Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2022/02428

 

 

 

 

 

                          

 

 

 

                  2022       05           24   

           101/ШШ2022/02428

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Э-н гаргасан,

 

Хариуцагч: Р.Б,

 

Хариуцагч: Г.М нарт холбогдох,

 

22,360,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Г.М, хариуцагч Р.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Би, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Р.Б-тай зээлийн болон орон сууц хөлслөх холимог гэрээ байгуулан 13,000,000.00 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж, сар бүрийн хүүгийн төлбөрийн оронд хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, хаягт байрлах 68.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай хөлслөх, гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрийг буцаан өгөхөөр тохиролцсон. Ба гэрээнд заасан 13,000,000.00 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн.

 

Тухайн байрыг миний бие 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулснаас эхлэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 1 жил хугацаанд хөлслөж гэрээг дуусгавар болгохыг хүсэхэд хариуцагч нь “...мөнгийг нь эргүүлж өгөх боломжгүй байна, нэг жилийн хугацаатайгаар гэрээгээ сунгая” гэж гуйсны дагуу гэрээний хугацааг нэг жилээр сунгаад орон сууцыг хөлсөлсөн. Тус орон сууц нь өвөл их хүйтэн байдгаас өмнөх жил нь паар хөлдөж, би өөрийнхөө мөнгөөр шинээр сольсон зэрэг асуудлаас болж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байрыг чөлөөлж өгөөд зээлийг хариуцагчаас буцаан шаардсан боловч тэрээр өгөөгүй бөгөөд түүний эхнэр Г.М нь зээлийн төлбөрийг хариуцан барагдуулах болно гэж баталгаа гаргасан.

 

Гэвч хариуцагч нар 2020 оны 06 дугаар сард уг орон сууцыг бусдад зарсан бөгөөд зээлийг төлнө гэсэн боловч байнга шалтгаан тоочиж хойшлуулсаар байсан. Улмаар миний бие 2020 оны 12 дугаар сард эвлэрүүлэн зуучлагчид хандсан хэдий ч хариуцагч нь ирээгүй гэсэн шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цаашид явуулахаас татгалзсан. Түүнээс хойш өдийг хүртэл хариуцагч нараас зээлийг нэхсэн боловч өгөхгүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн ба гэрээний 2.3-т зээлдэгч зээлийг 3 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохирсон, зээлийн гэрээгээр хүү тохирч, гэрээг бичгээр байгуулсан гэж харж байна. Гэвч тус гэрээний 5.1-т заасан үүрэг дуусгавар болоогүй. Тийм учраас 13,000,000.00 төгрөг, байрыг чөлөөлсөн буюу 2019 оны 10 дугаар  сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүг тооцоход нийи 9,360,000.00 төгрөг болж байна. Хариуцагчийн эхнэр байсан Г.М 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр баталгаа гаргаснаар зээлдэгчийн үүргийг баталгааны гэрээний дагуу Иргэний хуулийн 234-т заасныг үндэслэн мөн адил нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагчийн хариу тайлбарын хувьд 13,000,000.00 төгрөгтэй холбоотой маргаан байхгүй, харин хүү 9,360,000.00 төгрөгтэй холбоотойгоор маргаж байгаа тухайгаа хэлсэн. Гэвч талуудын байгуулсан гэрээгэрээр хүү тохирсон бөгөөд гэрээний 2.3-т зааснаар хүүгээс чөлөөлөх үндэслэл байхгүй. Харин хариуцагч Г.Мын хувьд “би нөхрөөсөө салсан, анхнаасаа тус гэрээг байгуулах ёсгүй байсан” гэх тайлбарыг гаргадаг. Гэтэл тус гэрээ нь хэрэгжиж зээлийг авч, орон сууцанд амьдарсан. Тухайн үед хариуцагч Г.Мын зүгээс гэрээг цуцалсан зүйл байхгүй, эхнэр, нөхрийн хувьд гэрлэлтээ цуцлуулсан гэх зүйлийг хэлдэг. Гэхдээ баталгаа гаргагч нь заавал эхнэр, нөхөр байхыг шаардахгүй, тийм учраас Иргэний хуульд заасны дагуу баталгаа гаргагчаас гаргуулах бүрэн боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Г.М нь тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие Г.М нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, байрыг 2017 оны 2 сараас гэр бүлийн хүн Р.Б-тай тохиролцоод Г.Б гэдэг хүнд түрээслүүлсэн юм. Учир нь, уг орон сууц бол манай гэр бүлийн хамтын хөрөнгө байсан. Тухайн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын сүүлээр дуусах ёстой байсан. Гэтэл түрээсэлсэн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Г.Б гэдэг хүн “би танай байрнаас гарсан надад мөнгө өг” гэж утасдсан. Ингэж гэрээний хугацаа дуусаагүй байхад манай байрыг өөр хүн түрээсэлсэн гэдгийг миний бие мэдсэн. Би, сандраад байран дээрээ яваад очиход Ч.Э байр түрээсэлсэн гэж гэрээ үзүүлэхэд нь би түүнд энэ талаар мэдээгүй гэсэн бөгөөд зөвхөн Р.Бтай гэрээг байгуулсан байсан.

Иймээс энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Учир нь, тухайн орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч байсан. Тухайн үеийн нотариат хийсэн хүн бас хууль бус үйлдэл хийсэн. Тэр цагаас хойш би уг гэрээг олж үзээгүй учраас гэрээнд ямар заалт байгааг одоо ч мэдэхгүй. Тэр үед нэхэмжлэгч нь Ч.Э нь манай нөхөр байсан Р.Бд мөнгө өгсөн гэж хэлсэн боловч мөнгө өгсөн, авсан баримт огт үзүүлээгүй, надад мөнгө авсан гэж өгөөгүй, үзүүлээгүй. Иймээс мөнгө авсан гэдгийг нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч Ч.Э манай байранд гэнэт орж ирээд олон жил байрны түрээс төлөхгүй амьдраад байсан нь Р.Бтай ямар нэгэн харьцаатай гэж би ойлгодог.

 

Р.Б тэр үед гэр орондоо тогтохгүй асуудал их гаргаад үр хүүхдээ хайхрахгүй, бид хоорондоо түнжин муу байсаар байгаад 2019 онд албан ёсоор шүүхийн шийдвэрээр гэр бүл цуцалсан. Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч Р.Б-аас мөнгө нэхэж байгаад холбогдож чадахгүй болохоороо надаас мөнгө нэхэж эхэлсэн. Би, 3 хүүхдээ тэжээхийн зэрэгцээ байрны зээлээ төлөөд амьдарч байхад маш их дарамт учирч, стресстэй байсан учир байраа дахин түрээслэжэд мөнгийг нь төлнө гэж үзэж байраа хөдөлгөхийн тулд 2019 онд Р.Б-ын зээлсэн мөнгийг хариуцан төлөхөөр тохиролцов гэж бичиж өгч байж байраа түрээслэх боломжтой болсон.

 

Тухайн үед миний бие эрүүл саруул ажлаа хийгээд, байраа түрээслээд 3 хүүхдээ тэжээж, өрийг нь төлөөд хэл амгүй явна гэж бодсон. Би, тохиролцоо бичсэний дараа байраа түрээслэх зар тавьсан гэдгийг Ч.Э ч мэдэж байгаа ба хамт зар тавьж, хүмүүст байр үзүүлдэг байсан. Манай байранд Ч.Э 3 жил шахам суусан. Түрээсэлсэн хугацаандаа сэтгэл муутай байрыг маань арай л гамгүй эдэлж их муухай болгосон байсан тул хүмүүс голоод түрээслэхгүй байсныг мэдэж байгаа. Миний бие 2020 оны 5 дугаар сард өвдөж хөхний хорт хавдар гэсэн оноштойгоор хөхний хагалгаа хийлгэх болж удаан хугацаанд өндөр үнэтэй химийн тариа шарлага эмчилгээ хийлгэж, одооч бие маань сайжраагүй группэд ороод ээжийнхээ асаргаанд байдаг. Би, хүний тавьсан өр зээлийг төлөх байтугай өөрийнхөө эмчилгээний мөнгийг олж чадахгүй болсон. Би 3-12 насны гурван хүүхэдтэй, хорт хавдар туссан ажилгүй хүн сард З,000,000.00 орчим төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.

 

Үүнээс гадна анх би өөр хүнд түрээслэсэн байхад Р.Б болон нэхэмжлэгч нар түрээслэгчийг гаргаад гэрээ байгуулж, орон сууцанд оршин сууж байсан. Орон сууцанд үнэ төлбөр төлөхгүйгээр олон жил оршин суучихаад түрээсийн төлбөрийг надад нэг ч удаа төлөөгүй. Тийм байж сүүлд надаас мөнгө төгрөг нэхээд байсан. Тухайн үед Р.Б-ыг байхгүй байхад над дээр ирээд намайг дарамтлаад байдаг.

 

Тухайн зээлийн болон орон сууц хөлслөх холимог гэрээ гэдэг нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь заалтыг зөрчсөн. Учир, нь надаас зөвшөөрөл аваагүй, мөн тус 128 дугаар зүйлин 128.3 дахь заалтын дагуу хүчин төгөлдөр бус байна. Мөнгө өгсөн авсан миний гарын үсэгтэй баримт байхгүй. Нэхэмжлэгч Ч.Э нь манай байранд 2017 оны 5 сараас хойш 3 жил суухдаа түрээсийг хамгийн багадаа сард 500,000.00 төгрөгөөр бодоход 18,000,000.00 төгрөг болж байна. Гэтэл энэ хугацаанд нэг ч мөнгө өгөөгүй, эсрэгээрээ би хохирсон” гэв.

 

Хариуцагч Р.Б-ас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаргасан тайлбартаа:

 

“Анх гэрээг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан бөгөөд байгуулахдаа 13,000,000.00 төгрөг зээлж хүүнд нь манай байранд 1 жилийн хугацаатай суухаар тохирсон байдаг. Гэвч гэрээгээ цуцлах боломж гараагүйн улмаас дахин 1 жил сунгахаар амаар тохирсон бөгөөд миний бие санхүү мөнгө болоод ажил төрлийн хувьд бүрэн дампуурсан учраас төлбөр төлж гэрээг дуусгавар болгох нөхцөл хайж дээрх аман тохироог хийсэн.

 

Дээрхи аман тохироог хийснээс хойш надад гэр бүлийн асуудал үүсч шүүхээр орж эцэслэн шийдэгдсэн байдаг ба ажил төрлийн хувьд болж бүтсэн зүйлгүй байж байтал дэлхий нийтийг хамарсан өвчин гарч, ажил төрөл бүр дордсон. Нэхэмжлэгч нь гэрээг хийснээс хойш 2 жил 6 сар шахуу манай байранд суусан. Гэтэл нэхэмжлэхдээ байр хүйтэн, паар хөлдсөн гэх мэт шалтгаан бичжээ. Тухайн үеийн 2 өрөө байрны түрээс 500,000-800,000 төргөг байсан. Хэрэв Ч.Э нэхэмжлэхдээ гэрээний үндсэн төлбөр болох 13,000,000.00 төгрөгийг нэхэмжилсэн бол би эвлэрэх боломжтой гэж үзэж өмгөөлөгчид нь хэлсэн.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 13,000,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүүгийн асуудлын тухайд төлбөрт нь орон сууцанд оршин суусан учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг зээлийн гэрээний хүүг талууд дээрх хугацаагаар сунгасан бичгээр үйлдсэн баримтгүй тул шаардах эрхгүй” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 269,750.00 төгрөг төлсөн баримт,
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  3. Зээлийн болон орон сууц хөлслөх холимог гэрээ,
  4. 2019.11.12-ны өдрийн Г.Мын гар бичвэр,
  5. Зээл хүүгийн тооцоолол.

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Иргэний үнэмлэхийн лавлагаа,
  2. 2019.12.09-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/03512 дугаар шийдвэр,
  3. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр,
  4. Эмчийн үзлэгийн тэмдэглэл,
  5. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт,
  6. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

            ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Ч.Эаас хариуцагч Р.Б, Г.М нарт холбогдуулан 22,360,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хариуцагч Р.Б-ас үндсэн зээл 13,000,000.00 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүнд 9,360,000.00 төгрөг, нийт 22,360,000.00 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Г.Маас үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хүрээнд баталгааны гэрээний үүргийг шаардаж байна гэсэн.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

        1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ч.Э 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Р.Бтай зээлийн болон орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 13,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд зээлдүүлж, улмаар зээлийн хүүнд хариуцагчийн өмчлөлийн орон сууцанд амьдран суухаар харилцан тохиролцсон байна /х.х-ийн 6 хуудас/.

 

Тодруулбал, нэг талаас хариуцагч Р.Б нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол Улсын гудамж, хаягт байрлах 68.2 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Ч.Эд хөлслүүлэх, нөгөө талаас нэхэмжлэгч нь хариуцагчид 13,000,000.00 төгрөгийг хүүтэй зээлдүүлэхээр тус тус тохирч, зохигчид орон сууц хөлслөх гэрээний хөлсийг зээлийн гэрээний хүүгээр харилцан тооцохоор болжээ /х.х-ийн 33-36 хуудас/.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198.5-д “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, талууд тухайн гэрээгээр зээлийн болон орон сууц хөлслөх гэрээний харилцааг тус тус зохицуулсан ба дээр дурдсан хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, түүнчлэн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаар зохигчид гэрээний зүйл болох 13,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх ёстой.

 

Энэ талаар тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд зээлдэгч буюу хариуцагч Р.Б-ын хувьд зээлийг нэхэмжлэгч Ч.Эд буцаан төлөх, зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх учиртай.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 13,000,000.00 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй. Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Мөн дээр дурдсан хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчид 68.2 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Ч.Эд хөлслүүлж, тэрээр орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буцаан хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй.

 

        1. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна” гэж, мөн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч Р.Б, Г.М нар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол Улсын гудамж, 421 дүгээр байр, тоот хаягт байрлах 68.2 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгч нар байсан бөгөөд тэдгээр нь бусад этгээдэд өмчлөх эрхийг шилжүүлэхээр худалдах, бэлэглэх, арилжих, мөн үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулах, баталгаа, батлан даалт гаргах зэрэг тохиолдолд харилцан зөвшөөрөл авах ёстой ба тийнхүү аваагүй бол тус хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогддог.

 

Гэвч хариуцагч Р.Б нь тус үл хөдлөх хөрөнгийг дээрх байдлаар захиран зарцуулаагүй бөгөөд бусдад хөлслүүлсэн, хөлслүүлэхдээ хариуцагч Г.Мтай харилцан тохиролцоогүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

        1. Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хариуцагч Р.Б нь 13,000,000.00 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд ашиглах, мөн энэ хугацаанд нэхэмжлэгч Ч.Э нь тухайн орон сууцыг хөлслөхөөр тохиролцсон бөгөөд зээлийн хүүг 3 /гурав/ хувь байхаар тохирсон байна.

 

Гэвч зээлийн гэрээнд талууд хүүгийн хэмжээг сарын 3 хувь, аль эсхүл жилийн 3 хувь гэдэг нь тодорхойгүй боловч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж зааснаар орон сууц хөлслөх гэрээний хөлстэй холбоотой тайлбарлавал зээлийн хүүг сарын 3 хувь буюу 390,000.00 төгрөгөөр орон сууцыг хөлслөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон тохиолдолд ийнхүү гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд гэрээ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчинтэй болдог. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн гэрээг талууд бичгээр байгуулсан байх тул тэдгээрийн хүүгийн талаарх тохиролцоо хуульд нийцсэн байна.

 

        1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, зээлийн болон орон сууц хөлслөх гэрээгээр үүрэг хүлээсэн үүрэг гүйцэтгэгч нар үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд тэдгээрийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Ч.Э нь орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Р.Бд буцаан хүлээлгэн өгсөн байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно” гээд 294.1.1-т “гэрээний хугацаа дууссан” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Эын орон сууц хөлслөх гэрээний үүрэг дуусгавар болсон тул тэрээр хариуцагч Р.Бд уг гэрээтэй холбоотой хөлс төлөх үүрэг хүлээхгүй.

 

            Харин хариуцагч нь зээлийн болон орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссан байхад 13,000,000.00 төгрөгийг буцаан өгөөгүй нь үүргийн зөрчилд тооцогдох бөгөөд зохигчид 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс  хойш хугацаанд зээлийн хүүг төлөх эсэх талаар маргаж байна.

 

        1. Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “зээлийн гэрээний хугацааг сунгаагүй боловч хариуцагч нь хүү төлөх үүрэг хэвээр байна” гэсэн. Гэвч хүүгийн хувь хэмжээг нотлоход маргаан гардаг тул бичгийн хэлбэрээр хүсэл зоригийг баталгаажуулахыг шаарддаг ба зохигчид гэрээний хугацааг өмнөх нөхцлөөр сунгахаар тохирсон бол тэдгээрт гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан сарын 3 хувийн хүүг цаашид хэвээр үлдээх нэгдмэл хүсэл зоригтой байсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно” гэж, мөн 72 дугаар зүйлийн 72.7-д “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, хугацаа нь иргэний эрх зүй дэх эрх, үүргийг үүсгэх, хэрэгжүүлэх, өөрчлөх, дуусгавар болгох хууль зүйн фактын хувьд эхлэх, өрнөх, төгсөх мөчийг талууд гэрээгээр тохирсон бол тийнхүү сунгахдаа мөн адил харилцан тохирч сунгана.

 

Гэтэл талууд гэрээний хугацааг тухайлан сунгаагүй байх тул гэрээний агуулга /эрх, үүргийн нэгдэл/, хугацааг өмнөх нөхцлөөр шинээр тоолж эхэлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймээс нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч Р.Бас 13,000,000.00 төгрөгийг шаардах эрхтэй.

        1. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно” гэж, 234.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Г.М нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Гомбосүрэн овогтой Мөнхбаяр миний бие Р.Б-ын авсан зээлийн хариуцан барагдуулахаар тохиролцов” гэсэн утгатай бичиг өгсөн байна. Гэтэл баталгааны гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч болон баталгаа гаргагч нарын эрх ашиг хөндөгддөг, баталгаа гаргагч этгээд баталгаанд заасан төлбөрийг үл маргах журмаар төлдөг, хожим үүрэг гүйцэтгэгчээс үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхгүй байдаг тул хэнд, ямар хэмжээний үүргийг гүйцэтгэхээр баталгаа гаргаж байгаа нь тодорхой байх ёстой.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч Г.Мын гарын үсэгтэй энэхүү бичигт үүрэг гүйцэтгүүлэгч этгээд хэн болох нь тодорхойгүй, хэзээ, ямар үндэслэлээр үүссэн чухам ямар үүргийг хэний өмнө хариуцах талаар тодорхой заагаагүй байгаа учир Г.Мыг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч Р.Б нарын зээлийн гэрээний үүргийг хангахаар баталгаа гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.

 

            Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч Р.Бас 13,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,360,000.00 төгрөг болон хариуцагч Г.Мт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 234 дүгээр зүйлийн 234.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Р.Б-ас 13,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,360,000.00 төгрөг болон хариуцагч Г.Мт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,750.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.Б-ас 222,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР