Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Ц.Түвшинзаяа,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Түвшинзаяад холбогдох 201716010006 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гоёотын 18-5 тоотод оршин суух, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Шарнууд хөх овогт Цэдэнноровын Түвшинзаяа /РД:КЙ82122970/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Түвшинзаяа нь ялтай байх хугацаандаа, шунахайн зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Ниссан тийда” /Nissan Tiida/ маркийн 17-65 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон тусгайлан бэлтгэсэн эвдлэгч төмөр багаж зэргийг хэрэглэж Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн Шар довын 3-11 тоотод оршин суух иргэн Ц.Төмөртогоогийн гэрийн цоожийг эвдэлж нэвтрэн, ширэн гөлөм, төмөр дөрөө бүхий 1 ширхэг мөнгөн эмээлийг хулгайлж, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 5,500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Түвшинзаяа мэдүүлэхдээ: “...2017 оны 1  сарын 8-ны өдөр Төмөртогоогийн гэрийн цоожийг эвдэлж ороод гэрт дотор байсан эмээлийг авсан. Эмээлийн 6 цагаан мөнгөн эдлэлийг аваад Эрдэнэбаяр гэдэг хүнд зарсан. Бусад зүйлийг зарах бодол байгаагүй байлгаж байсан.” гэв. 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-8-р хуудас/

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-12-р хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /хавтаст хэргийн 16-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Төмөртогоогийн: “... Би хөдөө мал маллаад ганцаараа амьдарч байна. Манай эхнэр, хүүхэд Ханбогд сумын төвд гэрт амьдардаг юм. Сумын төвд байдаг манай гэрт миний эмээл тавиатай байж байгаад хулгайд алдагдсан юм. Эмээл алга болчихсон байна гэж манай дагавар хүүхдүүд болох Даваамаа, Цогбаяр хоёр надад хэлсэн. Түүний дараа Цагдаагийн хэсгийн төлөөлөгч надтай уулзсан. Би эмээлийнхээ содон шинж тэмдэгийг хэлж өгсөн. Миний эмээлийг хуучин манай хүргэн байсан Түвшинзаяа хулгайлсан гэдгийг мэдсэн. Тэр эмээлийг миний талийгаач өвөө намайг цэргээс ирэхэд хүнээс худалдан аваад надад төхөөрч өгсөн юм. Миний эмээл хээ, угалзан чимэглэлтэй бор ширмэн гөлөм, жийжүү /хуучны хар дөрөө/ дөрөө, 12 цагаантай буюу том жижиг нийлсэн 6 мөнгөн баавар, 4 мөнгөн даруулга, хоёр мөнгөн хяртай эмээл байсан. Одооны ханшаар 5,000,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх эмээл гэж бодож байна. Эмээл бүрэн бүтэн байна. Бидний дунд өр авлагын асуудал байхгүй. Надад хэлэлгүй гэрийн цоож эвдээд авчихсан болохоор надаас хулгай хийж байгаа юм байна гэж ойлгосон. Надад Түвшинзаяад хийсэн гэм байхгүй л байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цогбаярын: “... Би ямар нэгэн юм бодолгүй цоожийг аваад гэрт ороод үүднээс усны сав авах гэтэл байхгүй байсан. Гэрт хэн нэгэн байгаагүй. Тэгээд цоожийг буцааж зүүчихээд /цоож эвдэгдээд дахин цоожлогдох боломжгүй болчихсон байсан, хаалганы түлхүүрийг манайхан гэрийн хошлонгийн завсар үлдээдэг байсан, түлхүүр тэндээ байсан/ өөрийн гэр рүүгээ очоод дүү Даваамаа руу утасдаж гэрийнх нь цоож эвдэгдсэн байгааг хэлээд хэн тэгснийг асуухад тэр талаар ямар нэг зүйл хэлж мэдэхгүй байсан. Тэгээд орой 18 цагийн үед Даваамаа ажлаасаа ирээд гэрт байсан эмээл алга болчихож гэж надад хэлсэн. Тэгээд цагдаад энэ талаар мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 27-28-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Амартүвшингийн: “...Түвшинзаяа миний доороосоо гуравдахь дүү маань юм. Дүү маань бага ангид суралцаад сургуулиас гарсан. Хөдөө байгаад “Оюутолгой” ХХК нээгдэхэд машин барих, хар бор мэргэжил шаарддаггүй ажил эрхэлж байсан. Одооноос нэг жилийн өмнө манай аав нас бараад түүнээс хойш дүүгийн маань сэтгэл санаа тогтворгүй байсан байж магадгүй. Өнгөрсөн жил аймагт явж байгаад ослын хэрэгт холбогдож шүүхээр орсон гэж дуулдсан. Манай дүү хувь хүний хувьд их цагаахан, уяхан хүн л дээ. Яагаад ийм хэрэгт ороод байдгийг нь хэлж мэдэхгүй юм.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 29-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Энхбаярын: “... Миний ах бол төлөв даруу зантай, яаран хүнтэй муудаад хэл ам хийгээд байдаггүй, одоогоор хоёр хүүхэдтэй эмэгтэйтэй хамтран амьдраад байгааг нь мэдэж байна. Албан ёсны гэр бүл мөн эсэхийг нь, одоогийн амьдрал нь ямар байгааг сайн хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Даваамаагийн: “...Орой 18 цаг өнгөрөөд ажлаасаа гэртээ иртэл хаалганы цоожийг эвдээд цүүнээс нь зүүчихсэн байсан. Гэртээ ороход эмээл алга байсан. Тэгээд ах Цогбаяр луу утасдаад асуухад өдөр усны сав авахаар очиход цоож чинь тийм болчихсон байсан, эмээл байсан эсэхийг хараагүй гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Манай хойд аав Төмөртогоогийн эмээл байсан юм. Манай хашааны өмнүүр нэг жижиг машины мөр байсан. Манай гадуур явсан машины мөр юм байх гэж бодоод нэг их анзаараагүй. Өөр ул мөр харагдаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Төмөрбөхийн: “...Төмөрөө ахын эмээл алга болчихож гэдгийг сонссон. Түүнээс өөрөөр энэ хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй.” Гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эрдэнэбаярын: “...Намайг нэг өглөө гэртээ цайгаа ууж байхад Түвшинзаяа ирээд “нэг яриа байна. Танд нэг зүйл үзүүлэх гэсэн юм” гэхээр нь би дагаад гартал тэр нэг жижигхэн машин унаад ирсэн байсан. Машинд нь хамт ороход даавуунд боодолтой эмээлийн 6 цагаан буюу 4 ширхэг даруулга, хоёр ширхэг мөнгөн баавар үзүүлээд “манай нэг найзад мөнгөний хэрэгцээ гарчхаад ийм юм зарах гэж байна. Нөхөр нь хэрэгт холбогдоод хэрэг шүүхээр шийдвэрлэх гээд өмгөөлөгчийн мөнгө хэрэг болоод үүнийгээ 200,000 төгрөгөөр зарах гэж байгаа юм , та үүнийг худалдаад авчхаач гэж надаас гуйсан. Би тэдгээрийг нь үзэхэд гайгүй сайхан хийцтэй байхаар нь “үүний мөнгөн хяр нь байна уу” гэхэд тэр хүмүүс аймаг дээр 100,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь бинзен хийгээд  ирсэн гэж надад хэлсэн.  Би мөнгөн хярыг нь аваад ирвэл би 500,000 төгрөгөөр авна шүү гэж хэлээд 6 ширхэг цагааныг нийтэд нь 200,000 төгрөгөөр нь буюу Түвшинзаяагийн хэлсэн үнээр нь худалдаж аваад, түүнд мөнгийг нь бэлнээр нь өгөөд явуулсан. Түүнээс хоёр хоногийн дараа Түвшинзаяа ирээд нөгөө мөнгөн хэрэглэл чинь хулгайнх байсан гэнэ буцааж авъя гэж ирсэн. Би тийм бол надаас авсан мөнгөө буцааж өгөөд даруулга, баавраа аваарай гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Ц.Будхүүгийн: “...Энэ оны 11 дүгээр сарын эхээр гэдгийг санаж байна. Эгч Даваамаа гэр байсан эмээл алга болчихсон байна гэхээр нь би очиж үзэхэд манай гэрийн дотор авдарны урд модон дээр тавиатай байдаг Төмөрөө ахын эмээл алга болсон байсан. Би тэр үед өөрийн гэртээ байгаагүй, найзындаа амьдарч байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/

            “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №38/01 тоот шинжээчийн: “...мөнгөн эмээл /урд, хойд бүүрэг нь мөнгөн хяртай, мөнгөн баавартай, ширмэн гөлөмтэй, төмөр дөрөөтэй/ нь хийц загвар, чанар байдал, өнгө үзэмж зэргээсээ шалтгаалан өнөөгийн зах зээл дээр дунджаар 5,500,000 төгрөгийн үнээр худалдаалагдах боломжтой болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 40-р хуудас/

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №05 тоот шинжээч Б.Бат-Эрдэнийн: “...Хэргийн газрын үзлэгээр илрүүлж, хураан авсан цоожинд эвдлэгч багажны үйлчлэлээр үүсгэгдсэн ул мөр байна. Уг мөрүүд нь шинжилгээнд хамт ирүүлсэн эржгэр араа шүд бүхий /мотоциклийн тахир гол төмөр гэх/ төмрөөр үүсгэгдсэн байж болно. Шинжилгээнд ирүүлсэн цоож хэвийн бус ажиллагаатай, эвдлэгдсэн байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62-р хуудас/

Ц.Түвшинзаяагийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа болон арилжааны банкууд дахь дансны хуулгууд /хавтаст хэргийн 64-73-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байх хугацаа дуусаагүй байна /хавтаст хэргийн 79-86-р хуудас зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ц.Түвшинзаяа нь ялтай байх хугацаандаа, шунахайн зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Ниссан тийда” /Nissan Tiida/ маркийн 17-65 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон тусгайлан бэлтгэсэн эвдлэгч төмөр багаж зэргийг хэрэглэж Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн Шар довын 3-11 тоотод оршин суух иргэн Ц.Төмөртогоогийн гэрийн цоожийг эвдэлж нэвтрэн, ширэн гөлөм, төмөр дөрөө бүхий 1 ширхэг мөнгөн эмээлийг хулгайлж, 5,500,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Төмөртогоогийн: “...Миний эмээлийг хуучин манай хүргэн байсан Түвшинзаяа хулгайлсан гэдгийг мэдсэн. Тэр эмээлийг миний талийгаач өвөө намайг цэргээс ирэхэд хүнээс худалдан аваад надад төхөөрч өгсөн юм. Миний эмээл хээ, угалзан чимэглэлтэй бор ширмэн гөлөм, жийжүү /хуучны хар дөрөө/ дөрөө, 12 цагаантэй буюу том жижиг нийлсэн 6 мөнгөн баавар, 4 мөнгөн даруулга, хоёр мөнгөн хяртай эмээл байсан. Одооны ханшаар 5,000,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх эмээл гэж бодож байна. Эмээл бүрэн бүтэн байна. Бидний дунд өр авлагын асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/

гэрч  Б.Цогбаярын: “...Тэгээд цоожийг буцааж зүүчихээд /цоож эвдэгдээд дахин цоожлогдох боломжгүй болчихсон байсан, хаалганы түлхүүрийг манайхан гэрийн хошлонгийн завсар үлдээдэг байсан, түлхүүр тэндээ байсан/ өөрийн гэр рүүгээ очоод дүү Даваамаа руу утасдаж гэрийнх нь цоож эвдэгдсэн байгааг хэлээд хэн тэгснийг асуухад тэр талаар ямар нэг зүйл хэлж мэдэхгүй байсан. Тэгээд орой 18 цагийн үед Даваамаа ажлаасаа ирээд гэрт байсан эмээл алга болчихож гэж надад хэлсэн. Тэгээд цагдаад энэ талаар мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 27-28-р хуудас/

гэрч Б.Даваамаагийн: “...Орой 18 цаг өнгөрөөд ажлаасаа гэртээ иртэл хаалганы цоожийг эвдээд цүүнээс нь зүүчихсэн байсан. Гэртээ ороход эмээл алга байсан. Тэгээд ах Цогбаяр луу утасдаад асуухад өдөр усны сав авахаар очиход цоож чинь тийм болчихсон байсан, эмээл байсан эсэхийг хараагүй гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Манай хойд аав Төмөртогоогийн эмээл байсан юм. Манай хашааны өмнүүр нэг жижиг машины мөр байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-р хуудас/

гэрч Б.Эрдэнэбаярын: “...Намайг нэг өглөө гэртээ цайгаа ууж байхад Түвшинзаяа ирээд “нэг яриа байна. Танд нэг зүйл үзүүлэх гэсэн юм” гэхээр нь би дагаад гартал тэр нэг жижигхэн машин унаад ирсэн байсан. Машинд нь хамт ороход даавуунд боодолтой эмээлийн 6 цагаан буюу 4 ширхэг даруулга, хоёр ширхэг мөнгөн баавар үзүүлээд “манай нэг найзад мөнгөний хэрэгцээ гарчхаад ийм юм зарах гэж байна. Нөхөр нь хэрэгт холбогдоод хэрэг шүүхээр шийдвэрлэх гээд өмгөөлөгчийн мөнгө хэрэг болоод үүнийгээ 200,000 төгрөгөөр зарах гэж байгаа юм , та үүнийг худалдаад авчхаач гэж надаас гуйсан. Би тэдгээрийг нь үзэхэд гайгүй сайхан хийцтэй байхаар нь “үүний мөнгөн хяр нь байна уу” гэхэд тэр хүмүүс аймаг дээр 100,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь бинзен хийгээд  ирсэн гэж надад хэлсэн.  Би мөнгөн хярыг нь аваад ирвэл би 500,000 төгрөгөөр авна шүү гэж хэлээд 6 ширхэг цагааныг нийтэд нь 200,000 төгрөгөөр нь буюу Түвшинзаяагийн хэлсэн үнээр нь худалдаж аваад, түүнд мөнгийг нь бэлнээр нь өгөөд явуулсан. Түүнээс хоёр хоногийн дараа Түвшинзаяа ирээд нөгөө мөнгөн хэрэглэл чинь хулгайнх байсан гэнэ буцааж авъя гэж ирсэн. Би тийм бол надаас авсан мөнгөө буцааж өгөөд даруулга, баавраа аваарай гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/

насанд хүрээгүй гэрч Ц.Будхүүгийн: “...Энэ оны 11 дүгээр сарын эхээр гэдгийг санаж байна. Эгч Даваамаа гэр байсан эмээл алга болчихсон байна гэхээр нь би очиж үзэхэд манай гэрийн дотор авдарны урд модон дээр тавиатай байдаг Төмөрөө ахын эмээл алга болсон байсан. Би тэр үед өөрийн гэртээ байгаагүй, найзындаа амьдарч байсан.” Гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/

            “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №38/01 тоот шинжээчийн: “...мөнгөн эмээл /урд, хойд бүүрэг нь мөнгөн хяртай, мөнгөн баавартай, ширмэн гөлөмтэй, төмөр дөрөөтэй/ нь хийц загвар, чанар байдал, өнгө үзэмж зэргээсээ шалтгаалан өнөөгийн зах зээл дээр дунджаар 5,500,000 төгрөгийн үнээр худалдаалагдах боломжтой болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 40-р хуудас/

            2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №05 тоот шинжээч Б.Бат-Эрдэнийн: “...Хэргийн газрын үзлэгээр илрүүлж, хураан авсан цоожинд эвдлэгч багажны үйлчлэлээр үүсгэгдсэн ул мөр байна. Уг мөрүүд нь шинжилгээнд хамт ирүүлсэн эржгэр араа шүд бүхий /мотоциклийн тахир гол төмөр гэх/ төмрөөр үүсгэгдсэн байж болно. Шинжилгээнд ирүүлсэн цоож хэвийн бус ажиллагаатай, эвдлэгдсэн байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42-р хуудас/ зэргээр бүрэн нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ц.Түвшинзаяа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг давтан үйлдсэн нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.Түвшинзаяа нь Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байгаа нь нотлогдсон тул дээрх шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж түүнийгээ бүрэн эдэлж дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоов.

Ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт зааснаар баривчлах ялын нэг хоногийн хорих ялын нэг хоногтой тэнцүүлж тооцсон болно.

Ц.Түвшинзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-р зүйл шударга ёсны зарчим, 7-р зүйлд заасан энэрэнгүй ёсны зарчмуудыг удирдлага болгон уг хэрэгт С.Тунгалагхандын эзэмшлийн, банкны барьцааны зүйл болсон 17-65 ӨМА улсын дугаартай “Ниссан тийда” /Nissan Tiida/ маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, С.Тунгалагхандад буцаан олгож,

эд мөрийн баримтаар хураагдсан эвдэрхий цоож 1 ширхэг, мотоциклийн тахир гол гэх 1 ширхэг төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шарнууд хөрх овогт Цэдэнноровын Түвшинзаяаг машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, бусдын орон байранд нэвтрэн эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинзаяаг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Түвшинзаяад оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялын заримыг буюу 10 /арав/ сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Түвшинзаяагийн эдлэх 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 17-65 ӨМА улсын дугаартай “Ниссан тийда” /Nissan Tiida/ маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч С.Тунгалагхандад буцаан олгож,

мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсгүүдэд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий цоож 1 ширхэг, мотоциклийн тахир гол гэх 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

            6. Ц.Түвшинзаяа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Ц.Түвшинзаяад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Түвшинзаяагийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА