Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: М.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б

Шүүгдэгч: Д.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.С-д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын * дугаар багийн Ө-тийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Д.С   

 

                                             Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Д.С нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 06-ны А аймгийн Э сумын Ө багийн Б гэх газарт өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:        

                                                                                                                                                                                                                 

                  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                 *Эрүүгийн ******* тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

                * Гэрч Б.У-гийн "... Нөхөр бид 2025 оны 03 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед У хотын *** хорооллоос 2 хүн аваад У хотоос гарсан. Шөнө дунд Ө сумын төв өнгөрөөд тэндээ унтаж амарсан. 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08:00 цагийн үед Н эгчийн гэрт орж золгосон. Тэндээ хоол цай идэж ууж байгаад “Соёрхол” нэртэй 0.5 литрийн нэг шил архийг дөрвүүлээ хувааж уусан.Н эгчийн хашаанаас гараад машин дотроо “Соёрхол” нэртэй 0.5 литрийн нэг шил архийг тавуулаа хувааж уусан. Манай нөхөр Д.С хоёр дахь “Соёрхол” нэртэй 0.5 литрийн нэг шил архинаас уугаагүй. Эхний архинаас уусан. Х сумын төвөөс хөдлөөд замдаа явж байгаад унтаж амарсан. А аймгийн Э сумын Т багийн Б-ын ам уруудаж явах үед манай нөхөр Д.С манай ээж, дүү нар руу залгаад танайх энэ архичин охиноо аваарай гээд байхаар нь миний уур хүрч А аймгийн Э сумын замын цагдаагийн байцаагч Ч.А руу утсаар залгаж манай нөхөр архи уучихсан согтуу машинаа бариад яваад байна гэж дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12 дугаар тал/,

            *Гэрч Ч.А-ын "... Би А аймгийн Э сумын төвд 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр сумын төвд эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байхад ******** дугаарын утсаар иргэн Б.У нь мэдэгдэхдээ манай нөхөр болох Д.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байж машинаа согтуу бариад замын хөдөлгөөнд оролцоод байна. Энэ хүнд арга хэмжээ авч өг гэж утсаар ярьсан. Тэгээд би сумын төвийн урд хяналт шалгалт хийж байгаад ******* улсын дугаартай “тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Д.С-ын согтуурлын хэмжээ 3.04% гарсан. Миний албан хэрэгцээнд ашиглаж байгаа согтуурал шалгах багаж нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хүчинтэй байгаа ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар тал/,

         *Гэрч Т.Х-гийн "... Би эхнэртэйгээ хамт У хотоос А аймгийн Э сум явах гээд зар дээрээс Э сум явна гэсэн унаатай утасны дугаараар нь холбогдоод Д.С-той хамт явахаар болсон. 2025 оны 03 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед У хотоос гарсан. Шөнө дунд Ө сумын төв өнгөрөөд тэндээ унтаж амарсан. 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08:00 цагийн үед Н эгчийн гэрт орж золгосон. Тэндээ хоол цай идэж ууж байгаад “Соёрхол” нэртэй 0.5 литрийн нэг шил архийг дөрвүүлээ хувааж уусан. Н эгчийн хашаанаас гараад машин дотроо “Соёрхол” нэртэй 0.5 литрийн нэг шил архийг тавуулаа хувааж уусан. Жолооч Д.С хоёр дахь “Соёрхол” нэртэй 0.5 литрийн нэг шил архинаас уусан уугаагүй талаар би сайн мэдэхгүй байна. Эхний архинаас Д.С бол ууж байсан. Х сумын төвөөс хөдлөөд замдаа явж байгаад унтаж амарсан. Унтаж амарч байгаад А аймгийн Э сумын Т багийн Б-ын ам уруудаж явах үед жолооч Д.С эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Яг юунаас болж хэрэлдсэн талаар сайн мэдэхгүй байна. Д.С-ын эхнэр нь сумын цагдаатай яриад байсан. Бид хэдийг замд явж байхад сумын цагдаа нар ирж шалгасан ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар тал/,

 

*Өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.С-ын өгсөн: “... Би өөрийн гэм буруутай хүлээн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/  

 

             *А аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаа, дэд ахлагч Б.О-гийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 4 дүгээр тал/,

*Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...3.04% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/,

*Жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар тал/,

*Шүүгдэгч Д.С-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 22-26 дугаар тал/

*Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр тал/,

*Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ЗШ/78 дугаартай шийтгэвэр /хх-ийн 34-35 дугаар тал/

*Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.С нь Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Д.С-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Д.С нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч Д.С нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг  ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.               

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

            Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

                                                                                                                                                                                    Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.   

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь хуульд нийцсэн тул прокурорын саналын хүрээнд  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгчийн орлого олох боломж, хувийн байдлуудыг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                       ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч  Б овогт Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

                                                                                                                                                                                    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь шүүхээс оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Сод хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн

шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            7. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН