| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2005019941343 |
| Дугаар | 2021/ДШМ/348 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/348
2021 4 6 2021/ДШМ/348
Б.Над холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганхөлөг,
хохирогч Л.М, Л.М, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,
шүүгдэгч Б.Н,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2005019941343 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн Бы Н, 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” хотхоны гараж дотор хохирогч Л.М, Л.М нартай маргалдаж, улмаар иргэн Л.Мийн нүүр рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Л.Мгийн тохой руу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хацар шанаа, эрүү хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл тус тус учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Бахытханы Ныг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Над оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцох, хорих ялаар солихыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Наас 1.703.550 төгрөг гаргуулж хохирогч Л.Мт, 698.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Мд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Л.М, Л.М нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Наас жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Мөн гомдол гаргасан боловч хариу өгөөгүй. Эрүүгийн хэрэг үүсгэхдээ “дахин шинжээч томилж өгнө” гэчихээд алга болсон. Анх нэг хохирогчтой байсан хэрэг хоёр хохирогчтой болсон. Хоёр дахь хохирогчийн Шүүх эмнэлгийн дүгнэлтийг надад огт танилцуулаагүй. Хэрэг үүссэний дараа хохирогч нэмэгдсэнийг мэдсэн. Миний өгсөн видео бичлэг, нотлох баримтуудыг фото зураг хэлбэрээр хэрэгт хавсаргаж, тайлбар болгоныг миний эсрэг бичсэн. Ямар шинжээч тайлбар бичсэн нь тодорхойгүй. Өөрийгөө хамгаалах, өмгөөлөх зорилгоор миний авчирсан нотлох баримт болгоныг байцаагч нь миний эсрэг болгосон. Гэрчээр мэдүүлэг өгсөн миний эхнэр Асел, лифтчин, СӨХ-ны менежер гэсэн нийт 3 хүний мэдүүлэг хэргээс алга болсон. Энэхүү мэдүүлэг нь би зөвхөн өөрийн эд хөрөнгөө хамгаалсан, хохирогч гэх эмэгтэйг зодох санаа зорилго байгаагүйг нотолно. Намайг гэртээ байж байхад амгалан тайван байдал алдагдуулж, эд хөрөнгийг минь эвдлэн сүйтгэж, намайг бүлэглэн зодож танхайрсан, хэл амаар доромжилж, “ална” гэж сүрдүүлсэн хүмүүст ямар ч арга хэмжээ одоог хүртэл аваагүй байна. Тэдний дотор гадаадын иргэн болох Вьетнам улсын иргэн байсан. Энэ хэрэгтэй хамт нэгтгэж шийдэхгүй байлгасаар байгаа ба зөвхөн намайг яллаж байгаад гомдолтой байна. Миний автомашиныг санаатай гэмтээсэн гомдлыг шалгаж байгаа мөрдөгч Ерөөлт нь миний утсыг авахгүй зугтаж, арай гэж өөр дугаараас залгаж утсаар ярихаар “таны гомдолд эрүүгийн хэрэг үүсчихсэн, шалгаж байгаа” гэж худлаа ярьж хэргийг санаатай гацааж байгаа. Гэтэл миний бие Намжил прокурортой уулзахад хэрэг үүсээгүй гэсэн. Цагдаа нь зориуд прокуророос хэргийг нуугаад байна гэсэн хардалт нотлогдож байна. Прокурорт шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол гаргаж, гомдол хариу гарч шийдтэл би ямар нэгэн тайлбар, мэдүүлэг өгөхгүй гэсэн боловч Хонгор гэх байцаагч “прокурорын гомдол надад болон энэ хэрэгт хамаагүй, надад хугацаа давчуу байна” гэж хэргийг хүчээр шийдсэн. Хяналтын прокурорын болон Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй миний гомдлыг дараах байдлаар шийдвэрлэж хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг Нийслэлийн Эрүүгийн хэрэгийн давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Үүнд:
Миний өөрийгөө өмгөөлөх, нотлох баримт хавсаргуулах эрхээр хангаж, миний эхнэр Асел, лифтчин, СӨХ-ны менежер гэсэн 3 хүний гэрчийн мэдүүлэг алга болсныг нэн даруй тогтоож, нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах, намайг гэртээ байж байхад амгалан тайван байдал алдагдуулж, эд хөрөнгийг минь эвдэлж сүйтгэж, намайг бүлэглэн зодож танхайрсан, хэл амаар доромжилж, ална гэж сүрдүүлсэн хүмүүстэй холбоотой эрүүгийн хэргийг нэгтгэж хамт шийдвэрлүүлэх, миний болон хохирогч гэх хүмүүсийн биед учирсан гэмтлийг дахин шинжээч томилж тогтоолгох, миний өөрийн эд хөрөнгөө хамгаалж, санамсаргүй байдлаар хүний биед хохирол учруулсныг, Баянгол дүүргийн анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасныг тус тус тогтоож өгөхийг хүсэж байна.
Хохирогч Л.М, Л.М нар учирсан хохирол, эмчилгээний зардал гэх үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэж, хэрэгт хуурамч баримт хавсаргаж, надаас мөнгө салгах гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Мөн хэрэгт авагдсан гар утасны болон хяналтын камерын бичлэгүүдийг нягталж судлахгүй, зөвхөн миний эд хөрөнгө болох автомашиныг минь хамгаалах зорилгоор хохирогчдыг түлхсэн хэсгийг үзэж шүүх дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Би хэргийн үнэнийг тогтоолгох хүсэлтэй ба ямар ч буруугүй байж яллагдагч болмооргүй байна. Намайг бүлэглэж зодсон, эд хөрөнгө устгасан хүмүүс яагаад яллагдагч болохгүй байгаад гайхаж, гомдож байна. Миний бие эд хөрөнгө, биеэрээ хохирчихоод ялтан болж байгаад гомдолтой ба хохирогч гэх Вьетнам хүмүүсийн эрх ашгийг хууль бусаар хамгаалж байгаад туйлын гомдолтой байна. Энэ асуудлаар холбогдох газар, хүний эрхийн комисст гомдол гаргана гэж бодож байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Л.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Над цохиулснаас болж одоо хүртэл бие, толгой өвддөг, эмнэлгээр явдаг эмнэлгийн бичигтэй, эм авч хэрэглэж байгаа тул эрүүл мэндтэй холбоотой баримт, нэхэмжлэлийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Мөн анхны нэхэмжилсэн 1.950.000 төгрөгөө хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Хохирогч Л.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүгдэгчид зодуулснаасаа болж хамраараа бүрэн амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон. Үүнээс үүдэлтэйгээр ухаан алдаж, татаж унадаг болсон. Эмнэлгээр явахад хагалгаа хийлгэхгүй зүгээр болохгүй, хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Хагалгааны төлбөр 3.200.000 төгрөг бөгөөд хагалгаа хийлгэхэд харшилтай болох, хамрын нимгэн хальс цоорох эрсдэлтэй гэсэн. Өдий хүртэл мөнгөгүй учир хагалгаанд орж чадахгүй байна. Иймд шүүгдэгчээс энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй бөгөөд түүнээс би үндэслэлгүйгээр мөнгө нэхсэн зүйл байхгүй. Мөн автомашины засварын үлдэгдэл болох 1.100.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна” гэв.
Хохирогч Л.М, Л.М нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Учир нь, давж заалдах гомдолд дурдагдсан хуулийг буруу хэрэглэсэн, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой гэсэн шаардлагууд үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Н нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Прокурорын зүгээс хууль буруу хэрэглэж хууль зөрчсөн асуудал гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн гэм бурууд тохирсон. Шүүгдэгч хохирогч нарыг их хэмжээний хохирол төлбөр нэхэмжилсэн гэж байгаа ч хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нотлох баримтад үндэслэж нэхэмжлэлээ гаргаж өгсөн. Үүнийг шүүх үнэлж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Б.Наас 1.703.550 төгрөгийг Л.Мт, 698.000 төгрөгийг Л.Мд олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч давж заалдах гомдолдоо хэргийн материалаас нотлох баримт алга болсон гэж байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрөөс нь “хэргийн материалаас хэд дэх хуудсанд байсан ямар гэрчийн мэдүүлгүүд, нотлох баримтууд алдагдсан, байхгүй байна вэ” гэж тодруулж асуухад “тийм юм байхгүй, зөвхөн манай эхнэрийн мэдүүлэг байхгүй” гэж хэлсэн. Гэвч тухайн мэдүүлэг нь шүүгдэгчийн өөрийн хохирогчоор оролцож байгаа хэрэгт мэдүүлсэн мэдүүлэг болохоос биш шүүгдэгчээр оролцож байгаа энэ хэрэгт түүний эхнэр гэрчээр өгсөн мэдүүлэг байхгүй. Мөн шүүгдэгч, хохирогч нарын өгсөн видео бичлэгүүдийг хэрэгт хавсаргаж, үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцож, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан. Өмгөөлөгчөөр хангагдах эрхийг хязгаарласан гэж байгаа боловч мөрдөн байцаалт, прокурор болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа мөрдөгч, прокурор, шүүгчээс өмгөөлөгч авах, өмгөөлөгчийг оролцуулах талаар санал тавихад шүүгдэгч “би өмгөөлөгчтэй, манай өмгөөлөгч хуралтай, завгүй” гэсэн нөхцөл байдлуудыг ярьдаг. Хамгийн сүүлийн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй, өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн. Шинжээчийн дүгнэлтийг огт танилцуулаагүй талаар шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Гэвч хэргийн оролцогч нарт шинжээчийн дүгнэлт, хэргийн материалыг танилцуулж, гомдол гаргах эрхээр нь хангасан. Үүнтэй холбогдуулж Б.Н мөрдөн байцаалтын шатанд гомдол гаргасан. Өөрт учирсан хохиролтой холбогдуулж нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан хэрнээ нэмэлт баримт гаргаж өгөөгүй учир дахин шинжилгээ хийгээгүй. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Л.Мгийн хувьд түүний гаргаж өгсөн баримтын хэмжээнд шүүгдэгчээс гаргах зардлыг үндэслэлтэй тогтоосон. Бусад зардал, баримтуудыг тооцох боломжгүй байсан. Мөн хохирогч Л.Мийн хувьд дахин эмчилгээ хийлгэх талаар шүүх хуралдаанд ярьж байсан ч энэ талаараа иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар нэг байдлаар өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос Б.Ныг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Өнөр” хотхоны гаражид хохирогч Л.М, Л.М нартай маргалдаж, улмаар иргэн Л.Мийн нүүр рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Л.Мгийн тохой руу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хацар шанаа, эрүү хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл тус тус учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Над холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.
Тодруулбал, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг нарийвчлан шалган тогтоогоогүй, хэргийн үйл баримтад бодиттой үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан.
Хавтас хэрэгт хохирогч Л.Мээс гар утсаар хийсэн бичлэгийг гаргаж өгсөн бөгөөд мөрдөн байцаагч эд зүйл, бичиг баримт хүлээн авч эд мөрийн баримтаар тооцжээ. Уг бичлэгт хохирогч Л.М нь шүүгдэгч Б.Нын эд хөрөнгө болох автомашинд гэмтэл учруулах санаа зорилгоор үйлдэл хийгээд байгаа эсэх, шүүгдэгч Б.Н нь хохирогч Л.Мийн үйлдлийг таслан зогсоох, эсхүл зориуд биед нь халдаж байгаа эсэх талаар нэг мөр шалгаж, нотлох баримтад үндэслэж бодиттой дүгнэлт хийх шаардлагатай байна.
Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаагчаас уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлдээ тусгасан тайлбар нь бичлэгт гарч байгаа үйл баримтаас зөрүүтэй байх бөгөөд дээрх байдлыг прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Н нь хохирогч Л.Мийн толгойгоор автомашин мөргүүлсэн байдлаар дүгнэсэн зэрэг нь эргэлзээ бүхий байх тул камерын бичлэгт нарийвчлан үзлэг хийж, тодорхой дүгнэлт хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн хэрэгт хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн эд мөрийн баримтаар авагдсан бичлэгүүдэд шүүгдэгч Б.Н, хохирогч Л.М, Л.М нарын маргаан болох үед тухайн орон сууцны Сууц өмчлөлгчдийн холбооны менежер, жижүүр, лифтчин зэрэг хүмүүс байсан байх тул тухай хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн шалгах ажиллагаа хийвэл зохино.
Өөрөөр хэлбэл, хэргийн газарт байсан шүүгдэгч болон хохирогч нартай ямар нэгэн холбоогүй, хөндлөнгийн байр суурьтай гэрчүүдээс мэдүүлэг авах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой болно.
Анхан шатны шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх ёстой.
Хохирогч Л.М, Л.М нарыг шүүгдэгч Б.Нын эд хөрөнгө болох автомашиныг гэмтээсэн эсэх асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байгаа талаар хэргийн оролцогч нар тайлбартаа хэлж байх бөгөөд шүүгдэгч Б.Н болон хохирогч Л.М, Л.М нарын хооронд үүссэн таарамжгүй харилцаа, хүч хэрэглэсэн үйлдлүүд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлөөр холбогдсон, харилцан хамааралтай гэж үзэхээр байх тул хохирогч Л.М, Л.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийн шинжид хамаарах эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хэргийг нэгтгэж, нэг хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт өгвөл зохино.
Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч нарын хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн шалтгаан нөхцөл байдал байсан эсэх буюу хохирогч Л.М нь шүүгдэгч Б.Нын эд хөрөнгө болох автомашиныг гэмтээсэн нөхцөл байдлын улмаас уг үйлдлийг таслан зогсоохоор хохирогчид хүч хэрэглэсэн эсхүл хохирогчид гэмтэл учруулах зорилгоор хохирогчийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан эсэх зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсний эцэст хэргийг зүйлчлэх нь хууль хэрэглээний хувьд чухал байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, 2005019941343 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Н холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ