| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2022/01381/И |
| Дугаар | 101/ШШ2022/02180 |
| Огноо | 2022-05-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/02180
| 2022 05 10 | 101/ШШ2022/02180 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г з ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б -т холбогдох,
Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,154,017 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээвэр хийж байгаа тээврийн жолооч нарт гэрээ хийн 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг болно. Иргэн Б.Бын хүсэлтийн дагуу 2019 оны 08 сарын 24-ний өдөр 19-425 тоот Зээлээр шатахуун худалдах, худалдан авах-г 5 сарын хугацаатай байгуулсан.
Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдаж, худалдан авсан болно. Гэтэл иргэн Б.Б нь тус компаний ШТС-уудаас 2019 оны 08 сарын 25-ны өдрөөс 2019 оны 09 сарын 07-ны хооронд зээлээр худалдан авсан 4,769,345 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан иргэн Б.Бтай холбогдож зээлээ төлөхийг шаардсаар ирсэн ба Б.Б нь одоо болтол төлөхгүй арга саам хийсээр байна. Иймд иргэн Б.Баас 2019 оны 08 сарын 25-ны өдрөөс 2019 оны 09 сарын 07-ны хооронд зээлээр худалдан авсан түлшний мөнгө 4,769,345 төгрөг, энэхүү зээлийн гэрээний 2.3-д заасны дагуу алданги /50 хувьд нийцүүлэн тооцов 2,384,672 төгрөг, нийт 7,154,017 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. гэв.
2. Нэхэмжлэгч тал 2019 оны 08 сарын 24-ний өдрийн Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Г з ХХК-ийн ШТМ-ын зарлагын падаан, итгэмжлэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг шүүхэд гаргажсөн байна. Хариуцагч талаас тайлбар гаргаагүй, нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,769,345 төгрөг, алданги 2,384,672 төгрөг, нийт 7,154,017 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.
3. Хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариуцагчид эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх талаар танилцуулж, хэргийн материалтай танилцсан байна.
Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ...би очиж чадахгүй, хөдөө Дарханы Хөтөлд яаралтай ажлаар ирсэн байна, надгүйгээр шүүх хурлаа хийчих гэсэн хариу өгсөн талаарх баримт хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
4. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч-Г з ХХК-ийн өмч болох газрын тосны бүтээгдэхүүн /цаашид шатахуун гэх/-ийг худалдан авагч-Б.Б нь зээлээр худалдан авахаар тохирч, гэрээний хугацааг 2019.08.25-2019.12.31-ний өдрийг хүртэл, шатахууны төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлөхөөр, гэрээнд хүү заахгүй, харин хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлтэй гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан энэхүү гэрээ нь Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч бэлнээр болон хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, хүүгийн хэмжээ зэргийг тохироогүй тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээ бус харин худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байна. Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна гэж үзлээ. /хх-4/
Хариуцагч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн баримтаар 1,937,400 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 613,200 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 595,400 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 572,500 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 632,845 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 07ны өдөр 418,000 төгрөг, нийт 6 удаагийн баримтаар 4,769,345 төгрөгийн шатахуун авсан болох нь нэхэмжлэгч Г з ХХК-ийн ШТМ-ын зарлагын падаан баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/
Талуудын хооронд байгуулсан Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний 2.3-т Энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлнө гэж заасан ба нэхэмжлэгч үүний дагуу алданги 2,384,672 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.
Иймд хариуцагч Б.Баас гэрээний үүрэгт шатахууны төлбөр 4,769,345 төгрөг, алданги 2,384,672 төгрөг, нийт 7,154,017 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г з ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн төлөх 7,154,017 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргаж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 234.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.Баас гэрээний үүрэгт шатахууны төлбөр 4,769,345 төгрөг, алданги 2,384,672 төгрөг, нийт 7,154,017 /долоон сая нэг зуун тавин дөрвөн мянга арван долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г з ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 129,420 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ