| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/02434/И |
| Дугаар | 101/ШШ2022/00947 |
| Огноо | 2022-03-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2022/00947
2022 03 02 101/ШШ2022/00947
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххх тоот, РББСБ ХХК-ийн /РД: 00000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бххххххххх тоотод оршин суух, Р.Ат /РД: 00000/ холбогдох
105.016.080 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.О,
Хариуцагчийн өмгөөлөгч П.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч РББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р.А нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2019 оны 10 сарын 07-ны өдөр 46/19 дугаартай зээлийн гэрээ байгуулан 18.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.3 хувийн зээлж авсан.
Мөн өдөр нь 46/19/1 дугаартай барьцааны гэрээг байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн хххххххх тоотын 67.57 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан ба гэрээг эд хөрөнгийн эрхийн бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн.
Хариуцагч Р.Аийн хүсэлтээр зээлийн хэмжээг 2 удаа нэмж, 1 удаа хугацааг нь сунгаж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулсан. Үүнд:
2019 оны 10 сарын 10-ны өдрийн хүсэлтээр нэмж 7.000.000 төгрөг олгож үндсэн зээл нь 25.000.000 төгрөг болж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан.
2020 оны 01 сарын 08-ны өдрийн хүсэлтээр нэмж 10.000.000 төгрөг олгож, үндсэн зээл нь 35.000.000 төгрөг болж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан.
2020 оны 03 сарын 30-ны өдрийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 2020 оны 12 сарын 07-ны өдөр хүртэл сунгасан.
Мөн хариуцагч Р.А нь 2020 оны 04 сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд байрлах Жоншны уурхайд санхүүжилт хэрэгтэй байна хэмээн өмнөх гэрээний барьцааг үндэслэн 35.000.000 төгрөг нэмж олгооч гэсэн хүсэлтийн дагуу 2020 оны 04 сарын 21-ний өдөр 18/20 дугаартай зээлийн гэрээ байгуулж 35.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан.
Хариуцагч Р.А нь өнгөрсөн хугацаанд нийт зээлийн үндсэн төлбөрт 6.100.000 төгрөг, үндсэн хүүнд 6.172.200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 744.440 төгрөг төлсөн.
Р.А нь зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг өгч байсан ба түүний зээл нэмж олгох болон мөн зээлийг төлөх хугацааг сунган хойшлуулж өгөөч гэсэн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байсан.
2021 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаар 46/19 тоот зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр:
-Үндсэн зээл 28.900.000 төгрөг, зээлийн хүү 13.350.010 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.392.402 төгрөг,
2021 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаар 18/20 тоот зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр:
-Үндсэн зээл 35.000.000 төгрөг, зээлийн хүү 14.105.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.252.018 төгрөг.
Нийт 95.999.430 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Р.Аийн өмчлөлийн ххххххххххх тоотын 67.57 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097998 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 06 сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл тооцон 135 хоногийн хүү нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
46/19 тоот зээлийн гэрээний хүү 4.291.650 төгрөг, 18/20 тоот зээлийн гэрээний хүү 4.725.000 төгрөг, нийт 9.016.650 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 105.016.080 төгрөгийг нэхэмжилсэн.
46/19 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 28.900.000 төгрөг, зээлийн хүү 17.641.660 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.392.402 төгрөг,
18/20 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 35.000.000 төгрөг, зээлийн хүү 18.830.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.252.018 төгрөг, нийт 105.016.080 төгрөгийг нэхэмжилсэн.
46/19 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 1.392.402 төгрөг, 18/20 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн 3.252.018 төгрөг, нийт 4.644.420 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасган 100.371.660 төгрөгийг хариуцагч Р.Ааас нэхэмжилж байна. Мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Р.А шүүхэд гаргасан тайлбартаа:
РББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Р.Ат холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.
Миний бие Р.А нь нэхэмжлэгч РББСБ ХХК-тай 2019 оны 10 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж анх 18.000.000 төгрөгийн зээл авсан. Улмаар нэхэмжлэгч байгууллагад 2 удаа хүсэлт гаргаж 17.000.000 төгрөг нэмж зээлсэн бөгөөд эхний зээлийн гэрээгээр нийт 35.000.000 төгрөгийн зээл авсан.
Миний бие улс хоорондын ачаа тээврийн Б.Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд дээрх зээлийн мөнгийг компанийн том оврын тээврийн хэрэгсэлд шаардлагатай сэлбэг авахад зарцуулсан. Манай компани Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтод улс хоорондын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2019 оны 12 сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Бичигтийн боомтын үйл ажиллагааг зогсоосон.
Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан манай компани өнөөдрийг хүртэл ямар ч үйл ажиллагаа эрхлэлгүй сул зогсож байна.
Мөн 2020 оны 04 сарын 21-ний өдөр нэхэмжлэгч байгууллагаас дахин 35.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд дээрх мөнгийг Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор авсан.
Хэнтий аймгийн Мөрөн сумын засаг дарга 2020 оны эхээр сумынхаа нутаг дэвсгэрт жонш олборлох зориулалтаар бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нөхөрлөлийг бүртгэнэ гэж шийдвэр гаргасан. Ингээд миний бие бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нөхөрлөл байгуулж тодорхой тооны хүмүүсийг нөхөрлөлийн гишүүн болгон нийгмийн даатгал төлөх, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмж авах зэрэгт их хэмжээний зардал гаргасан.
Гэтэл дээрх газарт маргаан гарч улмаар Хэнтий аймгийн засаг даргын шийдвэрээр дээрх газрыг том оврын техникээр булж бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тухай шийдвэрээ цуцалсан.
Миний бие тодорхой бизнесийн үйл ажиллагаанд зардал гаргаад эргээд төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хохирсон.
Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилж байгаа зээлийн үндсэн төлбөр 63.900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр миний зээл авч хөрөнгө оруулсан бизнесүүд зогсож үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Иймд нэхэмжлэлээс 63.900.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа учир үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнийн төлбөр 32.099.430 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
РББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаж дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч 2021 оны 06 сарын 07-ны өдрөөс хойш 135 хоногийн хүү 4.291.650 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.725.000 төгрөг, нийт 9.016.650 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдүүлэн нэхэмжилсэн байна.
Хариуцагчийн зүгээс нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие 2021 оны 08 сарын 09-ний өдөр нэхэмжлэлд холбогдуулан хариу тайлбараа шүүхэд хүргүүлсэн. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 135 хоногийн хугацаа өнгөрсөн нь миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй.
Ер нь хариуцагч Р.А би зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариу тайлбартаа дурдсан.
Энэхүү зээлийг авсаны дараа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан миний эрхэлдэг аж ахуйн үйл ажиллагаа бүрэн зогссон, мөн төрийн байгууллагын шийдвэрээр төлөвлөж байсан ажил үргэлжлэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зээлийн төлбөрөөс хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт,
Р.Атай 2019 оны 10 сарын 07-ны өдөр байгуулсан 46/19 дугаартай 18.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 10 сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,
Р.Аийн Р ББСБ ХХК-д 2019 оны 10 сарын 11-ний өдөр гаргасан 7.000.000 төгрөг нэмж зээлэх тухай хүсэлт, 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 46/19/1 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
2020 оны 01 сарын 08-ны өдрийн 46/19/2 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн хуваарь,
Р.Ат Хаан банк дахь 0000000 тоот дансаар нь 2019 оны 10 сарын 07-ны өдөр 18.000.000 төгрөг, 2019 оны 10 сарын 10-ны өдөр 7.000.000 төгрөг, 2020 оны 01 сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөг, 2020 оны 04 сарын 21-ний 35.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд,
Р.Аийн 2020 оны 03 сарын 30-ны өдөр гаргасан зээлийн төлөлтийг 2 сараар хойшлуулах тухай хүсэлт,
2020 оны 03 сарын 30-ны өдрийн 46/19/3 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн хуваарь,
Р.Аийн 2020 оны 04 сарын 21-ний өдөр РББСБ ХХК-д гаргасан өмнөх барьцаа хөрөнгөд тулгуурлан нэмж 35.000.000 төгрөг зээлэх тухай хүсэлт,
2020 оны 04 сарын 21-ний өдрийн 18/20 дугаартай 35.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь,
2021 оны 02 сарын 05-ны өдөр Р.Аийн гаргасан зээлийн төлөлтийг 2021 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл сунгах хүсэлт,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ Нарны зам гудамж, 111-р байр, 14 тоотын 67.57 м.кв, 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Р.Аийн иргэний үнэмлэхний хуулбар, зээлийн хүүгийн тооцоололууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч Р.А нь Цахиурт Чандмань Гал зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулахтай холбоотой, мөн нөхөрлөлийн гишүүд болон үйл ажиллагаатай холбоотой баримтууд,
2016 оны 06 сарын 05-ны өдөр Б.Т ХХК нь БНХАУ-ын компанитай байгуулсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Хулман нуурын нүүрсний уурхайн ачилтын талбайгас Бичигт боомтоор хил гарч БНХАУ-ын Зүүн хатавчийн боомтын нүүрсний буулгалтын талбай хүртэл нүүрс тээвэрлэх гэрээ,
Б.О ХХК болон Б.У ХХК-ийн хооронд 2019 оны 10 сарын 01-ний өдөр байгуулсан Дорнод аймгийн Матад сумын Хөөтийн нүүрсний уурхайгаас олборлосон нүүрсийг Бичигтийн боомт дахь Гаалийн хяналтын талбайд тээвэрлэн хүргэх гэрээ, Б.Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч РББСБ ХХК нь хариуцагч Р.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 95.999.430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/2021 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаар:
2019.10.07-ны өдрийн 46/19 тоот зээлийн гэрээний дагуу:
-Үндсэн зээл 28.900.000 төгрөг,
-Зээлийн хүү 13.350.010 төгрөг,
-Нэмэгдүүлсэн хүү 1.392.402 төгрөг,
2020.04.21-ний өдрийн 18/20 тоот зээлийн гэрээний дагуу:
-Үндсэн зээл 35.000.000 төгрөг,
-Зээлийн хүү 14.105.000 төгрөг,
-Нэмэгдүүлсэн хүү 3.252.018 төгрөг. Нийт 95.999.430 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба 2021.10.20-ны өдрийн байдлаар:
2019.10.07-ны өдрийн 46/19 тоот зээлийн гэрээний дагуу:
Зээлийн хүүг 4.291.650 төгрөгөөр нэмэгдүүлэн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 28.900.000 төгрөг, зээлийн хүү 17.641.660 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.392.402 төгрөг,
2020.04.21-ний өдрийн 18/20 тоот зээлийн гэрээний дагуу:
Зээлийн хүүг 4.725.000 төгрөгөөр нэмэгдүүлэн үндсэн зээл 35.000.000 төгрөг, зээлийн хүү 18.830.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.252.018 төгрөг, Нийт 105.016.080 төгрөгийг нэхэмжилжээ.
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч РББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Оюунцэцэг нь 2019.10.07-ны өдрийн 46/19 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 1.392.402 төгрөг, 2020.04.21-ний өдрийн 18/20 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 3.252.018 төгрөг, /1.392.402+3.252.018/ нийт 4.644.660 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагч Р.Ааас 100.371.660 төгрөгийг нэхэмжилж байгаа талаараа тайлбарлалаа.
2021.10.20-ны өдрийн байдлаар:
2019.10.07-ны өдрийн 46/19 тоот гэрээний дагуу үндсэн зээл 28.900.000 төгрөг, зээлийн хүү 17.641.660 төгрөг,
2020.04.21-ний өдрийн 18/20 тоот гэрээний дагуу үндсэн зээл 35.000.000 төгрөг, зээлийн хүү 18.830.000 төгрөг, нийт 100.371.660 төгрөг нэхэмжилжээ.
Р.А РББСБ ХХК-тай 2019 оны 10 сарын 07-ны өдөр 46/19 тоот зээлийн гэрээ байгуулан хувийн хэрэгцээний зориулалтаар 18.000.000 төгрөгийг, сарын 3.3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн зээлдэгч Р.А нь зээлдүүлэгч РББСБ ХХК-тай 2019 оны 10 сарын 07-ны өдөр 46/19/1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн ххххххххххх тоотын 67.57 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097998 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалсан нь 2019 оны 10 сарын 07-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 46/19/1 тоот барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2019 оны 10 сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
ХХ-ийн 13-16, 22-24 дүгээр тал/
ххххххххххх тоотын 67.57 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097998 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц нь хариуцагч Р.Аийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 32 дугаар тал /
Р.А нь 2019 оны 10 сарын 11-ний өдөр зээлдүүлэгч РББСБ ХХК нь 2019 оны 10 сарын 07-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн 18.000.000 төгрөг дээр нэмж 7.000.000 төгрөгийг зээлэх хүсэлт гаргажээ.
/ХХ-ийн 17 дугаар тал/
Зээлдэгч Р.А болон зээлдүүлэгч РББСБ ХХК нар 2019 оны 10 сарын 10-ны өдөр 46/19/1 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 46/19 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлсэн хэмжээг 7.000.000 төгрөгөөр нэмж, нийт хэмжээг 25.000.000 төгрөг болгосон нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудааар тогтоогдлоо.
/ХХ-ийн 18 дугаар тал/
Мөн зээлдэгч Р.А болон зээлдүүлэгч РББСБ ХХК нар 2020 оны 01 сарын 08-ны өдөр 46/19/2 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2019 оны 10 сарын 07-ны өдрийн 46/19 дугаартай гэрээний дагуу зээлсэн зээлийн хэмжээнд өөрчлөлт оруулан зээлийн хэмжээг 10.000.000 төгрөгөөр нэмж нийт 35.000.000 төгрөг болгон тохиролцсон нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 19 дүгээр тал/
Зээлдэгч Р.А нь зээлдүүлэгч РББСБ ХХК-д 2020 оны 03 сарын 30-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг 2 сараар хойшлуулах, зээлийн хүүгээ сар сардаа төлөх хүсэлтийг гаргасны дагуу 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 46/19/3 тоот гэрээгээр 2019 оны 10 сарын 07-ны өдөр 12 сарын хугацаатай байгуулсан 46/19 тоот гэрээний хугацааг 2 сараар буюу 2020 оны 12 сарын 07-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан нь уг зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 20-21 дүгээр тал/
Зээлдэгч Р.А нь 2020 оны 04 сарын 21-ний өдөр зээлдүүлэгч РББСБ ХХК-д 2019 оны 10 сарын 07-ны өдрийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалан дахин нэмж 35.000.000 төгрөгийг зээлэн авах хүсэлт гаргажээ.
Р.А РББСБ ХХК-тай 2020 оны 04 сарын 21-ний өдөр 18/20 тоот зээлийн гэрээ байгуулан хувийн хэрэгцээний зориулалтаар 35.000.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 25-29 дүгээр тал/
Зээлдүүлэгч РББСБ ХХК нь Хаан банк дахь 5031669286 тоот данснаас зээлдэгч Р.Ат Хаан банк дахь 0000000 тоот данс руу нь 2019 оны 10 сарын 07-ны өдөр 18.000.000 төгрөг, 2019 оны 10 сарын 10-ны өдөр 7.000.000 төгрөг, 2020 оны 01 сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөг, 2020 оны 04 сарын 21-ний 35.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн нь мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 9-12 дугаар тал/
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заажээ.
/ХХ-ийн 5-7 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч РББСБ ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Р.А нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Хариуцагч Р.А нь дээр дурдсан хугацаануудад нийт 70.000.000 төгрөгийг зээлэн авсан талаараа маргаагүй болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч РББСБ ХХК-ийн зээлдэгч Р.Атай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч Р.А нь 2021 оны 02 сарын 05-ны өдөр зээлдүүлэгчч РББСБ ХХК-д ... ковид 19 цар тахлын улмаас санхүүгийн хүндрэл учирч байгаагаас ... зээл эргэн төлөх хугацааг 2021 оны 06 сарын 01 хүртэл сунгаж өгнө үү. Миний 2 зээлийн 46/19, 18/20 тоот зээлийн нийт үлдэгдэл хүүгийн хамт 2021 оны 02 сарын 05-ны өдрийн байдлаар 86.432.074 төгрөг байгаа. Тооцоо нийлсэн актыг хүлээн авлаа гэх тайлбар, хүсэлтийг гаргажээ.
Үүний дагуу зээлдүүлэгч нь 06 сарын 01-нээс өмнө бага багаар төлөлт хийхийг шаардан, төлөлт хийхгүй бол 06 сарын 01 хүргэхгүй шүүхэд хандах гэж шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 50 дугаар тал/
Зээлдэгч Р.А нь 2019 оны 11 сарын 29-ний өдөр 46/19 тоот гэрээний дагуу үндсэн зээлэнд 1.467.400 төгрөг, зээлийн хүүнд 159.500 төгрөг,
2020 оны 01 сарын 01-ний өдөр 46/19 тоот гэрээний үндсэн зээлэнд 850.000 төгрөг,
2020 оны 01 сарын 31-ний өдөр 46/19 тоот гэрээний үндсэн зээлэнд 1.102.500 төгрөг,
2020 оны 02 сарын 29-ний өдөр 46/19 тоот гэрээний үндсэн зээлэнд 1.036.750 төгрөг,
2020 оны 04 сарын 22-ны өдөр 46/19 тоот гэрээний үндсэн зээлэнд 985.490 төгрөг,
2020 оны 10 сарын 31-ний өдөр 46/19 тоот гэрээний үндсэн зээлэнд 415.060 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 584.940 төгрөг,
18/20 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн хүүнд 2020 оны 04 сарын 22-ны өдөр 315.000 төгрөг, нийт үндсэн зээлэнд 6.100.000 төгрөг, зээлийн хүүнд 6.172.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 744.400 төгрөг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон энэ талаар хэн аль нь маргаагүй болно.
2019 оны 10 сарын 07-ны өдрийн 46/19 тоот, 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 18/20 тоот зээлийн гэрээнүүдийн 1.4-т Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 1.1-д заасан хүүг хавсралт 1-д заасан графикийн дагуу төлнө,
3.1.3-т Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусмагц зээл, түүний хүүг бэлэн мөнгөөр болон бэлэн бусаар зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөх үүрэгтэй,
3.1.4-т Зээлдэгч нь үндсэн зээл, түүнийг хүүг А: Энэ гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн хугацаанд эсхүл В: Гэрээний 1.1 дүгээр зүйлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд оногдох гэрээний 1.1-д заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.
Дээр дурдсаны дагуу банк бус санхүүгийн байгууллага гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй ба зээлдүүлэгч РББСБ ХХК нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 4.644.420 төгрөгийг нэхэмжлэлийн хасч тооцон тайлбараа гаргасан болно.
Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд зээлдүүлэгч гэрээний 4 дүгээр зүйлд заасан арга хэмжээг аваагүй, мөн зээлдүүлэгч үйл ажиллагаа явуулах боломжгүйтэй холбоотой тайлбар, хүсэлтээ гаргаж байсан тул Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцүүлэн 2019.10.07-ны өдрийн 46/19 тоот гэрээний дагуу үндсэн зээл 28.900.000 төгрөг, зээлийн хүү 17.641.660 төгрөг, 2020.04.21-ний өдрийн 18/20 тоот гэрээний дагуу үндсэн зээл 35.000.000 төгрөг, зээлийн хүү 18.830.000 төгрөг, нийт 100.371.660 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын нийт хүүгийн төлбөрөөс тодорхой хувийг буюу 3.647.166 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Р.Ааас 96.724.494 төгрөг гаргуулан нэхэмжлэгч РББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.647.166 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Р.А зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Р.Аийн өмчлөлийн ххххххххххх тоотын 67.57 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097998 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Р.А нь тэрээр өөрөө гүйцэтгэх захирал, ахлагчаар нь ажилладаг гэх Б.Т ХХК болон Цахиурт чандмань гал ЗБН-ийн үйл ажиллагаатай холбоотой баримтууд ирүүлсэн ба нэхэмжлэгч РББСБ ХХК нь уг баримтуудтай танилцах хугацаа авах шаардлагагүй хэмээн тайлбар гаргасан болохыг дурдлаа.
2022 оны 03 сарын 02-ны өдрийн 16 цаг 30 минутанд товлосон хуралдаанд Р.А нь хөдөө явсан үндэслэлээр шүүх хуралдаанд ирээгүй ба түүний өмгөөлөгч П.Баярмагнай нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Р.Ааас 96.724.494 төгрөг гаргуулан нэхэмжлэгч РББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.647.166 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч РББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 867.363 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ааас 711.772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Р.А зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Р.Аийн өмчлөлийн ххххххххххх тоотын 67.57 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097998 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН