2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1161

 

   2025        05        06                                2025/ШЦТ/1161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч С.Бат-Орших,

шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Шт холбогдох эрүүгийн 2506000000444 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ш нь 2025 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ч.Эыг Т.Этэй хардан тодорхой шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын нуруу, баруун зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Хохирогч Т.Эг Ч.Этой хардан тодорхой шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын нуруу, баруун зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн ...” гэв.

            Эрүүгийн 2506000000444 дугаартай хэргээс:

            Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан "Зодох гээд хаалга нүдээд байна хурдан ирээрэй." гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-ийн 03/

Хохирогч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би гэртээ эхнэрийн хамт унтаж амарч 130-аад минут нүдээд байхаар нь би очиж хаалгаа нээсэн. Намайг хаалгаа нээх үед 30-аас 35 орчим насны хар куртиктэй эрэгтэй хүн ганцаараа байсан ба гэрт үг хэлэх завдалгүй орж ирэнгүүтээ гадуур куртикээ тайлаад баруун гараараа миний зүүн нүд рүү 1 удаа цохисон. Тэгээд би цохиулангуутаа арагшаа алхтал хогийн саванд тээглээд унасан. Тэр үед миний дээрээс 2 хөлөөрөө толгой, дагз, хүзүү, цээж, нуруу хэсэг рүү 15-аас 20 удаа дэвсэж өшиглөсөн. Тэр үед манай эхнэр Э ирээд тухайн залууг цааш нь холдуулсан чинь манай эхнэрийг түлхэж унагачихаад над руу ирээд миний хоолойг пудволкоор боогоод гал тогооны тавиур дээр ил байсан гамбанз /хавтгай мод/-р толгой хэсэг рүү 4-өөс 5 удаа цохисон. Тэгээд би тэр залууг түлхэж гаргах хооронд манай эхнэрийг барьж авч зууралдаад хамтдаа гэрээс гарсан. Тэгээд би хаалгаа түгжээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед би коридорт юу болсон талаар мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 07/

Хохирогч Т.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би гэртээ нөхрийн хамт унтаж амарч байтал 04 цаг 30 минутын орчимд үл таних нэг залуу манай гэрийн хаалгыг тасралтгүй 30-аад минут нүдээд байхаар нь би хаалга нь дээр очиж сонссон чинь миний өмнө үерхэж байсан Б.Ш гэх залуу мөн юм шиг байсан. Тэгэхээр нь би хаалганы цаанаас Б.Шд хандаж чи яах гээд байгаа юм, би нөхөртэйгөө байна, чи согтуу байгаа юм биш үү яах гээд байгаа юм гэсэн чинь Б.Ш хаалга нүдээд би орж танай гэрээс юмаа авмаар байна, би та 2-той юу ч ярихгүй гээд байхаар нь манай нөхөр Эхаалга нээсэн. Тэгээд гэрт орж ирэнгүүтээ манай нөхрийг шууд толгой тархи руу цохиод эхэлсэн. Тэгээд тэр 2 зууралдаад гал тогооны хэсэг рүү очоод хогийн сав мөргөж унагасан ба хогийн саван дотор байсан хог асгараад тэр хог нь дээр нь манай нөхөр хальтраад уначихсан. Тэр үед манай нөхрийг гартаа тааралдсан юмаараа цохиж зодоод байсан ба би дундуур нь орж салгах гэтэл намайг үсдэж аваад түлхээд толгой хэсэг рүү 2-оос 3 удаа цохисон. Тэр үед манай нөхөр босч ирээд Б.Ш бид 2-ыг гэрээс түлхээд гаргасан. Тэгээд Б.Ш манай коридорт намайг үсдэж аваад чи яагаад ингэж байгаа юм гэж хэлээд гараа атгаж байгаад баруун талын нүд, хамар хэсэг рүү цохисон, гуталтай хөлөөрөө миний зүүн хөл рүү 4-өөс 5 удаа өшиглөсөн. Тэгээд дахиж гараа атгаад 3-аас 4 удаа цохисон. Тэгэхээр нь би коридорын буланд зодуулаад сууж байсан чинь цаанаас нь 2 цагдаа ирээд Б.Шг барьж авсан." гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №2921 дугаартай "Ч.Эын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, дух, хүзүү, цээж, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №2920 дугаартай "Т.Эгийн биед хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын нуруу, баруун зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,

Шүүгдэгч Б.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тухайн өдөр би ажилаа тараад хамтран амьдрагчийнхаа гэрт нь 03 цагийн орчимд очоод түлхүүрээрээ хаалгаа нээх гэтэл дотроосоо давхар түгжигдсэн байсан учраас хаалгаа нэлээд чанга тогшоод хаалгаа Тайлуулсан. Хаалга нээгээд хартал манай эхнэр Э нь салсан нөхөр болох Эын хамт байсан. Тэгээд Эбид 2 талаасаа барилцаж аваад Бие биенээ 1, 1 удаа цохисон. Тэгтэл Эби чамайг хутгална гээд шүүгээнээс нь жижиг хутга гаргаад ирсэн. Би хутга бариад авахаар нь хутга барьсан гарыг нь бариад автал Эөөрөө хальтраад унасан. Тэгэхээр нь би дээрээс нь хэд хэдэн удаа өшиглөөд, махны модоор толгой, бие хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгтэл манай эхнэр Э голоор орж намайг аваад гараад явсан. Намайг аваад гарахаар нь би бие рүү нь цохих гэтэл Э доошоо сууж таараад хацар хэсэг нь 1 удаа цохисон. Ийм л зүйл болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,

Хохирогч Т.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан: “гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн хүсэлт,

            Шүүгдэгч Б.Шын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 33-46/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.Шт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэж шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Б.Ш нь 2025 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ч.Эыг Т.Этэй хардан тодорхой шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын нуруу, баруун зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Хохирогч Т.Эг Ч.Этой хардан тодорхой шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын нуруу, баруун зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-ийн 03/

Хохирогч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 07/

Хохирогч Т.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №2921 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №2920 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,

 

Шүүгдэгч Б.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68/,

Хохирогч Т.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан: “гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн хүсэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүгдэгч Б.Шын үйлдлийн улмаас хохирогч Т.Э, Ч.Э нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин Б.Ш хохирогч нарын биед халдаж гэмтэл учруулаагүй талаар нотлох баримт хэрэгт цуглараагүй, түүний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Ч.Эын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, дух, хүзүү, цээж, нуруунд зулгаралт гэмтэл, мөн хохирогч Т.Эгийн биед хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын нуруу, баруун зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн Б.Шаас өөр этгээд энэ гэмтлийг учруулсан болон энэхүү гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нэр, шинжийг тухайн хэсэгт нь заалгүй Эрүүгийн хуулийн өөр зүйл, заалтаас иш татах байдлаар зааж тодорхойлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан нь эрүүгийн эрх зүйн иш татсан диспозиц мөн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж тодорхойлсон нь шүүгдэгч Б.Шын үйлдэлтэй тохирсон байх тул түүнийг дээрх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Шын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр болон түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Шүүгдэгч Б.Шын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.Э, Т.Энар нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдэлж тусламж үйлчилгээ аваагүй, эмчилгээний зардал болон бусад хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Хяналтын прокуророос шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хоёр хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгчээс “торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасан.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.Шын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлуудыг болон 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийн шинж чанарыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Шт оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.УУГАНБААТАР