Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/00484

 

 

 

 

 

 

2021 02 07 101/ШШ2021/00484   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Г ХХК нэхэмжлэлтэй,

Б.С холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,173,580.07 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Х.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С нь 2018 оны 04 дугаар сарын 06-ны одор .тоот зээлийн ....эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, ГАН картыг 4,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй гэрээ байгуулсан.

Хариуцагч зээл авах үедээ . ...тоот хаягт оршин сууж байсан ба тус хаягтаа оршин суудаггүй нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар тогтоогдон эрэн сурвалжлуулсан. Зээлдэгч нь ....... дугаарт Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд төлөхгүй банкыг хохироож 2021 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаар 1,140 хоног хэтрүүлж байгаа тул иргэн Б.С холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 3,941,821.64 төгрөг, зээлийн хүүний төлбөр 4,728,354.78 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2,305,341.32 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 2,198,062.33 төгрөг, нийт 13,173580.07 төгрөгийг Б.Сс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 12 дугаар сард нурууны хагалгаанд ороод хөл мэдээгүй болсон. Түүнээс шалтгаалаад их зардал гарсан тул зээлээ төлөх боломжгүй байсан. Би одоогоор нэхэмжлэлийн шаардлагыг төлж чадахааргүй нөхцөл байдалтай байна. Корона вирусаас болж сүүлийн 2 жил зээлийн төлөлт, хүүг зогсоосон гэж ойлгосон. Надад 13 сая төгрөг төлөхөд хэцүү байна. Би банкнаас авсан мөнгөө Очирваань эмнэлэгт 3,150,000 төгрөгийн хагалгаа, 3 дугаар эмнэлэгт мөн эмчилгээний төлбөрөө төлсөн. Би хүү зогсоолгох эсэх талаар банктай уулзах талаар мэдээгүй. Сүүлийн 2 жилийн хүүг хасаад үлдэх төлбөрийг нь би 1 жилийн хугацаанд төлье. Би одоо хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон гэв.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд хариуцагчийн хаяг тодорхойгүй, түүнийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулсан тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9978 дугаартай захирамж, мөн шүүхийн 2021 оны .... дугаартай шийдвэр, 2018.04.06-ны өдрийн Кредит картын гэрээ, зээл, хүүгийн тооцооллын хүснэгтийг тус тус нотлох баримтаар гаргасан. Хариуцагч шүүхэд баримт гаргаагүй болно.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Г ХХК, хариуцагч Б.С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,173,580.07 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлөх чадваргүй үндэслэлээр татгалзжээ.

Нэхэмжлэлийн шардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр .... тоот Кредит картын гэрээ байгуулагджээ. Тус гэрээний дагуу хариуцагч нь 4,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, бэлэн гүйлгээнд нэг сарын 3.5 хувийн, бэлэн бус гүйлгээнд нэг сарын 2 хувийн хүүтэй картыг хариуцагч эзэмшин мөнгөн гүйлгээ хийж ашигласан талаар хариуцагч маргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тооцооллыг кредит картын зээлийн үндсэн төлбөрт 3,941,821.64 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 4,728,354.78 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөрт 2,305,341.32 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрт 2,198,062.33 төгрөг гэжээ. Нэхэмжлэгчийн тодорхойлсон зээл, түүний хүүгийн тооцооллын талаар хариуцагч маргаагүй. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн нийтэд санал болгосон үйлчилгээ болох кредит картын зээлийн үйлчилгээг авч ашиглажээ. Кредит картын хэрэглээ нь ердийн зээлээс ялгаатай нь карт эзэмшигч өөрийн хэрэглээнд тохируулан бэлэн болон бэлэн гүйлгээ хийх замаар зээлийн эрхээ хэрэгжүүлэх, зээлийн гэрээний нийт дүнгээс бус хэрэглээнээс шалтгаалан хүү бодогдох онцлогтой байна.

Нэхэмжлэгч, хариуцагчаас гэрээний үүрэгт 13,173,580.07 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба зээлийн үндсэн хүүгийн төлбөр 4,728,354.78 төгрөг нь бэлэн гүйлгээнд нэг сарын 3.5 хувиар тооцсон хүү 3,489,702.29 төгрөг, бэлэн бус гүйлгээнд нэг сарын 2 хувиар тооцсон хүү 1,238,652.49 төгрөг гэжээ. Нэхэмжлэгч өөрийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтэд санал болгож, тухайн бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан хэрэглээний хүүгийн хэмжээг өөр өөрөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд нийцэх тул хариуцагч зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 3,941,821.64 төгрөг, зээлийн хүү 4,728,354.78 төгрөгийг тус тс төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч зээлийн эрх болон хугацаа хэтрүүлсний төлбөрийг нэмэгдүүлсэн хүү гэж тодорхойлон зээлийн эрх хэтрүүлсний төлбөрт 2,305,341.32 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрт 2,198,062.33 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан нь мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж хуульчилсантай нийцэхгүй, нэхэмжлэгч хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэн нэмэгдүүлсэн хүү шаарджээ. Иргэний 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгчийн хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү шаардах эрх нь мөн хуулийн 453 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хэрэв зээлдэгч нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээндээ заасан бол зээлийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй. Талууд гэрээний 2.1, 3.5-д заасны дагуу зээлийн эрх болон хугацаа хэтрүүлсний төлбөрийг нэмэгдүүлсэн хүү хэмээн тодорхойлж, зээлдэгч зээлийн эрх, хугацааг хэтрүүлсэн хугацаанд төлөхөөр тохирсон нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан хэмжээнд хязгаарлалт тогтоохгүйгээр шардсан учир хуульд нийцүүлэн хасч тооцох нь зүйтэй. Иймд кредит картын зээлийн эрх болон хугацаа хэтрүүлсний төлбөрт 4,503,403.65 төгрөг гаргуулах шаардлагаас үндсэн хүү 3,941,821.64 төгрөгийн 20 хувь болох 945,670 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 3,557,336.5 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Сас 9,615,847.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК -д олгож, нэхэмжлэлээс 3,557,732.6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,817 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Сас 264,529 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ