Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/61

 

                                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүгдэгч Б.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******ид холбогдох эрүүгийн 201721000099 дугаартай, 178/2017/0061/Э/ индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар  сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай,эрэгтэй, ******* регистрийн дугаартай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн  хамт  Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3-1 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жил 05 сарын хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/       

Шүүгдэгч Б.******* нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Магсаржав багт оршин суух иргэн Н.*******ийн гэрийн цоожийг эвдэж орон байранд нэвтэрч хохирогч З.*******ын “Волво” маркийн ачааны автомашины 2 ширхэг аккумлятор хулгайлж хохирогчид 640 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 25-ны өглөө Н.*******ийнд очсон. Үдээс хойш нь  буцаад Н.*******ийнд очиход хүн байхгүй болохоор нь гэрт нь байсан аккумляторыг аваад зах дээр очоод 30000 төгрөгөөр зарсан.Тэр мөнгөөрөө хоол, тамхи авсан.Хохирогч З.*******т аккумляторыг нь буцааж өгсөн. Аккумлятораа зарсан хүний 30000 төгрөгийг өгсөн.Миний хувийн байдлыг харгалзан гэр бүлийнхээ хүнтэй эвлэрэх боломжийг хангаж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч З.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Надад Волво маркийн ачааны автомашин байдаг юм.Уг аккумляторыг өвөл хөлдөхөөс сэргийлээд манай хашаанд байдаг манаач Н.*******ийнд хадгалуулж байсан.Би хотоос ирээд машинаа асаах гэтэл манай манаач машины аккумлятор байхгүй, хулгайч аваад явчихсан, цагдаа дээр байгаа гэсэн.Миний аккумлятор 180 амперийн том машины аккумлятор байгаа. Нэг нь 320000 төгрөг, нийлээд 640000 төгрөгний үнэтэй. ...Би тухайн үед Улаанбаатар хотод ажлаар явж байсан. Алдсан зүйлээ буцаагаад авсан болохоор одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй  гэжээ. / хх-25-26,29-30-р хуудас/

Гэрч Н.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би З.*******ын компанид манаачаар ажилладаг. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр манай эхнэр хүүхдүүд хөдөө явчихсан би гэртээ ганцаараа байсан. Өдөр 14 цаг өнгөрөөгөөд  Бугат үзүүр гэх газарт ногооны талбайгаа эргэчихээд орой 18 цаг өнгөрөөд гэртээ иртэл манай гэрийн цоожийг эвдчихсэн хаалга онгорхой байсан. Гэртээ ороод үзэхэд гэрийн хаяанд байсан 2 ширхэг машины аккумляторыг аваад явчихсан байсан.Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Тухайн өдрийн өглөө 09 цагийн үед манай нутгийн Б.******* манай гэрт ирээд тамхи байна уу гэхээр нь би өөрийнхөө тамхинаас ороож өгөөд манайд цай уугаад гарсан, тэр өдөр өөр гадны хүн манайд ирээгүй  гэжээ. / хх-19-20-р хуудас/

Гэрч Г. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:Би баруун бүсийн төв зах дээр хоёрдогч түүхий эд борлуулаад 10-аад жил болж байна. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зах дээр байж байтал орой 16 цагийн үед дунд зэргийн нуруутай бор царайтай хүн ирээд “аккумлятор авах уу” гээд хоёр том машины акумлятор авчрахаар нэгийг нь 15000 төгрөгөөр нийлээд 30000 төгрөгөөр худалдаж авсан.Тэр хүн аккумлятороо саарал өнгийн Ексель маркийн автомашинаар авчирсан, машины дугаар, жолоочийг нь анзаараагүй гэжээ. /хх-22-23-р хуудас/

Шүүгдэгч Б.******* сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:би 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хамаатны ах болох Н.*******ийнд очоод байж байгаад явсан. Өдөр нь 15 цагийн үед дахиж очоод гэр нь цоожтой байхаар цоожийг нь эвдээд гэрийн баруун талд байсан 2 ширхэг аккумляторыг хулгайлж аваад зах дээр ирж 30000 төгрөгөөр зарсан. Аккумлятор зарсан мөнгөөрөө тамхи, хоол аваад дуусгасан  гэжээ. /хх-37-38-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-4-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-16-р хуудас/

Хураан авсан тухай тэмдэглэл /хх34-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх-67-69-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-73-76-р хуудас/

Таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зураг / 77-78-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.*******  нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Магсаржав багт оршин суух иргэн Н.*******ийн гэрийн цоожийг эвдэж орон байранд нэвтэрч хохирогч З.*******ын “Волво” маркийн ачааны автомашины 2 ширхэг аккумлятор хулгайлж хохирогчид 640 000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч З.*******ын мэдүүлэг /хх-25,29-30/, гэрч Н.******* /хх-19-20/, Г. /хх-22/, нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,эд зүйл үнэлсэн тухай тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.******* нь бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогч З.*******т 640000 төгрөг, иргэний нэхэмжлэгч  Г.эд 30000 төгрөг, Т.Нэргүйд 154000 төгрөг, Ч.Баасансүрэнд 90000 төгрөгний хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь  урьд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жил 05 сарын хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хх -49-р хуудас/, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоодож байна.

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.*******  нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хувьд ноогдох эд хөрөнгөгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болох нь ******* багийн засаг даргын тодорхойлолт /хх-52х/, гэрч Т.Эрдэнэцэцэг,Б.Сайнбаяр /хх-53-54/ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Эрүүгийн 201621000099 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн монгол гэр битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон 78 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290 дүгээр зүйлийн 290.3, 294,295,296,297,298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр, 06 / зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид өмнөх 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялаас заримыг буюу 07 сарын ялыг нэмж нийт 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус  дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон 78 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Б.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.*******ийн  монгол гэр битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС