| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0107/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/128 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/128
2025/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Т.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Эт холбогдох 2512000940081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Ч суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, ах, эгч нарын хамт А аймгийн Ч сумын Х багийн Ц гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Тын Э /РД: .../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Ч сумын Х багийн Ш гэх газарт байх иргэн П.Сын гэрт Х.Эыг “хүний мал хардаг боол” гэж хэллээ гэж уурлан, улмаар хохирогч Д.Лгийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаа, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч Х.Эын нүүрэн тус газарт нь гараараа цохих болон хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлийг тус тус учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг хоёр, түүнээс дээш олон хүнийг гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2512000940081 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Лгийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 18-ны орой адуундаа явж байгаад замаараа С гэх айлд орсон. Тэгтэл С эхнэр, хүүхдийн хамтаар гэртээ байсан. Надад нэг шил архи задалж өгөөд С түүний эхнэр У, бид 3 хувааж уусан. Тэгээд С манай эхнэрийг аваад ирье гээд манайх руу машинаа бариад явсан. Удалгүй манай эхнэрийг авч ирсэн. Бид 4 дахин нэг шил архи гаргаж уусан. Би архи ууж дуусаад Сын гэрт унтаад өгсөн. Тэгтэл нэг мэдсэн чинь гаднаас Б хочтой Э согтуу орж ирээд намайг татаад би сэрсэн. Тэгтэл намайг “гуйлгачин, хулгайч” гэж доромжлоод заазуур бариад над руу далайсан. Тэгтэл Сын охин дундуур нь ороод заазуурыг булаан авсан. Тэгтэл гараараа миний зүүн нүд рүү цохисон. Манай эхнэр голоор ороод салгах үед манай эхнэрийг бас нүд рүү нь цохисон. ...С, түүний эхнэр, манай эхнэр 3 гэрээс гаргасан. Тэгтэл гадаа хашгичаад агсраад байсан. ...С эхнэр бид хоёрыг гэр рүү хүргэж өгөх гээд гэрээс гарсан. Тэгтэл Э гадаа зогсож байсан. Би гэртээ ирсэн. Тэгтэл араас хүрээд ирсэн. ...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/,
Хохирогч Х.Эын “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ...гэртээ байсан чинь 14 цагийн үед С манай гэрт машинтайгаа ирсэн. Гэрт очоод цай уу, танай нөхөр Л байгаа гэж хэлээд намайг аваад явсан. Тэдний гэрт очиход манай нөхөр, Сэр- Одын эхнэр, хүүхдүүд нь байсан. Бид 2 тэндээ 2 шил архи хувааж уусан. Тэгээд манай нөхөр Л унтаад өгсөн. Тэгээд гаднаас Э согтуу орж ирээд манай нөхрийг орноос татаад “хулгайч, гуйлгачин” гэж дуудаад заазуур аваад ална гээд дайрсан. Тэгэхээр нь би урдуур нь ороод салгасан. Тэгтэл намайг “янхан, гичий, Шонтын янхан” гэх мэтээр дуудаж доромжилсон. Заазуурыг нь хүүхдүүд авсан. Манай нөхрийг нүүр болон цээж рүү нь цохисон. Тэгээд бид нар салгасан. С ...Л бид хоёыг гэр рүү хүргэж өгсөн. Тэгтэл Э ална гээд чулуу өвөртлөөд гэрийн гадна ирсэн байсан. Базараа гэх залуу ирээд чулууг нь хаяулаад авч явах гэсэн чинь миний хөл рүү өшиглөөд, Сын гэрт намайг салгасан чинь миний нүүр рүү цохисон. Тэгээд Базараа аваад явсан. Зүүн нүд рүү нэг удаа гараараа цохисон. Зүүн бөөр рүү өшиглөсөн. Гэрийн гадна хөл рүү өшиглөсөн. Нүд хавдсан, хөхөрсөн, нуруу өвдөөд байгаа, хөл хөхөрсөн, гар тулгарсан. ...гомдолтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
Гэрч Л.Мын “...бид 4 хоол цай идээд нэг шил архи гаргаж задалсан...гаднаас Б гэх залуу орж ирсэн. ...цуг архи уусан. Тэгээд Лтэй Б морь авсан гээд хэрэлдээд байсан. Л нэлээд тасраад газарт хэвтсэн. Тэгтэл Б нь Лг татаж босгож ирээд цохисон. Хоорондоо барьцалдаад нэгнийгээ цохисон. Тэгээд хүүхдүүд салгасан. 3-7 дугаар ангийн 2 охин байсан. Тэгтэл эхнэр нь болох Э босож ирээд нөхрөө өмөөрөөд “Монхорын боолоо” гээд орилсон. Тэгтэл Эыг цохиод авсан. Манай нөхөр С боль гээд салгасан. Тэгтэл манай нөхрийг бас нүүр рүү нь цохисон. Халцарсан байсан. ...Галын төмрөөр манай нөхрийг цохих гээд дайрахаар нь салгасан. Лг эхнэрийнх нь хамт гэр рүү нь хүргэж өгсөн. Тэгтэл Б бас араас морио унаад явсан. ...өвөртөө чулуу хийсэн байсныг нь аваад хаясан гэсэн. Тэгээд манай хүү машинаараа гэрт нь хүргэж өгсөн гэсэн. ...Лгийн шанаанаас цус гарсан. Манай хүүхдүүд арчсан. Эынх цус гараагүй шууд хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,
Гэрч П.Сын “...Л гаднаас малдаа яваад ирлээ гээд орж ирсэн. Эхнэр бид 2 хоол цай өгсөн. Бид 2 хотод нэлээн хоноод ирсэн. ...1 шил архи задалж уусан. ...Л согтоод манайд унтаад өгсөн. ...Тэгээд эхнэртэй нь бид 3 сууж байсан чинь Э гэх залуу гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд нэг шил архи задалсан. Бөөнөөрөө сууж байсан чинь Э согтоод Б гэх залууг “Боолоо хүний мал хардаг боол чи” гэж хэлсэн. Тэгтэл Э гэх залуу нөхрийг нь унтаж байхад нь татаж ирээд тэгвэл чи хулгайч, хар морь авсан гээд татаж ирээд нүүр рүү нь гараараа цохисон. Би уурлаад Эыг аашилсан.... Лг эхнэр Эын хамт суулгаад гэрт нь хүргэж өгсөн. ..бидний араас чулуу өвөртлөөд мориор ирэх замд нь хүү Базараа таараад чулууг хаяулсан байсан. Тэгтэл Лг гэрт ороод бас өшиглөсөн бөгөөд манай хүүхэд тэврээд аваад гарсан. Гадаа тэврээд нэлээн байсан. Манай хүүхэд машинаа аваад гэрт нь хүргэж өгсөн. ...Би ямар нэгэн гэмтэл аваагүй. Гомдол саналгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 33-34 хуу/,
Гэрч С.Бын “...Би 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр малдаа явж байсан. ...манай аавын “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээс гараад Лгийн гэр рүү явж байсан. Тэгэхээр нь би араас нь очих гээд явж байтал Э ах гэртээ байсан. Надад нэг шил архи задалж өгөөд С түүний эхнэр У бид 3 хувааж уусан. Тэгээд С манай эхнэрийг аваад ирье гээд манайх руу машинаа бариад явсан. Удалгүй манай эхнэрийг авч ирсэн. Бид 4 дахин нэг шил архи гаргаж уусан. Би архи ууж дуусаад Сын гэрт унтаад өгсөн. Тэгтэл нэг мэдсэн чинь гаднаас Б хочтой Э согтуу орж ирээд намайг татаад би сэрсэн. Тэгтэл намайг “гуйлгачин, хулгайч” гэж доромжлоод заазуур бариад над руу далайсан. Тэгтэл Сын охин дундуур нь ороод заазуурыг булаан авсан. Тэгтэл гараараа миний зүүн нүд рүү цохисон. Манай эхнэр голоор ороод салгах үед манай эхнэрийг бас нүд рүү нь цохисон. ...С, түүний эхнэр, манай эхнэр 3 гэрээс гаргасан. Тэгтэл гадаа хашхичаад агсраад байсан. ...С эхнэр бид хоёрыг гэр рүү хүргэж өгөх гээд гэрээс гарсан. Тэгтэл Э гадаа зогсож байсан. Би гэртээ ирсэн. Тэгтэл араас хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн АРХ0725/060 дугаартай шинжээчийн “1. Х.Эын биед зүүн зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Зүүн зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 хуу/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн АРХ0725/059 дугаартай шинжээчийн “1. Д.Лгийн биед зүүн шанаа, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 хуу/,
Яллагдагч Т.Эын “...гэм буруугаа хүлээн мэдүүлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Ч сумын Х багийн Ш гэх газарт байх иргэн П.Сн гэрт Х.Эыг “хүний мал хардаг боол” гэж хэллээ гэж уурлан, улмаар хохирогч Д.Лгийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаа, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч Х.Эын нүүрэн тус газарт нь гараараа цохих болон хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт хохирлыг тус тус учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний материаллаг шинжээр нь тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүний шинжээр буюу хохирол, хор уршиг учирсан байхаар хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Т.Эын хохирогч Д.Л, Х.Э нарыг зодсон гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэрийг санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр хуульчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан.
Шүүгдэгч Т.Э нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Ч сумын Х багийн Ш гэх газарт байх иргэн П.Сын гэрт Х.Эыг “хүний мал хардаг боол” гэж хэллээ гэж уурлан, улмаар хохирогч Д.Лгийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаа, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч Х.Эын нүүрэн тус газарт нь гараараа цохих болон хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт хохирлыг тус тус учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Э нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Ч сумын Х багийн Ш гэх газарт байх иргэн П.Сын гэрт Х.Эыг “хүний мал хардаг боол” гэж хэллээ гэж уурлан, улмаар хохирогч Д.Лгийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаа, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч Х.Эын нүүрэн тус газарт нь гараараа цохих болон хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт хохирлыг тус тус учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Д.Лгийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 18-ны орой адуундаа явж байгаад замаараа С гэх айлд орсон. Тэгтэл С эхнэр хүүхдийн хамтаар гэртээ байсан. Надад нэг шил архи задалж өгөөд С түүний эхнэр У, бид 3 хувааж уусан. Тэгээд С манай эхнэрийг аваад ирье гээд манайх руу машинаа бариад явсан. Удалгүй манай эхнэрийг авч ирсэн. Бид 4 дахин нэг шил архи гаргаж уусан. Би архи ууж дуусаад Сын гэрт унтаад өгсөн. Тэгтэл нэг мэдсэн чинь гаднаас Б хочтой Э согтуу орж ирээд намайг татаад би сэрсэн. Тэгтэл намайг “гуйлгачин, хулгайч” гэж доромжлоод заазуур бариад над руу далайсан. Тэгтэл Сын охин дундуур нь ороод заазуурыг булаан авсан. Тэгтэл гараараа миний зүүн нүд рүү цохисон. Манай эхнэр голоор ороод салгах үед манай эхнэрийг бас нүд рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/,
Хохирогч Х.Эын “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ...гэртээ байсан чинь 14 цагийн үед С манай гэрт машинтайгаа ирсэн. “Гэрт очоод цай уу, танай нөхөр Л байгаа” гэж хэлээд намайг аваад явсан. Тэдний гэрт очиход манай нөхөр, Сэр- Одын эхнэр, хүүхдүүд нь байсан. Бид 2 тэндээ 2 шил архи хувааж уусан. Тэгээд манай нөхөр Л унтаад өгсөн. Тэгээд гаднаас Э согтуу орж ирээд манай нөхрийг орноос татаад “хулгайч, гуйлгачин” гэж дуудаад заазуур аваад ална гээд дайрсан. Тэгэхээр нь би урдуур нь ороод салгасан. Тэгтэл намайг “янхан, гичий, Шонтын янхан” гэх мэтээр дуудаж доромжилсон. Заазуурыг нь хүүхдүүд авсан. Манай нөхрийг нүүр болон цээж рүү нь цохисон. Тэгээд бид нар салгасан. С ...Л бид хоёрыг гэр рүү хүргэж өгсөн. Тэгтэл Э ална гээд чулуу өвөртлөөд гэрийн гадна ирсэн байсан. Базараа гэх залуу ирээд чулууг нь хаяулаад авч явах гэсэн чинь миний хөл рүү өшиглөөд, Сын гэрт намайг салгасан чинь миний нүүр рүү цохисон. ...Зүүн нүд рүү нэг удаа гараараа цохисон. Зүүн бөөр рүү өшиглөсөн. Гэрийн гадна хөл рүү өшиглөсөн. Нүд хавдсан, хөхөрсөн, нуруу өвдөөд байгаа, хөл хөхөрсөн, гар тулгарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
Гэрч Л.Мын “...Тэгтэл Б нь Лг татаж босгож ирээд цохисон. Хоорондоо барьцалдаад нэгнийгээ цохисон. Тэгээд хүүхдүүд салгасан. 3-7 дугаар ангийн 2 охин байсан. Тэгтэл эхнэр нь болох Э босож ирээд нөхрөө өмөөрөөд “Монхорын боолоо” гээд орилсон. Тэгтэл Эыг цохиод авсан. Манай нөхөр С боль гээд салгасан...Лгийн шанаанаас цус гарсан. Манай хүүхдүүд арчсан. Эынх цус гараагүй шууд хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,
Гэрч П.Сын “...Бөөнөөрөө сууж байсан чинь Э согтоод Б гэх залууг “Боолоо хүний мал хардаг боол чи” гэж хэлсэн. Тэгтэл Э гэх залуу нөхрийг нь унтаж байхад нь татаж ирээд тэгвэл чи хулгайч, хар морь авсан гээд татаж ирээд нүүр рүү нь гараараа цохисон. Би уурлаад Эыг аашилсан.... Лг эхнэр Эын хамт суулгаад гэрт нь хүргэж өгсөн. ..бидний араас чулуу өвөртлөөд мориор ирэх замд нь хүү Базараа таараад чулууг хаяулсан байсан. Тэгтэл Лг гэрт ороод бас өшиглөсөн манай хүүхэд тэврээд аваад гарсан. Гадаа тэврээд нэлээн байсан. Манай хүүхэд машинаа аваад гэрт нь хүргэж өгсөн. ...Би ямар нэгэн гэмтэл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 33-34 хуу/,
Гэрч С.Бын “...Тэгтэл нэг мэдсэн чинь гаднаас Б хочтой Э согтуу орж ирээд намайг татаад би сэрсэн. Тэгтэл намайг “гуйлгачин, хулгайч” гэж доромжлоод заазуур бариад над руу далайсан. Тэгтэл Сын охин дундуур нь ороод заазуурыг булаан авсан. Тэгтэл гараараа миний зүүн нүд рүү цохисон. Манай эхнэр голоор ороод салгах үед манай эхнэрийг бас нүд рүү нь цохисон. ...С, түүний эхнэр, манай эхнэр 3 гэрээс гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн АРХ0725/060 дугаартай, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн АРХ0725/059 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 37-38, 47-48 хуу/,
Яллагдагч Т.Эын “...гэм буруугаа хүлээн мэдүүлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Т.Э нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Ч сумын Х багийн Ш гэх газарт байх иргэн П.Сын гэрт Х.Эыг “хүний мал хардаг боол” гэж хэллээ гэж уурлан, улмаар хохирогч Д.Лгийн нүүрэн тус газарт нь гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаа, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч Х.Эын нүүрэн тус газарт нь гараараа цохих болон хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн зовхи, шанаа, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт хохирлыг тус тус учруулж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Л, Х.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хохирогч Д.Л, Х.Э нар нь мөрдөн байцаалтын шатанд “...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, эрүүл мэндэд учирсан хохиролд 2,000,000 төгрөг нэхэмжилнэ, гомдолтой...” гэж мэдүүлжээ.
Хэрэгт хохирогч нар 2,000,000 төгрөг нэхэмжилж, 145,000 төгрөгийн баримт хавсаргасан бөгөөд 145,000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул 145,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,855,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Л, Х.Э нарын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлын төлбөрт нийт 189,842 /нэг зуун наян есөн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөг зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч Т.Эаас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарт 200,000 төгрөгийн хохирол төлсөн гэсэн боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Э нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Эын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 900 /есөн/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Тын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Д.Л, Х.Э нарын нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөс 145,000 /нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1,855,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Эаас 189,842 /нэг зуун наян есөн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
6. Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР