Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0970

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л* ХХК 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М******

Гуравдагч этгээд: О*************************

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б***** нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн Л* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А****** нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, Н.Н********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М****** , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн Л* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

2. Хэргийн оролцогчдоос иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “...хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно” гэж зааснаар шүүх хуралдаан үргэлжлэв.

3. Нэхэмжлэгч Л* ХХК нь хариуцагчаас “Танай компанийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжаар цуцалсан байна" гэсэн хариуг амаар авч, уг захирамжийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хуулбарлан өгснөөр газар эзэмших эрхийг цуцалсан болохыг мэдэж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1. Нийслэлийн Засаг даргын дээрх хууль бус үйл ажиллагаанд бид гомдолтой байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан Захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа захиргааны байгууллага хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа манай компанид Нийслэлийн Засаг даргын захирамжийг албан ёсоор мэдэгдээгүй. Нийслэлийн Засаг даргын А/902 дугаар захирамж 2019 оны 9 дүгээр сарын 05-ний өдөр гарсан байхад захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.4-т заасны дагуу Захиргааны актыг манай компанид албан ёсоор мэдэгдээгүй. Бид өөрсдөө хөөцөлдөж байж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албан бичгээр хандаж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагчаас хуулбар хувийг хүлээн авч танилцсан гэж,

4.2.  Л* ХХК нь *********** дүүргийн 00 дүгээр хорооны нутагт Н******** зуслангийн зүүн талын энгэрт 2.0 га газрыг 2000 онд *********** дүүргийн Засаг даргын захирамжаар анх авсан бөгөөд тухайн үед уг газар бусдын эзэмшил, ашиглалтад байсан газартай ямар нэгэн давхцалгүй байсан. Бид газраа эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж, тухайн газар зуслангийн байшин барих, дэд бүтэц тавих ажлуудыг өөрийн хөрөнгөөр хийж байсан гэж,

4.3. Нийслэлийн Засаг дарга манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо 2002 онд батлагдаж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй Газрын тухай хуулийг буцаан хэрэглэж, Л* ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулснаар тус компанийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн, эрх зүйн тогтвортой байдлыг алдагдуулсан, хууль бус шийдвэр гэж,

4.4. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “...бусдын эзэмшил, ашиглалтад байсан газартай давхцалтай” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон атлаа манай компаниас сүүлд 2008 оноос хойш газар эзэмших эрх авсан манай хөрш, зэргэлдээ газар эзэмшигч нарын газар эзэмших эрхийг цуцлаагүй зөвхөн манай компанийн газар эзэмших эрхийг онцгойлон цуцалсан нь төрийн үйл ажиллагааны Шударга ёс, Тэгш байдал-ийн зарчим, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг ноцтой зөрчсөн хууль бус захиргааны акт гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх Н********зуслангийн 1996 онд авсан газрын хэмжээ нь 2152 м.кв байсан. Нэхэмжлэгч компанийнх болохоор 2000 м.кв байсан. Газрын хэмжээг харьцуулаад харахад газрын хэмжээ адилхан байсан. Тухайн үедээ бол давхцах боломжгүй байсан. Харин 2007, 2008 онд сүүлд Н********зуслангийн газрыг томруулж олгохдоо 6-7 дахин томруулж олгосон байгаа юм. Иймд 2000 онд анх газрыг олгохдоо давхцалгүй байсныг анхаарч үзнэ үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Н******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны актыг харахад Л* ХХК-ийн 2015 онд газар эзэмших эрхийг сунгасан захирамжийг хүчингүй болгосон байна. Газар эзэмших эрх сунгах харилцаа нь хуульд нийцээгүй байна. Гэтэл газар эзэмших эрхийг сунгуулахад 15 жил эзэмшээд явж байсан газар дээр газар эзэмших эрхийг сунгахад газрын давхцалын талаар ямар нэгэн шүүлт ордоггүй.  Газраа гэрээнд заасан журмын дагуу ашиглаж дүгнэж байж газар эзэмших эрх сунгагддаг ийм хуулийн процесстой.

Одоо хариуцагч маргахдаа анхнаасаа 2000 онд олгохдоо газар эзэмших эрх анх олгохдоо хууль бусаар олгосон гэж тайлбарладаг. Сунгалт хууль бус биш байсан гэдэг маргаан байдаггүй. 2000 онд Л* компани анх газар эзэмших эрхийг олгож авснаар тэр эрхийг анх хууль бус болгохдоо 2000 онд газар эзэмших эрхийг хэрэгжүүлж байсан захирамжийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байгаа юм.

Анх олгохдоо давхцуулж олгосон байна гэж хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Захиргааны ерөнхий хуульд зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах хуулийн хугацааг заасан байдаг. 5 жилийн дотор эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу хүчингүй болгохоор байтал 5 жил өнгөрсөн үед эерэг нөлөөлөлтэй актыг хүчингүй болгож болохгүй. Эрх олгосон шийдвэр нь 2000 онд байхад 19 жилийн дараа захиргааны шийдвэрийг хүчингүй болгож болохгүй.

Хариуцагч гажуудуулах замаар сунгалтын захирамжийг хүчингүй болгосноор хариуцагч эрх олгосноор сунгалтын захирамжийг хууль бус гэж дүгнэж байгаа юм.

Авцалдаагүй дүгнэлт хийгээд захирамж гаргасан байгаа юм. Өмнөх шүүхийн шийдвэрээр захирамжтай холбоотой сонсох ажиллагаа хийгдээгүй байна гэж дүгнэсэн байсан. Сонсох ажиллагаатай холбоотой хийгдсэн зүйлийн талаар хариуцагчийн зүгээс бичгийн албан хэргийн дэвтэр гэсэн зүйл шүүх дээр авчирч өгсөн байсан. Дэвтэр ямар нэгэн байдлаар нотолж чадахгүй байгаа юм. Шууданд явуулсан баримт гэж зүйл байхгүй. Сонсох ажиллагаа хийсэн гэдгээ хариуцагч нотолж чадахгүй байгаа юм. Маргаан бүхий актын үндэслэл дээр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасныг барьсан байгаа юм. Энэ нь өөрөө сонсох ажиллагаа хийхгүй захиргааны акт гаргах тохиолдол юм. Актаа эхлээд гаргасан хэрнээ дараа нь шүүхээс сонсох ажиллагаа хийсэн гэдгээ нотлох гээд ирэнгүүт дэвтэр үзүүлээд хэн гэж хүн хүлээж авсан нь мэдэгдэхгүй баримт гаргаж өгөөд байгаа юм.

Газрын давхцалын асуудлыг харахаар 1996 онд захирамж гарсан гэж байгаа боловч Н******** зуслангийн эдэлбэр газрын кадастрын зураг нь байдаггүй. 2009 онд кадастрын зураг болж гарч ирээд байгаа юм. Үүнээс өмнө кадастрын зураг байхгүй. Хувь хүмүүсийг эзэмшиж ашиглаж байгаа зэргийг тойм зургаар гаргасан. Н******** зуслангийн кадастрын зураглал байхгүй байсан. Харин 1996, 1999 оны Нийслэлийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор зуслангийн бүс дээр иргэн хуулийн этгээдийн горим батлаад өгсөн байдаг. Тухайн газарт үзлэг хийхээр Н******** зуслан дээр очиход амины орон сууцны хороолол болсон байгаа юм. Манай компанийн эзэмшлийн газар дээр мөн хэд хэдэн амины орон сууцны газар авцан байгаа юм. Энэ хүмүүс бүгдээрээ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар тэгш эрхийн зарчим, шударга ёсны зарчим яагаад үйЛ* лэхгүй байна вэ. Цогцолбор газрын журмын дагуу олон газар ашиглаад явж байсан гэдэг нь нотолж байгаа юм. Хэрэгт авагдсан баримтаар харахад 1996, 1997, 1999 оны Н******** зуслангийн газар нь Л* ХХК-ийн газрын зураглалтай ийм байдлаар давхцаж байгаа талаар нотлох нэг ч баримт байхгүй. Бид хайгаад олохгүй байж байгаад сүүлд геодези зураг зүйн газраас давхцаж гарч ирж байгаа юм. 2008 оноос хойш зургууд давхцалтай харагдаж байгаа юм. Үүнээс өмнө онуудад давхацсан байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа юм. 2000 онд Л* компанийн газар эзэмших гэрчилгээ авахад Н******** зуслангийн газартай давхацсан байдал тогтоогдохгүй байгаа юм. Н********зуслангийн газар нь уулын баруун талын бэл рүү байдаг. Л* компанийнх нь газар нь зүүн талын бэл дээр байгаа юм.  Л* компанийн итгэл хамгаалагдах ёстой байх гэж бодож байна. Газрын төлбөрийн баримтууд болон эрчим хүчний техникийн нөхцөлүүдээ аваад бүх зардлууд гарсан баримтаар байгаа. 2000 оноос эзэмшиж байсан учраас үргэлжлүүлэн эзэмших эрхтэй байсан. Л* компанийн газар эзэмших эрх хүүхдийн зуслантай харшлаад байгаа бол Нийслэл төлбөрөө төлөөд авах боломж байсан. Гэтэл сунгалтын захирамжийг цуцлаад байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л* ХХК нь анх 2000 онд *********** дүүргийн Засаг даргын Б/54 дүгээр захирамжаар тус дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Н******** зуслангийн зүүн талд 2 га газрын зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Эзэмших эрхийн хугацаа дуусах үед Л* ХХК-иас хугацаа сунгуулах хүсэлт гаргасны дагуу *********** дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар сунгаад гэрчилгээ авсан. 2000 онд газар ашиглах эрх авсан болон 2015 онд газрын гэрчилгээний хугацаа сунгуулах үед бол тухайн 2 га газар нь бусдын эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй байсан. 

Тухайн үед хууль журмын дагуу гэрээнүүдээ шинэчлэн өгч, газрын гэрчилгээгээ шинэчлэн авч байсан. Манай компани 2000 оноос хойш газар ашиглах эрхээ авснаас хойш зөвхөн газрын төлбөрт 31 сая төгрөг, тухайн газар дээр бүтээн байгуулалтын дэд бүтэц барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажилд 78 сая төгрөг, бусад үйл ажиллагааны зардлуудад 91 сая төгрөг, нийтдээ 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тухайн газар дээр хийсэн. Нийслэлийн Засаг дарга 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/902 дугаар захирамжаар Л* ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасан.

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлээс харахад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан байтал Л* ХХК нь 2000 онд газар эзэмших эрхээ авсан, 2015 онд гэрчилгээний хугацаагаа сунгуулсан, анх газар эзэмших эрх үүссэнээс хойш 19 жилийн дараа газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг үндэслээд захиргааны актыг хүчингүй болгосон байдаг. Гэтэл газар эзэмших эрх үүссэнээс хойш эрх олгосон захирамж бол Л* компанийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт, хариуцагч байгууллага 5 жилийн дотор хүчингүй болгуулах эрхтэй байтал 19 жилийн дараагаар гэнэт газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд гуравдагч этгээдэд Н******** хүүхдийн зусланг 2007 онд газар эзэмших эрхийг олгосон байдаг. Гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгохоос өмнө Л* компанид газар эзэмших эрхийг олгосон нь тогтоогдож байгаа юм. Он цагийн дарааллаар авч үзвэл Л* ХХК-ийн газар эзэмших эрх түрүүлж үүссэн. Харин Н******** зусланд газар эзэмших эрхийг олгохдоо бусдын эзэмшил газартай давхцалтай байгааг хариуцагч байгууллага нягталж үзсэний үндсэн дээр газар эзэмших эрхийг олгох ёстой байсан гэж үзэж байна. Тухайн газар дээр шүүхээс үзлэг хийсэн.  Тухайн газрыг авахад эрчим хүч техникийн нөхцөлийг шийдээгүй байсан ба газрын авсны дараа эдгээрийг шийдээд тухайн газраа зориулалтын дагуу ашиглах үйлдлийг хийж байсан. Хариуцагч захиргааны байгууллага нь газар эзэмших эрхийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй. Нэхэмжлэгч компанийн зүгээс Н******** зуслангийн орчмын газруудыг цуцалж байна гэсэн хүмүүсийн дам ярианаас 2019 онд манай компаниас албан бичгээр тодруулга хүсээд маргаан бүхий акт буюу газар эзэмших эрх цуцлагдсан захирамжийг гарснаас хойш 3 сарын дараа мэдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ хэрэг маргаан нь өмнө нь шийдэгдээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдаад ирсэн байдаг. Өмнөх шүүхийн шийдвэрээр Н******** Олон улсын хүүхдийн зуслангийн газрыг 1996 оны А/140 дүгээр захирамжаар газар олголт хийсэн байдаг. Л* ХХК-ийн хувьд анх манайд 2000 онд газар олголт хийсэн, давхцуулж олгосон зүйл байхгүй гэж маргаж байгаа юм байна. Гуравдагч этгээдэд 1996 онд газар олгогдсон гэхээр цаг хугацааны хувьд Л* ХХК-иас 4 жилийн өмнө газар олголт хийгдсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Олон улсын хүүхдийн зуслан нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Давхцалтай нөхцөл байдал нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тодорхой харагдаж байна. Маргаан бүхий захирамж нь ямар нэгэн хууль зөрчиж гаргасан захиргааны акт бол биш.

Тухайн үед газар зохион байгуулалтын алба нь суурин болон хээрийн судалгааг газар дээр очиж хийж, хоосон газруудыг давхцалтай байна гэсэн үндэслэлээр судалгааг гаргаж хүчингүй болгосон байдаг. Захирамжийн хавсралтад дурдагдсан иргэн, аж ахуй нэгжүүдийг хүчингүй болгосон. Ганцхан Л* компанийн газрыг хүчингүй болгоод энэ компанийн эрх ашигт чиглэсэн захиргааны акт бол биш.

Давхцал бол бодит байдал дээр байгаа гэдгийг өмнө шүүхийн шийдвэрээр дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс яагаад дахин хэлэлцүүлэхээр буцаасан гэхээр тодорхой хэдэн нөхцөл байдлуудыг тодруулах нь зүйтэй, давхцалтай хэсэг дээр анхан шатны шүүх хангалттай дүгнэсэн байна гэж үзсэн. Иймд өмнө шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрээр зөв дүгнэсэн, үндэслэх хэсэгт тодорхой дурдаад өгсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна... Маргаан бүхий захиргааны акт үндэслэл бүхий гарсан бөгөөд өмнөх шүүхийн шийдвэрээр тухайн газрууд нь хоорондоо давхцалтай байгааг дүгнээд гаргасан. Шүүх дүгнэхдээ хүүхдийн эрх ашиг нэгдүгээрт байгаа байна гэдгийг тогтоосон. Олон улсын стандартад нийцсэн, гадаадаас хүүхдүүд ирж амардаг Монгол Улсын албан ёсны зуслан гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Бусад аж ахуй нэгжүүдийг хүчингүй болгохгүй байна гэдэгт тухайн газар дээр суурин болон хээрийн судалгаа хийгээд тухайн газар дээр хоосон байгааг хүчингүй болгож шийдвэрлээд үлдсэн хэсэг нь судалгаанд ороод яаж шийдвэрлэх талаар Засгийн газраас чиглэл ирээд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан дээр судалгаа хийгдээд явж байгаа юм. Тусгай хамгаалалтад авсан газар нутагт иргэн аж ахуй нэгжийн барилга байгууламж бариулахгүй,  байгалиар  нь байлгах хүүхдийн эрх ашгийг бодсон ийм л захиргааны акт гаргасан.

Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг давхцалтай гэдгийг сая судлуулаад манайх давхцалгүй гэсэн зүйлээр огт маргахгүй байгаад байна. Сонсох ажиллагаа хийгээгүй, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж маргаж байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрөөд байна. Маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын захирамж үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Материалуудыг нотлох баримтын хэмжээнд буцаагаад өгсөн байгаа. Олон улсын хүүхдийн Н******** зуслан анх 1978 онд байгуулагдаад 1996 онд анх газрын гэрчилгээ, кадастртай болоод түүнээс хойш хүмүүст замбараагүй газар олгосноос болоод хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн.

Тухайн үеийн Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд газар дээр очиж үзээд олон хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн учраас энэхүү захирамж гарсан. Нэхэмжлэгч тал 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт гаргасан гэдэгт санал нийлэхгүй байгаа. Н.Т********** аварга 2000 оны 6 сараас эхлээд өөрийнхөө авсан газар дээр байшингаа барьсан. Л* компанийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй. Нийслэлийн Засаг даргын захирамж үндсэндээ бол хууль зүйн үндэслэл бүхий гарсан, хүүхдийн эрх зөрчиж, Газрын тухай холбогдох заалтыг зөрчсөн гэж үзээд захирамж гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нийслэлийн Засаг дарга 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 тоот захирамжийн 1.16 дахь заалтаар Н******** зуслангийн орчимд давхцуулан газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн” үндэслэлээр “өөрөө уг шийдвэрээ хүчингүй болгох” мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан Л* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан *********** дүүргийн Засан даргын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжийн хавсралтын “1” дэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Н******** цогцолборын хувьд эдэлбэр газрын эрхийг шинэчлүүлэхээр хандсанаар Нийслэлийн Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар олон улсын хүүхдийн амралтын зориулалтаар 2152.0 га талбайг эзэмшүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаар тогтоолоор Б******* байгалийн цогцолборт газрын бүсийн хил заагт өөрчлөлт оруулж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаар захирамжаар Олон улсын хүүхдийн Н******** төвд 970.5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар захирамжаар 12.250.000 м.кв буюу 1.225 га болгон нэмэгдүүлж, 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 527 дугаар захирамжаар Олон улсын хүүхдийн Н******** төвийн газрыг 12,250,000 м.кв хэмжээгээр дахин баталгаажуулан эзэмшүүлжээ.

4. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “иргэн, хуулийн этгээдийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж, Гэтэл нэхэмжлэгч Л* ХХК-д *********** дүүргийн Засаг даргын  2000 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/54 дүгээр захирамжаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн 2.0 га газар нь 1996 оны А/140 дүгээр захирамжаар олон улсын хүүхдийн амралтын зориулалтаар Олон улсын хүүхдийн Н******** төвд эзэмших эрхийг нь баталгаажуулсан 2152.0 га газартай бүхэлдээ давхцалтай байсан болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн байршлын зургаар тогтоогдож, олон улсын хүүхдийн амралтын зориулалтаар эзэмших эрхийг баталгаажуулсан газрыг зуслангийн зориулалтаар иргэнд эзэмшүүлсэн нь мөн л Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад нийцээгүй байна.   

5. Түүнчлэн эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн бүс нутгийг байгалийн цогцолборт газраар тогтоож, Нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшүүлэхтэй холбоотой дүгнэлтийг эрх бүхий этгээдээс гаргаагүй байхад *********** дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нь хуульд нийцэхгүй байна. 

6. Тодруулбал, Нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд Нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн газраас дүгнэлт гаргуулах шаардлага тавигдах бөгөөд нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшүүлэхтэй холбоотой дүгнэлтийг гаргаагүй байхад *********** дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байдаг.    

7. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар “өөрийн гаргасан шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэлээр өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            8. Нэхэмжлэгч Л* ХХК-д хууль зөрчин бусад этгээдийн газартай давхцуулан газар эзэмшүүлсэн 2000 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/54 дүгээр захирамж нь түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамжаар хүчингүй болж, эрх зүйн үндэслэлгүй болсон байх тул газар эзэмших эрхийг тодорхойлох газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/218 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

9. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 01-06/2803 тоот албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох “анх эзэмшүүлэхдээ бусдын газартай давхцуулсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн”, мөн “газраа эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсоноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй” гэсэн үндэслэлүүд бий болсныг мэдэгдэж, холбогдох тайлбар гаргах, баримт бичиг ирүүлэх хугацаа тогтоосон сонсох ажиллагааны мэдэгдлийг Л* ХХК-д  хүргүүлсэн болох нь явуулсан бичгийн бүртгэлд тэмдэглэгдсэн байх ба сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

10. Иргэдийн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л* ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/902 дугаар захирамжийн Л* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                       

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Д.ЧАНЦАЛНЯМ                                                                                         ШҮҮГЧ                    М.БАТЗОРИГ

                                                           ШҮҮГЧ                    Н.ДАМДИНСҮРЭН