Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/01046

 

 

 

 

 

 

 

 

2022 03 09

101/ШШ2022/01046

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А холбогдох

 

15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Нэхмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг,

Хариуцагч Б.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Батдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Швед улсад ажиллаж, амьдардаг бөгөөд хүргэн Б.Аын мөнгө зээлээч гэсэн хүсэлт гуйлтыг нь бодоод, түүний хүсэлтийн дагуу Б.Аын ээж Г.Эын нэрээр Төрийн банкиар дамжуулж мөнгөн гуйвуулгаар 2 удаагийн гүйлгээгээр 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5,000 ам доллар, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 3,500 еврогоор тус тус шилжүүлж байсан мөнгийг, ямар ч хүүгүйгээр ашиглаад буцааж өгөх боломжийг олгосон юм. Миний хувьд тэр үед зээл авах боломж бүрдсэн байсан, энэ тухай хүргэн Б.А болон охин Ц.Х нар мэдэж байсан, энэ мөнгийг Швед улсад зээл авч, хүүг нь өөрөө төлж зээлээ хариуцаж байгаа. Гэтэл Б.А нь энэ мөнгийг 2020 оны 9 дүгээр сараас буцаагаад өгье гэж надад амлаж байсан боловч амалснаараа буцааж өгөхгүй байна. Миний бие хувийн ажлаа амжуулахаар Монгол улсад ирсэн байгаа Б.А нь гэр бүлээ цуцлахаар шийдчихсэн, тусдаа амьдарч байна. Б.Аын ээж Г.Эыг мөнгийг хүлээн авагч гээд тухайн үеийн вальютын ханшаар 5,000 ам.доллар нь төгрөгөөр тооцоход 14,196,250 төгрөг, 3,500 евро нь 11,454,625 төгрөг, нийт 25,650,875 төгрөг болж байгаа бөгөөд Г.Э, Б.А нарт холбогдуулан уг шаардлагыг гаргасан.

Энэхүү шаардлагаа дараах байдлаар тодруулж, багасгаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нарын хариу тайлбар болон бусад баримтаар маргаантай нөхцөл байдлыг шүүхээр хэлэлцүүлэхээр, харин маргаангүй нөхцөл байдлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй зэргийг харгалзаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа нөхцөл байдлыг тодруулж байна. Юуны өмнө Г.Э нь Г.Дгаас мөнгийг зээлээгүй, Б.Ат мөнгийг дамжуулж өгөх зорилгоор хүлээн авсан нь маргаангүй бөгөөд Г.А нь Г.Дгаас мөнгийг зээлэх хүсэлт тавьсан, мөнгийг Г.Эаас хүлээн авсан нь тодорхой болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагчаар Б.Аыг тодорхойлж байна. Тодруулбал, Г.Эыг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаашид оролцуулах шаардлагагүй гэж үзэж, татгалзаж байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хувьд анх 25,650,875 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байх боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагаа багасгаж, Б.Ааас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг гаргуулах гэж шаардлагаа тодруулж байна. Үндэслэл нь хариуцагч Б.А нь анх шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа Т.Дгаас 20,000,000 төгрөгийг нь зээлсэн, уг мөнгийг дараах байдлаар төлж барагдуулсан, 1,000,000 төгрөгийг 2 хувааж, Ц.Хгийн хамаатан н.Өд зээлсэн 4,000,000 төгрөг, хүүхдийн хадгаламжийн мөнгөнөөс 4,000,000 төгрөг гэж мэдүүлсэн байдаг. Тоёота сай автомашиныг миний зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсныг мэдээд Г.Дд өгөх үлдэгдэл мөнгийг төлж дуусгаарай гэж хэлсэн гэж тус тус тайлбарладаг. Иймд Ц.Хд сар бүр 500,000 төгрөгөөр хуваан шижлүүлэх замаар төлье гэж илэрхийлсний дагуу 10, 11 дүгээр сард 500,000 төгрөгөөр дамжуулан нийт 1,000,000 төгрөгийг Ц.Хгийн дансаар шилжүүлснийг, мөн Б.А нь хамаатан н.Өаас авлагатай байсан гэх 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа дүнгээсээ хасахаар болсон. Цаашид маргаантай асуудал гаргахгүй, үлдээхгүй нэг мөр мөнгө төгрөгийн асуудалгүй болгох нь ашигтай байна. Г.Дгийн ээж н.Уртнасанд хүргэж өгсөн 10,000,000 төгрөгтэй тэнцэх 3,300 ам.доллараас гадна Б.А нь төгрөгөөр тооцож 20,000,000 төгрөгийг зээлсэн гэдгээ илэрхийлдэг.

Иймд хариуцагч Б.Ааас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэл гаргагч Г.Д нь миний хадам ээж бөгөөд миний эхнэр Ц.Хгийн хүсэлтээр бидэнд мөнгө зээлдүүлсэн нь үнэн хэдий ч уг мөнгө төлөгдөж дууссан учир 25,650,875 төгрөг гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Х бид хоёр эхнэр, нөхөр бөгөөд ам бүл дөрвүүлээ бага насны хоёр хүүхэдтэй гэр бүл юм. Эхнэр Ц.Х 2020 оны 7 дугаар сард Ээж удаан хугацаатай, хүүгүй мөнгө зээлж өгөх боломжтой гэнэ. Хоёулаа 30 сая төгрөг зээлж аваад, одоо унаж яваа машинаа зараад ч юмуу эсвэл эд хөрөнгөө барьцаалж байгаад нэмж 15 сая төгрөг олоод машинаа томруулж 45 сая төгрөгийн үнэтэй RХ 450 маркийн машин худалдаж авья. Ээжээс зээлсэн мөнгийг шилжүүлсэн өдрийнх нь ханшаар буцаагаад төлчихнө, хүү авахгүй, удаан хугацаатайгаар бага багаар нь төлөх юм чинь гайгүй байлгүй гэсэн учир би эхнэрийнхээ саналыг зөвшөөрсөн. Ингээд хадам ээж маань эхнэр бид хоёрын гуйлтын дагуу шилжүүлсэн мөнгийг Ц.Хтай ярилцаад ээж Г.Эын маань нэрээр шилжүүлсэн байдаг ба уг мөнгийг авсан өдрөө буюу 2020 оны 7 дугаар сарын 23-ны орой намайг харж байхад Ц.Х тоолоод ээжээс хүлээж авсан болно. Хадам ээжийн шилжүүлсэн мөнгийг авах санаачилгыг ээж Г.Э гаргаагүй, ээж болон хадам ээж хоёрын хооронд зээл өгөх, авах ямар ч асуудал үүсээгүй, мөн уг мөнгийг захиран зарцуулахад миний ээж Г.Э огт оролцоогүй, энэ бүхнийг хадам ээж Г.Д болон эхнэр Ц.Х нар мэдэж байгаа. Миний хувьд 2020 оны 01 дүгээр сард эх орондоо ирсэн ба намайг ирсэн үеэс эхнэр маань надтай нэг л таарамжгүй харилцаатай болсон бөгөөд ойр ойрхон маргаан үүсгэдэг болсон хэдий ч 2020 оны 4 дүгээр сард эхнэр Ц.Х өөрөө Дахин хэрүүл маргаан үүсгэхгүй, гэрлэлтээ батлуулаад амьдаръя гэсэн тул эхнэртээ итгэж байсан боловч 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Ц.Х гэнэт хэрүүл үүсгэж, сална гээд гэрээсээ явсан. Ийнхүү гэрээс явахдаа миний Тоёота сай маркийн  улсын дугаартай автомашиныг унаад явсан тул би унах унаа ч үгүй, өөрийн гар дээр нэг ч төгрөггүй, хоол унд ч үгүй хоёр хүүхэдтэйгээ хүнд байдалд үлдсэн юм. Ингээд арга буюу эхнэр Ц.Х дээр очоод Чи ээжийнхээ шилжүүлсэн мөнгөөр өөртөө тохирсон унаа ав. Би өөрийнхөө машиныг авая гэхэд Үгүй би энэ машиндаа дуртай учраас би өөрөө унана. Чи ээжийн явуулсан мөнгөнөөс машин авчих, тэгээд болохгүй бол дараа нь хамт төлчихье гэж хэлсний дагуу хадам ээж Г.Дтай ярилцаж 20,000,000 төгрөгийг зээлж авахаар болсон. Тухайн үед Ц.Хг ингэж хэлэхэд нь буцаад ирнэ гэж ойлгож, итгэж байсан боловч тэрээр 2021 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжпэн явагдаж байна.

Миний хувьд хадам ээж Г.Дгаас 25,000,000 төгрөг зээлээгүй, үндэсний мөнгөн тэмдэгтээр 20,000,000 төгрөг зээлж авсан ба уг мөнгийг дараах байдлаар төлж дуусгасан. Үүнд: Ц.Хгаар дамжуулан 1,000,000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн ба энэ нь шилжүүлгийн баримттай; Ц.Х нь өөрийн үеэл ах н.Өын надаас зээлсэн 4,000,000 төгрөгийг авч, ээж рүү төлнө гэсний дагуу 4,000,000 төгрөг төлөгдсөн; Ингээд үлдэгдэл 15,000,000 төгрөг болсон ба 2021 онд Монгол Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон тул миний ажил түр хугацаанд зогсож, ямар ч орлогогүй болсон учраас Ц.Хд хэлж, миний цалин хөлснөөсөө хүүхдүүддээ зориулж хуримтлуулсан хүүхдүүдийн маань хадгаламжинд байсан 4,000,000 төгрөгийг аваад ээжид түр өгч бай, би өөрөө ажил төрөл жигдрэхээр хүүхдүүдийнхээ хадгаламжинд дахиад хийчихнэ гэснийг Ц.Х зөвшөөрч, 4,000,000 төгрөг төлөгдсөн; 2021 оны 3 дугаар сард эхнэр Ц.Х гэрээс явахдаа унаад явсан миний хөрөнгөөр бий болсон Тоёота Сай маркийн автомашиныг миний зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсныг мэдээд Автомашины төлбөрт авсан мөнгөнөөс хадам ээж Г.Дд өгөх үлдэгдэл мөнгийг төлж дуусгаарай гэхэд Мэдэж байна гэсэн тул уг 20,000,000 төгрөг бүрэн төлөгдсөн гэж ойлгож байна.

Б.А нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Э.Бын 15,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлаж байна. Үндэслэл нь Ц.Х бид хоёр хамтран зээлдэгч төлөгч мөн /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 заалт/. Энэ зүйлд Улсын дээд шүүхийн тайлбар байхгүй учир нотлох баримт бүрдсан нөхцөлд шүүх шууд хэрэгжүүлж хуульд захирагдах үүрэгтэй. Хамтран зээлдэгч төлөгч болох нь шүүхийн 2 удаагийн бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус нотлогдоно. Ц.Х нь шүүхэд үзлэг хийх үеэр өөрийн дуу хоолойгоор ярьж нотолсон. Энэ нь шүүх шийдвэр гаргах хангалттай үндэслэл баталгаатай гэр бүлийн хувьд хамтран дундаа хуваалцаж шийдвэрлэх болно. Гэр бүл салсан ч хамтран үр хүүхдээ өсгөх үүргээ биелүүлэх болно. Нэгийг нь буруутгаж нөгөөг нь зөвтгөх нь тэгш эрхийн зарчим зөрчигдөж байна. Хэрэв тайлбарт дурдсанчлан Ц.Х нь хадам ээж Г.Д руу төлөөрэй гэсэн төлөлтүүдийг шилжүүлээгүй бол энэ нь надад хамааралгүй, Ц.Хд хамааралтай, бид хуваан төлөх ёстой юм.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5,000 ам.доллар шилжүүлсэн баримтын орчуулга, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3,500 евро шилжүүлсэн баримтын орчуулга, 2020 оны 7 дугаар сарын 20, 22-ны өдрийн Төлбөр Чулуун чулуун гэх орчуулгын баримт, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа-ууд, хариуцагч Г.Эын хариу тайлбар, хариуцагч Б.Аын хариу тайлбар, Төрийн банкны Налайх салбарын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24/12, 24/11 дугаартай албан бичиг, А.Хан-Эрдэнэ, А.Хатангоо нарын хүүхдийн хадгаламжийн хугацаат дансны харилцагчийн хуулга, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 50,000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг-ийн баримт, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 500,000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг-ийн баримт, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 450,000 төгрөгийн баримт, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3,500 еврогийн Контакт мөнгөн гуйвуулга хүлээн авах маягт, кассын зарлагын баримт, мөн өдрийн 5,000 ам.долларын Контакт мөнгөн гуйвуулга хүлээн авах маягт, кассын зарлагын баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан багасгасан шаардлага, хариуцагч Б.Аын хариу тайлбар, 2 ширхэг флаш диск зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Төрийн банкны 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3,500 еврогийн Контакт мөнгөн гуйвуулга хүлээн авах маягт, кассын зарлагын баримт, мөн өдрийн 5,000 ам.долларын Контакт мөнгөн гуйвуулга хүлээн авах маягт, кассын зарлагын баримт, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, мөн өдөр гэрч Ц.Хгаас авсан мэдүүлэг, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Г.Э, Б.А нарт холбогдуулан 25,650,875 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, багасгаж, хариуцагч Г.Эд холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Ат зээлүүлсэн зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөгийг Б.Ааас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.А нь эхнэр Ц.Хгийн хамт хадам ээж Г.Дгаас өөрсдийн унаж байсан машиныг томруулах зорилгоор зээлж авсан, зээлээс заримыг нь төлсөн, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг Ц.Х нь хамт хариуцан төлөх ёстой, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 7,500,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Г.Д нь Швед улсад амьдарч байхдаа өөрийн охин Ц.Х болон түүний нөхөр Б.А нарын гуйлтаар Ч.Мягмарсүрэнгийн дансаар дамжуулан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5,000 ам.доллар, 7 дугаар сарын 22-ны өдөр 3,500 еврог Б.Аын ээж Г.Эын нэрээр шилжүүлснийг Г.Э нь 7 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас хүлээн авч, тэрээр мөнгийг Ц.Хд хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5,000 ам.доллар шилжүүлсэн баримтын орчуулга, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3,500 евро шилжүүлсэн баримтын орчуулга, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3,500 еврогийн Контакт мөнгөн гуйвуулга хүлээн авах маягт, кассын зарлагын баримт, мөн өдрийн 5,000 ам.долларын Контакт мөнгөн гуйвуулга хүлээн авах маягт, кассын зарлагын баримт зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх 3,500 евро болон 5,000 ам.долларыг 2020 оны 7 дугаар сарын 20,22-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцоход нийт 25,650,875 төгрөг болж байна.

 

Б.А, Ц.Х нар нь гэрлэлтийн баталгаатай, одоогоор гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа ба тэд хамтран амьдарч байхдаа буюу 2020 оны 7 дугаар сард Ц.Хгийн ээж Г.Дгаас машинаа томруулах зорилгоор монгол төгрөгөөр 25,650,875 төгрөгийг эргэн төлөх нөхцлөөр зээлж авсан, ба энэхүү тохиролцооноос хойш буюу 2020 оны 8 дугаар сараас Б.А, Ц.Х нар нь гэр бүлийн маргаанаас үүдэн тус тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, гэрч Ц.Хгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Г.Д болон Б.А, Ц.Х нарын хооронд зээлийн харилцаа үүссэн буюу зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар Б.А, Ц.Х нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байх ба нэхэмжлэгч Г.Д нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зөвхөн хариуцагч Б.Аыг дангаар хариуцах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Мөн нөгөөтэйгүүр Б.Аын Г.Дтай фэйсбүүк чатаар 2020 оны 8 дугаар сард харилцсан байдлыг Б.Атай зээлийн шинэчлэгдсэн өөр харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, энэ нь өөр баримтаар тогтоогдохгүй байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй юм.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч Б.Аын бид хамтран амьдарч байхдаа Ц.Хгийн ээж Г.Дгаас мөнгө зээлсэн тул бид хамтран хариуцах ёстой гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ааас зээлийн төлбөрт 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 7,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Дгийн хариуцагч Г.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ