Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/347

 

 

 

 

 

 

   2021             4               6                                         2021/ДШМ/347

                                                       

О.У, Х.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч Н.Жамъяндорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 201 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Бийн гаргасан давж заалдах гомдлоор М.У, Х.Б нарт холбогдох 2002004220292 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Х овгийн Оийн У, 1995 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт -тоотод оршин суух, /РД:-/;

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

            2. Б овгийн Хийн Б, 1991 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам ХХН-д туслах машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч О.У нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Делта-9 тедрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0.4003 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Х.Бээс олж авсан,

            улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 38 дугаар байртай залгаа подвалийн 2 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            шүүгдэгч Х.Б нь 2020 оны 8 дугаар сард Орхон аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Делта-9 тедрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 1668 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан,

            мөн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Делта-9 тедрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 0.4003 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр О.Уад өгсөн тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: О.У, Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол ...” гэж тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон. Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад, шүүгдэгч Х.Б нь О.Уад өвс өгөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч О.У нь тухайн өвсийг Х.Бээс авсан талаарх тайлбарыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Б нь өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэй тайлбар мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд мөрдөгч болон прокурорын зүгээс хуулийн дээрх шаардлагыг хангах үүднээс шүүгдэгч О.Уыг ч мөн адил хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангах нь зүйтэй байжээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой яллагдагч нараас тайлбар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина...” гэх заалттай нийцэхгүй байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.У “...Би Х.Б ахыг мэдээгүй байхад нь ууттай өвсийг авч хармаалсан. ...” талаар мэдүүлсэн. Үүнээс харахад шүүгдэгч О.Уын мэдүүлэг нь өөр хоорондоо харилцан зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг арилгах зайлшгүй шаардлагатай байна. ...” гэсэн үндэслэлээр шүүгдэгч О.У, Х.Б нарт холбогдох хэргийг шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Х.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие болон О.У нар үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд хэргээ шийдвэрлүүлэх байр суурьтай оролцсон. О.Уын тухайд мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн боловч өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Шүүх хуралдаанд мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд мөрдөн байцаалтад буцааснаар тухайн хэргийн нөхцөл өөрчлөгдөх боломжгүй. Миний бие тодорхой ажил эрхэлдэг учир олон дахин мөрдөн байцаалтын ажиллагаанд явах нь хорио цээрийн үед хэцүү байгаа тул анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Х.Бийн өмгөөлөгч Н.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ байр суурийн эсрэг байна. Учир нь, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн үйлдэл тогтоогдсон, харилцан эсрэг ашиг сонирхолтой этгээдүүдийг байцаахдаа нэгийг нь өмгөөлөгчтэй, нөгөөг нь өмгөөлөгчгүй оролцуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 1.6 дугаар зүйлд заасан шүүх, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хууль, бусад хуулийг чанд сахина гэж заасныг зөрчсөн. Мөн О.Уын 0,0403 грамм өвсийг Х.Бээс олж авсан гэх үйлдлийн тухайд мөрдөн байцаалтын шатанд О.У Х.Бээс олж авсан гэдэг бол шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “би Х.Б ахыг анзаараагүй байхад өөрөө авсан” гэсэн зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Энэ мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан” гэв.

Прокурор М.Очбадрах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Анхан шатны шүүхээс харилцан эсрэг ашиг сонирхолтой этгээдүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчтэй оролцуулах байтал уг заалтыг зөрчиж мэдүүлэг авсан байна гээд хэргийг прокурорт буцаасан. Энэ талаар прокурорын зүгээс ямар нэг эсэргүүцэл бичээгүй. О.Уын хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд өмгөөлөгч сонгон авах эрхээр нь хангасан боловч төлбөрийн чадваргүй, улсын өмгөөлөгчийг оролцуулах ажиллагаа хийх гэхээр Орхон аймагт бүртгэлтэй учир тэндээс тодорхойлолт авч чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас өмгөөлөгч оролцуулж чадаагүй. О.У нь 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Алтангэрэл гэх хүнд өгсөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай прокурорын хяналтад ирсэн. Тийм учраас дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон учир сүүлийн хэргийг өмнөх хэрэгтэй нь нэгтгэж шүүхээр шийдвэрлүүлэх нь хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцааж, нэгтгэн шийдвэрлүүлэх саналтай байна” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.Бийн гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Шүүгдэгч О.Уын өмгөөлөгч авах эрхийг хангалгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж тус тус заасныг зөрчжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, прокуророос мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар гэмт хэргийн талаар харилцан зөрүүтэй мэдүүлэг өгснийг анхаарч үзээгүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Х.Бийг өмгөөлөгчтэй, О.Уыг өмгөөлөгчгүй оролцуулж эрх зүйн байдлын хувьд давуу байдал олгосныг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.У нь өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг мөрдөгч хүлээн авч шийдвэрлээгүй, өмгөөлөгч оролцуулаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч өөрийгөө өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй нь заавал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нөхцөл байдал болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “хөндлөнгийн гэрчтэй хийгдэх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол мөрдөн шалгах ажиллагааг гэрэл зураг, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хэргийн газарт хөндлөнгийн гэрчийг оролцуулах боломжгүй тохиолдолд дуу-дүрсний бичлэг хийж хэрэгт бэхжүүлэх ёстой.

Хавтас хэрэгт хэргийн газар үзлэг хийсэн талаар дуу-дүрсний бичлэг хавсаргаагүй бөгөөд хөндлөнгийн гэрч оролцоогүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг гэрэл зураг, эсхүл дуу-дүрсний бичлэгээр заавал бэхжүүлэн хэрэгт хавсарган ирүүлэх нь зүйтэй байна.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ шүүгдэгч О.У нь дахин мансууруулах бодис бусдад худалдсан гэмт хэрэгт холбогдсон, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хэргийн материал Нийслэлийн прокурорын газарт байгаа талаарх тайлбарыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 201 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ