Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0974

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж,  шүүх хуралдааны дөрөвдүгээр  танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э*** ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*****

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******** нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн  А/268 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э***ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн  А/268 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч  нь маргаан бүхий актыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/215 дугаар албан бичгээр мэдэгдсэнийг эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1. Цар тахлын хүнд нөхцөлийн үед Э***ХХК-ийн зүгээс эвлэрлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэн ажиллах бүхий л боломжийг хайж байсан нөхцөл байдлыг захиргааны байгууллагын зүгээс тодруулаагүй, тус эвлэрлийн гэрээнд тохиролцсон хамтын ажиллагааны түншлэлийг ханган ажиллах зарчмаа баримтлалгүйгээр бодит байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцэхгүй,

3.2. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бидэнд Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/153 дугаар албан бичгээр төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай захирамжийн төсөл бэлтгэн Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэсэн албан тоотыг бид 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад шаардлагатай баримт, мэдээллийг бэлтгэж байхад бидний хариу тайлбар өгөх боломжит хугацаа өгөлгүй Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамж гарсан,

 3.3. 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх хэсэгт заасан үүргээ Нийслэлийн Засаг даргаас биелүүлэхэд хугацаа шаардлагатай байх хэмээн бидний зүгээс хамтран ажиллах түншлэлээ хүндэтгэн үзэж хүлээцтэй хандаж байсан. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаас үзвэл гурван талт гэрээ байгуулах зэрэг үүрэг нь Нийслэлийн Засаг даргад байх бөгөөд төслийн хүрээнд гурван талт гэрээ байгуулаагүй гэх ямар нэгэн үндэслэлгүй байхгүй. Харин ч Нийслэлийн Засаг даргын зүгээс эвлэрлийн гэрээгээр тохиролцсон зарчим, хуульд заасан үүргээ зөрчиж байна гэжээ. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  “Эвлэрлийн гэрээний дагуу ажил явагдахад 2.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүлээх үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг Нийслэлийн Засаг дарга хуульд заасны дагуу зохицуулж, хангах үүрэгтэй. Ийм учраас гэрээний 2.2.1-д “энэ гэрээний 2.1.1-д заасан үүргийг нэхэмжлэгч биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байгаа. Энэ нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд байгаа. 

 Бидний зүгээс төлөвлөгөөгөө батлуулъя гэж өгөхөөр шаардлага хангаагүй гэх үндэслэлээр үл ойлголцол үүсгэж, эвлэрлийн гэрээний нөхцөлийг биелүүлэхэд саад учруулж ирсэн. Энэ нь эцэстээ хууль бус А/269 дүгээр захирамж гарахад нөлөөлсөн. Нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, эвлэрлийн гэрээг биелүүлээгүй гэж үзэж байгаа учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь явагдаж байгаа. Бидний зүгээс тодорхой хуулийн хугацаанд үр дүн гарах байх гэж найдаж байна. Хэрвээ наана нь уг захирамж хэвээр үлдвэл эвлэрлийн гэрээний заалтыг биелүүлэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөнө. Төсөл хэрэгжүүлээгүйгээс маш их хэмжээний бодит хохирол учрах эрсдэлтэй байна. 

Нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргахад санал оруулж байгаа Хяналтын хорооны хурал, хурлаас гарч байгаа шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь эвлэрлийн гэрээний 2.1.3, 2.1.5 дахь заалтуудыг биелүүлээгүй гэж шийдвэртээ тусгасан боловч гэрээний 2.2.1 дэх заалт эхлээд хэрэгжиж байж дараагийн заалтууд хэрэгжих боломжтой гэдэг талаас нь огт дүгнэлт хийгээгүй. Хяналтын хорооны чиг үүрэг нь тодорхой нөхцөл байдлыг тодруулж, үндэслэлтэй шийдвэр гарган дүгнэлт хийж энэ талаар Нийслэлийн Засаг даргад танилцуулна гэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Журмаа зөрчсөн шийдвэр гаргасан.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчид удаа дараа албан бичгүүдээр хамтарсан уулзалтад ирэх, тайлбар ирүүлэх тухай албан бичиг, мэдэгдлүүдийг хүргэж байсан боловч хууль, журамд нийцсэн төлөвлөгөө, төслийн явцын тайлан ирүүлээгүй бөгөөд дээрх асуудлаар биечлэн ирж огт уулзаагүй.

Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг хоёрдугаар түвшинд шилжүүлсэн, 118 дугаар тогтоолоор хурал цуглаанд оролцох хүний тоог 30-аас ихгүй, 2 метрийн зай бариад зохион байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд энэ тухай нэхэмжлэгчид хүргэсэн 1/1312, 2/1311 дүгээр албан бичигтээ дурдсан бөгөөд 2017, 2018, 2019 онуудад цар тахлын бус үед биечлэн ирж уулзах бүрэн боломжтой байсан. Төсөл хэрэгжүүлэх эрхийг 2014 онд нэхэмжлэгчид олгосон бөгөөд төсөл хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх шалтгаанаа цар тахалтай холбон тайлбарлах нь үндэслэлгүй юм. Тус төслийн талбай нь 480 нэгж талбартай буюу 480 иргэнтэй гурван талт гэрээ байгуулах байснаас нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй.   

Нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/101 дүгээр албан бичгээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах асуудлыг Хяналтын хорооны хурлаар хэлэлцэх тул тайлбар мэдээлэл ирүүлэх, хуралд биечлэн ирэхийг мэдэгдсэн боловч тайлбар ирүүлээгүй, Хяналтын хорооны хуралд ирээгүй бөгөөд хурлаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргэхээр шийдсэн. 

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/153 дугаар албан бичгээр болон Хяналтын хорооны 02/03 дугаар шийдвэрээр төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр шийдсэн тул захирамж гарахтай холбоотой тайлбар, санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч тайлбар, санал ирүүлээгүй. 

Нэхэмжлэгч Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1, 14.7.2.а, 32.1.5, 23.1.6, 23.1.7 дэх заалт, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 2.18, 5.1 дэх хэсэг, эвлэрлийн гэрээний 2.1.3, 2.1.5-д заасан үүргээ тус тус биелүүлээгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэн эвлэрлийн гэрээ болон Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/681 дүгээр захирамжид заасан үүргийг биелүүлээгүй тул Хяналтын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/03 дугаар хурлын шийдвэрийн дагуу Э***ХХК-ний төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/269 дүгээр захирамж гарч түүнийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/215 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дэх заалтад заасны дагуу тус маргааныг шийдсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0177 дугаар шүүгчийн захирамж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Э***ХХК нь ********** дүүргийн 0, 00 дугаар хороо, ********дүүргийн 00 дүгээр хорооны  нутаг дэвсгэрийн М*****орчим ХЕТ-2013-4 багцын 27 га А,Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан боловч нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/201 дугаар захирамжаар тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/589 дүгээр захирамжаар  дахин төсөл хэрэгжүүлэх эрхийг сэргээсэн боловч дахин нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1221 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсныг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2021/0268 дугаар захирамжаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, энэхүү шүүгчийн захирамжийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/681 дүгээр захирамжаар нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1221 дүгээр захирамжийг хүчингүй болгож, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан батлуулж ажиллахыг нэхэмжлэгч компанид даалгаж,  Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2в, 14.7.2г, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт заасны дагуу төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх, хэрэв уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлэхийг мэдэгдсэн Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02/862 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлжээ. 

4. Нэхэмжлэгч Э***ХХК нь “...шүүхийн шийдвэрээр баталгаажсан эвлэрлийн гэрээний дагуу Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Хамтран ажиллах гэрээ” байгуулаагүй байж, нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж ирүүлэхийг шаардаж байгаа захиргааны байгууллыг Эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ...” гэж тайлбарлан маргаж байгаа болно.

 

5. Мөн хариуцагчаас “...Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1/937 дугаар албан бичгээр төслийн нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэх тухай нэхэмжлэгч компанид мэдэгдсэн, Эрэл ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 331 дүгээр албан бичгээр нарийвчилсан төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хүргүүлсэн боловч Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт ирүүлсэн төлөвлөгөө нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2а, 14.7.2б-д заасан шаардлагуудыг тус тус хангаагүй тул нэхэмжлэгч компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/268 дугаар захирамжаар Э***ХХК нь  2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Эвлэрлийн гэрээ болон Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/681 дугаар  захирамжид заасан үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн...” гэж маргажээ.

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 0177 дугаар захирамжаар Э***ХХК болон нийслэлийн Засаг даргын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээг баталсан байх ба энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхээр заажээ.

7. Дээрх 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлд талуудын хэрэгжүүлэх чиг үүргийг заасан байх ба 2.1.1-т “150 мянган айл- Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэрээ байгуулан хамтран ажиллана” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн “...захиргааны байгууллага түншлэлийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй...” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

8. Хэдийгээр нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/681 дүгээр захирамжид “Төслийн үе шатуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан  батлуулж ажиллахыг  Э*** ХХК даалгаж”, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 3.1.”Энэхүү журмын 2.19, 2.20-д заасан хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.а, 14.7.2.б-д заасан төлөвлөгөөг боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад 30 хоногийн дотор танилцуулна” гэснийг Э*** ХХК нь биелүүлэх боломжийг захиргааны байгууллага олгоогүй байна.

9. Учир нь Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.”Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 8.1.5.”хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх” гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл захиргааны байгууллагаас төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг 2016-2022 онуудын хооронд нийт 3 удаа цуцалсан, мөн Эвлэрлийн гэрээнд заасан түншлэлийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч дээрх хуульд заасан үүргээ биелүүлэх боломжгүй байсан байна.

10. Мөн нэхэмжлэгч Э*** ХХК-ийн шинэчлэн боловсруулж хүргүүлсэн нарийвчилсан төлөвлөгөөг нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлэх талаар мэдэгдэж, улмаар Хяналтын хороо 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/03 дугаар шийдвэрээр Э*** ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах санал гаргажээ.

11. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/268 дугаар захирамжаар Э*** ХХК-ийг  2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Эвлэрлийн гэрээ болон Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/681 дүгээр захирамжид заасан үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтална”, 14.7.1-т “Төслийн бэлтгэл үе шат”, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ын 3.1-т “Энэхүү журмын 2.19, 2.20-д заасан хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.а, 14.7.2.б-д заасан төлөвлөгөөг боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад 30 хоногийн дотор танилцуулна”, 3.2-д “Тухайн шатны Засаг дарга нь энэ журмын 3.1-д заасан төлөвлөгөөг 14 хоногийн дотор хянаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2.в-д заасны дагуу шийдвэр гаргана” гэж заасантай нийцээгүй байна. 

12. Дээрх тайлбарууд болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2021/0268 дугаар захирамжийн дагуу  Эвлэрлийн гэрээнд заасан түншлэлийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйгээс Засаг даргын 2020 оны А/1221 дүгээр захирамжийг хүчингүй болгож, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан батлуулж ажиллахыг нэхэмжлэгч компанид даалгасан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/681 дүгээр захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байна.

13. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжийг биелүүлж гарсан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/68 дүгээр захирамжаар төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг 30 хоногийн дотор шинэчлэн боловсруулан батлуулж ажиллахыг нэхэмжлэгч компанид даалгасан хэдий ч үүний өмнө байгуулагдах байсан түншлэлийн гэрээг байгуулаагүй байна.

14. Нэхэмжлэгч Э*** ХХК-аас нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт “Эвлэрлийн гэрээ”-нд заасан үүргээ биелүүлэхийг шаардсан хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн байх ба мөн Барилга угсралтын ажлын нарийвчилсан төлөвлөгөөг хүргүүлсэн боловч шаардлага хангахгүй гэж буцаасан болох нь тогтоогдож байна.         

15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл…-ийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь  барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална”, 5.3-т “Гурван талт гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж тус тус заажээ.

16. Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч Э*** ХХК-ийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Эвлэрлийн гэрээ болон нийслэлийн Засаг даргын 2021 оны А/681 дүгээр захирамжид заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж түүний төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байх боловч дээр дурдсан нөхцөл байдлаар хариуцагч нь Эвлэрлийн гэрээнд заасан түншлэлийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйгээс  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж шүүх дүгнэв.

17. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан ба хуулийн дээрх заалтаас үзвэл захиргаа аливаа шийдвэр гаргахын өмнө тухайн шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгаж тогтоох учиртай атал хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт гаргахдаа хуулийн дээрх заалтыг зөрчиж, тухайн шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

18. “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь  барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон…тохиолдолд эрхийг нь цуцлахаар журамласан боловч энэ маргааны тухайд түншлэлийн гэрээ байгуулах үүрэг нь хариуцагч захиргааны байгууллагад байх бөгөөд уг гэрээ байгуулаагүй, энэ үүргээ биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч компанийг Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

19. Харин Хяналтын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/03 дугаар шийдвэрээр Э*** ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг хүргүүлэхээр шийдвэрлэсэн тул тайлбар, саналаа ирүүлэх талаар удаа дараа мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан албан бичгүүдээр тогтоогдож байх тул хариуцагчийн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

20. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр  Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дүгээр сарын 24-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/268 дугаар захирамж хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж  дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн  26.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э*** ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/268 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                ШҮҮГЧ                           Д.ЧАНЦАЛНЯМ