Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/379

 

 

 

 

 

 

   2021             4              13                                         2021/ДШМ/379

                                                       

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

хохирогч О.П, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Ц.Дагвадорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Пийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бд холбогдох 2005023691552 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Цийн Б, 1975 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 79.2, 224 дүгээр зүйлийн 224.3 дахь хэсэгт зааснаар 250.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 842 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” нэртэй автомашины төвөөс хохирогч О.Пийн зарж борлуулах зорилгоор байрлуулсан байсан 2019 оны 11 дүгээр сард 170.000.000 төгрөгөөр худалдаж авсан, 2017 онд үйлдвэрлэгдсэн “Lexus 450” загварын Монгол Улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй автомашиныг “таны автомашиныг Хятад Улсын иргэн худалдан авах гэж байна, үзүүлэх гэсэн юм” гэж уг төвийн зогсоолын талбайд автомашин борлуулдаг Д.Энхбатаас түлхүүрийг нь авч явж бусдад 140.000.000 төгрөгийн барьцаанд тавьж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар О.Пийг төөрөгдөлд оруулж, 270.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Цийн Бийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Бд 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бд оногдуулсан 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бэс 230.000.000 төгрөг гаргуулан хохирогч О.Пид олгож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч О.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 12 дугаар сард гэмт хэрэг үйлдэгдэх үед Ц.Б нь миний эзэмшлийн улсын дугаар аваагүй “Lexus 450” загварын автомашиныг авч явахдаа “хүнд үзүүлнэ” гэж хэлсэн бөгөөд миний бие түүнд ямар нэгэн байдлаар захиран зарцуулах эрх олгоогүй байхад Ц.Б нь бусдад барьцаалсан байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний эзэмшлийн дээрх автомашиныг хаана байгааг, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас одоо ямар хүний эзэмшилд байгааг, одоо эзэмшиж байгаа этгээд нь ямар байдлаар миний эзэмшлийн авто машиныг олж авсан талаар тодруулах боломжтой байсан ч энэ ажиллагааг хийгээгүй болно. Өөрөөр хэлбэл, Гаалийн анхан шатны баримтгүйгээр тухайн автомашин нь зарагдах болон эзэмших эрх нь бусдад шилжих боломжгүй бөгөөд автомашиныг буцаан авах боломжтой эсэхийг тогтоох ажиллагаа хийгдээгүй болно. Миний эзэмшлийн дээрх автомашиныг олж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар заавал хураан авч, битүүмжилж шийдвэрлэх ёстой байсан. Ц.Б нь ямар ч захиран зарцуулах эрхгүй байсаар ямар журмаар С.Батжаргалд захиран зарцуулах итгэмжлэл хийж өгсөн нь тодорхойгүй байна. Гэрч С.Батжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Шүүхийн хэлэлцүүлэгт “...гаражид 2 сар хадгалж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 10-наас 20-ны өдрийн хооронд танихгүй 2 хүнд гэрээ байгуулахгүйгээр зарсан. ...” гэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад “2020 оны 5 дугаар сард 140.000.000 төгрөгөөр зарсан” гэж мэдүүлдэг ч энэ байдал тогтоогдоогүй болно. Ямар ч тохиолдолд өндөр үнийн дүнтэй автомашиныг худалдах худалдан авахад гэрээ байгуулахгүйгээр худалдах, худалдан авах боломжгүй байдаг. Иймд хэргийг прокурорт буцааж, “Lexus 450” загварын автомашиныг хаана, хэний эзэмшилд байгааг олж тогтоож, битүүмжилж, гэрч С.Батжаргалын мэдүүлгийн эөрүүг арилгаж, тухайн авто машиныг хэзээ, хэнд шилжүүлсэн талаар тодруулсны дараа хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч О.Пийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Батжаргалын өгсөн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Машиныг 140.000.000 төгрөгөөр хямдруулж зарсан шалтгаанаа “бичиг баримтгүй байсан учраас ингэж зарсан” гэх агуулгатай мэдүүлгийг өгдөг. “Бичиг баримтгүй байсан” гэх мэдүүлэг нь өөрөө автомашиныг гэмт хэрэг үйлдэж олж ирсэн гэдгийг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байдаг. Иймд хохирогч О.Пийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ гэж заасны дагуу эд хөрөнгийг битүүмжилж байж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Машиныг зарж өгнө гэж аваад С.Батжаргал гэх хүнд 140.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. Үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Батжаргал ч үүнийг мэдүүлдэг. Машиныг үнэлгээний комисс үнэлэхдээ 270.000.000 төгрөгөөр үнэлсэн. Анхан шатны шүүхээс үнэлгээний дагуу 270.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Бэс гаргуулж, гэм буруутай үйлдэлд нь 25.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б нь бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.П, гэрч С.Батжаргал нарын өгсөн мэдүүлгээс тодорхой харагддаг. Хөрөнгө хамгаалах талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад ажиллагаа хийгдсэн байгаа. Автотээврийн үндэсний төвөөс хоёр удаа лавлагаа авсан. Сүүлийн лавлагааг хохирогч О.П өөрөө авсан байдаг. Эхний лавлагаа авах тоот мөрдөгчөөс мөрдөгчид шилжихдээ алга болсон учраас хоёр дахь удаагаа тоот явуулаад хариуг нь авсан. Уг хариу тоотод “Арлын дугаар дээр улсын дугаар авагдаагүй байна” гэсэн байдаг. Иймд хохирогч О.Пийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, 86 дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн гэрч С.Батжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад автомашиныг хэрхэн худалдан борлуулсан талаараа дэлгэрэнгүй, тодорхой мэдүүлсэн тул автомашиныг битүүмжлэх ямар ч бололцоо байгаагүй. Автомашиныг хайх ажиллагаа хийгдсэн болохыг дурдаж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Ц.Бийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн орчим, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” нэртэй автомашины төвд хохирогч О.Пийн зарж борлуулах зорилгоор байрлуулсан байсан 2019 оны 11 дүгээр сард 170.000.000 төгрөгөөр худалдаж авсан, 2017 онд үйлдвэрлэгдсэн “Lexus 450” загварын Монгол Улсын автомашины дугааргүй, хар хөх өнгөтэй, автомашиныг “таны автомашиныг Хятад Улсын иргэн худалдан авах гэж байна, үзүүлэх гэсэн юм” хэмээн уг төвийн зогсоолын талбайд автомашин борлуулдаг Д.Энхбатаас түлхүүрийг нь авч явж бусдад 140.000.000 төгрөгийн барьцаанд тавьж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар О.Пийг төөрөгдөлд оруулж, 270.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.Бийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Бд 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Тодруулбал, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4 “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;”, 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.” зэргийг нарийвчлан шалган тогтоогоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, хэргийн үйл баримтад бодиттой үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг бүр эхлэл, төгсгөлтэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхийн эсрэг эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй ашиглах захиран зарцуулах эрхийг олж авдаг онцлоготой.

Прокуророос шүүгдэгч Ц.Бийг бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг “залилах” гэмт хэргийн замаар олж авсан, уг тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өөрчлөн бусдад барьцаалах журмаар захиран зарцуулж мөнгө авсан гэх үйлдлийг нэг гэмт хэргийн шинжээр дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Хавтас хэрэгт, “Lexus 450” загварын автомашин нь иргэн О.Пийн нэр дээр бүртгэлтэй гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг хүлээн авч эд мөрийн баримтаар тооцжээ. Тухайн гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт ямар арга замаар шүүгдэгч Ц.Бийн нэр дээр болж өөрчлөгдсөн нөхцөл байдлыг нотлох баримтад үндэслэж тогтоох шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, тухай тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт ямар аргаар бусдын нэр дээр шилжсэн болохыг тогтоох, улмаар энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхийг шалган тодруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, хууль бусаар эзэмшигчийн нэр өөрчлөгдсөн тээврийн хэрэгсэл хууль ёсоор эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд оролцох боломжгүй бөгөөд түүнийг эзэмшигч, өмчлөгчийг хууль ёсоор бүртгэгдсэн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй. Энэхүү ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд огт хийгдээгүй нь Эрүүгийн хуулийн зорилт, зарчимд нийцэхгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дүгээр зүйлд “Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасныг зөрчин хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан гэж үзэв.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.Б нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 842 дугаартай шийтгэх тогтоолоор мөн энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүгдэгч Ц.Бийн торгуулийн ял болон хохирол төлбөртэй холбоотой хувийн хэргийг хэрэгт хавсаргах шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч О.Пийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, 2005023691552 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ