Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/59

 

 

 

 

 

 

 

 

 

 2025          02           10                                          2025/ШЦТ/59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,

улсын яллагч А.Марал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч Б.Мэргэн,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19*** оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, ***настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “***” ХХК-д аж ахуйн албаны дарга ажилтай, *** дүүргийн *** хороо, *** задгай тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт ***ийн *** (РД:***);

 

Хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг дэмжиж оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн шөнийн 01 цаг 00 минутын орчимд *** дүүргийн *** хороо, ***ын замд байрлах ***ийн зүүн замд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч ***г мөргөж амь насыг нь хохироосон, улмаар осол гаргасны дараа зогсолгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-10 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-14 дэх тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-18 дахь тал), тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 155-160 дахь тал), ослын замын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 163-165 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 164-165 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), иргэний нэхэмжлэгч, хариуцагч ***гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 36, 39 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №3739 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №3354 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №6376 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №6375 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн №6466 дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №211 дугаартай дүгнэлтүүд (хавтаст хэргийн 40-53, 64-75, 79-81, 87-90, 98-100, 132-138 дугаар тал), Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №949934 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 106-113 дахь тал), Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2067 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 118-121 дэх тал), ***ын жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа болон бусад яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, лавлагаанууд (хавтаст хэргийн 198-211 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахаар хуульчилсан.

 

Шүүгдэгч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2067 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар (хавтаст хэргийн 118-121 дэх тал) тогтоогдсон.

 

Дээрх зөрчлийн улмаас явган зорчигч *** нь шүүгдэгч ***ын жолоодон явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон ба түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндийн хохирол учирсан хохирогчид цаг алдахгүйгээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж гэмт хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирол, хор аюулыг багасгах, эрүүл мэндийн хохирол, зөрчигдсөн эрх нөхөн сэргээгдэх хугацааг богиносгох ач холбогдлыг харгалзан хууль тогтоогчоос зам тээврийн осол гаргасан жолоочийг үүрэгжүүлж, хариуцлагажуулсан, түүнд хамааралтай зохицуулалт юм.

 

Харин шүүгдэгч *** нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэний дараа тээврийн хэрэгслийг зогсоолгүйгээр хэргийн газрыг орхиж гэртээ очиж, гэр бүлийн гишүүддээ мэдэгдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан материаллаг хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг бүрэн төлж барагдуулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн талаас шүүх хуралдаанд “...нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суурь илэрхийлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 4 сар зорчих эрхийг хязгаарлах ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоож, энэ хугацаанд ***, *** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох санал нь шүүгдэгчийн гэм буруу, түүнийг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, материаллаг хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил, 4 (дөрөв) сар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 2 (хоёр) жил 10 (арав) сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог ба шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, байнга оршин суух хаягаас *** дүүргийн бусад хорооны нутаг дэвсгэрт хүрэхэд замын нөхцөл байдлын улмаас *** дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх зайлшгүй шаардлага үүсдэг зэргийг харгалзан түүнийг 2 жил 10 сарын хугацаанд ***, *** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн тээврийн хэрэгслийн гэрлийн хагархайны хэлтэрхий, гуперны хагархайн хэлтэрхий, нүүрний хагархайн хэлтэрхий зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч *** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 4 (дөрөв) сар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 4 (дөрөв) сар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 2 (хоёр) жил 10 (арав) сарын хугацаагаар тогтоосугай. 

 

4. Шүүгдэгч ***ыг 2 (хоёр) жил 10 (арав) сарын хугацаанд ***, *** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***ад мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн тээврийн хэрэгслийн гэрлийн хагархайны хэлтэрхий, гуперны хагархайн хэлтэрхий, нүүрний хагархайн хэлтэрхий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НАРАНЖАРГАЛ