Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/346

 

 

 

 

 

 

   2021            04              06                                         2021/ДШМ/346

                                                       

Н.Мод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

хохирогч С.Хы өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

яллагдагч Н.Мын өмгөөлөгч Г.Алтанчимэг, Л.Хатанбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 278 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжиний бичсэн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Н.М холбогдох 1905011480281 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Нгийн М, 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

Н.М нь 2018 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 57 дугаар байрны орчим иргэн С.Хы эзэмшлийн 1 ширхэг их гарын шүрэн толгойтой мана хөөрөг, 1 ширхэг их гарын шүрэн толгойтой хаш хөөрөг зэргийг “зараад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч, нийт 130.245.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийг прокурорт буцаасан захирамжаас хойш явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар 959 тоот захирамжид заасан хаш болон мана хөөрөг хаана, хэнд байгааг шалган олж тогтоох, хөөргүүдийг хэрэгт эд мөрийн баримтаар хураах, хохирогчийг хохиролгүй болгох ажиллагааг хийгээгүй байна. Энэ хэрэгт М.Лг сэжигтнээр болон гэрчээр, Б.Сийг гэрчээр тус тус байцаажээ. Иймд тэдний эрх зүйн байдлыг зөв тодорхойлж, Т.Нямдаваа, “Итгэл ананд” ХХК (М.Л), Б.С нарыг иргэний хариуцагчаар татах шаардлагатай.

Мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байна. Н.Мод холбогдох эрүүгийн 1905011480281 дугаар хэрэг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд ирэх үед хэрэгт гэрч Дамдинсүрэнгээс гаргаж өгсөн хаш болон мана хөөрөгний бодит зураг байсан. Гэтэл энэ зураг хэрэгт байхгүй байна. Иймд энэ талаар шалгах шаардлагатай.

Яллагдагч болон түүний өмгөөлөгч Алтанчимэг нь мөрдөн байцаалт болон прокурорт удаа дараа хүсэлт гаргажээ. Иймд хүсэлтийг шийдвэрлэхдээ хуульд зааснаар тэдэнд эрх, үүргийг эдлүүлэх нь зүйтэй. ...” гэсэн үндэслэлээр хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт дахин буцаан шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөн байцаалтын явцад хохирогчид хохирлыг гаргуулах зохицуулалт байхгүй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тухайн 2 хөөрөг буюу хөрөнгө нь биетээр хаана байгаа нь тогтоогдоогүй нөхцөл байдал бий болсон ба хөөргийг эд мөрийн баримтаар хураах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, тухайн 2 хөөргийг эрэн сурвалжлах, хаана байгаа талаар олж тогтоох бүхий л ажиллагаа хийгдсэн бөгөөд хэрэгт авагдсан гэрч Т.Нямдаваагийн “...М нь тавьсан хөөргөө авахгүй болохоор нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “Со” гэж дууддаг хүнд 30.000.000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 31, 2хх 194-195/ гэсэн, гэрч М.Лгийн “...2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр М гэх залуу манай ломбардад шүрэн толгойтой, мөртэй их гарын манан хөөргийг үзүүлээд 15.000.000 төгрөгөнд тавьсан, уг хөөргийг барьцаанд тавихдаа нэг сарын хугацаатай гэрээ хийсэн ба түүнээс хойш гар утас руу нь залгахаар гар утас нь холбогдохгүй, хөөргөө ирж аваагүй, 2019 оны 2 дугаар сарын эхээр хөөргийг хүнд 25 сая төгрөгөнд өгсөн, ...2019 оны өвөл байх яг сар, өдрийг нь санахгүй байна. Би мөнгөө гаргаж авахаар зарсан. Ломбардад сууж байхад эрэгтэй хүн орж ирээд “зарах хөөрөг байна уу” гэхээр нь би тухайн хөөргийг үзүүлсэн. Тухайн хүнд таалагдаад надаас 20-иод сая төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрөө надад бэлнээр өгсөн. Энэ мөнгийг тухайн үед өрөндөө өгч мөн эргэлдүүлсэн. ...” /1хх 34, 2хх 191-192/, гэрч Б.Сын “...2019 оны 3 дугаар сарын эхээр зүс таних Баясаа гэх залууд 50 сая төгрөгөөр зарсан. Энэ залуутай би Сүлд авто угаалгын газарт машинаа угаалгаж байхдаа танилцаж байсан юм. Тухайн үедээ машин зарж борлуулдаг хүн юм болов уу гэж ойлгосон. Одоо энэ хүн хаана ажилладаг, амьдардаг гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед бол мэдээгүй сүүлд цагдаагийн байгууллагаас дуудсан үед залилан мэхлэх гэмт хэргийн улмаас олж авсан хөөрөг байсан байна гэдгийг мэдсэн. ...” /2хх 193/ гэсэн мэдүүлгүүд авагдсан байтал анхан шатны шүүх нотлох баримтуудад үндэслээгүй, таамагласан шинжтэйгээр тухайн хаш болон мана хөөргийг эд мөрийн баримтаар тооцож хохирогчийг хохиролгүй болгох гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төруүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчжээ. Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад Н.М нь хохирогч С.Хы эзэмшлийн хаш болон мана хөөргийг хуурч залилан авсан гэх хэрэгт яллагдагч Н.М нь хохирогчийн хөөргийг Итгэл Ананд ХХК-д барьцаалан зээл авсан үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Н.М нь бусдаас залилан авсан хөөргийг барьцаалан зээл өгсөн М.Лг /Итгэл Ананд ХХК/ анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэрэгт сэжигтнээр шалгах үндэслэл бий болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Лгийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон тул гэрчээр мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн буюу энэ ажиллагаа нь тухай бүртээ хууль ёсны үндэслэлтэй байна.

            Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагаагаар Н.М болон тухайн хөөрөгнүүдийг барьцаалан авсан М.Л /Итгэл Ананд ХХК, ломбард/, Б.С нарын хооронд хэлцэл, зээлийн гэрээ хийгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд М.Л Б.С нар нь тухайн 2 хөөргийг бусдаас залилан авсан хөөрөг гэдгийг мэдэх боломжгүй байсан. Иймд М.Л, Б.С нарыг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй буюу тухайн хөөрөгнүүдийг хууль ёсоор хариуцах үндэслэлгүй юм. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Мын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хязгаарлаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж заасан тул яллагдагч Н.М, түүний өмгөөлөгч Н.Алтанчимэг нараас гаргасан хүсэлт гомдлыг шүүхэд шилжүүлж тухай бүр эрхээр нь хангаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 278 дугаартай “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч С.Хы өмгөөлөгч Б.Цэрэндолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуурч мэхлэх замаар авсан болох нь тогтоогдсон. Гагцхүү хэрэгт авагдсан хөөрөгний зураг алга болсон. Мөрдөн байцаалтын явцад хоёр хөөргийг хурааж ирсэн боловч хохирогчид албан ёсоор үзүүлэлгүй боолттой юм харуулж, буцаагаад эзэн эзэнд нь өгсөн байдаг. Лд хөөрөг байна гэдэг сураг Моос сонссон тул удаа дараа уг хөөргийг битүүмжлэх хүсэлт гаргасан боловч битүүмжлээгүй. Прокурор хөөрөг хаана байгааг шалгасан гэж байгаа ч хэрэгт хэдэн цагдаагийн газарт албан бичиг явуулсан байдаг. Хариуд нь “манайд ийм хөөрөг харагдаагүй” гэсэн байдаг. Хөөргийг хил гаалиар авч гарсан бол тогтоох боломжтой. Шүүх ойлгомжгүй захирамж гаргасан гэж байгаа боловч гэмт хэргийн замаар зарагдсан хөөрөг байхад үүнийг битүүмжлэх нь мөрдөгч, прокурорын үүрэг. Мөрдөгч үндсэн хөөрөгний зураг байвал өгөөч гэж залгасан. Гэвч нэг л зураг байсныг хэрэгт гаргаж өгсөн, өөр зураг байхгүй. Энэ хэргийн улмаас 2-3 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд эдгээр нь зөрүүтэй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Яллагдагч Н.Мын өмгөөлөгч Л.Хатанбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасны дагуу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад үүссэн. Өмнөх анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд даалин дээр хаш, мана гэсэн хятад бичигтэй хоёр хөөрөг тавьж бэхжүүлсэн зураг 1 дүгээр хавтас хэргийн 53 дахь талд авагдсан байсан нь алга болсон. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөгч нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, тэдгээрийг устах, гэмтэхээс хамгаална гэсэн ажиллагаа зөрчигдсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын эх сурвалжийг магадлах боломжгүй болгосон бөгөөд мөн хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохоор мэтгэлцэх, шүүх хуралдаанаар шинжлэн судлах нотлох баримтуудыг алга болгосон. Хэрэгт авагдсан бусад зургууд шинжээчдийн харьцуулсан зураг бөгөөд үүнд шинжилгээ хийсэн. Нотлох баримт биетээрээ хоригдож байгаа этгээдэд байгаа, урьд нь мөрдөн байцаалтын шатанд авчирч өгсөн байдаг. Иймд нотолбол зохих асуудлуудад гэмт хэргийн хохирлыг яаж тогтоож нотолсон, шинжээчийн дүгнэлт алдаатай гарсан зэрэг нь хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй болгосон тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, 1 дүгээр хавтас хэргийн 53 дахь талд байсан баримтуудыг олж өгнө үү” гэв.

Яллагдагч Н.Мын өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь, мөрдөн байцаалт болон прокурорын шатанд Н.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг мөрдөгч, прокурорт амаар гаргаж байсан. Прокурор уг хүсэлтийг хэрэгжүүлж өгөхгүй байсан тул өөрт нь болон дээд шатны прокурорт хандаж гомдлоо гаргахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1, 15.7, 15.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасан эрхийг эдлүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа мөрдөгч, прокурорын үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй гэж хуульчилсан байхад энэ эрхийг эдлүүлэхгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар Н.Мод мэдэгдээгүй. Автомашины үнэлгээг гаргахдаа шинжээч томилсон тогтоолыг Н.М болон өмгөөлөгч надад танилцуулаагүй. Автомашины үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Прокуророос шүүхэд 3 хавтас 599 хуудас хэрэг хүргүүлсэн бөгөөд энэ хэрэгт автомашины үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон тогтоол үдэгдэж дугаарлагдаагүй шүүхэд шилжсэн байсан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийг шүүхэд өгсний дараа мөрдөгч Н.М руу утасдаж “та шинжээч томилсон тогтоолд гарын үсэг зураадхаач” гэсэн. Мөн над руу утасдаж “та үйлчлүүлэгчдээ шинжээч томилсон тогтоолд гарын үсгээ битгий зур гээд байгаа юм уу” гэсэн. Хариуд нь би “тийм зүйл байхгүй, наад хүн чинь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж өмгөөлөгч авч магадгүй. Би өөрөө буруудах асуудалтай тул үйлчлүүлэгчдээ хууль бус зөвлөгөө өгөх үндэслэлгүй” гэж хэлж байсан. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр мана хөөрөг 96.000.000 төгрөг, хаш хөөрөг 71.500.000 сая төгрөг, нийт 165.500.000 төгрөг гэж үнэлгээ гаргасан. Өмгөөлөгч энэ талаар мөрдөгчид хүсэлт тавихад Хохирол үнэлэгчдийн холбоогоор 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хоёр хөөрөгний талаар дээрх шинжээчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар дахин дүгнэлт гаргуулах гэтэл “хоёр хөөрөг бодитоор байхгүй учир хөөрөгний үнэлгээг гаргах боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Энэ нь 2 дугаар хавтас хэргийн 79 дэх талд авагдсан. Хэрэг анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцахад 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахад мана хөөргийг 91.437.500 төгрөгөөр, хаш хөөргийг 38.807.500 төгрөгөөр, нийт хохирол 130.245.000 сая төгрөг болсон. Нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулахад нэг нь боломжгүй гэсэн байхад 2 шинжээч хөөрөг бодитоор байхгүй байхад үнэлгээг гаргасан нь шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй гэж үзэхээр байна. 2018 оны 5 дугаар сарын 10-н гэсэн хятад бичигтэй даалин дээрх хоёр хөөрөгний зургийг анх хэрэгт гаргаж өгсөн байсан. Хохирогч 2018 оны 1 дүгээр сард Н.М С.Хы гэрийн гаднаас ирж авсан гэдэг. Гэтэл Н.М 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр буюу 1 дүгээр хавтас хэргийн 53 дахь талд авагдсан фото зураг дээрх он, сар, өдрөөр Дамдин Хд хоёр хөөрөг аваачиж өгсөн гэж мэдүүлдэг. Одоо хөөрөгний бодит зураг хэрэгт байхгүй, алга болсон. Хэрэг мөрдөн байцаалтад байхад хохирогч, түүний өмгөөлөгч, яллагдагч нар Лгийн гэрт үзлэг хийх, хөөрөг тэдний гэрт байвал битүүмжлээд хохирол төлөх ажиллагаа хийлгэх талаар хүсэлт гаргахад прокурор хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Мөн миний бие хөөрөгний чулууны шинж байдлын талаар Геологийн төв лабораториар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан. Дүгнэлт гаргасан байгууллагын шинжээч нар чулуутай холбоотой дүгнэлт гаргах хэмжээний мэргэжлийн шинжээчид биш. Уг дүгнэлтийг мэргэжлийн геологич хүмүүс гаргах ёстой. Хаш нь цахиуржин гэх чулуутай төстэй бөгөөд үүнийг жирийн хүн хараад мэдэхгүй, нарийн мэргэжлийн хүн харж мэднэ. Тийм учраас Геологийн төв лабораториар шинжилгээ хийлгэхийг хүссэн ч прокурор удаа дараа хангаагүй учраас яллагдагч Н.М хяналтын прокуророос татгалзсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоох ёстой. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг яаж хэдийд тогтоох, хэргийн зүйлчлэлд хэрхэн, яаж нөлөөлөх нь хохирлыг бодитой тогтоосноор тодорхойлогддог. Түүнчлэн бидний гаргасан удаа дараагийн саналыг хохирогчийн өмгөөлөгч дэмждэг. Ийм хүнд зүйлээр Н.Мод яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй. Яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэг ширхэг их гарын шүрэн толгойтой мана хөөрөг, нэг ширхэг их гарын шүрэн толгойтой хөөрөг” гэж бичсэн. Ямар хөөрөгний талаар бичиж ялласан нь тодорхойгүй. Иймд урьдчилсан хэлэлцүүлэг, шат шатны прокурорт өгсөн хүсэлт, гомдлууд үндэслэлтэй байгааг хянаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Н.Мыг 2018 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 57 дугаар байрны орчим иргэн С.Хы эзэмшлийн 1 ширхэг их гарын шүрэн толгойтой мана хөөрөг, 1 ширхэг их гарын шүрэн толгойтой хаш хөөрөг зэргийг “зараад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч, нийт 130.245.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, прокуророос хохирогч С.Хы эд хөрөнгө болох хөөрөгнүүдийн үнэлгээг бодитойгоор тогтоох, уг хөөрөгнүүдийг олох талаар мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шийдвэрлэхэд хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээг тогтоох нь чухал ач холбогдолтой бөгөөд тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр зарим төрлийн хохирлын эд зүйлийн үнэлгээг тогтоодог.

Хохирогч С.Хы эзэмшлийн гэх их гарын шүрэн толгойтой мана, их гарын шүрэн толгойтой хаш хөөрөг зэрэг нь биет байдлаар байхгүй ба хавтаст хэрэгт авагдсан зураг нь хэргээс алга болсон нөхцөл байдлыг шалган тогтоох шаардлагатайгаас гадна шинжээч нар ямар баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, алдагдсан хөөрөгнүүдийн шинж чанар, хөөрөгнүүдийг гараас гарт дамжуулан худалдаалсан гэх нөхцөл байдлуудаас үзвэл уг хөөрөгнүүд тодорхой хүмүүсийн гар дээр байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заалтад нийцэхгүй байна.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн заалдах шатны шүүхийн магадлалд заасан заалт хангагдаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэсэн заалт хэрэгжээгүй байна.

Түүнчлэн, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээг тодруулах зорилгоор холбогдох этгээдээс мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоох ач холбогдолтой талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрх шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл байдлыг тодруулж, хэргийн бодит байдлыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн заалтад нийцэх бөгөөд нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн зөв тогтоож, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ач холбогдолтой тул дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатын шүүхээр хэлэлцүүлэх”-ээр бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 278 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ