| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2021/05117/И |
| Дугаар | 101/ШШ2022/002173 |
| Огноо | 2022-05-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/002173
| 2022 05 10 | 101/ШШ2022/02173 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Э.М-д холбогдох,
7,413,794.05 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 11,250,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч “М” ХХК болон хариуцагч Э.М нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 21/0420 дугаартай уран бүтээлчтэй хийх гэрээг байгуулсан. Тухайн гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 5 сарын хугацаатай байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч нь гэрээний хавсралтад заасан нийт 11 шторк буюу 145 секунтын хугацаатай шторкыг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэхэд нэхэмжлэгчид бэлтгэн нийлүүлж, нэхэмжлэгчээс ажлын хөлсийг авахаар харилцан тохиролцсон.
Тухайн гэрээгээр тохиролцсоны дагуу буюу урьдчилгаа 40 хувь болох 10,000,000.00 төгрөгийг Э.Мын “Х” ХХК-ийн дансанд 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээг хариуцагч нь удаа дараа зөрчиж, гэрээгээр тохирсон ажлыг хоцроож эхэлсэн ба энэ талаар түүнд тухай бүр сануулж, ажлаа яаж хийхийг хугацаа олгож байсан боловч гүйцэтгээгүй тул дахин нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь хийж гүйцэтгээгүйгээс шалтгаалан манай компанийн бизнесийн хэвийн үйл ажиллагаанд саад учирч багагүй хохирол учирсан.
Учир нь, манай компани үзэгчид шинэлэг байдлаар шинэ зүйлийг үзүүлэхээр үйл ажиллагаагаа чиглүүлсэн байсан тул хуваарьт үйл ажиллагааны үр дүн гараагүйгээс болоод асар их хугацаагаар ажил хойшилж байсан. Иймээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар хариуцагчид гэрээний төлбөрт шилжүүлсэн үнийн дүнгээс нэг шторкийн дүнг хасаад үлдэх 7,415,794.05 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь гэрээ болон Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т заасан үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад бэ гэвэл бид, хариуцагчаас 15 секунтын спортын нэвтрүүлгийн 1 ширхэг шторкыг хүлээн авсан боловч Казакстан улсын нэг телевизийн шторкыг хуулбарласан, үүнийг хариуцагч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн, харин мөн бүх төрлийн шоу нэвтрүүлгийн өнгө аясыг илэрхийлсэн 45 секунтын шторкыг хүлээн авсан боловч 15 секунтээр тооцсон. Өөрөөр хэлбэл, уг шторкыг талууд гэрээгээр тохиролцсон тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн зүйл байхгүй.
Иймд, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.3, 219.4-т заасан хариуцагчид үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй. Хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь гүйцэтгэсэн гэж удаа дараа хэлж байсан бөгөөд мөн хариу тайлбартаа нөхөж гүйцэтгэх нь ашгийн төлөө хуулийн этгээд болох нэхэмжлэгчийн хувьд ач холбогдлоо алдсан учраас гэрээг цуцалж, хариуцагчаас урьдчилгаа болгон шилжүүлсэн төлбөрийн зохих хэсэг буюу 7,413,793.05 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариу тайлбартаа:
“Миний бие нэхэмжлэгч “М” ХХК-ийн продюссер Н.Отай 11 шторк хийж гүйцэтгэх ажлыг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ярилцаад 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эцсийн байдлаар хийгдэх загвар хийцлэлийн төслийг танилцуулж, улмаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, хавсралтаар хийгдэх ажлын жагсаалтыг баталсан. Уг жагсаалтын дагуу үндсэн 8 шторкыг тус бүр нь 15 секунт, рекламны шторк 1 ширхэг 5 секунт, бизнес мэдээний эхлэл шторк 15 секунт, нэвтрүүлгийн шторк 5 секунтын хугацаатайгаар хийхээр болсон.
Би, өөрийн зүгээс гаргасан шторкны зохиол /шийдэл/-ийг Н.О нь фэйсбүүк мессенжерээр хүлээн авсны дагуу шинэ өнгө төрхийн шинэчлэсэн дизайн буюу шторк болгоны загвар, хийгдэх өнгө, дизайн, хэлбэр дүрсний мэдээллийг ирүүлсэн. Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн уран бүтээлчийн эрх, үүрэг хэсгийн 4.3 дэх хэсэгт зааснаар миний талаас телевизид шторк болгоны зохиол /шийдэл/-ийг гаргаж хүргүүлсэн боловч эцэслэн батлаж өгдөггүй, шторкоо хийгээд явуул, хийсний дараа харж байж болно гэх шаардлагын дагуу шторк болгоныг 1-2 удаа өөр өөрөөр хийх тохиолдол гарч байсан.
Продюссер Н.О 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр спорт нэвтрүүлгийн өмнөх шторк, хийгдэх ажлын жагсаалтад ороогүй үндсэн шторк 1 ширхэг шторкыг түрүүлж хийж өгөхийг шаардсан учир тухайн 2 ширхэг шторкыг хийж гүйцэтгэж, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үндсэн шторк, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус тус тус телевизид хүлээлгэн өгсөн. Телевизийн зүгээс спорт нэвтрүүлгийн өмнөх шторкыг хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс олимпын тоглолтуудийг шууд дамжуулах нэвтрүүлгийн эхэнд эфирт гаргаж байсан. Н.Оын зүгээс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан үндсэн шторкны хувьд хэтэрхий богинохон, өнгө, дизайны хувьд ч дахиад шинээр хийх шаардлагатай байна, хийгдэх ажлын жагсаалтын үндсэн хэсэгт байх 8 шторкыг нэгтгэсэн нэг том үндсэн шторк байвал зүгээр байна гэснээр дахин шинээр зохиол /шийдэл/-ийг танилцуулан 45 секунтын үргэлжлэх хугацаатай 1 том үндсэн шторкыг хийж гүйцэтгэж 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр эхний байдлаар танилцуулаад шаардсан засварыг оруулан 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 100 хувь хүлээлгэн өгсөн.
Телевизийн зүгээс ч тухайн үндсэн шторкыг хүлээн авсан бөгөөд хүлээлцэх акт үйлдээгүй ч одоог хүртэл шууд эфирт гарсаар байгаа. Тухайн үндсэн том шторкыг 8 шторкны оронд хийж байна гэж харилцан тохиролцсон. Уг тохиролцоо нь Н.О болон Э.М нарын хооронд фэйсбүүк мэссэнжэрээр болон утсаар мөн биечлэн уулзах үед болсон. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өдийг хүртэл гэрээний хавсралтад заагдсан ажлаас өөр ажлыг захиалагчийн зүгээс шаардсаны дагуу хийж гүйцэтгэсэн атал 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “М” ХХК-иас А21/03-137 дугаар албан бичгээр гэрээний дагуу ажлаа хийхийг шаардах болсон. Миний бие продюссер Н.Отай тухайн албан бичиг болон гэрээнд заагдсан ажлуудыг гэрээний хугацаанд дуусгавар болгох боломжгүй байгаа талаар 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр биечлэн уулзаж ярилцан ажил хүлээлцэх хугацааг дахин нэг сарын хугацаагаар сунгах, мөн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бренд бүүк буюу телевизийн зүгээс баталсан мэдээлэл дунд гэрээнд заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхэд хэрэглэгдэх өнгө байхгүй байгааг мэдэгдсэн. Тухайн үед продюссер Н.О нь шаардагдах өнгийг дизайнераасаа авч өгөхөөр тохиролцсон.
Энэ өдрөөс хойш би гэрээнд заагдсан шторкны ажлуудын өнгөнөөс бусад зүйлс болох дизайн хийц, хөдөлгөөнүүдийг хийж гүйцэтгэж байсан бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр продюссер Н.О дахин ажлаа шаардан аль шторк түрүүлж гарах талаар асуусан. Миний зүгээс хийж байгаа ажлаа тухай бүрт нь захиалагчийн шаардснаар хянуулж байсан бөгөөд захиалагчийн зүгээс шалтгаалсан өнгө, лого гэх мэт шторкод шаардагдах зүйлсийг захиалагч продюссер Н.Оаас удаа дараа шаардсан.
Түүний зүгээс хийгдэж байгаа шторкуудыг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өнгөгүй хувилбараар хүлээн авч танилцаад зөвхөн 1 ширхэг шторк буюу нийгэм, эдийн засагтай холбоотой контентын өмнөх шторкийн өнгийг хөх өнгөөр хийх чиглэл өгсөн бөгөөд бусад шторкны өнгийг дизайнераасаа авч өгөхөөр болсон. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл захиалагч тал болох продюссер Н.Оаас шаардагдах мэдээлэл болох шторк дээр гарах логоны өнгийг Э.Мод гаргаж өгөөгүй тул “М” ХХК-ийн дизайнер өөр ажилтай байсан тул тухайн ажлыг нь хувааж хийгээд өөрийнх нь ажилд цаг зав гаргаад өгөөчээ хэмээн продюссер Н.Оаас хүссэн. Гэтэл захиалагч тал Н.О нь бүх ажлаа хийхээ боль чамаас юм авахгүй, мөнгө төгрөг нэхэхгүй хэмээн эцсийн байдлаар мэдэгдсэн. Миний зүгээс гэрээнд заагдсан, заагдаагүй ажлуудыг захиалагчийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэж байсан болно.
Захиалагчийн зүгээс тухайн гэрээнд заагдаагүй ажлуудыг гүйцэтгүүлэн хүлээн авсан мөртлөө гэрээний дагуух ажлуудыг өөрсдийн зүгээс шалтгаалан хугацаа алдсан, хийж гүйцэтгэх боломж нөхцлөөр хангаагүй мөн хийгдсэн ажлуудыг хүлээж авахгүй гэж мэдэгдсэн мөртлөө гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч Э.Мын зүгээс нэхэмжлэгч “М” ХХК-ийн дизайнераас өнгө харалгүйгээр өөрөө мэдээд тухайн ажлыг хийж дуусгах талаар продюссер Н.О мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тухайн гэрээнд заагдсан ажлуудыг 100 хувь хийж дуусган захиалагч талыг хүлээж авахыг шаардсаар байгаа болно.
Нэхэмжлэгч байгууллага нь одоог хүртэл тэрхүү 2 шторкуудыг эфирт гаргасаар байгаа болно. Анх гэрээгээр тохиролцсоноор 45 секунтын хугацаатай үндсэн шторк гэсэн ажил байгаагүй ч тухайн телевизийн продюссер албан тушаалтай Н.Оын шаардсанаар хийж гүйцэтгэн ажлаа хүлээлгэж өгсөн. Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар талуудын хооронд байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 21/04-20 бүртгэлийн дугаартай уран бүтээлчтэй хийх гэрээний хавсралт хэсэгт 45 секунтийн хугацаатай ямарваа нэгэн шторкийн ажил байхгүй тул “М суваг” ХХК-ийг үндэслэлгүйгээр 45 секунтын видео шторкийг олж авсан гэж үзэж байна.
Иймд, 45 секунтын шторкийн ажлын үнийн дүн болох 11,250,000.00 төгрөгийг нэхэмжлэгч “М суваг” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Хариуцагчаас өгсөн нотлох баримт:
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “М суваг“ ХХК-иас хариуцагч Э.Мод холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр урьдчилгаа төлбөрт төлсөн 10,000,000.00 төгрөгөөс 7,413,794.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийн гардуулан зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 11,250,000.00 төгрөгийг нэхэмжилсэн. Талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, хариуцагч Э.М нь тус гэрээгээр үндсэн зар сурталчилгаа буюу кино эхлэхийн өмнө “кино боловсрол олгох хөтөлбөр” нэрийн дор 1 ширхэг, “боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөр” нэрийн дор 1 ширхэг, бүх төрлийн цэнгээнт /шоу/ нэвтрүүлэг эхлэхийн өмнө “энтертайнментаар боловсрол олгох хөтөлбөр” нэрийн дор 1 ширхэг, спортын нэвтрүүлгийн өмнө “спортын боловсрол олгох” нэрийн дор 1 ширхэг, мөн байгаль-экологийн тухай нэвтрүүлгийн өмнө “экологийн боловсрол олгох хөтөлбөр” нэрийн дор 1 ширхэг, нийгэм, эдийн засагтай холбоотой нэвтрүүлгийн өмнө “нийгэм, эдийн засгийн хөтөлбөр” нэрийн дор 1 ширхэг, олон ангит киноны зар сурталчилгаа 1 ширхэг, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн өмнө дүрс, зургийг нь сольж болохуйц 1 ширхэг 15 секунтын хугацаатай 8 ширхэг зар сурталчилгаа хийхээр тохиролцсон байна.
Үүнээс гадна хариуцагч нь реклам, бизнес болон бусад нэвтрүүлэг эхлэхтэй холбоотой утгыг илэрхийлсэн тус бүр 5-15 секунтын хугацаатай 3 ширхэг зар сурталчилгаа, нийт 145 секунтын хугацаатай 11 ширхэг зар сурталчилгааг хийж гүйцэтгэж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.
Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “зар сурталчилгаа гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид "бүтээгдэхүүн" гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг хэлнэ” гэж, мөн 3.1.2-т “зар сурталчилгаа захиалагч гэж өөрийгээ, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээдийг хэлнэ” гэж, 3.1.3-т “зар сурталчилгаа бүтээгч гэж захиалагчаас өгсөн захиалгын дагуу зар сурталчилгааг нийтэд түгээхээр бэлтгэсэн этгээдийг хэлнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, аливаа этгээд өөрийн үйлдвэрлэдэг болон худалддаг бараа, ажил үйлчилгээ, аль эсхүл иргэн, хуулийн этгээд, аж ахуйн үйлчилгээний нэр, үйл ажиллагаагаа бусдад таниулах, хэрэглэгч нарын анхаарал, сонирхлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох мэдээллийг түгээхээр бусдаар, эсхүл өөрөө зар сурталчилгаа хийж, түгээж болно.
Захиалагч нь зар сурталчилгааг бусад этгээдээр хийж гүйцэтгүүлэх бол тэрхүү гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон зар сурталчилгаа нь захиалагчийн мэдэл буюу түүний өмч болдог тул энэ утгаараа зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж байна. Иргэний хуулийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн хүлээлгэн өгснөөр гүйцэтгэгчид хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх ба тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх учиртай.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ. Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээгээр үүрэг хүлээсэн талууд үүргийг тогтоосон газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой, хэрэв тийнхүү биелүүлээгүй тохиолдолд тэдгээрийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.
Энэ талаар тус хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д “Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ” гээд 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” гэж заасан бол мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т “гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах” эрхтэй гэж захиалагчийн эрхийг тодотгосон байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн үзлэг хийсэн баримт, мөн талуудын тайлбараар хариуцагч хариуцагч Э.М нь 15 секунтын 1 ширхэг болон 45 секунтын 1 ширхэг зар сурталчилгааг тус тус хийж өгсөн үйл баримтаар талаар зохигчид маргаагүй хэдий ч нэхэмжлэгч “М суваг“ ХХК-ийн зүгээс уг 15 секунтын зар сурталчилгааг бусдын хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээнээс хуулбарласан гэж, харин 45 секунтын зар сурталчилгааг захиалагчийн өгсөн зохиол, агуулгаас өөрөөр буюу хугацаа хэтрүүлсэн тул 15 секунтын хугацаагаар тооцсон гэж маргасан.
Ингээд шүүх хуралдаанд гэрчээр оролцсон нэхэмжлэгч “М суваг“ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан болох тухайн үед хариуцагч Э.Мтой гэрээ, хэлэлцээр байгуулж, гүйцэтгэсэн ажилд нь хяналт тавьж байсан Н.Оын мэдүүлэг, түүнчлэн үзлэг хийсэн баримтаар “спортын боловсрол олгох” нэрийн дор 1 ширхэг зар сурталчилгааг бусдын хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээнээс хуулбарласан талаар зохигчид харилцан зурвас бичиж байснаас үзэхэд доголдолтой гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” гэсэн үүргийг ажил гүйцэтгэгч хүлээх бөгөөд тийнхүү доголдолтой бол захилагч нь мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д “гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх” эрхийг эдэлдэг.
Гэвч талуудын хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид тухайн доголдлыг арилгахаар шинээр гүйцэтгүүлээгүй, захиалагч нь өөрөө засварлаж, холбогдох зардлыг хариуцагчаас нэхэмжлэээгүй, харин гүйцэтгэгчид төлсөн үнийг бууруулах буюу буцаан шаардаж байна.
Талуудын тайлбар, үзлэг хийсэн баримтаар хариуцагч Э.Мын хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-т “дуу авиа бүхий дүрст бүтээл гэж дуу авиа дагалдсан эсэхээс үл хамааран хоорондоо холбоотой цуврал дүрсийг хөдөлгөөнт хэлбэрт оруулан үзэх боломжтой болон дуу авиа дагалдсан бол сонсох боломжтой аргаар туурвисан бүтээлийг хэлнэ” гэж заасны дагуу оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон оюуны өмчөөр хамгаалагдах бүтээл бөгөөд тэр ч утгаар бусдын оюуны өмчийг хуулбарлах нь хориотой тул дээр дурдсан 15 секунтын зар сурталчилгааг зохих ёсоор хийсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус 15 секунтын зар сурталчилгааг нэхэмжлэгчийг өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглаж байгаа гэсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд өгөөгүй тул эргэлзээгүй тайлбар гэж дүгнэх боломжгүй юм.
Тодруулан хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 45 секунтын зар сурталчилгааг 15 секунтын зар сурталчилгаатай дүйцэх ажил үйлчилгээ байсан гэсэн тайлбараа, хариуцагч тал спортын нэвтрүүлгийн өнгө аясыг илэрхийлсэн 15 секунтын зар суртачилгааг нэхэмжлэгч нь ашиглаж байгаа гэсэн тайлбараа тус тус баримтаар нотлохгүй байна.
Иймд, нэхэмжлэгч “М суваг“ ХХК-ийг хариуцагч Э.Мын хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээнээс уг 45 секунтын зар сурталчилгааг хүлээн авсан гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, үлдсэн ажлыг хүлээн авахаас татгалзаж, улмаар хариуцагчид урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс хийгээгүй ажилд тохирсон хэсгийг буцаан шаардаж байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан.
Тайлбарлавал, тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй ба тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд нэмэлт хугацаа олгох шаардлагагүй байдаг.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр ажлын үр дүн нь гэрээг байгуулмагц биелэх бус, харин тодорхой хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, мөн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж тус тус зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзаж болдог.
Талуудын шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн баримтаар тус тус нэхэмжлэгч “М суваг“ ХХК-иас хариуцагч Э.Мод ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхийг мэдэгдэж, түүнд нэмэлт хугацаа олгож байсан боловч хариуцагч нь үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүй учраас нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 221.1, 221.3-д тус тус зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй /х.х-ийн 12 хуудас/.
Иргэний хуулийн 221.5-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заажээ. Тайлбарлавал, зохигчид гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Энэ талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэсэн байна.
Гэвч нэхэмжлэгч “М суваг“ ХХК нь хариуцагч Э.Моос 45 секунтын зар сурталчилгааг хүлээн авсан байх тул энэхүү ажил үйлчилгээний төлбөр 7,758,616.05 төгрөг /45x172,413.67/-ийг буцаах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, зохигчид хэлцлийн дагуу авсан бүх зүйлийг харилцан буцаах тохиолдолд гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээг нэхэмжлэгч нь эзэмшиж, ашиглаж үр шимийг хүртэж байна.
Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчид 45 секунтын зар сурталчилгааг үүрэг тэдгээрийн хооронд гэрээ болон хуульд заасан үүрэг үүсээгүй байхад хийж гүйцэтгэсэн тул 1 секунтын зар сурталчилгааг 250,000.00 төгрөгөөр тооцож, 11,250,000.00 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасныг үндэслэн нэхэмжилсэн.
Гэтэл зохигчдын хооронд анхнаасаа 145 секунтын зар сурталчилгаа хийхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч нь Э.М нь тухайн гэрээг үндэслэн нэхэмжлэгч “М суваг“ ХХК-нд 45 секунтын зар сурталчилгааны ажил үйлчилгээг хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн байгаагаас үзэхэд хариуцагчийн үүрэг үүсээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэгдсэн ажил тул нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх тайлбар няцаагдаж байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 2,241,383.05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,172,411.00 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР