| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/90 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., 17.8.3.2., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.А, Ц.Б
Шүүгдэгч: Ц.Э, М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Б, М овогт Ц.Э нарт холбогдох эрүүгийн ************ тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт У хот С дүүрэг ** дугаар хороо, Х-ний **-р гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт М.Б
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт А аймгийн Э сумын * дугаар багийн Н-гийн **** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Ц.Э
Холбогдсон хэргийн талаар:
Мөн.Ц.Э, М.Б нар нь тухайн цаг хугацаанд буюу хулгайлах гэмт хэргийн үйлдлээ түргэсгэх, бэхэлгээг эвдэх, зорилгодоо хүрэхийн тулд ХААН банкны өмчлөлийн (КА001654) терминал дугаартай 67.445.700 төгрөгийн үнийн дүн бүхий автомат тооцооны машиныг багаж, зэвсэг ашиглан эвдэж, бусдад их хэмжээний хохирол учруулан эд хөрөнгө устгасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Ц.Э-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Бид хоёр гэмт хэрэг хийж байхдаа гэнэт больё гэж бодоод, буруу зүйл хийж байгаагаа хийж байсан үйлдлээ зогсоосон. Тэндээсээ гараад цагдаа дээр очих гээд явж байсан. 5 километр гаруй газар явсан. Тэгээд бид хоёр явж байгаад цагдаатай таараад очиж байцаалт өгсөн. Цагдаа бид хоёроос "юу болсон?" гэж асуухгүй, шууд компьютер дээр юм бичиж байснаа, ахын дүү энэ нь дээр гарын үсэг зурчих” гэсэн. Тэгэхээр нь би өмгөөлөгч авмаар байна гэтэл чамд өмгөөлөгчийн хэрэггүй, чамд өмгөөлөгч авах эрх байхгүй, 10 хоног наашаа цаашаа явах юм болно, харин чи одоо энэ дээр гарын үсэг зурчих юм бол чамайг гэр рүү чинь явуулна, үгүй гэвэл чамайг явуулахгүй, хорино” гэсэн. Тэгээд намайг цохиж, бага зэрэг загнаж, ёс бус үг хэлээд байхаар нь би айсандаа гарын үсэг зурчихсан. Би АТМ эвдсэн талаараа маргахгүй байгаа. Хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,
*Шүүгдэгч М.Б-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Би анх Э байцаагч дээр очиход, надаас мэдүүлэг авна гэхээр нь ямар ч байсан өөрийнхөө хийсэн буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлал гуйя гэж бодсон. Байцаалт эхлэхэд мөрдөгч компьютер дээрээ юм бичиж байгаад надаас “чи яагаад больсон бэ?” гэж асуухад нь “би айсан, буруу зүйл хийж байгаагаа ойлгосон” гэж хариулсан. Бид 2 тухайн газраас буюу АТМ-ыг эвдэж байхдаа өөрсдийн ухамсраар больсон. Ямар ч хүн биднийг зогсоогоогүй, ямар ч саад тохиолдоогүй. Зүгээр л буруу зүйл хийснээ ойлгоод, хоорондоо ярилцаад, тайван гараад явсан. Бараг хоёр километр орчим газар алхсан. Миний гар шалбарах, будаг цацах гэх мэт зүйл огт болоогүй. Харин би хийсэн үйлдэлдээ гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн. Тиймээс мэдүүлэг өгч байсан юм. Гэтэл мөрдөгч намайг “чи муу хулгайч, битгий худлаа ярь” гээд лаазтай ундааны саваар цохисон. Би газар унаж, босоод ирэхэд шүд уначихсан байсан. Тэр үед би маш их айсан. Одоо босохгүй бол яах вэ гэж бодсон. Би хийсэн буруугаа хүлээж, уучлал гуйхыг хүссэн. Гэтэл намайг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, бүр хэлээгүй үгийг маань өөрсдөө бичээд гарын үсэг зуруулсан. Би тэр үед зүгээр л амьд гарахын тулд, айгаад хэлсэн бүхнийг нь зөвшөөрөөд, гарын үсэг зурсан. Тэгээд намайг 10 хоногийн дараа ирээрэй гэсэн. Гэтэл 1 дараа дуудсан. Би шүүх, цагдаа, прокурор гээд юу ч мэддэггүй байсан. Дараа нь чамайг яллагдагчаар татсан гэхэд нь би гайхсан. Яг анхны байцаалтын үеэр намайг чи өөрөө татгалзсан байна, энэ гэмт хэрэг биш байна гэж хэлсэн хэр нь, сүүлд нь эсрэгээр нь бичсэн байсан. Би үнэхээр гэмшиж байгаа. Миний хийсэн үйлдэл буруу гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ бид 2 хэний ч шахалтгүйгээр үйлдлээ зогсоож, буруу зүйл хийснээ ойлгоод, өөрсдөө орхиж явсан. Би ATM доторх бэлэн мөнгөний хайрцгийг хараад маш их айгаад, буруу зүйл хийж байна гэдгээ ухаарсан. Иймд үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн ************ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М-ын өгсөн:
“...Би А аймгийн Хаан банканд АТМ киоск хариуцсан ахлах ажилтнаар ажилладаг. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өглөө А аймгийн Э сумын ** дугаар багт байрлах Гост супермаркетын урд байх ХААН банкны АТМ-ыг үл таних хүн эвдэж хэмхэлсэн байна. Тийм учраас Цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн АТМ нь 2022 онд Япон улсад үйлдвэрлэгдээд тухайн ондоо Монгол улсад үйл ажиллагаанд орж эхэлсэн. Тухайн үед 120 сая төгрөгөөр худалдан авч байсан. Би тухайн АТМ-ыг одоо 100 сая төгрөгөөр үнэлж байна. Тухайн АТМ саарал өнгөтэй, Хаан банкны АТМ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,
*Гэрч Э.Э-ын өгсөн:
“...2024 оны 06 дугаар сарын 14-ний өглөөний 07 цагийн үед манай харуул Ё.О гэх хүн тус АТМ-ыг эргэх гээд очтол “тус АТМ-ыг эвдсэн байдалтай байна” гэж мэдэгдсэн. Тэгээд би тус АТМ дээр очтол тухайн АТМ ямар ч ажиллагаагүй эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд төв ХААН банкны АТМ хариуцсан мэргэжилтэн рүү холбогдож асуухад “шөнийн 03 цагийн үед тус АТМ тоггүй болсон байна” гэж хэлсэн. Манай ажилчид оройн 21 цаг хүртэл АТМ-ын алдаанд ажилладаг шөнийн цагаар бол ээлж байхгүй. Тус АТМ нь 24 цагаар хэвийн ажиллагаатай буюу онгорхой байдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар тал/,
*Гэрч Ё.О-ын өгсөн:
“...Би 2024 оны 06 дугаар сарын 14-ний өглөөний 07 цаг 45 минутын үед тус АТМ-ыг шалгахаар очтол АТМ эвдэрсэн байдалтай ямар ч ажиллагаагүй байсан. Тэгээд би АТМ хариуцсан мэргэжилтэн Э.Э руу утсаар АТМ эвдэрсэн талаар хэлсэн. Би хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 13-ны шөнийн 23 цаг 55 минутад шалгахад АТМ хэвийн ажиллагаатай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/,
*Яллагдагч Ц.Э-ийн өгсөн:
“...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-н 101-102 дугаар тал/,
*Яллагдагч М.Б-ийн өгсөн:
“...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 92-93 дугаар тал/,
*Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн үнэлгээчин Ц.Т-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн АЦ-24-125 дугаартай “...бэлэн мөнгөний машин 67.445.700 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 52-65 дугаар тал/,
*2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай “...А аймаг Э сум * дугаар баг Гост дэлгүүрийн урд байрлах ХААН банкны АТМ-ыг эвдсэн” гэх тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/,
*Хэргийн газарт үзлэг хийсэн “...цахим мөнгөний машиныг урд нүүр хэсгийг авч газарт тавьсан, ...хяналтын камерыг хар өнгийн шүршдэг будгаар шүршсэн байдалтай, АТМ-ын гадна байрлах шилэн хаалтыг хагалж бутарсан байдалтай байх ба доторх эд зүйлс эмх цэгцгүй АТМ-ын шилэн нүүр хэсгээс 5 ширхэг гарын мөр, баруун талын АТМ-ээс урд нүүрнээс бээлийний мөр илрүүлэв ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 3-8 дугаар тал/,
*Бичлэгт үзлэг хийсэн тухай “...2024 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 02 цаг 25 минут 59 секундээс 02 цаг 29 минут 49 секунд хүртэлх бичлэг байв. Уг бичлэгт АТМ дотор хар өнгийн куртиктэй, тус куртикний малгайг ягаан өнгийн Бакегз гэх бичиглэлтэй шар болон хар өнгөний хослолтой саравчтай малгайны дээгүүр дарж өмссөн, саарал өнгийн даавуун зүйл амандаа зүүсэн, шар алаг өнгийн үүргэвчтэй цүнх үүрсэн, 180 орчим см-ын өндөр нуруутай, туранхай залуу. Хар өнгийн 11РС гэх бичиглэлтэй саравчтай малгайтай, хар өнгийн даавуун багтай, хар өнгийн куртиктэй саарал өнгийн малгайтай цамц өмссөн 170 орчим см-ын өндөртэй, туранхай залуу нар байв. Бичлэгт туранхай 170 орчим см-ын өндөртэй залуу АТМ доторх хяналтын камер болон хаалга хэсэг рүү шүршигч будаг цацаж байна.
Дараагийн бичлэг нь нийт 1 цаг 03 минут 41 секундийн урттай байх ба 2024 оны 06 дугаар сарын 14-ний шөнийн 02 цаг 30 минут 12 секундээс 2024 оны 06 дугаар сарын 14-ний шөнийн 03 цаг 33 минут 53 секундийн хоорондох бичлэг байв. Уг ажиллагаанд оролцож буй АТМ-ын мэргэжилтнээс АТМ дотор хийгдэж байгаа эвдэх ажиллагааг мэргэжлийн хэллэгээр хэлэх тал дээр туслалцаа авахаар уг ажиллагаанд оролцуулав. Бичлэг эхлэхэд 180 орчим см-н өндөртэй залуу тастагч багажаар АТМ нь давхар хаалгатай хэсгийн эхний хаалганы сейфийн түгжээг тастаж онгойлгосон. Дараа нь тастагч багажаар АТМ-ын дэлгэц хэсгийг бүхлээр нь эвдсэн. Үүний дараа АТМ-н харилцагчийн мөнгө авдаг хэсгийн төхөөрөмжийг эвдэх гэж оролдсон. Хамгийн сүүлд давхар хаалганы нугасыг тастах гэж оролдож эвдсэнээр уг бичлэг дуусаж байна. Уг бичлэгт хийгдэх ихэнх эвдэх ажиллагааг 180 орчим см-н өндөртэй залуу хийх ба 170 орчим см-н өндөртэй залуу багаж, хэрэгслийг зөөх өндөр туранхай залуугийн эвдсэн хэсэгт туслах үүрэг гүйцэтгэж байв” гэх тэмдэглэл/хх-ийн 14-16 дугаар тал/
*КА001654 терминалтай АТМ-д кассын үлдэгдэл 62.945.000 төгрөг гэх хавсралт (хх-ийн 19 дүгээр тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 10-13 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110, 114 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан гэрч М.Б, Ц.Э нарын мэдүүлэг / хх-ийн 36-47 дугаар тал/-г нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч М.Б, Ц.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.Э, М.Б нар нь бүлэглэж, 2024 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ГОСТ дэлгүүрийн урд талд байрлах ХААН банкны (КА001654) терминал дугаартай автомат тооцооны машинаас мөнгө авах зорилгоор учрах саадыг арилгахын тулд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан эвдэж, дотор нь байршуулсан 62.945.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар хулгайлан авахыг завдсан
мөн Ц.Э, М.Б нар нь тухайн цаг хугацаанд буюу хулгайлах гэмт хэргийн үйлдлээ түргэсгэх, бэхэлгээг эвдэх, зорилгодоо хүрэхийн тулд ХААН банкны өмчлөлийн (КА001654) терминал дугаартай 67.445.700 төгрөгийн үнийн дүн бүхий автомат тооцооны машиныг багаж, зэвсэг ашиглан эвдэж, бусдад их хэмжээний хохирол учруулан эд хөрөнгө устгасан гэх үйл баримт тус тус тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Э, М.Б нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.М-ын ”...2024 оны 06 дугаар сарын 14-ний өглөө А аймгийн Э сумын ** дугаар багт байрлах Гост супермаркетын урд байх ХААН банкны АТМ-ыг үл таних хүн эвдэж хэмхэлсэн байна. Тийм учраас Цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн АТМ нь 2022 онд Япон улсад үйлдвэрлэгдээд тухайн ондоо Монгол улсад үйл ажиллагаанд орж эхэлсэн. Тухайн үед 120 сая төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Э-ын”...2024 оны 06 дугаар сарын 14-ний өглөөний 07 цагийн үед манай харуул Ё.О гэх хүн тус АТМ-ыг эргэх гээд очтол “тус АТМ-ыг эвдсэн байдалтай байна” гэж мэдэгдсэн. Тэгээд би тус АТМ дээр очтол тухайн АТМ ямар ч ажиллагаагүй эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд төв ХААН банкны АТМ хариуцсан мэргэжилтэн рүү холбогдож асуухад “шөнийн 03 цагийн үед тус АТМ тоггүй болсон байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ё.О-ын”...Би 2024 оны 06 дугаар сарын 14-ний өглөөний 07 цаг 45 минутын үед тус АТМ-ыг шалгахаар очтол АТМ эвдэрсэн байдалтай ямар ч ажиллагаагүй байсан. Тэгээд би АТМ хариуцсан мэргэжилтэн Э.Э руу утсаар АТМ эвдэрсэн талаар хэлсэн. Би хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 13-ны шөнийн 23 цаг 55 минутад шалгахад АТМ хэвийн ажиллагаатай байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ц.Э, М.Б нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн үнэлгээчин Ц.Т-ийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн АЦ-24-125 дугаартай “...бэлэн мөнгөний машин 67.445.700 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, КА001654 терминалтай АТМ-д кассын үлдэгдэл 62.945.000 төгрөг гэх хавсралт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөрийн өмчийн адил үнэ төлбөргүй захиран зарцуулах боломжийг өөртөө бодитой бий болгосноор төгс үйлдэгддэг бол хулгайлах үйлдэл нь тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас туйлдаа хүрээгүй, төгсөж чадаагүй гэмт хэрэг таслан зогсоогдсон тохиолдолд хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үздэг байна.
Шүүгдэгч Ц.Э, М.Б нар нь бүлэглэж, 2024 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ГОСТ дэлгүүрийн урд талд байрлах ХААН банкны (КА001654) терминал дугаартай автомат тооцооны машинаас мөнгө авах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан эвдэж, дотор нь байршуулсан 62.945.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Мөн Ц.Э, шүүгдэгч М.Б нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан тухайн цаг хугацаанд буюу хулгайлах гэмт хэргийн үйлдлээ түргэсгэх, бэхэлгээг эвдэх, зорилгодоо хүрэхийн тулд ХААН банкны өмчлөлийн (КА001654) терминал дугаартай 67.445.700 төгрөгийн үнийн дүн бүхий автомат тооцооны машиныг багаж, зэвсэг ашиглан эвдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан эд хөрөнгө устгаж, гэмтээх гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.
А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Э, М.Б нарын учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, эд хөрөнгө устгаж, гэмтээх гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн үйлдэлд 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Э, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч Хаан банкны А салбарт 67.445.700 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч Ц.Э, М.Б нар нь шүүх хуралдаанд завсарлага авч дээрх хохирлыг Хаан банкны А салбарын ******** тоот дансанд төлсөн болох нь Хаан банкны 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ц.Э, М.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд оногдуулах ямар ч төрлийн ялын дээд хэмжээг хуульчлан тогтоосон.
Харин гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд шүүхээс хорих ял оногдуулахаар бол гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зургаан сар хүртэл тогтоож, хорих ял оногдуулдаг, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан ял оногдуулбал уг хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялын доод хэмжээнээс доош татан оногдуулах шаардлагагүй.
Шүүхээс шүүгдэгч нарыг хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг тус бүрт буюу шүүгдэгч Ц.Э, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Э, шүүгдэгч М.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8/найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарт нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрт оногдуулсан торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тастагч багажийн ир-6/зургаа/ ширхэг, тастагч багажийн бариул-1/нэг/ ширхэг, 2 мөрөвчтэй шар өнгийн “dingao” гэх бичиглэлтэй цүнх, улаан өнгийн бариул хэсэгтээ “ken” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн залгууртай тастагч багаж, уг багажийн запас багаж-1/нэг/ ширхэг, шар өнгийн иштэй төмөр алх-1/нэг/ ширхэг, хар өнгийн резин оосортой толгойн гэрэл-1/нэг/ ширхэг, цагаан өнгийн шүршигч будаг-2/хоёр/ ширхэг, ногоон өнгийн тастагч багаж -1/нэг/ ширхэг, хадаасны лоом-1/нэг/ ширхэг, отверка-1/нэг/ ширхэг, бахь-1/нэг/ ширхэг, хар болон ногоон өнгийн тастагчийн цэнэглэгч-2/хоёр/ ширхэг, цэнхэр өнгийн иштэй хутга-1/нэг/ ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ургийн овогт Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйл ашиглан үйлдэхийг завдсан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б ургийн овогт М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйл ашиглан үйлдэхийг завдсан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, М.Б нарт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, М.Б нар нь шүүхээс оногдуулсан 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8/найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, М.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шүүгдэгч Ц.Э, М.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тастагч багажийн ир-6/зургаа/ ширхэг, тастагч багажийн бариул-1/нэг/ ширхэг, 2 мөрөвчтэй шар өнгийн “dingao” гэх бичиглэлтэй цүнх, улаан өнгийн бариул хэсэгтээ “ken” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн залгууртай тастагч багаж, уг багажийн запас багаж-1/нэг/ ширхэг, шар өнгийн иштэй төмөр алх-1/нэг/ ширхэг, хар өнгийн резин оосортой толгойн гэрэл-1/нэг/ ширхэг, цагаан өнгийн шүршигч будаг-2/хоёр/ ширхэг, ногоон өнгийн тастагч багаж -1/нэг/ ширхэг, хадаасны лоом-1/нэг/ ширхэг, отверка-1/нэг/ ширхэг, бахь-1/нэг/ ширхэг, хар болон ногоон өнгийн тастагчийн цэнэглэгч-2/хоёр/ ширхэг, цэнхэр өнгийн иштэй хутга-1/нэг/ ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Э, М.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН