Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/02006

 

 

 

 

 

 

 

2022 04 29

101/ШШ2022/02006

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.О

 

Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан компанийн хувьцааг бэлэглэх гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан тул уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б ХХК

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Б, иргэн Б.О нар нь Б ХХК-ийн хувьцааг 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тухайн үед итгэл үзүүлж бичгээр гэрээ байгуулаагүй, аман гэрээгээр тохиролцсон бөгөөд хувьцааны шилжих хөдөлгөөнийг бэлэглэлийн гэрээгээр хийсэн. Гэвч Б.О нь аман гэрээгээр тохиролцсон 25,000,000 төгрөгийг өгөөгүй учраас 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Б.Б нь утсаар болон цахим нийгмийн сүлжээгээр удаа дараа мөнгө шаардахад өгнө гэж байсан боловч янз бүрийн шалтгаг, шалтгаан хэлж уулзалдахаас зайлсхийж, худлаа ярьж итгэл алдсан. Уг гэрээгээр 3 сарын хугацаанд багтааж компанийн хувьцааг худалдан авахаар тохиролцсон 25,000,000 төгрөгийг өгөх байсан боловч өгөөгүй. Зээлийн гэрээний дагуу Б.Батцэнгэл нь Б.Од 25,000,000 төгрөг өгөөгүй бөгөөд зөвхөн Б ХХК-ийн хувьцааны мөнгийг авах, худалдах, худалдан авах гэрээ нөхөж байгуулах боломжгүй байсан учраас тус зээлийн гэрээг байгуулсан болно. Үүнээс үзэхэд бэлэглэлийн гэрээ нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан гэрээ мөн бөгөөд Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ юм.

Иймд талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан компанийн хувьцааг бэлэглэх гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан тул уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, өмгөөлөгч Б.З нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэргийн оролцогч нар нь шүүхэд анхнаасаа үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах ёстой бөгөөд нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б ХХК-ийн хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн. Дараа нь ямар нэгэн байдлаар контейнер худалдаж аваагүй учраас гомдсон гэх агуулгаар нэхэмжлэл гаргаж байсан. Өнөөдөр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, энэ нь халхавч гэрээ гэж байгаа нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэдэг нь харагдаж байна. Тийм учраас 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээг халхавч гэрээ гэж ойлгоод нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад байна. Зээлийн гэрээ нь анх нэхэмжлэлд гаргасан контейнер худалдахтай холбоотой. Контейнерын үнийг тооцсон гэрээ юм. Тийм учраас 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ нь энэ зээлийн гэрээтэй холбоотой халхавч гэрээ биш. Зээлийн гэрээ, контейнер худалдах худалдан авах гэрээ нь цуцлагдсан. 7 дугаар сард мөнгийг нь өгөөгүй учраас цуцлагдсан. Контейнер худалдах худалдан авахтай холбоотой хийгдсэн зээлийн гэрээ учраас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тогтоогдохгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлтэй танилцлаа. Манай компани 2018 оноос хойш хэвийн ажиллаж эхэлсэн. Одоогоор шүүхийн маргаантай холбоотойгоор үйл ажиллагаа саатаад байгаа тул хэргийг шуурхай шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, фото зургууд, харилцсан мэссеж, нэхэмжлэгчийн итгэмжлэлүүд, фото зургууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, харилцсан мэссежүүдийг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл , уг гэрчилгээний 1 дүгээр хавсралт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичиг, Б ХХК-ийн  тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн мэдээ /2020.10.21/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дахь Баян уул талбайд 2018 онд буюу 3 дахь жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дахь Баян уул талбайд 2021 онд буюу 5 дахь жилд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дахь Баян уул талбайд 2019 онд буюу 3 дахь жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, Ашигт малтмал газрын тосны газрын Анхдагч материалын жагсаалт, хайгуулын ажлын зардлын дүнгийн задаргаа, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дахь Баян уул нэртэй талбайд 2016 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө-г хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Гуравдагч этгээдээс Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тайлбарыг ирүүлсэн, өөр бичгийн баримтыг ирүүлээгүй байна.

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрч Б.Маас авсан мэдүүлэг, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, мөн өдөр гэрч С.Наас авсан мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Од холбогдуулан Б.Бийн Б.Отай 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэх гэрээг хүчингүй болгож, бэлэглэсэн хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан компанийн хувьцааг бэлэглэх гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан тул уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай гэж өөрчилжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээ нь контейнер худалдах, худалдан авахтай холбоотой хийгдсэн учраас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК нь хариуцагчийн тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Б ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Б нь Б.Отай 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ-г байгуулж, мөн өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 01 тоот шийдвэрийг үндэслэн бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчид өөрсдийн эзэмшдэг нэг бүр нь 10,000 үнэ бүхий, нийт 100 ширхэг хувьцаагаа үнэ төлбөргүйгээр сайн дурын үндсэн дээр шилжүүлэхээр, мөн өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, эрх шилжүүлэгч Б.Б нь 1,000,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 1 гишүүнтэй Б ХХК-ийн өөрт ногдох тус бүрийн 100 хувийн эрхээ албан ёсоор эрх шилжүүлэн авагч Б.Од шилүүлэхээр, мөн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон  тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хамт шилжүүлэхээр харилцан тохирсон болох нь Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү гэрээ байгуулагдсанаас хойш 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Б.О нь Б ХХК-ийн үүсгэн байгуулагчаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах Баян-Уул талбайд хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг холбогдох хууль, журмын дагуу гаргаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сунгуулан, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон  дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, уг гэрчилгээний 1 дүгээр хавсралт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Б, Б.О нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ-г хувьцаа бэлэглэх биш хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хавхавчлах зорилгоор байгуулсан гэрээ гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь Б ХХК-ийн хувьцааг 25,000,000 төгрөгөөр худалдахаар амаар харилцан тохирсон, уг мөнгөө Б.О нь төлөөгүй тул 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбарыг гаргаж байх боловч энэхүү зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тохирсон 25,000,000 төгрөг нь Б.Бийн эзэмшлийн 2 ширхэг контейнерийн үнэ ба Б.О болон түүний нөхөр С.Н нарт 2 ширхэг контейнерийг худалдан авах саналыг Б.Б нь тавьсантай холбоотойгоор зээлийн гэрээ байгуулсан байсан боловч контейнерийн түлхүүрийг Б.Б нь С.Наас буцаан авсан болох нь гэрч С.Нын мэдүүлэг, нэхэмжлэгч Б.Бийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... тус газар дээрхи контейнер, гаражийг Б.О нь худалдаж авахаар харилцан тохиролцсон. Гэтэл Б.О нь контейнер, гаражийг худалдаж аваагүй, гэх тайлбар, үндэслэлийг гаргаж байсан байх хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, ийнхүү гаргасан тайлбар нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотлох баримтад хамаарна.

 

Эдгээрээс үзвэл Б.Б, Б.О нарын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ нь компанийн хувьцаа худалдах-худалдан авах хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотойгоор license avsan egch -тай харилцсан мессежийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх хуульд заасан журмаар авагдсан нотлох баримт гэж үнэлэх үндэслэлгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар зааснаар үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэх боломжгүй болсон гэх тайлбарыг гаргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О нь эрүүл мэндийн хувьд урт хугацааны эмчилгээтэй байгаа тул шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлтийг гаргасан байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Бийн Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан компанийн хувьцааг бэлэглэх гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан тул уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/14990 дугаартай захирамжийн 3-6 дахь заалт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ