2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1178

 

 

 

 

                                                                                                                   

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн 2508 01580 0490 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, ****** оны 03 сарын 21-ний өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, байр зүйн холбогч   мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ****** дугаар ангид харуул ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *****дугаар хороо, ******* дүгээр гудамж ****  тоотод оршин суух,

урьд нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 824 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болгосон, ***********,*************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч ******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2508015800490 дугаартай хэргээс:

 Улсын яллагч: хохирогч   ****** мэдүүлэг ( хавтаст хэргийн 08, 11 дэх тал),  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4032 дугаартай шинжээчийн дүгнэлт  ( хавтаст хэргийн 35-36 дахь тал), яллагдагч ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал),хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 73-74 дэх тал),үйлчлүүлэгчийн аюулгүй байдал дунд зэрэг гэх гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын  үнэлгээний маягт (хавтаст хэргийн 75-79 дэх тал),мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт “сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл” -ын загвар ( хавтаст хэргийн 68 дахь тал),“...манай нөхөр согтуу агсам тавиад намайг зодоод боож унагаасан. Цагдаа нар хурдан ирээрэй...”гэх дуудлага лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 04  дэх тал), аюулын зэргийн үнэлгээ ( хавтаст хэргийн 11-12 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2508015800490 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******** нь согтуурсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн **** дүгээр гудамж ******тоотод өөрийн эхнэр ***** нүүрэн тус газар, баруун зүүн шанаа руу  гараараа удаа дараа цохиж, улмаар боож унаган дээрээс нь дэвсэж өшиглөж зодож,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 4032 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд заасан”... духны дунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, дух, чамархай, эгэм, мөр, баруун шуу, өгзөг, баруун гарын 5 дугаар хуруунд цус хуралт, зүүн гарын 3 дугаар хуруунд зулгаралт..” бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

    Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч   ********* “2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний төрсөн ах эхнэрээ гуйгаад бэрээ гэртээ авчирч ирсэн юмаа, тэгсэн миний нөхөр ****** гэнэт ахынд сууж байснаа “би та нарт хэлэхээ хэлдэг пизда шүү” гэж хэлээд гараад явсан юмаа, би араас нь гэр рүүгээ орсон чинь ******* дэлгүүр рүүгээ ороод нэг шил архи задлаад уугаад сууж байсан. Би галаа түлье гээд гарах гэсэн чинь “чи энэ оцгор эхтэйгээ нийлээд энэ дэлгүүрт сүнс нь хоргодож үхэх гэж байгаа биз дээ” гээд хэлэхээр “юу яриад байгаа юм” гэсэн чинь ууж байсан 0.75 литрийн Х архиа миний араас шидээд миний баруун дал орчим оноод газар унаад хагарсан, тэгэхээр миний уур хүрээд “яах гээд байгаа хүүр вэ, би чамайг яах гэж уулаа гэж хэлсэн үү, чамтай уусан хүмүүс бүгд тараад явчихлаа, би чамайг битгий уу гэж хэлсэн үү” гээд асгарсан архийг нь цэвэрлээд сууж байсан ундаа задлаад над руу шидчихсэн. Тэгэнгүүт нь би хагарсан архины шилийн амсар хэсгийг нь өөр рүү нь шидсэн чинь ******* өвөр дээр нь унасан, **** босож ирээд гараараа хоёр шанаа руу 2, 2 удаа цохиод над руу өрөөтэй байсан чихэр, пичень авч шидээд байж байтал манайд унтаж байсан бэр эгч *******н босож ирээд бид хоёрыг салгаад би агуулах руугаа орох гээд явахад араас орж ирээд над руу том хроп ундаа аваад шидсэн. Би гэртээ ороод ирсэн байж байхад араас ******** орж ирээд багалзуурдаж барьж аваад цээж рүү хоёр удаа цохисон. Тэгээд бэргэн эгч ***** араас орж ирээд *****г салгаад жижиг өрөө рүү оруулсан. Би том өрөө рүү ороод хүүхдээ угжиж унтуулаад байж байгаад хувцсаа солиод галын өрөөнд орж галаа түлээд сууж байсан чинь ****** араас орж ирээд “үхсэнээ хийгээд наанаа суугаад байгаа пизда вэ” гээд миний зүүн дал орчим өшиглөсөн, би урагш зуух мөргөөд босоод ирэхэд “чамайг би алахад яадаг юм, та нарыг бүгдийг чинь би ална” гээд намайг боож зуухны хажуу тал руу чихэж дэгээ төмрөөр боож, дээрээс хөлөөрөө дэвсэж өшиглөөд байсан, хоёр хүүхэд гаднаас орж ирээд “ааваа та болиоч” гээд байхад намайг зодсоор байсан бөгөөд тэр хоёр салгасан.  Албан ёсны гэр бүл хамт амьдраад 11 жил болж байна дундаасаа 4 хүүхэдтэй. Тухайн асуудал болоход миний 11-14 насны хоёр хүүхэд минь болон бэргэн эгч **** харсан. Би алхаж явж чадахгүй байгаа гар болон цээж хөл битүү хөндүүр болчихсон байна. Дух хэсэг хоёр гурван булдруу болсон байна. Явах гэхээр толгой дайвалзаж байна. Намайг 2014 онд хамгийн анх цус нөжтэй холиод зодож байснаас хойш цагдаад өгсөн нь 3 удаа, бусад жижиг сажиг зодсоныг тоолж барахгүй байна. Хамгийн сүүлд 2024 оны 1 сард намайг 5 сартай жирэмсэн байхад гэдэс рүү өшиглөж байснаас хойш намайг зодоогүй, өнөөдөр зодлоо. Би хүүхдүүдээ зовоочих нь гэж бодоод цагдаад мэдэгдээгүй юм. Хүүхдүүдээ зодох нь гайгүй, загнаад уурлаад хүүхэд айлгаад байдаг юмаа. Гомдолтой байна, одоогоор бол нэхэмжлэх зүйл алга. Намайг зодсоны дараа 78 настай ээж рүү ороод агсам тавьж ээжийн гэрийн үүдэнд байсан усыг асгаж ээжийг 4-5 удаа цохиж зодсон байсан, 87 настай аавыг минь хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилсон байсан, хашаанд барьсан байсан гэрийг гаднаас нь өшиглөж “пизда нарыг чинь бүгдийг ална, та нар миний газар гэрт амьдарч байгаа” гээд орилоод байсан. Уг нь миний аав ээж 2 нэг хашаанд амьдарч байгаа боловч манай хашаа 2 айлын газар 1 нь миний нэр дээр нөгөөх нь миний ахын нэр дээр байдаг. ... Би болсон үйл явдлын дараа эмнэлэгт очиж үзүүлээгүй. Би сэтгэцийн хор уршгаа тогтоолгохгүй. Надад одоо гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.... " гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 08, 11 дэх тал),

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4032 дугаартай “...****** биед духны дунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, дух, чамархай, эгэм, мөр, баруун шуу, өгзөг, баруун гарын 5 дугаар хуруунд цус хуралт, зүүн гарын 3 дугаар хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...“ гэсэн шинжээчийн дүгнэлт  ( хавтаст хэргийн 35-36 дахь тал),

яллагдагч ****** “... манайд хуримын цайллага найр болсон ба тухайн цайллага нь манай гэрт болсон юм. Тэгээд би тухайн цайллага дээр архи согтууруулах ундаа хэрэглэж нэлээд согтсон ба улмаар архиндаа согтож найран дээр байсан хүмүүст "Би та нарт хэлдэг хэлэх ёстой юмаа шууд хэлдэг ... шүү зүгээр байгаарай" гээд чангаар хэлчихсэн. Тэгээд би гэрээсээ гараад гэрийн хажууд байрлах дэлгүүр рүүгээ орсон бөгөөд 1 шил архи задлаад сууж байсан. Тэгтэл эхнэр ******* араас ороод ирсэн ба намайг "яагаад тийм зүйл хэлж байгаа юм бэ" гэхээр нь би уур хүрээд ууж байсан архины шилээ эхнэр ********* руу шидсэн ба улмаар нуруун дээр нь оноод хагарсан. Тэгтэл манай эхнэр уурласан ба би уурандаа дахин ундаа авч шидсэн бөгөөд бид хоёр маргалдаад байж байгаад би ****** нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохисон, ********,****** орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна ямартай ч би ****** барьж аваад дахин цохисноо санаж байна, дараа нь мөн галын өрөөнд байж байгаад ****** сууж байхад нь араас нь өшиглөсөн бөгөөд ******* урагшаагаа унасан ба зуух мөргөчихсөн, би дээрээс нь галын дэгээ төмрөөр хоолойд нь тулгаад дээрээс нь хөлөөрөө дэвссэн. Тэгээд манай хүүхдүүд орж ирээд бид хоёрыг салгасан бөгөөд би унтаад өгсөн байсан.   ****** бид хоёр 2010 оноос хойш хамт амьдарч байгаа. Дундаасаа 4 хүүхэдтэй. Би ****** биед нүүр рүү нь гараараа цохисон, мөн бие рүү нь хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан. Надаас өөр ******* гэмтэл учруулсан хүн байхгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний бие тухайн үед согтуу байсан тул уурлаж улмаар эхнэртээ гар хүрэх болсон. Би өмнө нь 2023 онд эхнэртээ гар хүрч гэмтэл учруулж байсан. Түүнээс хойш би гар хүрсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал),

хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

үйлчлүүлэгчийн аюулгүй байдал дунд зэрэг гэх гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын  үнэлгээний маягт (хавтаст хэргийн 75-79 дэх тал),

мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт “сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл” -ын загвар ( хавтаст хэргийн 68 дахь тал),

“...манай нөхөр согтуу агсам тавиад намайг зодоод боож унагаасан. Цагдаа нар хурдан ирээрэй...”гэх дуудлага лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 04  дэх тал),

аюулын зэргийн үнэлгээ ( хавтаст хэргийн 11-12 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

-

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******** ньтүүний 2 шанаа руу болон нүүрэн тус газарт гараараа удаа дараа цохиж, улмаар боож унаган дээрээ нь дэвсэж өшиглөж зодсон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч болон хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар (хавтаст хэргийн 63 дахь тал) тогтоогдож байх ба хохирогчийн “...2014 онд намайг цус нөжтэй холиод зодож байснаас хойш цагдаад өгсөн нь 3 удаа, бусад жижиг сажиг зодсоныг тоолж  барахгүй  байна...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч  ****** нь урьд нь хохирогч ***** биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байсан болох нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 824 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн баримтаар тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 2508015800490 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ***** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт ирүүлээгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, дүгнэлт гаргуулахгүй талаар хүсэлт гаргасан (хавтаст хэргийн 89 дэх тал) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шүүгдэгч ******** 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс шүүгдэгч ********** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

 

Эрүүгийн 2508015800490 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч ******,********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ