг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, ноцтой хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Ш овогт Б.Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлж, бусдад 53.160.114 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ынгэмт хэрэг үйлдэхэд ашигласан “ISUZU FORWARD” маркийн кран тоноглолтой ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Т-ын ...... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Тас бусдад учруулсын хохиролд нийт 11.100.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.Б-рт олгож, хохирогч байгууллага болох “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн төлөөлөгч Б.Э нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг “Петрочайна Дачин тамсаг” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нар 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Шүүх 2020.10.05-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан боловч захирамжийн биелэлтийг огт хангаагүй байхад шийдвэрлэсэн байна. Прокурор ёс төдий байцаалт авч захирамжид заасан үндэслэл бүхий шалгах ажиллагааг хийгээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

2. Дахин хийлгэсэн эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, учир нь зах зээлийн ханшаар үнэлээгүй. Зөвхөн гэрчээс мэдүүлэг авсан төдийгөөр Вендо ХХК-аар үнэлгээг хийлгэсэн. Энэ нь үйлдвэрлэгдсэн он, монголд оруулж ирсэн хугацаа зэрэг нь оны хувьд зөрүүтэй байхад буюу ажиллаж байгаа гэсэн гэрчийн мэдүүлгээр л тогтоосон. Хавтаст хэрэгт зах зээлийн үнийг трансформатор бүр дээр хэвлэж хавсаргасан байгааг огт үнэлээгүй. Трансформаторын үнэлгээнд гомдол гаргаагүй гэдгээр 53 160 114 төгрөг гэж үнэлгээг тогтоосон.

3. Захирамжаар О.Б, А.Т нарыг хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж авсан гэдэг үндэслэлээр шалгахыг даалгасан боловч зөвхөн тэдний өгсөн мэдүүлгээр тогтоогдохгүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Учир нь дээрх трансформаторыг хувь хүн зарах боломжгүй гэдгийг О.Б, А.Т нар мэддэг. Тиймээс хаягийг сольж зарсан, өөрсдөө фэйсбүүкт зарыг тавьсан, трансформатор худалдан авч зардаг гэдгээ А.Т хүлээн мэдүүлдэг зэргээс дүгнэхэд дээрх хүмүүс албаны эд зүйлсийг, хулгайн эд зүйлийг худалдан авч ашиг олдог гэдэг нь тодорхой байна. Иймд дээрх хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татах ёстой. Мөн өөр нөхцөл байдал илэрч болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Т түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие өөрийн буруугаас мөрдөн байцаалтын шатанд буруу ярьж, хэрэг хамтран үйлдсэн нөхдүүд болон аваад ир гэж захиалсан хүмүүсийн талаар тодорхой ярихгүй байсаар байгаад шүүх хурлаар орж 2,6 жилийн хорих ял авч, хулгайн зүйлийг мэдсээр байгаад авсан Бт 11 сая төгрөг төлөхөөр болж хохироод байна.

Үнэндээ бол Дорнод аймгийн Матад сумын Дачин тамсагийн 19-р талбай орчимд янз бүрийн төмрийн хаягдал, труба байдаг болохоор найзынхаа 81-92 ДОР дугаартай краныг гуйж аваад Г.Бат-Эрдэнэ, Э.Одхүү, Дарьсүрэн нарын хамт 2019 оны 01 дүгээр сард явсан ба хогон дээгүүр яваад хаягдал труба, төмөр олж авч чадаагүй. Тэгж явахдаа 19-р талбайн орчим буулгаад орхисон трансформаторуудтай таарсан.

Тэгээд түүнийг тасдаад буулгачихсан байсан болохоор Улаанбаатарт байдаг трансформатор авдаг Ттай ярьж зургийг нь дараад ийм маркийн трансформатор байна хэдэд авдаг вэ гэхэд 3 саяд авна гэсэн. Тд байгаа газрыг хэлэхэд аваад ирж чадвал би чимээгүйхэн зарчихаж чадна гэсэн. Тиймээс ойролцоо байсан 9 ширхэг трансформаторыг ачаад ирсэн. Улаанбаатар руу аймгаас машин хөлслөн ачуулсан ба Бат-Эрдэнэ, Одхүү нар цуг явсан. Дарьсүрэн үлдсэн.

Бид Т луу ярихад Бодбаатарын хашаанд буулгачих гэсэн. Тэгээд мэргэжлийн хүн авчирч үзүүлсэн ба тааруухан маягийн юм хэлсэн. Тэгээд буулгаснаас хойш Т үгнээсээ буцаж харин сөргүүлээд та нарын үүнийг надаас өөр авах хүнгүй гээд үнийг нь буруулаад байсан. Тэгэхээр нь бид 100 айл, хорооллоор явж трансформатор авдаг, зардаг газруудаар явсан бүгд л үнийг нь буруулж байсан. Гэтэл Т түүнийг мэдчихсэн, та нар энд тэнд зарлаад үзүүлээд яваад байна. Баригдвал яана вэ Бын хашаанд янз бүрийн хүмүүс битгий авчраад бай гэсэн. Би цагдаад хэлчихвэл дуусна ш дээ гэсэн юм ярьж, шахалт дарамт үзүүлэх маягтай болсон. Мөн хаяг шошгыг нь солихгүй бол болохгүй тэрийг солиход хүртэл мөнгө орно шүү дээ гэж хүртэл үнэрхээд байсан.

Би ч айж сандарч, баригдчих юм болов уу гэж бодон хэлсэнд нь өгөхөөс өөр аргагүй болсон. Анх хашаанд буулгахын өмнө түлш тосны мөнгө гээд 1 сая төгрөг авчихсан байсан. Түүн дээр чинь 10 саяыг өгье илүүг өгч чадахгүй гэсэн учир өгөхөөс аргагүй байв. Уг нь аваад л ир зовлонгүй зарчихна гэсэн хүн чинь өөрчлөгдсөн ингээд өгчихсөн.

Гэтэл одоо Т өөрийгөө бүрэн зайлуулж, хулгайн трансформаторын зүсийг хувиргаж шошгыг нь сольсныгоо он хуучин болохоор сольсон гэж байна. Мөрдөн байцаалтын шатанд бидэнд хэлэхдээ, мэдүүлэхдээ бас хужаа трансформатор зарж үзээгүй болохоор зарагддаг трансформаторын шошго хийж байгаа юм л гэж байсан. Б болохоор Төгсөө л ав гэсэн гээд байна.

Эдгээрийг анхнаас нь үнэн зөв яриагүй миний буруу болжээ. Одоо би ял эдлээд, бусадтай хувааж авсан мөнгөө ч ганцаараа төлөх болж мөнгөө хувааж авсан нөхдүүд хохирлыг төлнө гэчихээд төлж өгөхгүй байгаа учир үнэн байдлыг бичүүлж байна.

Мөн трансформаторын зураг хөргийг нь Т фэйсбүүкт тавьж, зарлаж болохгүй. Тиймээс би өөрөө аргална яараад яахав гээд худалдаж авсан. Б ч өндөр хүчдэлийн хонх, дэгээ, шийт олж ирвэл авна гэж ярьж байсан шүү дээ. Үүнийг Бат-Эрдэнэ, Одхүү нар мэднэ, сонссон хүмүүс юм аа.

Хулгайнх гэдгийг мэдэж нууцаар аваад ирвэл авна гэж захиалж бензин тосны мөнгөнд зориулж 1 сая төгрөг өгснийгөө хүртэл нэхэж байгаа нь үнэхээр хүн чанаргүй байна. Уг 11 сая буюу 10 сая төгрөг бол улсын орлого болж хураагдах ёстой гэж байгаа нь зөв байх. Мөн Б 6 сая төгрөг, Т би 5 сая төгрөгийг төлсөн гэж мэдүүлсэн байтал яагаад Бт бүгдийг нь өгөхөөр болсон, яагаад Б нэхээд байгаа нь ч ойлгомжгүй. Т аваад ир гэж авчруулсан. Түүндээ ороогдож магадгүй гэж Б авсан мэт болгож булзааруулж байна гэж л үзэж Тд гомдолтой байна.

Өмгөөлөгчийн хувьд хэрэгт байгаа трансформаторуудын техникийн паспорт нь өөр гаалийн бичиг, албан тоотоор мэдэгдсэн баримт тоо хүчин чадал нь зөрүүтэй байгааг анхаарахгүй байна гэж байгаа. Яг алдагдсан трансформатор нь мөн ч юм уу биш ч юм уу. Яг ажиллагаатай байсан нь нотлогдоогүй. Хохирогч байгууллага нь оронд нь хүчин чадал зөрүүтэй трансформатор авчихсан байгаа. Ажиллаж байгаа эсэхийг шалгаагүй атлаа ажиллаж байгаа яг хаана байгааг мэдэхгүй гэдэг. Ямартаа ч хохиролгүй болсон гэдэг болохоор цагдаа, прокурор, шүүх яг бодит байдал дээр хулгайлагдсан эд зүйл мөн гэдгийг хөдөлбөргүй тогтоож чадаагүй. Гэтэл үнэлгээг цагдаагийн тодорхойлж өгснөөр хийсэн цаад бичиг баримтын зөрүүг, он сар зэргийг анзаараагүй гэдгээ үнэлгээчин зөвшөөрсөн.

Хэргийн материалд гэрчүүдийн мэдүүлэгт 19-р талбайн донкенуудын дэргэдэх трансформаторыг сольж ажилладагийг нь зөөгөөд өөр газар тавьсан талаар гэрчилсэн байдаг. Ажиллахгүй болсон донкенуудыг тэнд аваад тавьчихсан байсан трансформатор байсныг гэрчилсэн л байдаг.

Зарим нэг нь ажиллагаагүй болсон байсныг хэн ч шалгаагүй байж ажиллаж байсан гэдэг байдлаар үнэлгээ хийгдсэн нь буруу. Үнэлгээ хэргийн зүйлчлэлд ач холбогдолтой байсан.

Хохиролгүй юм чинь хамаагүй гэж болохгүй. Ингэж шалгаад болдог бол цагдаагийн хэрэг юу байна вэ. Хулгайлсан нь л үнэн юм чинь ямар маркийнх, ямар хүчин чадалтай нь хамаагүй гэж болохгүй. Анхан шатны шүүх нэг удаа буцаасан. Уг шийдвэрийн заалт бүрэн утгаараа хангагдаж чадаагүй гэж үзэж байна.

Хэргийг бүх талаас нь бодитой үнэн зөв байх, хууль ёсны бөгөөд ял завшуулахгүй байх зарчим зөрчигдөж байгаа учир мөрдөн байцаалтанд буцаан шалгуулах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж гомдол бичиж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг гаргасан дүгнэлтдээ: ... Шүүгчийн захирамжийн заалтыг бүрэн хангаж шүүхэд шилжүүлсэн. Нэмэлт мөрдөн байцаалтын шатанд Одхүү, Бат-Эрдэнэ нарын талаар дурдаж байгаагүй. Б.Т-ынхувьд шүүх хуралдаан бүр дээр өөр өөр зүйл ярьж орж ирдэг. ...Анхан шатны шүүх хуралдаан дээр бүх хүмүүсийг оролцуулсан. Хохирогчийн төлөөлөгч хулгайд алдсан эд зүйлсээ буцаан авсан тул гомдол санал байхгүй гэж хэлдэг. Мөн өнөөдөр үнэлгээний компанийн буруу гэж яриад байх юм. Үнэлгээний талаар баримтууд бүрэн нотлогдсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр асуулт хариулт тодорхой явсан. ...Иргэний нэхэмжлэгч О.Б, гэрч Т нараас олон удаа байцаалт авсан. Гэхдээ Б.Т-ын үйлдсэн энэ гэмт хэрэгт хэрхэн яаж оролцсон талаар баримт байхгүй байна. Захиалга өгсөн гэдгийг ч нотлох баримт хангалтгүй байсан. ...Анхан шатны шүүхээр энэ бүх асуудал хэлэлцэгдэж, бүрэн шалгагдсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун, М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын олборлолтын 19-93 дугаар цооногуудын орчмоос ______ улсын дугаартай “Исүзү” маркийн кран тоноглолтой тээврийн хэрэгсэл ашиглан “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн эзэмшлийн “Lead go” брендийн RS/S11 маркийн 125-160 КВа-ийн 9 ширхэг трансформаторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 53,160,114 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцон 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун, М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хэлэлцэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх, шүүгдэгч Б.Т-ынгэм бурууг хянан хэлэлцэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын “Иргэний нэхэмжлэгч О.Б, гэрч А.Т нар нь хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдаж авсан тул эрүүгийн хариуцлагад татах...” тухай гаргасан гомдлыг үндэслэж шийдвэрийг буруутган дүгнэх эсхүл хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Тэрээр 9 ширхэг трансформаторын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ тогтоолгох тухай  гомдлыг хянаж үзэхэд прокурорын газраас “Вендо” хөрөнгө үнэлгээний компанийн гаргасан үнэлгээгээр хохирлын хэмжээг тогтоож хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын “...Энэ хэргийг Г.Бат-Эрдэнэ, Э.Одхүү, Дарьсүрэн нарын хамт үйлдсэн. ...Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлагдаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцаах боломжгүй гэж дүгнэлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун, М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04ий өдрийн 2021/ШЦТ/53 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун, М.Энхтуяа нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Т-ын2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                                                        З.ЭНХЦЭЦЭГ

                                                            Ж.ДОЛГОРМАА